Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 080

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Жадик овогт Сахабайн Шөмейн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын өмгөөлөгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6516000 төгрөг, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2405000 төгрөг, нийт 8921000 төгрөг гаргуулахыг, М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэврийг, С.Шөмейн өөрийнх нь өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болохыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч С.Шөмей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэвэртэн. Би Казахстан улсад түр хугацаагаар хүүхдүүд дээр очиж ирдэг. Миний өндөр насны тэтгэврийн мөнгийг Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудыг олгохгүй намайг хохироож байна. Учрыг нь асуухад өндөр насны тэтгэврийн мөнгийг Казахстан Улсад шилжүүлэхээр гарын үсэг зурсан гэж шалтгаан хэлж байна. Би ямар ч справканд гарын үсэг зураагүй, бусдад олгож байх талаар итгэмжлэл олгоогүй. Казахстан улсаас би тэтгэвэр аваагүй. Энэ талаар нотлох баримт байгаа талаар Казахстан улсаас тодорхойлолт ирүүлсэн. Казахстан улсад бүр амьдарч байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын харьяатаас гараагүй болно. Миний бие Монгол Улсад хөдөлмөрөө шингээж насаараа ажил хийсэн, гавьяаны амралтаа зохих ёсоор эдэлж байгаа. Иймээс миний бие тэтгэврээ хуулийн дагуу авах ёстой хүн. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг олгохгүй чирэгдүүлж байна. 2015 оны 12 дугаар сараас хойш 6 сар би тэтгэврийн мөнгөө авч чадаагүй тул шүүхэд хандсан. М.Гүлайым нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард аваагүй, 2015 онд бүтэн аваагүй, 2016 оны эхний 6 сарыг аваагүй нийтдээ 21 сарын мөнгө авч чадаагүй хохирч байна. Нийгмийн даатгалын хэлтэст хандахад материалуудыг аваад явсан справканд гарын үсэг зурсан тул тэтгэврийг үргэлжлүүлэн өгөхгүй гэж хариу өгсөн. Миний бие справканд гарын үсэг зураагүй. Иймээс М.Гүйлаймын тэжээгч алдсаны мөнгө 2014 оны 10, 11, 12 дугаар сарын мөнгө 645000 төгрөг, 2015 оны 1 сард 215000 төгрөг, үлдсэн 11 сарын мөнгө 230000 төгрөг, 253000 төгрөг, 2016 оны эхний 6 сарын мөнгө 230000 төгрөг, мөн тэтгэврийн мөнгө 1400000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, К.Замира нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч С.Шөмей нь өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болох нийт 6440000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь,

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 304 дүгээр тогтоолоор хэлэлцээрийг цуцалсан тул С.Шөмейд нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэтгэвэр олгогдох боломжгүй болно.

2. С.Шөмей нь 1985 оноос өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад Казахстан улсад нүүж байгаа нэрийдлээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр тэтгэврийн дэвтрээ хураалган 00879 тоот тэтгэвэр тэтгэмжийн Справка мөн Хөдөлмөрийн дэвтрийг тус тус Казахстан улсад шилжүүлэн авч явсан тул 2014 оны 10 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоосон болно.

3. Мөн тэжээгч алдсаны 667517 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан материал болох Хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ, гэрлэсний баталгаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, мөн 2014 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 000880 тоот тэтгэвэр тэтгэмжийн Справка тус тус авч явсан тул тэтгэврийг зогсоосон болно.

4. 2014 онд удаа дараа өргөдөл гаргаж оны эцэст Казахстан улсаас тэтгэвэр тэтгэмж аваагүй гэсэн Справка авч ирээд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 03 тогтоолоор 2014 оны 10 сараас 2015 он дуусталх өндөр насны тэтгэврийн 3359200 төгрөгийг нөхөн олгосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 000888 тоот тэтгэвэр тэтгэмжийг Справка дахин авч явсан байна.

5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоон олгодог бөгөөд хувийн хэрэгт байгаа анхан шатны баримт болох хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох материалуудыг өөрийн хүсэлтээр тэтгэврийн дэвтрээ хураалгаж авч явсан тул цаашид тэтгэвэр олгогдох боломжгүй болно.

