Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00496

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.З-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 114 366 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.З- нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 100 000 000 төгрөгийг зээлж аваад 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Уг мөнгөний барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 25 дугаар байрны 09 тоотод байрлах 38 м2 талбайтай 3 өрөө байрыг барьцаалсан. Гэвч Ж.З- нь 2016 оны 02 дугаар сараас хойш үндсэн мөнгөө ч төлөөгүй, хүү ч төлөөгүй төдийгүй бүр сүүлдээ уг өрийг өөрийн эхнэр болох Сувдаагийн дүү үл таних хүн рүү чихэж төлбөр төлөхөөс татгалзаж байгаа. Уг мөнгийг би Голомт банкнаас зээлээр авч өгсөн бөгөөд зээлийн хугацаа хэтэрсэн, банкинд би зээлийн хүүг төлж удаа дараа сунгалт хийлгэж байгаа боловч би өөрөө эдгээр хүмүүсийн өрнөөс үүдсэн хүү зээлийн хуримтлалаас болж одоогийн байдлаар 178 000 000 төгрөгний өртэй байна.

Иймд Ж.З-гоос үндсэн зээл 76 244 500 төгрөг, алданги 38 122 250 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг барьцаанд тавьсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 25 дугаар байрны 09 тоотод байрлах 38 м2 талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие иргэн О.Б-аас 2013 оны 11 дүгээр сарын 21-нээс 2014 оны 04 сарын 22-ны хооронд буюу 5 сарын хугацаатай 100 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж өөрийн эхнэр Х.Сувдмаагийн дүү болох Х.Мөнхнайрамдалд бизнесийн зорилгоор ашиглуулахаар авч өгсөн ба өөрийн амьдран сууж байгаа байраа барьцаалсан болно. Барьцааны гэрээ хийсэн боловч гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээний хугацаанд мөнгийг төлж барагдуулах боломжгүй болсон тул иргэн О.Б-тай ярилцаж тохиролцоод хүүг нь үргэлжлүүлэн төлж байхаар болсон. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүүг сар бүр тасралтгүй төлж байсан. О.Б- нь 2015 оны 02 сараас мөнгөний хүүгээ 4.5 хувь болгож өсгөсөн. Бид энэ хугацаанд 96 375 000 төгрөгийг зээлийн хүүнд, 23 756 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч төлбөр хийсэн ба нийт 120 130 000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь анх хийсэн гэрээний дагуу зээлж авсан үндсэн мөнгөө 3.5 хувийн хүүтэй нь төлж барагдуулсан гэсэн үг юм. Гэтэл О.Б-ь нь 114 366 750 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөнөөс буюу байрны үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж гаргуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ж.З-гоос үндсэн зээлийн төлбөрт 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 685 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.З- нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-25-9 тоотод байрлах, улсын бүртгэлийн 2101008497 дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2017/03756 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.З-гоос улсын тэмдэгтийн хураамжид 596 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ж.З-гоос үндсэн зээлийн төлбөрт 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 685 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.З-гоос зээлийн төлбөрт нийт 47 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 66 866 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 4 дэх заалтыг “...хариуцагч Ж.З-гоос улсын тэмдэгтийн хураамжид 596 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож...” гэснийг “...хариуцагч Ж.З-гоос улсын тэмдэгтийн хураамжид 395 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож...” гэж өөрчилж, шийдвэрийн 3, 4, 5 дугаар заалтыг 2, 3, 4 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ж.З-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539 172 төгрөгийг буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан. Давж заалдах шатны шүүх нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй байдалд нэхэмжлэгчийг буруутган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дагуу үндсэн зээл 100 000 000 төгрөг хүү 17 500 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр зээлийн гэрээ хийсэн байна гэж дүгнэсэн. Уг зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа хойшлуулан, cap бүр хүү төлөхөөр гэрээг сунгасан атал хүүгээ ч cap бүр өгдөггүй, хамгийн сүүлд 2016.02 cap 30 000 000 төгрөг өгөөд түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй үүнээс өмнө хүү 42 000 000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээний үүргийн дагуу 167 500 000 төгрөг төлөхөөс 72 000 000 төгрөг төлснийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй ба зээлийн гэрээний дагуу хүү 17 500 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэж байгаа бол үндсэн зээлээс 54 500 000 төгрөгийг төлсөн байна гэж үзэх үндэслэл гарч ирж байгаа юм. Уг 54 500 000 төгрөгийг хүү гэж тухайн үед өгч гэрээний хугацааг сунгаж байснаа, шүүхэд гаргаж өгч байсан тайлбартаа хүлээн зөвшөөрч байсан атлаа одоо үндсэн зээлээс хасуулж тооцуулна гэж давж заалдах гомдол гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн нотлогдоогүй тайлбар болох 120 000 000 төлсөн гэх тайлбарыг үндэслэн шууд хасч тооцон 47 500 000 төгрөгийг гаргуулах магадлал гарсан нь үндэслэлгүй байна. Үндсэн зээл болон алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй шууд хасч тооцож, магадлал гаргасан буруу гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны 179 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 142/ШШ2017/01062 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч журмаар гаргасан гомдолдоо:

Магадлалын 1-р заалтаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хуулийн зүйл анги зөв боловч нэхэмжлэгч О.Б- зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс тооцсон алданги 38 122 250 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх зөвхөн нэхэмжлэгчид байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 9 377 750 төгрөгөөр ихэсгэж шийдвэрлэсэн нь буруу болсон.

3ээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү бүрэн төлөгдсөн гэж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Үндсэн зээл 23 756 000 төгрөг төлсөн, зээлийн хүүд 96 375 000 төгрөг нийт 120 130 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 5 сарын хугацаатай 100 сая төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй байгуулсан, cap бүр зээлийн хүүг төлсөн, хамгийн сүүлд 2016 оны 2-р сард төлсөн талаар маргаангүй, шүүх зөв шийдсэн. Шийдвэрийн 2-р заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

Иймд алданги 9 377 750 төгрөгийг хасч магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болсон ба анхан шатны шүүх зээлийн гэрээний төлбөр, алдангийн хэмжээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Б- хариуцагч Ж.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114 366 750 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шаардлагын үнийн дүнг үндсэн зээл 76 244 500 төгрөг, алданги 38 122 250 төгрөг гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлага зохигчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 100 000 000 төгрөгийн, 5 сарын хугацаатай, сарын 3,5 %-ийн хүүтэй зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээнд үндэслэгдсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч уг гэрээний дагуу хариуцагчийн эхнэрийн Голомт банк дахь дансанд 100 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.З- нь нэхэмжлэгч О.Б-аас 100 000 000 төгрөг зээлсэн үйл баримтыг зөвшөөрсөн боловч зээлийг ашигласан Х.Мөнхнайрамдал мөнгийг төлөөгүй тул нэхэмжлэгчид зээлийн хүүд 96 375 000 төгрөг, зээлд 23 756 000 төгрөг нийт 120 130 000 төгрөг төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийг татгалзсан байна. Хариуцагч уг тайлбараа ямар нэг баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч О.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийг 23 755 000 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хариуцагч Ж.З-гоос үндсэн зээлийн үүрэгт 76 244 500 төгрөг, алдангийн хэмжээг 70 %-иар багасгаж, 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “хариуцагч Ж.З-гийн шүүхэд гаргасан “...үндсэн зээл 100 000 000 төгрөгөөс 23 756 000 төгрөг төлсөн, зээлийн хүүд тооцож 96 375 000 төгрөг нийт 120 130 000 төгрөг төлсөн...” гэх тайлбар татгалзлалыг нэхэмжлэгч О.Б- үгүйсгэж чадаагүй, тэрээр нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгч О.Б-д зээлийн гэрээгээр төлөх нийт төлбөр 167 500 000 төгрөгөөс \үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 17 500 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг\ хариуцагч Ж.З-гийн төлсөн 120 000 000 төгрөгийг хасч нэхэмжлэлээс 47 500 000 төгрөгийн шаардлагыг хангажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох үүрэгтэй бол хариуцагч уг нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна. Хариуцагч Ж.З- зээлийн төлбөрт 120 000 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол энэхүү татгалзлаа баримтаар нотлох нь хуульд нийцнэ.

Хариуцагч өөрийн татгалзлаа баримтаар нотлосон тохиолдолд нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгэж чадсан эсэх талаар шүүх дүгнэх боломжтой юм. Хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй тохиолдолд нэхэмжлэгчийг уг татгалзал бүхий тайлбарыг үгүйсгээгүй гэж буруутгах нь шүүхийн нотолгооны процесс дахь нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу дүгнэсэн алдаа гэж үзнэ.

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн  дээр гаргах бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ёстой байна. Дээрх зарчим нь давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн адил хамааралтай болно.

Хэрэгт хариуцагч Ж.З- зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч О.Б-д 120 000 000 төгрөг төлсөн гэх баримт байхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1., 37.2.-т зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг  нотлох баримт гэдэг бөгөөд зохигчийн тайлбар нь хэлбэрийн хувьд нотолгооны хэрэгсэл, агуулгын хувьд нотлох баримт мөн болно.

Харин зохигчийн тайлбар нь тухайн эрх зүйн маргаанд сонирхолтой этгээдийн мэдээлэл байдаг учир түүний тайлбар бусад баримтаар нотлогдсон байх учиртай бөгөөд зохигч өөрийн тайлбараа нотлох үүрэгтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар зохигч шүүхэд бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах учиртай ба зохигч тал тайлбар гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болохоос гадна нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог байна.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотолсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг татгалзлын зарим хэсгийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг тогтоосон байна.

Зохигчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч үндсэн зээлд 100 000 000 төгрөг, хүүд 17 500 000 бүгд 117 500 000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Дээрх төлбөрөөс хариуцагч 120 000 000 төгрөг төлсөн гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй ажээ. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийг 23 755 500 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас дансаар 42 000 000 төгрөг, бэлнээр 30 000 000 төгрөг нийт 72 000 000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрчээ. Энэ тохиолдолд хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийг 45 500 000 төгрөг гэж үзэхээр байна.

Харин зохигч нь гэрээнд зээлийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд 0,3 %-иар алданги төлөх талаар тохиролцсон ба нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл болох 45 500 000 төгрөгөөс алдангид 22 750 000 төгрөг тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан зохицуулалтад нийцнэ.

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг 70 %-иар бууруулсан нь үндэслэл муутай болжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог. Зохигчийн хоорондох маргаанд алдангийн хэмжээг илт их гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч зээлийн хүүг гэрээний хугацаа дууссанаас хойш төлж байсан гэх шүүхийн дүгнэлт баримтаар нотлогдоогүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн алдангийн хэмжээг багасган шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч О.Б- нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлдээ заажээ. Зохигч нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-25-09 тоот 38 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 156.3.-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар барьцааны эд хөрөнгийг албадан худалдах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 179 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/01062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.6., 232.8.-д” гэснийг “232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д” гэж, “үндсэн зээлийн төлбөрт 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг” гэснийг “үндсэн зээлийн төлбөрт 45 500 000 төгрөг, алдангид 22 750 000 төгрөг, нийт 68 250 000 төгрөг” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 156.3.-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-25-9 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын “596 356 төгрөг” гэснийг “499 200 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 395 450 төгрөг, хариуцагчаас төлсөн 166 744 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН