Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 053

 

С.Шөмейн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух Жадик овогт Сахабайн Шөмейн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч С.Шөмей, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Замира, С.Наранцэцэг, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 5040000төгрөг, өндөр насны тэтгэвэр 1400000 төгрөг, бүгд 6440000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг. Би Казахстан улсад түр хугацаагаар хүүхдүүд дээрээ очоод ирдэг. Миний өндөр насны тэтгэврийн мөнгийг Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудыг олгохгүй намайг хохироож байгаа бөгөөд энэ талаар асуухад өндөр насны тэтгэврийн мөнгийг Казахстан Улсад шилжүүлэхээр гарын үсэг зурсан гэсэн хариулт өгсөн. Би ямар ч справканд гарын үсэг зураагүй, бусдад олгож байх талаар итгэмжлэл олгоогүй. Казахстан улсаас би тэтгэвэр аваагүй, тэнд бүр амьдарч байгаагүй. Энэ талаар нотлох баримт байгаа талаар Казахстан улсаас тодорхойлолт ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын харьяатаас гараагүй. Миний бие Монгол Улсад хөдөлмөрөө шингээж насаараа ажил хийсэн, гавьяаны амралтаа зохих ёсоор эдэлж байгаа. Иймээс миний бие тэтгэврээ хуулийн дагуу авах ёстой. 2015 оны 12 дугаар сараас хойш 6 сар би тэтгэврийн мөнгөө авч чадаагүй тул шүүхэд хандсан. М.Гүлгайым нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард аваагүй, 2015 онд бүтэн аваагүй, 2016 оны эхний 6 сарыг аваагүй нийтдээ 21 сарын мөнгө авч чадаагүй хохирч байна. М.Гүлгайым нь миний үрчилж авсан охин бөгөөд одоо 8 настай 2 дугаар ангид суралцдаг. Энэ талаар мөн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад материалуудыг аваад явсан справканд гарын үсэг зурсан тул тэтгэврийг үргэлжлүүлэн өгөхгүй гэж хариу өгсөн. Миний бие справканд гарын үсэг зураагүй. Иймээс М.Гүлгаймын тэжээгчээ алдсаны мөнгө 2014 оны 10, 11, 12 дугаар сарын мөнгө 645000 төгрөг, 2015 оны 1 сард 215000 төгрөг, үлдсэн 11 сарын мөнгө 230000 төгрөг, 253000 төгрөг, 2016 оны эхний 6 сарын мөнгө 230000 төгрөг, мөн тэтгэврийн мөнгө 1400000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч С.Шөмей нь өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болох нийт 6440000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон Олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 304 дүгээр тогтоолоор хэлэлцээрийг цуцалсан тул С.Шөмейд нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэтгэвэр олгогдох боломжгүй.

2. С.Шөмей нь 1985 оноос өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад Казахстан Улс руу нүүж байгаа нэрийдлээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тэтгэврийн дэвтрээ хураалгаж, 00879 тоот тэтгэвэр тэтгэмжийн справка мөн хөдөлмөрийн дэвтрийг тус тус Казахстан улсад шилжүүлэн авч явсан тул 2014 оны 10 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоосон.

3. Мөн тэжээгч алдсаны 667517 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан материал болох хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, мөн 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 000880 тоот тэтгэвэр тэтгэмжийн справка зэргийг тус тус авч явсан тул тэтгэврийг зогсоосон.

4. 2014 онд удаа дараа өргөдөл гаргаж оны эцэст Казахстан улсаас тэтгэвэр тэтгэмж аваагүй гэсэн справка авч ирж, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 03 тогтоолоор 2014 оны 10 сараас 2015 он дуусталх хугацааны өндөр насны тэтгэвэр 3359200 төгрөгийг нөхөн олгосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 000888 тоот тэтгэвэр тэтгэмжийн справка дахин авч явсан байна.

5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоон олгодог бөгөөд хувийн хэрэгт байгаа анхан шатны баримт болох хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох материалыг өөрийн хүсэлтээр тэтгэврийн дэвтрээ хураалгаж, авч явсан тул цаашид тэтгэвэр олгогдох боломжгүй болно.

6. С.Шөмей нь 238584, 667517 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан материалуудыг авахдаа хүү н.Аманбекийн хамт ирж гарын үсэг зуруулан авч явсан байна. Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд С.Шөмей нь тэтгэвэр тэтгэмж авдаг эсэх талаар лавлагаа хүссэн боловч хариу ирүүлээгүй байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэрээр:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-ийг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 9 сарын өндөр насны тэтгэврийн мөнгө 1865700 /нэг сая найман зуун жаран таван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жадик овогт Сахабайн Шөмейд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3359300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-ийг баримтлан нэхэмжлэгч С.Шөмей нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 44801 /дөчин дөрвөн мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Шөмей нь 1985 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэврээ авч байгаад өөрөө сайн дураар Казакстан улсад нүүж явах болсон тул тэтгэврээ Казакстан улсаас авна гэж тэтгэврийн дэвтрээ хураалган хувийн хэрэг доторх хөдөлмөрийн 2 ширхэг дэвтэр, мөн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн даатгалын хэлтсээс Казакстан улсад шилжүүлсэн тухай 000888 тоот справкыг авч явсан. Нэгэнт С.Шөмей нь өөрөө Казакстан улсад нүүгээд тэтгэврээ тэнд тогтоолгон авна гэж манайхаас хувийн хэрэг дэх материалаа авч явсан тул нэгдсэн мэдээллийн сангаас тэтгэврийг нь зогсоосон.