6. С.Шөмей нь 238584, 667517 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан материалуудыг авахдаа хүү Аманбекийн хамт ирж гарын үсэг зуруулан авч явсан байна. Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд С.Шөмей нь тэтгэвэр тэтгэмж авдаг эсэх талаар лавлагаа хүссэн боловч хариу ирүүлээгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: М.Гулайымын хууль ёсны тэжээгч болох эцэг Х.Мархай нь 72 насандаа /РД-БЙ 38032515/ 2010 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нас барсан тул 2014 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс охин Гулайымд тэжээгч алдсаны тэтгэмж тогтоож өгч байсан юм. Гэтэл охин С.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэмжийг аймгийн нийгмийн даатгалын хэлтэс 2014 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн зогсоосон байна. Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" 15 дугаар тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгч алдсаны тэтгэврийн доод хэмжээг 207000 төгрөг болгон өсгөн нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон учраас 2014 оны 10,11,12 дугаар сар, 2014 оны 1 сар нийт 4 сард 828000 төгрөг, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52 дугаар тогтоолоор 2015 оны 02 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгон тэжээгч алдсаны тэтгэмжийн доод хэмжээг 230000 төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон тул 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31-ныг хүртэл 16 сард 3 680 000 төгрөг, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 292 дугаар тогтоолоор 2016 оны 06 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгч алдсаны тэтгэмжийн доод хэмжээг 251000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2017 оны 01 дугаар сар хүртэл 2,008000 төгрөг бүгд 6516000 төгрөг нэхэмжилж, цаашид М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэмжийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож өгөх.

