Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 413

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” СӨХ,

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 

Хариуцагч: Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Гуравдагч этгээд: С.Д, Д.У, Ж.Б, Д.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011034 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 0114543 тоот, Ж.Б-д олгосон 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-2202018399 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-2202018398 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, Э.У, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, гуравдагч этгээд С.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд С.Д, Э.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Ж.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:  “Т” Сууц өмчлөгчдийн холбоо нь Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хорооллын * дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг. Тус байр нь  12 давхар, 88 айлын орон сууцны барилга бөгөөд барилгын зураг төслөөр 12 давхрын дээд талд техникийн давхрын байгуулалттай байхаар төлөвлөгдөж энэ дагуу баригдсан. Барилга төлөвлөлтийн дүрмийн дагуу цахилгаан шаттай байранд техникийн давхар зайлшгүй төлөвлөгддөг бөгөөд манай техникийн давхарт шатны хонгил, техникийн 2 өрөө төлөвлөгдөж баригдсан. Энэхүү техникийн өрөөнд агааржуулалтын хоолой байрладаг ба оршин суугчдын дундын өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байсан С.Д, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Д-н хүргэн Ж.Б нар нь техникийн 2 өрөөг Орон сууц хувьчлах товчоогоор хувьчлах тухай тогтоол гаргуулан өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Энэхүү тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлоо ОСНААУГ-т гаргасан боловч боломжгүй гэсэн хариуг өгсөн. С.Д нь уг өрөөг өөрийн охин Д.У-т шилжүүлсэн байх бөгөөд, Ж.Б нь бусдад түрээслүүлж орон сууцанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна. 

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д зааснаар “хувийн өмч иргэний болон дундын” гэсэн хоёр хэлбэртэй байна гэж заасан тухайн орон сууц нь орон сууц өмчлөгчдийн хөрөнгөөр баригдсан хувийн орон сууц, тухайн 2 техникийн өрөө бол орон сууц өмчлөгчдийн дундын буюу хувийн өмчид хамаарах учраас түүнийг хувьчлах тухай ойлголт байж болохгүй, төрийн байгууллага хувьчилсан нь хууль бус байна. 

Мөн нэхэмжлэгч дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж орлого олсон бол дундын өмчийн засвар үйлчилгээтэй холбоотой зардалд зарцуулах ёстой байдаг. Гэтэл СӨХ-ны даргаар ажиллаж байсан С.Д, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Д нар нь албан тушаалаа ашиглан өөрийн хувьд болон хүргэндээ дундын өмчийг хууль бусаар шилжүүлэн авч, улмаар ашиг олон, жинхэнэ өмчлөгчдийн эрх ашгийг хохироож байна. 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Чингэлтэй дүүргийн * дугаар хорооллын * дугаар байрны 1 дүгээр орцны “0” тоот өрөөг 2011 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс С.Д-д эзэмшүүлэхээр 2011034 тоот эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, мөн байрны 2 дугаар орцны “0” тоот өрөөг 2011 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс Ж.Б-д эзэмшүүлэхээр 2011032 тоот эзэмших эрхийн гэрчилгээнүүд тус тус олгогдсон, үүнийг үндэслэн хувьчилсан, хувьчилсан шийдвэрийг үндэслэн бүртгэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн өмчийн хороо болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэхүү * дугаар байр нь төрийн болон нийслэлийн өмчид бүртгэлгүй байна гэсэн тодорхойлолтууд ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь хувийн өмчийн байранд эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгож байгаа нь хууль зөрчсөн учраас тус эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг, тэдгээрийг үндэслэн хувьчилсан шийдвэрийг, түүнийг үндэслэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Сууц өмчлөгчдийн холбооны захирал 2013 онд солигдоод шинэ захирал иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хандаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож улмаар хувьчлагдсан байна гэсэн хариу аваад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

С.Д гуай өөрөө Сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байхдаа сэнсийг зөөгөөд, дүгнэлт гаргуулаад удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын шийдвэрээр нэг өрөөнд нь С.Д-г ажилд нь ойр тул түр байрлах, нөгөө өрөөг нь хүнд түрээслүүлэх эсвэл гэр бүлээрээ ажиллаж байгаа үйлчлэгч, цэвэрлэгч нарыг оруулж, түрээсийнх нь мөнгийг сарын цалингаас нь суутган авах маягаар сууц өмчлөгчдийн холбооны эдийн засгийн баталгааг хангах зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байсан. Гэтэл энэ шийдвэрийг СӨХ-ны даргаар ажиллаж байсан С.Д, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Д нар нь албан тушаалаа ашиглан буруугаар ашиглаж өөрийн хувьд болон хүргэндээ дундын өмчийг хууль бусаар шилжүүлэн авч, орон сууц эзэмших эрхийн бичиг авч, улмаар орон сууц хувьчлах товчоогоор хувьчлуулан, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Ж.Б гэдэг хүн тухайн Сууц өмчлөгчдийн холбоонд огт ажиллаж байгаагүй, нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Д гуайн хүргэн. Тийм болохоор удирдах зөвлөл, хяналтын зөвлөл тухайн байрыг хүн хувьчилж авсан гэдгийг мэдээгүй байсан. Өдөр тутмын үйл ажиллагаанд иргэд тэр бүр оролцох боломжгүй тул сууц өмчлөгчид ч хувьчлагдсан гэдгийг мэдээгүй. Иргэдээс У гэдэг хүн зориулалт өөрчилсөн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаад хүн амьдарч болохгүй буцааж сэнсийг байрлуул гэсэн шаардлага тавьсан. Тухайн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засварыг хариуцдаг этгээд нь “Т” Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тухайн хоёр өрөө нь техникийн өрөө, дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Энэ эд хөрөнгийг эзэмших, ашиглалт зэргийг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцдаг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, эзэмших эрх зөрчигдөж байна. Нөгөө талаар энэ бол тухайн байрны өмчлөгч миний бусадтайгаа дундаа өмчлөх өмч. Гэтэл өөр хүн орж ирээд миний эд хөрөнгийг хувьчилж авсан нь би өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн. Энэ техникийн өрөө тухайн байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах зориулалттай. Яагаад зориулалтыг өөрчлөхийг хориглож байна вэ гэвэл энэ ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилготой. Хамгийн гол нь гал гарсан тохиолдолд утааг зайлуулах, агаар оруулах зориулалттай. Хэрэв гал гарсан тохиолдолд тухайн байр галд автах нөхцөл байдал үүсгэсэн. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Цахилгаан шатны засварын өрөөнд сэнсийг зөөж тавьсан. Цахилгаан шатны засварын өрөөнд өөр бусад ямар нэгэн эд зүйл байрлуулахыг хориглоно гэсэн тэр заалтыг зөрчсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжээч томилогдоод шалгах явцад сэнс нь ажиллахгүй, агаар сорохгүй байна гэсэн. 