Ер нь Казакстан улсад нүүж явсан өндөр насны бүх тэтгэвэр авагч нар тэтгэврийн дэвтрээ хураалган манайхаас справка хувийн хэрэгт хавсаргасан холбогдох материалуудаа авч яваад буцаж нэг ч өндөр настан ирж тэтгэврээ нэхэмжилж байгаагүй.

С.Шөмей нь энэ оны 6 дугаар сард манайд ирж өндөр насны тэтгэврээ авна гэсэн боловч Хөдөлмөрийн дэвтэр, хэлтсээс авч явсан справкаа буцааж авч ирээгүй, мөн Казакстан улсаас тэтгэвэр тогтоолгож аваагүй гэсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт зэрэг анхан шатны баримтгүй, тэтгэвэр авагчийн хүсэлтээр зогсоогдсон өндөр насны тэтгэврийг дахин тогтоож нөхөн олгох хууль журам байхгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар зөв шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Шөмейн давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч С.Шөмей би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3359300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан учраас давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт С.Шөмей миний тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 2975000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3359300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна.

М.Гулайымыг Х.Мархай нь хууль ёсоор, эрх бүхий байгууллагын шийдвэрээр үрчилж авсан, М.Гулайымын эцэг Х.Мархай нь 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ердийн өвчний учир нас барсан болох, М.Гулайым нь Монгол Улсын харьяатаас гараагүй болох нь тус тус нотлох баримтаар нотлогдсон. М.Гулайымын эцэг Х.Мархай нь нас барсны дараа Нийгмийг даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлэн өгсөн. Эдгээр баримтуудыг өнөөдрийг хүртэл хуурамч талаар нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна. М.Гулайым нь тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 5485000 төгрөг аваагүй бөгөөд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуульд тусгагдаагүй үндэслэлээр тэтгэмжийг зогсоосныг хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тэжээгчээ алдсаны тэтгэмж авагч нь өөр газар түр оршин суухаар явсан нь уг тэтгэмжийг зогсоох үндэслэл болохгүй. М.Гулайым нь тэжээгч алдсаны тэтгэврийг олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шаардах эрх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд тус тус заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Шөмей миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн ямар зүйл хэсгийг баримталсан тухай дурдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг ноцтой зөрчиж байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй үлдсэн 3359300 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү. Миний өндөр насны тэтгэврээс 384300 төгрөгийг дутуу шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангаас М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэвэр 5485000 төгрөг, С.Шөмей миний өндөр насны тэтгэврийн зөрүү 384300 төгрөг нийт 5869300 төгрөгийг гаргуулан өгнө үү. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч анхан шатны шүүх анхаарч үзээгүй буюу буруу шийдвэрлэсэн байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан, шаардлагын үндэслэл тус бүрийг тодруулаагүй байх тул шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үүнд:

 

1. Хариуцагчаас гаргаж өгсөн Казахстан Улсад тэтгэвэр, тэтгэмжийн справка шилжүүлсэн хүний жагсаалт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 2, 3 дугаар тогтоол, 531 дугаартай тэтгэвэр олгох хуудас, 000880, 000888, 000879 дугаартай Справка гэх баримтууд, тус хэлтсийн 2015 оны 255 дугаар албан бичиг, 238584, 667517 дугаартай тэтгэврийн хувийн хэргүүд, хэргийн 37-38 дугаар талд авагдсан өргөдөл зэрэгт хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцээгүй ба мөн зүйлийн өөрийн байгууллагын архивын гэсэнд хэргийн оролцогч хамааралгүй юм.

Маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг үнэлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг ... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан журмыг зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт ... Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй... гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2. Нэхэмжлэгч С.Шөмей Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан өндөр насны тэтгэвэр, Дөрөвдүгээр бүлэгт заасан тэжээгчээ алдсаны тэтгэврийг тус тус хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасаар байтал тус шаардлагуудын үндэслэл тус бүрийг тодруулаагүй атлаа мөн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталж маргааныг шийдвэрлэснийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хууль хэрэглэхгүйгээр А.Гүлгайымыг үрчлэн авсан нь эргэлзээтэй, Гүлгайым нь нэхэмжлэгч С.Шөмейтэй хамт амьдарч байсныг нотлох баримт байхгүй, Гүлгайым нь Монгол Улсад амьдардаггүй, Казахстан Улсад амьдарч байгаа зэргээр нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг зөрчин үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3359300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд илүү нэхэмжилсэн гэх 3359300 төгрөгт нэхэмжлэлийн шаардлага дахь өндөр насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврээс ямар хэмжээний дүн орж байгаа нь тодорхойгүй үлдсэн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3.-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул маргааны үйл баримтын талаар гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3.-т зааснаар зохигчийн давж заалдах гомдлууд тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3.-т зааснаар зохигчийн давж заалдах гомдлууд тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД Н. ТУЯА

С.ӨМИРБЕК