Хоёр: Нэхэмжлэгч С.Шөмей нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52-р тогтоол ёсоор 2015 оны 02 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгон өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон тул 2016 оны 01 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31-ныг хүртэл 1 150 000 төгрөг, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 292 дугаар тогтоолоор 2016 оны 06 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 251000 төгрөгөөр нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл 1004000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 251000 төгрөг, бүгд 2405000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулан, цаашид С.Шөмейн өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож өгөхийг тус тус хүсэж байна. Иймд М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт нийт 6 516 000 төгрөг, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт нийт 2 405 000 төгрөг, бүгд 8921000 /найман сая есөн зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулан нэхэмжлэгч С.Шөмейд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух С.Шөмейгээс нэг жилийн хугацаагаар олгосон итгэмжлэлийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. С.Шөмей шүүхэд хоёр төрлийн нэхэмжлэл гаргасан. 1.Охин Гүлайым тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар асуудал гаргасан. Охин Гүлайымын хууль ёсны тэжээгч болох эцэг Мархай 72 насандаа 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Мархай нас барах үед охин Гүлайым Мархайгаар овоглуулсан байсан. 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс охин М.Гүлайымд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгсөн. Уг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн Мархайгийн эхнэр Шөмей гэх хүнд тогтоож өгсөн. Ийнхүү тэжээгчээ алдсаны тэтгэмж аваад явж байхад аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс охин Гүлайымын тэтгэврийг 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зогсоосон. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагаас дараах тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэхэмжилж байна. Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр 15 дугаартай тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг 207000 төгрөг байхаар өсгөн нэмэгдүүлж шинэчилсэн байна. 2014 оны 10, 11, 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сар гээд 4 сард 828000 төгрөг, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолоор 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөг болгож шинэчлэн тогтоосон тул 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3680000 төгрөг, Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийг доод хэмжээг 251000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сар хүртэл 2008000 төгрөг, бүгд 6516000 төгрөгийг аймгийн Нийгмийн даатгал хэлтсээс нэхэмжилж байна. Мөн охин Гүлайымд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр олгож байхаар даалгах талаар шийдвэр гаргуулж өгөхийг хүсэж байна. 2. Дараа нь Шөмейгийн өөрийн өндөр насны тэтгэврийн талаар маргаан байгаа. С.Шөмей Монгол улсын ЗГ-ын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай тогтоолоор 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөг байхаар тогтоосон тул 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1150000 төгрөг, ЗГ-ын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаар тогтоолоор 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 251000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1004000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 250000 төгрөг, бүгд 2405000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулах, мөн цаашид С.Шөмейд өндөр насны тэтгэврийг сар болгон олгож байхыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хэлтэст үүрэг болгож өгөхийг хүсэж байна. Тэгэхээр Гүлайымын тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 6526000 төгрөг, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2405000 төгрөг, нийт 8921000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас гаргуулан нэхэмжлэгч С.Шөмейд олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Үүнийг олгох хууль зүйн үндэслэл нь гэвэл С.Шөмей өнөөдрийн хүртэл Монгол улсын иргэн, Монгол улсын харьяатаас гараагүй. Анх С.Шөмей Гүлайым нарт тэтгэвэр тогтоох хурлаар авч хэлэлцэж албан ёсоор тэтгэвэр тогтоож өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан 2 төрлийн хувийн хэргээр нотлогдож байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд ганцхан үндэслэлээр тэтгэврийг зогсоохоор зааж өгсөн. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 27 дугаар зүйлд хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж авч байгаа нь тогтоогдвол түүний олголтыг нь түдгэлзүүлэн зогсооно гэж заасан байгаа. Тэгэхээр Гүлайымын тэжээгчээ алдсаны тэтгэвэр, С.Шөмейн өндөр насны тэтгэвэр тогтоох талаар бүрдүүлсэн материал хуурамч биш. Хуурамч бичиг баримт гэх талаар хариуцагч тал яриагүй. Ийм учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй учраас бусад үндэслэлээр эдгээр хүмүүсийн тэтгэврийг зогсоох эрх хэмжээ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст байхгүй. С.Шөмей өөрийн тэтгэврийн материал, Гүлайым нарын материалыг Казахстан улс руу спрапка хийлгүүлэхээр аваад явсан боловч Монгол улсын Засгийн газар, Казахстан улсын Засгийн газар хоорондын хөдөлмөрийн салбарт хамтарч ажиллах 1993 онд байгуулсан гэрээ нь 2014 оны 09 дүгээр сард хүчингүй болсон. Ийнхүү хүчингүй болсноор С.Шөмей Казахстан улсаас дээрх тэтгэвэр, тэтгэмжийг авах боломжгүй болсон. С.Шөмейн түр оршин суугаа газраас ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж авдаггүй гэсэн тодорхойлолтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. С.Шөмей 2014 онд Казахстан улс руу материалаа аваад явсан ч гэсэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл аймгаас тэтгэврээ авсан байна. 2016 оны 10, 11, 12 дугаар сарын тэтгэврээ бас авсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага жилийн зарим сарыг өгч, зарим сарыг өгөхгүй байх үйлдэлд гайхаж байна. Өндөр насны тэтгэвэр нь ахмад насны хүмүүст төрөө олгож байгаа онцгой халамж байдаг. Гүлайымийн хувьд насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хохирч байна. Гүлайым шүүхэд өөрөө нэхэмжлэл гаргах боломжгүй. Хууль ёсоор тэтгэврээ тогтоолгож авсан. Тийм учраас шүүх шударга ёсны дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Эдгээр хүмүүсийг шүүхээр 1-2 жил явуулж чирэгдүүлж байгаад харамсаж байна. С.Шөмейн хувьд заримдаа энд байдаг, заримдаа Казахстан улсад түр оршин суудаг. Гэхдээ үндсэн харьяалал Монгол улс байгаа. Монгол улсын иргэн хаана ч түр оршин суух эрхтэй. Монгол улсын харьяатаас гараагүй тул тэтгэврээ авах эрхтэй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дараа нь дахин дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх үүднээс С.Шөмейн өндөр насны тэтгэврийн сар болгон олгож байхыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож өгөхийг хүсэж байна. Гүлайымийн тэтгэвэр түүнийг 18 нас хүрснээр хуулийн дагуу зогсоно. С.Шөмейн хувьд Монгол улсын харьяатаас гарсан, эсхүл нас барснаар тэтгэвэр нь зогсоно. Өөр тохиолдолд эдгээр хүмүүсийн тэтгэврийг зогсоох үндэслэл байхгүй. С.Шөмей 80 хэдэн настай, Гүлайым 10 хэдэн настай. Эдгээр хүмүүсийг дахин дахин чирэгдүүлж байгаа нь харамсалтай байна. Шүүх шударга ёсны дагуу, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Шүүх энэ маргааны шийдвэрлэхдээ холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байсан боловч процессын алдаа байсан учраас давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд тэтгэврийн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлэхээр заасан болохоос биш шууд зогсоох талаар заагаагүй гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн өмгөөлөгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ С.Нургайып шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэрэгт хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн үү үгүй юу гэдэг дээр гол маргаан явж байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, төлөөлөгч, байцаагч байна гээд тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар хоёр байцаагчийн эс үйлдэхүйгээр нийгмийн даатгалын сангаас олгож байсан тэтгэврийг таслан зогсоосон шийдвэрийн дагуу 2 жилийн хугацаанд чирэгдүүлж байна гэж тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын байцаагчийн эс үйлдэхүй байгааг зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны дагуу төрийн захиргааны чиг үүргийг хуульд заасан эрх мэдлийн дагуу шилжүүлж авсан албан тушаалтан байгаа. Тухайн захиргааны албан тушаалтны, мэргэжилтний эс үйлдэхүй, хууль бус шийдвэрийн талаар гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол байвал иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан. Энэ маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбогдуулан гаргасан маргааныг иргэний хэргийн шүүхэд нэхэмжилж байгаа нь хууль бус. Өөрөөр хэлбэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл байгаагүй. Хоёр байцаагчийн үүрэг байсан, энэ үүргээ биелүүлээгүйгээс болж бидний эрх ашиг зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 2.1.4-д даатгуулагчдад тэтгэвэр тэтгэмж олгох, төлбөр өгөх үүргийг нийгмийн даатгалын байцаагч зохион байгуулах үүрэгтэй гэж зааж өгсөн. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол Нийгмийн даатгалын хэлтсийн дарга яагаад хариуцлага хүлээх ёстой вэ. Дээрх хоёр байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа бол дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд гомдол гаргах ёстой. Дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдлоор үүрэг болгох шаардлага гаргаж болно. Үүрэг болгох шүүх иргэний хэргийн шүүх биш. Өөрөөр хэлбэл энэ бол эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус харилцаа. Дараагийн асуудал бол шаардах эрхийн үндэслэл байхгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх юм уу гэдэг нь эргэлзээтэй. Гэрээнээс үүдэлтэй үүргийн ямар шаардах эрх байгаа вэ, гэм хор учруулсан уу зэргийг харахад иргэний эрх зүйн ямар нэгэн шаардах эрх үүсээгүй. Энэ нь байцаагч нартай холбоотой асуудал. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл ажиллана гэж заасан байгаа. Ийм учраас дээрх байцаагч нарын болон даатгуулагчийн хооронд гарсан саналын зөрүүг тус зөвлөлд хамгийн түрүүнд гомдол гаргаж шийдвэрлүүлэх байсан. Ийнхүү гомдол гаргасны дараа журмын дагуу тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудлаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Хэрвээ нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй байсан бол тэдгээрийн тэтгэвэр тэтгэмжийг зогсоох асуудал гарахгүй байсан. Энэ бол захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх асуудал. Нийгмийн даатгалын байцаагч болох К.Замира, С.Наранцэцэг нар нь хүүхдийн тэтгэврийг түр хугацаагаар зогсоосон. Тэдгээрийн энэхүү үйлдэл нь гадагш чиглэсэн захиргааны акт гарч байгаа ойлгож болно. Эдгээр байцаагчийн үйлдэл болон шийдвэр нь хууль бус гэж үзэх юм бол гомдлоо дээр дурдсан гомдлыг шаардлагыг хянан шийдвэрлэх зөвлөлд хуулийн хугацаанд гаргах ёстой. Хэрвээ энэ зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана гэсэн хуулийн заалт байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэргийн харьяалал зөрчсөн, анхнаасаа иргэний хэрэг үүсгэх ёсгүй байсан гэж үзэж байна. К.Замира, С.Наранцэцэг нарын шийдвэр хууль ёсны уу үгүй юу гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй. Тэд тайлбарлахдаа бид нар ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаагүй, Казахстан улс руу явсан, шилжсэн учраас ийм шийдвэр гаргасан. Бид шийдвэрээ өөрсдөө хамгаалах ёстой, хариуцлагыг нь хүлээх ёстой тул акт гаргасан гэж тайлбарлаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Шөмей нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6516000 төгрөг, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2405000 төгрөг, нийт 8921000 төгрөг гаргуулахыг, М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэврийг, С.Шөмейн өөрийнх нь өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгохыг тус тус хүсжээ.