 

Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011034 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 0114543 тоот, Ж.Б-д олгосон 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-2202018399 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-2202018398 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Орон сууц эзэмших эрхийн бичиг авахад бүрдүүлсэн материалын тухай:

Иргэн С.Д, Ж.Б нар нь манай албанд хандаж Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хорооллын * дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн бичиг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Хүсэлтэд харьяа хорооны Засаг даргын эзэмших эрхийн бичиг олгохыг дэмжсэн тодорхойлолт, орон сууц нийтийн аж ахуйн “Д” ХХК-ийн ашиглалтын зөрчилгүй, эрхийн бичиг олгохыг дэмжсэн тодорхойлолт, “Т” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоол, СӨХ-ны захирлын тушаал, хүн амьдрах шаардлага хангасан тухай Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт зэргийг хавсарган ирүүлсэн байсан.

Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүнийг Монгол улсын Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтын дагуу Төрийн өмчийн хороо, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 226/517 дугаар хамтарсан тушаал, захирамжаар байгуулсан. Монгол Улсын Их хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын 2-т “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай” гэж заасан байдаг. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн эрх, үүрэг байхаар зохицуулсан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэдэд орон сууц эзэмших эрхийн бичгийг олгохдоо Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 10 дугаар зүйлийн 10.8.3-т заасны дагуу “Т” СӨХ-ны удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан 2008 оны 01 дүгээр тогтоол, 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 99 тоот хүн амьдрах шаардлага хангасан тухай Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн нь хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй  байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Сууц өмчлөгчдийн холбооны бүрэн эрхэд халдаж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтийг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Магадлан шинжилсэн хэсгийн дүгнэлтийг гаргахдаа тухайн байрыг барьсан “Г ХХК нь болон С.Д, Ж.Б нарын хүсэлтээр тус “0” өрөөнүүдэд 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн уг үзлэгээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцох тоолуур дамжуулагч болон разетка нэмж байрлуулсан үүнд татгалзах зүйлгүй, засвар хийх шаардлагатай дээрх “0” тоот өрөөнүүдэд хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тухайн дүгнэлтэд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, Төрийн өмчийн хорооны төрийн өмчийг удирдан хувьчлах газрын мэргэжилтэн, Орон сууц нийтийн аж ахуйн газрын цахилгаан автоматын инженерүүд, “Д” ХХК-ийн инженер, "Г" ХХК-ийн захирал, зөвлөх инженерүүд гарын үсгээ зураад хүлээн зөвшөөрсөн байгаа.

Сууц өмчлөгчдийн холбооны ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй тухайн “0” тоот өрөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон нотлох баримтуудыг тооцохгүйгээр эрх ашиг зөрчигдөөд байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хорооллын * дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөнүүдийг “Т” СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоол, хүсэлт, зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний “Г” ХХК-ийн техникийн дүгнэлтийг үндэслэн 2011 онд Магадлан шинжлэх хэсэг үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон байсан.  

Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хорооллын * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот нэг өрөө 15 м.кв байрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон 2011034 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн С.Д-д хувьчилж 0114543 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, мөн * дугаар байрны 2 дугаар орцны 0 тоот нэг өрөө 15 м.кв орон сууцыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгосон орон сууц эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээг үндэслэн Ж.Б-д хувьчилж 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Маргаж байгаа хоёр 0 тоот өрөө нь тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын захиалгаар баригдсан ажилчдын орон сууцны салхивчны өрөө ба тухайн өрөөнүүд нь хүн амьдарч болно гэсэн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 99 тоот Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гарсан орон сууц эзэмших эрхийн бичигтэй. Орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаад хувьчлагдсан. 

Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр “хүн амьдарч болох эсэх” талаар дүгнэдэг. Мэдээж энэ байшин бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өмч биш, ажилчиддаа зориулж захиалгаар бариулсан байшин. Техникийн өрөө нь анхны эх үүсвэр нь дундын өмчлөл, сууц өмчлөгчдийн холбооны эд хөрөнгө гэдэг дээр маргахгүй. Уг байшинг хувийн компани барьсан гэдэг дээр талууд маргаагүй. Хувийн гэж тайлбарлаж байгаа орон сууцанд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаараа техникийн зориулалтын өрөөг ямар зориулалтаар ашиглах, хэн эзэмших талаар ярилцаад удирдах зөвлөл 2008 онд шийдвэрээ гаргасан байна. Суларсан техникийн зориулалттай өрөөг хэн нэгэнд эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан. Түүнийх нь дагуу хүсэлтээр нь магадлан хийсэн. Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан тул эзэмших эрхийн гэрчилгээ бичсэнээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба буруудахгүй. Энэ байранд гарсан гол маргаан бол Сууц өмчлөгчдийн холбооны дарга солигдсон. Улсын хэмжээнд 461 ширхэг 0 тоот өрөө хувьчилсан. 0 тоот өрөөнд хүн амьдрах шаардлага хангасан тохиолдолд амьдарч байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны дарга солигдох тэр үед маргаан гардаг. Маргаан гараад шүүхэд очиход амьдарч байгаа хүн нь давуу эрхээ эдэлж байгаа. Техникийн өрөөг чөлөөлөөд магадлангаа хийлгээд, дүгнэлт гаргуулаад Засгийн газрын 2004 оны 140 дугаар тогтоолыг баримталсан. Тийм болохоор ямар нэг хууль зөрчсөн байдал үүсэхгүй гэж үзэж байна. 