Нэхэмжлэгч С.Шөмей нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэг болон тэтгэврийн дэвтэрт бичилт хийж тамга дарж баталгаажуулснаар, тэтгэвэр шилжүүлсэн гэх №000879, №000880, №000888 тоот справкуудаар, С.Шөмей түүний үрчилж авсан охин болох Мархай Гүлайым /БЮ08241103/ нь Монгол улсын иргэн мөн болох нь Монгол улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь албаны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №73 дугаартай, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №88 дугаартай албан бичгүүдээр, түүнчлэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-гаар БЙ38032515 регистрийн дугаартай, Ботахарасарик овогт Хуанышийн Мархай нь 2010 оны 12 дугаар сарын 11-нд нас барсныг Баян-Өлгий аймаг, Толбо сумын 2010 оны 12 сарын 21-ний өдрийн 0027-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэл, мөн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 163 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар БЮ08241103 регистрийн дугаартай, Ботахарасарик овгийн Аманбекийн Гүлайымийг үрчлэгч эцэг Ботахарасарик овгийн Хуанышийн Мархай РД: бй38032515 үрчлэгч эх Жадик овгийн Сахабайн Шөмей РД:бй34032023 нарт үрчлүүлж 2010 оны 11 сарын 10-нд Баян-Өлгий аймаг Толбо сумын үрчлэлтийн 0016-рт Ботахарасарик овгийн Мархайны Гүлгайым болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/294 дугаартай Өргөдөл гаргагч иргэн С.Шөмейд Өргөдлийн хариу хүргүүлэх тухай гэх ... өндөр насны болон тэжээгчээ алдсаны аваагүй хугацааны тэтгэврийг Казакстан улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт /мэдэгдэл/-ыг үндэслэн авах ба энэ асуудлыг Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм-ийн 18-ын е-д заасан бүрэн эрхийнхээ дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэх албан бичгээр зөвлөж байсан байна.