Нийтийн зориулалттай орон сууцыг хувьчилна гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан байгаа. Шаардлагатай бол магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт гарсан байруудыг хувьчилдаг. Орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр гэж заасан байгаа. Магадлан шинжлэх комисс шаардлагатай байран дээр дүгнэлт гаргаад, хүн амьдрах шаардлага хангасан тохиолдолд хувьчлах шийдвэр гаргахад ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. 

Орон сууц хувьчлах тухай хуулиар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. Гэхдээ “төрөөс” гэсэн нэг үгийг баримтлаад хувьчилсан, өмчилсөн гэрчилгээ хүчингүй болгоно гэж байхгүй. Тухайн орон сууцны байшингуудад амьдарч байгаа сууц өмчлөгчид манай байгууллагаас гэрчилгээгээ аваагүй. Гэхдээ тухайн байшинд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан. Сууц өмчлөгчдийн холбоо өөрөө удирдах зөвлөлийн шийдвэрээр хэн нэгэнд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн тул магадлан шинжлэх хэсгийг хуулийн дагуу ажиллаж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Засгийн газрын 140 дүгээр тогтоолд “төрөөс хувьчилсан нийтийн зориулалттай орон сууцны байшинд хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар иргэдийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн” гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018399 дугаартай, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр С.Д бүртгэлтэй байсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай нотариатын гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр иргэн Д.У-н өмчлөлд өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна. 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018398 дугаартай, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 2 дугаар орцны 0 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Ж.Б, Д.М, Б.Н, Б.Ц нар бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.6, 13.5.8-д заасан нотлох баримтууд, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4 болон Эд  хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2, 5.1.1, 5.1.2, 5.1.4, 5.9, 5.10-т заасныг тус тус үндэслэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хууль журмын дагуу бүртгэсэн байна. 

Дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэл бүртгэхдээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 0114543, 0114544 дугаартай гэрчилгээг тус тус үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэсэн байна. 

Иймд дээрх хоёр орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.” гэв. 

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Орон сууцны эрхийн бичиг /ордер/ бүхий 2 айл 7 жил амьдарч буй тус бүр 15м2 нэг айлын 2ш орон сууцыг үгүй хийх эсэх талаар өнөөдөр шүүн хэлэлцэх гэж байна.  Энэ бол 2 айл олон жил амьдарсан байрыг санаатайгаар устгах гэсэн цөөн хэдэн хүмүүсийн явуулга, зарим нэг хүний өс хонзонгийн холбогдолтой асуудал, Чингэлтэй дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт 2007 оны 05 дугаар сард ашиглалтад орсон 2 орц бүхий 12 давхар 88 айлын орон сууцны барилгын дээвэрт орших 2 будикний талаарх асуудал юм.  2007 онд ашиглалтад орсон уг барилгад СӨХ шинээр байгуулах ажлыг С.Д миний бие Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын байцаагч У.Ё-н хүсэлтээр гүйцэтгэн тамга тэмдгээ авч, үйл ажиллагаа явуулж нягтлан бодогчоор талийгаач Х.Д-г ажиллуулсан. У.Ё нь СӨХ байгуулах үед уг барилгын 1,2 дугаар орцны дээвэр дээр баригдсан лифтийн машины өрөөний зэргэлдээх нэг ширхэг сэнс бүхий 15 м.кв өрөөг сэнсийг нь зөөгөөд орон сууц болгож болно гэсэн санааг надад 2007 онд хэлж байсан. Түүнээс хойш нэг жил гаран хугацааны дараа тус СӨХ-ны Удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлаар хэлэлцүүлж тогтоол гарсан. Тус өрөөний 2 сэнсийг лифтийн машины өрөөнд буй агаар сэлгэх сэнсний хамт ихэрлүүлэн зөөж угсарсан. Энэ 2 өрөөний сэнс зөөх, угсрах техник технологийн шаардлага ханган угсрах, өрөөг тохижуулан цахилгаан, сантехникийн угсралтын ажил шинээр хийн орон сууц болгох ажлуудыг 1,2 дугаар орцуудад нягтлан бид 2 нэг нэгээр хийж бэлэн болгоод орон сууцны “Д” ХК-д уламжлан мэргэжлийн хүмүүсээр шалгуулан зөвшөөрүүлж, улмаар “Д” ХК-аас Орон сууц хувьчлах товчоонд албан тоот явуулж уламжилсны үндсэн дээр Магадлан шинжлэх комисс мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй үзэж, зураг төсвийг нь “Г”  ХХК-ийн зурсан зураг, төсөв, дүгнэлтийн үндсэн дээр орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож улмаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан болно. 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхний удаа Ш.У, Н.Б, Н.О нарыг томилон шалгалт хийлгэсэн ба Ш.У-н аав нь тэр байранд амьдардаг тэгээд ч удирдах зөвлөлийн гишүүн эхний зөвшөөрлийг өгөхөд голчлон мэргэжлийн зүгээс оролцсон учир нэрээ  татаж  2 дахь удаагаа УМХЕГ-ын комисс гарч Б, Б, С гурвыг нэр заан уг байрыг үзэж дүгнэлт гаргасан. Гэтэл УМХЕГ-аас эсрэг утга, агуулга бүхий 2 дүгнэлт ирүүлжээ. С сантехникийн инженер ба сэнс зоосон агаар оруулах системийн ажил нь цэвэр сантехникийн ажил тул мэргэжлийн зүгээс үзэж дүгнэн, техник, технологийн шаардлага хангаж байгаа болон зураг төсвийн байгууллага өөрчлөлтийн зургийг нь хийж Монгол улсын зөвлөх инженер дүгнэлт гаргасан болон орон сууцны “Д” XХК-ийн дүгнэлт, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны Магадлан шинжлэх групп шалгалтаар шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтүүдийн үндсэн дээр хүлээн зөвшөөрч 2 ч гэсэн айл орон байртай байвал ямар вэ гэсэн саналаа бичжээ. Дашрамд хэлэхэд Д миний бие сантехникийн инженерээр 37 жил ажилласан учир сэнс зөөх, агаар оруулах шаардлага хангах ажлыг техник, технологийн шаардлага ханган хийсэн учиртай билээ. 

Дээрх 2 байр нь Нийслэлийн Орон сууц хувьчлалын товчооноос байр эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож улмаар үл хөдлөхийн газар бүртгэлтэй учир Нийслэлийн эд хөрөнгийн газар болон төрийн өмчийн хороонд бүртгэлтэй болно. Барилга барьсан компани нь  2007 онд тус байрыг ашиглалтад өгч 1 жил гаруй хугацаанд борлуулалт хийсэн тул дээрхи хугацаанд сууц өмчлөгчдийн холбоо мөнгө төлөгдөөгүй хоосон байрууд байсан ба нэхэмжлэгч Э-н  тус байранд хожуу орж сууц өмчлөгчдийн холбооны мөнгө төлөөгүй баримт байгаа болно гэжээ. 

Гуравдагч этгээд С.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн зорилт нь Сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдоно.  Сууц өмчлөгчдийн холбооны эрх нь байрны ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцахаас гадна орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаална. Иймд дундын өмчлөлийн асуудлаар Сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Д гуай хэлж байсан. Энэ хэрэг маргаан 2011 оноос хойш шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч гурван байгууллага гурвуулаа хууль журмын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэж хэлсэн. Хууль журмын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байхад яагаад нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах хууль эрх зүйн үндэслэл нь тодорхой бус, нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг нь хөндөгдөж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэл гаргаж байна вэ. Нэхэмжлэл гаргасны үр дүнд гуравдагч этгээд буюу хоёр айлын өмчлөх эрх зөрчигдөж байна. Энэ олон төрийн байгууллага өөрсдөө хууль журмын дагуу гэрчилгээгээ олгосон байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд С.Д, Д.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б: “2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ маргаан эхэлсэн. Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл бичиж өгөөд С.Д болон н.Д гуайн нэр дээр хоёр захирамж гарч байсан. Хоёулаа хүчингүй болсон. Нэг нь бие муутай байгаа. Нэг нь нас барсан. Дараа нь н.М Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэсэн нь буруу гэж үзэж байна. Олон жил болсон. Хоёр ч удаа Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд очсон. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тайлбар гаргасан. Тэр тайлбарт орон сууцны байшингийн техникийн зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг нэхэмжлэгч үндэслэсэн. Энэ хоёр айл 2007 онд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан бүх хууль, тогтоомжийн дагуу өмчлөлдөө авсан байдаг. Орон сууцны тухай хуульд 2011 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр “орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” гэсэн заалт нь 2008 онд зориулалтыг нь өөрчлөөд амьдарсан энэ байрны тухайд үйлчлэхгүй. Хуульд орсон энэ нэмэлт өөрчлөлтийг далимдуулан зарга хийж хүний өмчид халдахгүй, иргэний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Нэхэмжлэгч 2013 онд нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр айл өмчлөлдөө аваад 7, 8 жил өнгөрч байхад яагаад захиргааны хэрэг үүсгэсэн бэ. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан бүх хууль тогтоомжийн дагуу авсан. Хуульд нь нэмэлт, өөрчлөлт ороод, түүнээс 3, 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Хуулийг буцааж хэрэглэхдээ иргэнийхээ эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. 

2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан тайлбарт байгаа. 27 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаарт төрөөс хувьчилсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоосон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчид нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэр гаргахыг даалгасугай гэсэн байна. Сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Та бүхэн ашиглалт, хамгаалалт хариуцдаг болохоос биш байрны асуудал хамаагүй юм байна лээ. Хувийн болон төрийн ямар ч өмч байсан баримт, гэрчилгээ өгдөг. Төрийн өмчид гэрчилгээ өгдөг, хувийн өмчид өгдөггүй гэсэн ойлголт байхгүй. Хувийн өмчийг хувьчлахгүй гэж маргаж байгааг эсэргүүцэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гуравдагч этгээд Ж.Б, Д.М нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд өгсөн МХЕГ-ын шинжээчийн дүгнэлтийн дугаар 1-т Барилгын тухай хуулийн 17.1.2 заалтыг зөрчсөн гэж үзжээ энэ заалтыг зөрчигдөөгүй гэж үзэж тайлбараа эрхэм шүүгчид өгсөн бөгөөд таныг уншиж танилцсан гэдэгт итгэлтэй байна. Үүн дээр нэмж  хэлэхэд “С”-ын зарим нэг 5 давхар дээр бүхэл бүтэн мансард ч барьсан тохиолдол бий бөгөөд сүүлийн үеийн барилгуудад ч тухайн барилын дээд хэсэгт лифтнийхээ хажууд хүн амьдрах зориулалтаар засч, тохижуулж амьдарч байгаа жишээ олон байгаа үүнийг эрхэм шүүгчид өгсөн тайлбартаа жишээ болгон ганц хоёрыг дурдсан болно.

Мөн дүгнэлтийн 2-д “Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн” гэж үзжээ. Хэрэв бидний хуулийн дагуу авсан өрөөг техникийн зориулалттай гэж үзэж байгаа бол Орон сууцны тухай хуулийн 15.1, 15.3-т заасныг тайлбарласнаар  бол уг заалт 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр болжээ. Гэтэл бид угтаа бол 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө уг өрөөнүүдийг засч, тохижуулж орсон болно. Үүнийг Т СӨХ-ны Удирдлагын зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тогтоол, Орон сууц, нийтийн аж ахуйн “Д” ХХК-д 15 м.кв сууцны ашиглалтыг зардал төлж байсныг нотлох албан бичиг, мөн зураг төсөл, үйлдвэрлэл үйлчилгээний “Г” ХХК-ийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 32/2009 тоот техникийн дүгнэлтийн албан бичгүүд тус тус нотлох болно. Тэгэхээр 15.1, 15.3 гэсэн заалтыг үндэслэх боломжгүй бөгөөд үүнээс гадна уг өрөөнүүд нь ерөөсөө техникийн зориулалттай биш юм. Үүнийг засч тохижуулсныг тайлбарласан бүх шатны байгууллагын баримт бичгүүд мөн хавсаргагдсан байгаа.

Уг дүгнэлтийн дугаар 3-д “ЗТБХБЯ-ны лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 3.5.5 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Шинжээч маань цааш нь “Тус өрөөнд лифттэй холбогдолгүй ямар нэгэн тоног төхөөрөмж байхыг хориглох” дүрмийг зөрчсөн гэжээ. Уг хэрэг дээрээ лифтний өрөөнд лифттэй холбоотой байсан агааржуулалтын хоолойг аль нэг тийш салгаагүй аль нэг байршлыг нь өөрчлөлгүйгээр мэргэжлийн газрын зураг төслийн дагуу сэнсийг агааржуулалтын хоолойтой ямар ч аюулгүйгээр холбосон бөгөөд энэ нь өөрөө лифттэй салшгүй холбоотой хэсэг юм. Иймд лифтний өрөөнд огт холбоогүй тоног төхөөрөмж байхгүй болно.

Дүгнэлтийн дугаар 4-д “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 6.29 заалтыг, дугаар 5-т “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.1.2 заалтыг, дугаар 6-д Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ. Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Б-г уг өрөөнүүдийг ирж үзэхэд эзэмшигч С.Д, Ж.Б миний бие байлцсан бөгөөд дээрх зөрчлүүд байна гэхэд нь маргааш нь  хуучнаар “Д ХХК” Орон сууцны конторт дуудлага өгч мэргэжлийн цахилгаанчнаар нь  уг 0 тоот өрөөний цахилгааныг лифтний өрөөнөөс  салгуулж шитнээс нь шууд авахуулан, 0 өрөөнд дотор байрлуулсан тоолуурыг шитны хайрцагт байрлуулан Чингэлтэй дүүргийн “Улаанбаатар эрчим хүч түгээх” газраас хүн ирж шалгаж үзээд тоолуурыг баталгаажуулсан бөгөөд лифтний өрөөг уг 0 тоотоос хамаарах аюулгүй болгож зөрчлийг арилгасан болно. Үүнийг нотлох зураг, мөн баталгаажуулалтын хуудас байгаа болно. “Т” СӨХ-ны дарга О ч энэ талаар мэдэж байгаа. Уг 0 тоотуудын өрөөнд лифтний өрөөнөөс тусгаарлаж ямар нэгэн нэмж болон хасч хана болон хаалга болно, үүнийг нотлох олон баримт байгаа гэв.

Гуравдагч этгээд Ж.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Гуравдагч этгээд Ж.Б, Д.М нарын өмнө гаргасан тайлбарыг дэмжиж байна. Мөн гуравдагч этгээд С.Д, Д.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг мөн дэмжиж байна. Гуравдагч этгээд Ж.Б, Д.М нар нь уг орон сууцыг худалдаж аваагүй, гэхдээ сэнсийг зөөж, байрлуулах зардлыг нь гаргасан. Мөн орон сууцны цахилгааны утас татах, разетка, унтраалга хийх зэрэг ажилд өөрийн мөнгийг гаргасан.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” СӨХ нь “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011034 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Бнарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 0114543 тоот, Ж.Б-д олгосон 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-2202018399 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-2202018398 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар үнэлэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. 

Чингэлтэй дүүргийн * дугаар хорооны * дугаар хороололд “Х” ХХК-ийн захиалгаар “Г” ХХК үйлчилгээтэй 12 давхар 2 орцтой 88 айлын орон сууцны барилга барьж, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11/2007 тоот актаар улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авчээ . 

“Г” ХХК-ийн 2007 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн актаар барилгыг хүлээн авсан тус байрны Сууц өмчлөгчдийн “Т” холбооны удирдлагын зөвлөл болон хяналтын зөвлөлийн хамтарсан 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас 01 дүгээр тогтоолоор “... лифтний хонгил руу галын үед агаар оруулах зорилгоор тус барилгын дээвэрт байгуулагдсан сэнсний өрөөнд буй сэнсийг лифтний машины өрөөнд шилжүүлэх СӨХ-ны захирал С.Д-н саналыг зөвшөөрч, уг өрөөг суллаж, тохижуулахаар, СӨХ-ны захирал С.Д-г ажлын байранд ойрхон оршин суулгахаар 15 м.кв өрөөг олгохоор, СӨХ-нд төлбөрийг зохих журмын дагуу төлж байхаар, 2 дугаар орцны ** давхарт байрлах 15 м.кв өрөөг СӨХ-ны эдийн засгийн бэхжүүлэх зорилгоор түрээслэх, эсвэл гэр бүлээрээ амьдарч ажилладаг /үйлчлэгч/ хүмүүсийг байрлуулж, цалингийн тодорхой хувиар тооцохоор” шийдвэрлэсэн  байна. Гуравдагч этгээд талаас гаргаж өгсөн болон  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн “Т” СӨХ-ны удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын энэ тогтоолууд нь огноо, дугаар адил, харин тэргүү, доторх бусад бичвэр өөр байх хэдий ч шийдвэрлэсэн асуудлын агуулга зөрүүгүй байна. 

“Т” СӨХ-ны захирал С.Д тус СӨХ-ны удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг үндэслэн 2 дугаар орцны ** давхрын 15 м.кв 0 тоот өрөөг Ж.Б-д тохижуулж авахыг зөвшөөрч 2008 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай тушаал гаргасан  байна. 

Тус байрны 1, 2 дугаар орцны ** давхарт байрлах лифтний хонгил руу галын үед агаар оруулах зорилготой сэнсийг сэнсний өрөөнөөс гарган лифтний машины өрөөнд шилжүүлэн байршуулж, уг сэнсний өрөөг суллан цахилгааны холболт хийсэн бөгөөд ийнхүү сэнсийг лифтний машины өрөөнд шилжүүлж байршуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй  байна. Харин “Т” СӨХ-ны 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 9 тоотоор гаргасан “сэнсийг шилжүүлж угсарсан тул техникийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийн  дагуу Зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний “Г” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер О.Ц 2009 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 32/2009 тоот техникийн дүгнэлтээр “...* дугаар байрны 1, 2 дугаар орцны дээврийн давхрын 0 тоот өрөөнд байсан лифтний хонгилд галын үед цэвэр агаар өгөх түрэлт үүсгэх ГЭО-1 системийн сэнсний төхөөрөмжийн угсралт барилгын Б-В, 6-8 тэнхлэгийн хооронд угсрагдсан байсныг зөөж шилжүүлэн В тэнхлэгийн дагуу ханын ар талд шилжүүлснээр хэвийн ажиллах боломжтой, сэнсний төхөөрөмжийн байршлын өөрчлөлт нь техникийн болон агаар оруулах шаардлагыг бүрэн хангаж байгаа тул ашиглалтын үеийн норм дүрмийн шаардлага хангана, сэнс байршуулж байсан өрөөг СӨХ-ны оффисийн болон орон сууцны зориулалтаар ашиглаж болно” гэсэн дүгнэлт  гаргажээ. 

Улмаар Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн өмчийн хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 226/517 дугаар хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан  “төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоох” чиг үүрэг бүхий Магадлан шинжлэх хэсэг нь Зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний “Г” ХХК болон иргэн С.Д, Ж.Б, Ч.Я нарын хүсэлтээр * дугаар байрны 0 тоот өрөөнүүдийг “хүн амьдрах шаардлага хангана” гэж дүгнэж 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 99 тоот дүгнэлт  гаргажээ.  

“Т” СӨХ-ны Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд С.Д, Ж.Б нарын гаргасан хүсэлт, хүсэлтийг уламжилсан 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Орон сууц нийтийн аж ахуйн “Д” ХХК-иас 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01/285, 01/286 тоот албан бичгүүдээр гаргасан “өөрийн хөрөнгөөр цахилгаан, сантехникийн монтаж хийлгэн тохижуулж, эндээ ямар нэг зөрчилгүй амьдарч байгаа, С.Д-д * дугаар байрны 1 дүгээр орцны ** дугаар давхрын 0-90 тоотыг, Ж.Б-д 2 дугаар орцны ** дугаар давхрын 0-89 тоотыг тус тус эзэмших эрхийн бичиг олгохыг дэмжсэн” тодорхойлолт, Магадлан шинжлэх хэсгийн 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 99 тоот “хүн амьдрах шаардлага хангана” гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Б-д 2 дугаар орцны 0 тоот 1 өрөө орон сууцыг эзэмшүүлж 2011032 тоот, С.Д-д 1 дүгээр орцны 1 өрөө орон сууцыг эзэмшүүлж 2011034 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг олгожээ . 

Улмаар орон сууц эзэмших эрхийн бичиг, Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт, өргөдлийг үндэслэн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор “Засгийн газрын 2004 оны 140 дүгээр тогтоолыг баримтлан * дугаар хорооллын * дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөг С.Д, Ж.Б нарт хувьчилж, С.Д-д 0114543, Ж.Б-д 0114544 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгожээ . 

Орон сууцыг хувьчилсан шийдвэр, орон сууц өмчлөх эрхийн бичгийг үндэслэн тэдгээрийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээр Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот 1 өрөө 15 м.кв орон сууцыг С.Д-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018399 дугаарт бүртгэж, 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай нотариатын гэрчилсэн орон сууц бэлэглэлийн гэрээгээр түүний охин Д.У-н өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 2 дугаар орцны 0 тоот 1 өрөө 15 м.кв орон сууцыг иргэн Д.Б, Д.М нарын өмчлөлд /насанд хүрээгүй Б.Н, Б.Ц нар хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018398 дугаарт бүртгэжээ . 

Дээрх үйл баримтуудад дүгнэлт хийн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1, 2 дугаар орцны 0 тоот өрөөнүүдийг С.Д, Ж.Б нарт эзэмшүүлсэн, өмчлүүлсэн шийдвэрүүдийг болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь СӨХ-ны эрх зүйн үндсийг тодорхойлж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 10 дугаар зүйлийн 10.8.3, 10.10.7, 12 дугаар зүйлийн 12.4.5, 12.4.6-д зааснаар СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах  ажлыг эрхлэн хариуцах ба СӨХ-ны удирдлагын зөвлөл нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэг, энэ талаар гүйцэтгэх захиралд үүрэг өгч, энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах, холбооны нэрийн өмнөөс буюу сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх, удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд холбооны өдөр тутмын ажлыг гүйцэтгэхээр байна.  “Т” СӨХ-ны удирдлагын зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 5, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлыг томилж, түүнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой эрхийг хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой маргаанд төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй, тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

“Т” СӨХ-ны нэхэмжлэлтэй өмнөх захирал С.Д-д холбогдох иргэний хэргийг шүүхээс “Орон сууц нийтийн аж ахуйн газарт хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 09 тоот албан бичгээр өгсөн “орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдож, улмаар хувьчлагдсан”  талаарх хариуг авч 1 дүгээр сарын 24-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй ба энэ талаарх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр нь нийтийн зориулалттай орон сууцны байшин бөгөөд тухайн байрны ** давхрын сууцны бус зориулалттай техникийн өрөө нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна.  

Дээр дүгнэсэнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар СӨХ-ны эрх зүйн үндэс, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд СӨХ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах  ажлыг эрхлэн хариуцах ба СӨХ-ны удирдлагын зөвлөл нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. 

Хуульд заасан энэ эрх хэмжээнийхээ хүрээнд “Т” СӨХ-ны удирдлагын зөвлөл болон хяналтын зөвлөлийн хамтарсан 2008 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор “лифтний хонгил руу галын үед агаар оруулах зорилгоор тус барилгын дээвэрт байгуулагдсан сэнсний өрөөнд буй сэнсийг лифтний машины өрөөнд шилжүүлж, 1 дүгээр орцны ** давхрын 0 тоот өрөөнд СӨХ-ны захирал С.Д-г ажлын байранд ойрхон оршин суулгахаар, 0 тоот өрөөний СӨХ-нд төлбөл зохих төлбөрийг С.Д төлж байхаар, 2 дугаар орцны ** давхарт байрлах 0 тоот өрөөг СӨХ-ны эдийн засгийн бэхжүүлэх зорилгоор түрээслэхээр, эсвэл гэр бүлээрээ амьдарч ажилладаг /үйлчлэгч/ хүмүүсийг байрлуулж, СӨХ-нд төлөх төлбөрийг цалингийн тодорхой хувиар суутган тооцохоор” шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл сулласан техникийн өрөөнд төлбөртэйгээр суулгаж, төлбөрийг нь СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэсэн болохоос бус бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлээгүй байна.

Гэтэл СӨХ-ны удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан энэ шийдвэрийг үндэслэн Магадлан шинжлэх хэсэг * дугаар байрны 0 тоот өрөөнүүдийг “хүн амьдрах шаардлага хангана” гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Засгийн газрын 1997 оны 106 дугаар тогтоолоор Магадлан шинжлэх хэсгийн ажиллах журам батлагдсан бөгөөд уг журмаар “төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад орон сууцны чанар, аюул осолгүйн байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоох” чиг үүрэг бүхий Төрийн өмчийн хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан Магадлан шинжлэх хэсэг нь Орон сууц нийтийн аж ахуйн албанаас магадлан шинжилгээ хийлгэхээр гаргаж өгсөн төрөөс хувьчлах гэж байгаа чанар, аюулгүй байдал, техникийн шаардлагын хувьд магадлан шинжлүүлэх шаардлагатай гэж үзсэн орон сууцны жагсаалтыг үндэслэн магадлан шинжилгээг хийж хүн амьдрах шардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргадаг байна. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчид хамааралгүй, төрөөс хувьчлах орон сууцны жагсаалтад ороогүй, хувийн өмчөөр шинээр баригдсан барилгын хувьд Магадлан шинжлэх хэсэг иргэдийн хүсэлтээр дүгнэлт гаргах эрх зүйн үндэслэл үгүй тул ийнхүү дүгнэлт гаргасан нь хууль бус байна.

Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр болон тус байрны 1, 2 дугаар орцны ** давхрын буюу техникийн давхарт байрлах 0 тоот өрөөнүүд төрийн өмчид болон орон нутгийн өмчид бүртгэлгүй болохыг Төрийн өмчийн хороо, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус тус тодорхойлсон , тухайн байрыг “Х” ХХК-ийн захиалгаар “Г” ХХК барьж 2007 онд ашиглалтад оруулсан талаар дээр дурьдсан, энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.2, 99.3-т зааснаар Монгол Улсад өмч нь нийтийн болон хувийн өмч гэсэн хэлбэртэй, нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн өмч гэсэн хэлбэртэй, хувийн өмч нь иргэний болон дундын өмчлөлийн гэсэн хэлбэртэй бөгөөд тухайн орон сууц нь хувийн хөрөнгөөр баригдсан хувийн өмч, тэр дундаа сууцны бус зориулалтаар баригдсан техникийн өрөө нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүсэх ба орон сууц өмчлөгч мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах, дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрх эдэлнэ. 

Ийнхүү хувийн өмчийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар гаргасан Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт болон “Т” СӨХ-ны Удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан “СӨХ-ны мэдэлд ашиглуулах” шийдвэр, С.Д, Ж.Б нарын гаргасан эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт, хүсэлтийг уламжилсан  хорооны  Засаг даргын тодорхойлолт, Орон сууцны ашиглалт хариуцсан нийтийн аж ахуйн “Д” ХХК-ийн “цахилгаан, сантехникийн монтаж хийлгэн тохижуулж, зөрчилгүй амьдарч байгаа” гэх тодорхойлолт зэргийг үндэслээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ буюу төрийн өмчийн байрыг иргэнд эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь хууль бус байна. 

Тодруулбал, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үндэслэл болсон гэх “Т” СӨХ-ны Удирдлагын зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан “СӨХ-ны мэдэлд ашиглуулах” шийдвэр нь сулласан техникийн өрөөнд төлбөртэйгээр суулгаж, төлбөрийг нь СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэсэн болохоос бус бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлээгүйн дээр Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт нь “хүн амьдрах шаардлага хангасан” талаар дүгнэснээс бус дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшлийг шийдвэрлээгүй юм. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн орон сууцыг тогтоосон журмын дагуу хуваарилна.” гэж зааснаар хотын захирагчийн хуваарилсан орон сууцанд ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгох эрхтэйгээс бус хотын мэдлийн бус буюу орон нутгийн өмчид бүртгэлгүй, хувийн өмчийн орон сууцанд ордер буюу орон сууц эзэмших эрхийн бичиг олгох эрхгүй. 

Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлт болон орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор дээрх орон сууцнуудыг С.Д, Ж.Б нарт хувьчилж, С.Д-д 0114543, Ж.Б-д 0114544 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон нь мөн л хууль бус байна. 

Орон сууц хувьчлах тухай 1996 онд батлагдсан хуулиар “төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах” харилцааг зохицуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “ “орон сууц хувьчлах” гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгох” бөгөөд хариуцагч нарын тайлбартаа дурьдаад буй Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын 2 дахь заалт нь “Төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь техникийн өрөөг Магадлан шинжлэх хэсгийн дүгнэлтээр хүн амьдрах шаардлага хангасан, орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэж тогтоогдсон тохиолдолд уг техникийн өрөөг зохих эрхийн бичгийн үндсэн дээр орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа эзэмшигчдэд нь өмчлүүлэх эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан”, Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор “төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь хүн амьдрах шаардлага хангасан үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн бичигтэй иргэдийн өмчлөлд шийлжүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгасан”, өөрөөр хэлбэл эдгээр хууль, тогтоомж нь төрөөс хувьчлагдаж буй орон сууцны тухайд хамаарахаас бус хувийн өмчийн орон сууцанд огт хамааралгүй, үйлчлэхгүй юм. 