Нэхэмжлэгч С.Шөмей нь Казахстан улс руу нүүгээгүй, Монгол Улсын харьяатаас гараагүй, Казахстан улсад тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй болохыг мэдэгдэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэр, тэтгэмжээ эргүүлэн олгож байхаар удаа дараа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучин нэрээр/ өргөдөл гаргаж байсан байна.

Нэхэмжлэгч С.Шөмейн тухайн үед гаргаж байсан гомдлыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор С.Шөмейн өндөр нас болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг Казахстан улсын Монгол улсад оршин суугаа элчин сайдын яамнаас албан бичгийн хариуг ирэх үед дахин гомдлын шаардлагын зөвлөлийн хуралд оруулахаар шийдвэрлэн, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор С.Шөмейн өндөр насны тэтгэврийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл олгон дуусгавар болгож, Казахстан улс руу шилжүүлэхээр тус тус тогтоож байсан байна.

Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан тэтгэвэр олгох №531 дугаартай хуудсаар Сахабай овогтой Шөмей-н 2015 оны 15 сарын тэтгэврийн мөнгө 3359200 төгрөгийг 291400002077 тоот харилцах данснаас олгохыг зөвшөөрч, нийгмийн даатгалын байцаагч Ш.Нургүл, хянасан тасгийн дарга С.Шаяхмет нар тус тус гарын үсэг зурж нэхэмжлэгч С.Шөмейд олгож байсан байна.