Түүнчлэн Орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд орон сууцны хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны байшин, сууцны тооллого хийж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх” эрхтэй, өөрөөр хэлбэл хувьчлалд хамаарах төрийн өмчийн орон сууцны мэдээллийн санд бүртгэгдсэн орон сууцнаас хувьчлах ажлыг зохион байгуулах ёстой, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар “... тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж хувьчлах тухай шийдвэр гаргах”, 17.2-т “хувьчлах нөхцөл хангаагүй сууцны талаарх өргөдлийг буцаах” чиг үүрэгтэй атлаа ийнхүү хувьчлах хүсэлт гаргасан орон сууц нь төрийн өмчийн эсэхийг хянахгүйгээр, хувийн өмчийн орон сууцыг хувьчлах шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд сууц өмчлөгчдийн болон тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтыг хариуцсан СӨХ-ны эрх ашгийг зөрчжээ. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх ба энэ эрхээ СӨХ-гоор дамжуулан хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 15.2.3-т зааснаар СӨХ-ны сангийн хөрөнгө нь холбооны аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, тухайлбал мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3-т зааснаар удирдлагын зөвлөлийн шийдвэрээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулсны орлогоос бүрдэх боломжтой, улмаар мөн хуулийн 16 дугаар зүйл, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг засвар үйлчилгээний зардлыг СӨХ хариуцах тул “дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглаж орлого олсон бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардалд зарцуулах ёстой” гэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн талаарх тайлбар үндэслэлтэй байна.

Ийнхүү хууль бусаар хувьчилсан шийдвэрийг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэлийг мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх бөгөөд бүртгэлийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдүүдийн хууль ёсны өмчлөх эрх хөндөгдөхгүй. Учир нь Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүсэх ба ийнхүү өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүссэн байж хуулиар хамгаалагдана. Өөрөөр хэлбэл Орон сууц хувьчлах тухай хуулиар хувьчилж авсан, эсхүл хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахаар байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4-т зааснаар бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрөөгүй бол шүүхэд хандаж, шүүхийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар бүртгэлийг хүчингүй болгож буй шүүхийн шийдвэрээр бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

Ж.Б, Д.М нарт олгосон гэх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018398 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүх бүртгэлийн байгууллагаас болон гуравдагч этгээдээс нотлох баримтаар шаардсан боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 7/1458 тоотоор Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн 0114544 дугаартай гэрчилгээг эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хуулбарлан ирүүлсэн, энэ талаараа тус газрын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7/2390 тоотоор “төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг бүртгэхдээ орон сууц хувьчлах товчооноос олгосон гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар олгож баталгаажуулан уг гэрчилгээг иргэнд буцаан олгодог. Өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018398 дугаарт бүртгэлтэй орон сууцанд 0114544 дугаартай гэрчилгээнээс өөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байна”  хэмээн тодорхойлжээ.  

“Техникийн өрөөний зориулалтыг өөрчлөн хүн амьдарч байна” гэх СӨХ болон оршин суугчдын гомдлоор Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч шалгалт хийж 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02-07-81/1935 дугаартай “зөрчил арилгуулах тухай” албан шаардлага  бичсэн, шүүгчийн захирамжаар томилогдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 07/104/03 дугаартай дүгнэлтээр  “лифтний хонгилд галын үед агаар өгөх зориулалттай сэнсийг зөөвөрлөж лифтний машины өрөөнд байрлуулсан нь холбогдох хууль, норм, дүрэм зөрчсөн” талаар дүгнэсэн ба орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах нь СӨХ-ны чиг үүрэгт хамаарах бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул зориулалтыг нь өөрчилсөн техникийн өрөөг бусдад эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл  лифтний хонгилд галын үед агаар өгөх зориулалттай сэнсийг мэргэжлийн холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөж лифтний машины өрөөнд байрлуулсан нь холбогдох хууль, норм, дүрэм зөрчсөн эсэх, Зураг төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний “Г” ХХК техникийн дүгнэлт гаргах эрхтэй эсэх, уг дүгнэлт нь үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнээгүй болно.  

Гуравдагч этгээд Ж.Б, Д.М нар нь Австрали улсад амьдардаг бөгөөд Д.М-с тус улсад байх консулын газраар гэрчлүүлж төрсөн дүү Д.Б-т өгсөн шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ талаар гуравдагч этгээд Д.М-тэй утсаар холбогдон мэдэгдсэн, тэрээр итгэмжлэл хийж явуулахаа илэрхийлж байсан ч ирүүлээгүй, зөвхөн Ж.Б-с олгосон итгэмжлэлийг ирүүлсэн, тэдгээрийн итгэмжлэлийг авах үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 4, 5 дугаар сарын 1, 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд хойшлуулсан ба хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. 

Түүнчлэн дээрх маргаан бүхий дундын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар хувьчилж, уг хувьчилсан хууль бус шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үндэслэлээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т зааснаар эрхийн улсын бүртгэлийг хааж, бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа, энэ нь мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах, 24 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх зохицуулалттай хамаарахгүй, өөрөөр хэлбэл барьцаалагчаас зөвшөөрөл авахыг шаардахгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018399 дугаарт бүртгэгдсэн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор барьцаалагчаар бүртгэгдсэн Тариалан эрхлэлтийг дэмжих санг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийг өмнө шийдвэрлэхдээ магадлалд заагаагүй болохыг, нөгөөтэйгүүр Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэрээний үүргийн биелэлтийг хуульд заасан  өөр  арга  хэрэгслээр  хангуулах  боломжтой,  энэ  шийдвэр  саад  болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.3, 12 дугаар зүйлийн 12.4.5, 12.4.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.2.3, 15.4, 15.5, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Т” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэн С.Д-д 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011034 тоот гэрчилгээ, мөн өдөр иргэн Ж.Б-д олгосон уг байрны 2 дугаар орцны 0 тоот өрөөг эзэмших эрхийн 2011032 тоот гэрчилгээ, дээрх 0 тоот өрөөнүүдийг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын иргэн С.Д, Ж.Б нарт холбогдох хэсэг, Орон сууц хувьчлах товчооноос С.Д-д олгосон 0114543 тоот, Ж.Б-д олгосон 0114544 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, уг байрны 1 дүгээр орцны 0 тоот өрөөг С.Д, Д.У нарын өмчлөлд Ү-2202018399 дугаарт, 2 дугаар орцны 0 тоот өрөөг Ж.Б, Д.М нарын өмчлөлд Ү-2202018398 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА

                                 ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР 

                                                                      ШҮҮГЧ                         А.САРАНГЭРЭЛ