Нэхэмжлэгч С.Шөмей нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэврийг Казахстан улс руу шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад тэтгэврийг нь Казахстан улс руу шилжүүлсэн гэх боловч хаана, хэзээ, ямар үндэслэлээр шилжүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгч чадаагүй болно.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч С.Шөмей, охин М.Гүлайым нар нь Монгол Улсын харьяатаас гараагүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин сууж амьдарч байгаа болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 73, 88 дугаартай тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Шөмей нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсныг Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/ үндэслэлгүй зогсоосон байх ба хариуцагч ямар үндэслэлээр зогсоож, олгохгүй байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгч нотолж чадаагүй тул нэхэмжлэгч С.Шөмейн Монгол улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 52-р тогтоол ёсоор 2015 оны 02 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон тул 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл 5 сарын өндөр насны тэтгэврийн мөнгө 1150000 төгрөг, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 292 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 251000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл 4 сарын өндөр насны тэтгэврийн мөнгө 1004000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 251000 төгрөг, нийт 2405000 төгрөгийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулан нэхэмжлэгч С.Шөмейд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй ... гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Шөмей нь охин М.Гулайымд тэжээгч алдсаны тэтгэвэр авахаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/ нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тэжээгчалдсаны тэтгэвэр тогтоож өгсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж зааснаар М.Гүлайым нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор сар бүр тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрхтэй гэж үзлээ.

Охин М.Гулайымын хууль ёсны тэжээгч эцэг Х.Мархай нь 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан тул 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь /хуучин нэрээр/ охин М.Гулайымд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгч, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэврийг зогсоосон байх ба ямар үндэслэлээр яагаад зогсоон талаар хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нотлох баримт гарган нотолж чадаагүй учир охин М.Гулайымд тэжээгч алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу авах ёстой гэж үзлээ.

Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай 15 дугаар тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгч алдсаны тэтгэврийн доод хэмжээг 207000 төгрөгөөр тогтоосон тул 2014 оны 10, 11, 12 дугаар сар, 2015 оны 01 сар нийт 4 сард 828000 төгрөг, Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөгөөр тогтоосон тул 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний хүртэл 16 сард 3680000 төгрөг, Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор тэтгэврийн доод хэмжээг 251000 төгрөгөөр тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний хүртэл 8 сард 2008000 төгрөг, бүгд 6516000 төгрөгийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулан нэхэмжлэгч С.Шөмейд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Шөмейн өндөр насны тэтгэвэр, охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэврийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэж заасан үндэслэл нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ С.Нургайып шүүх хуралдааны шатанд ...Нийгмийн даатгалын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасны дагуу төрийн захиргааны чиг үүргийг хуульд заасан эрх мэдлийн дагуу шилжүүлж авсан албан тушаалтан байгаа. Тухайн захиргааны албан тушаалтны, мэргэжилтний эс үйлдэхүй, хууль бус шийдвэрийн талаар гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол байвал иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан. Энэ маргаан нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан албан тушаалтны гаргасан шийдвэртэй холбогдуулан гаргасан маргааныг иргэний хэргийн шүүхэд нэхэмжилж байгаа нь хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тухайн маргаантай холбоотой ямар нэгэн эрхийн акт гараагүй, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нотлох баримтаа гарган өгч, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй, нэхэмжлэгч С.Шөмейн бичгээр гаргаж байсан гомдлыг хуралдаанаар авч хэлэлцэж Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол гарч байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Хариуцагч байгууллагаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Казахстан улсад тэтгэвэр, тэтгэмжийн справка шилжүүлсэн хүний жагсаалт, 238584, 667517 дугаартай тэтгэврийн хувийн хэргүүд, хэргийн 37-38 дугаар талд авагсан өргөдөл зэрэг нотлох баримтыг Нийгмийн даатгалын хэлтэс хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан, хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан С.Шөмей, М.Гүлайым нарын гаргасан өргөдлийг нотариатаар гэрчлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасныг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Шөмей шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 157686 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид К.Замира, С.Наранцэцэг нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчдоос гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12.1, 26 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус баримтлан Сахабайн Шөмейн өндөр насны тэтгэврийг, охин Мархайгийн Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэврийг тус тус сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2405000 /хоёр сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгийг, охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6516000 /зургаан сая таван зуун арван зургаан мянган/ төгрөгийг тус тус Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргууланС.Шөмейд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Шөмей нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 157686 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН