Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0423/З |
Дугаар | 221/МА2020/0547 |
Огноо | 2020-09-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2020/0547
Н.Н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н гаргасан давж заалдах гомдлоор, Н.Н нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрээр:
“Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 8 дугаар зүйлийн 8.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.5, 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Н Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.2014 оны 10 дугаар сарын 10-ны өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан Булган аймаг дахь Нисэх буудлын Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж бүхий Н.Н газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны 207 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа зөрчил болно.
Гэтэл эрх нь зөрчигдөөгүй хэмээн шүүх дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно. Өөрийнх нь өмч хөрөнгө бүхий газарт ашигт малтмал олборлоод эхлэхээр өмчлөх эрхээ хэрхэн яаж хэрэгжүүлэх билээ. Зөрчигдөхийг нь хүлээж байгаад буюу газар ухаад эхлэхээр нь миний эрх зөрчигдөж байна хэмээн шүүхэд хандах үед нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа чинь өнгөрчихсөн байна гээд шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзана.
Тэгэхээр эрх зөрчигдөхөөс хамгаалуулах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.
2.Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын холбогдох заалт хүчин төгөлдөр байхад Н.Н нь тухайн обьектыг газрын хамт худалдан авсан. Гэтэл “...уг тогтоолд өөрчлөлт орсон тул...” хэмээн хариуцагч болон шүүх тайлбарлаж байна.
Гэвч уг өөрчлөлт нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд түүнээс хойших харилцааг зохицуулах болохоос өмнөх харилцаанд нөхөн хэрэглэгдэхгүй ба нөхөн хэрэглэгдэх талаар тогтоолд заагаагүй. Иймээс тогтоолын заалтыг эш татах нь хууль хэрэглээний алдаа болно.
3.“Э” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна хэмээн шүүх дүгнэсэн. Иргэний эрхийг хөндсөн захиргааны шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн шууд үндэслэл байхгүй гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхийг нь сэргээхээс татгалзах боломж шүүхэд байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэснийг хэрэглэх боломжтой.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргаан бүхий газарт шүүхийн үзлэг хийгээгүй гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Н.Н Төрийн өмчийн хорооны 2014 оны 515 дугаар тогтоолоор шилжүүлсэн авсан Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь нисэх буудлын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламж болон Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/598 дугаар захирамжаар уг барилга байгууламжийг оролцуулан үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн нийт 78.8 га газар нь Эрдэнэт үйлдвэрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ........ гектар талбайтай давхцалтай болох нь холбогдох баримтаар тогтоогддог, гэвч энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь хуучнаар Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 414, 2004 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 998 дугаар шийдвэрээр /УУХҮЯ, АМГТХЭГ, ЭБМЗ-ийн 2016.11.10-ны ХХ-12-01 дүгнэлтэд энэ талаар тусгагдсан/ тус тус дээрх 78.8 га газрыг хамруулан нийт ....... гектар талбайг /1-р хх-ийн 236 дахь тал/ “Э” ХХК нь Баруун Эрдэнэт-5 нэртэй ........ тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан, мөн Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Эрдэнэтийн зэс молибденийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан байгаагаас үзэхэд цаг хугацааны хувьд Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоолоор дээрх барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэхээс өмнө барилга байгууламж байрлаж байгаа болон 2017 онд Н.Н эзэмшүүлсэн газар бүхэлдээ “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарч байжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.
Иймд 2016 онд Эрдэнэт үйлдвэрээс гаргасан хайгуулын талбайн 1400.24 гектарт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг үндэслэн одоогийн маргаан бүхий шийдвэр гарсан нь уг хуульд нийцсэн төдийгүй Улсын Их Хурлын 2018 оны 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс, молибденийн ордын талбайн хил заагыг 246504.22 га-гаар тогтоосонд энэхүү талбай мөн бүхэлдээ хамаарч байна. /1-р хх-ийн 64, 65 талд/
Эдгээрээс дүгнэхэд анхнаасаа “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байрлах хуучин нисэх буудлын барилга байгууламжийг Засгийн газрын 2014 оны 183 дугаар тогтоолд худалдахаар, мөн тус компанид 2016 онд олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан аймгийн Засаг даргаас 2017 онд 73.5 га газрын үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Тиймээс Засгийн газрын дээрх тогтоолын 2 дугаар заалтаар “Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулах”-ыг Төрийн өмчийн хороонд даалгаж, харин 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар тогтоолоор энэхүү 2 дугаар заалтын “Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилсөн нь шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Эрдэнэт үйлдвэрийн Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой бүрэн эрхийг хязгаарлах, энэ талаар хариуцагчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч даргын 2019 оны А/233 дугаар тушаалаар байгуулагдсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н.Н эзэмшлийн 78.7 га газрыг бодит байдал дээр далангаар хүрээлэгдсэн 75.6 га болохыг, мөн Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1400.95 га газартай энэхүү газар нь 73.2 га талбайгаар давхцалтай болохыг тогтоосон, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давхцалгүй хэсэгт нь нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан барилга байгууламж байрлаж байгаа гэх тайлбар гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нарийвчлан тогтоох шаардлагагүй болно.
Гэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай хуучин нисэх буудлын барилга байгууламжийг Засгийн газрын 2014 оны тогтоолоор нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэнд, мөн Төрийн өмчийн хорооноос явуулсан дуудлага худалдаанд оролцож ялагч болсонд, тус Хорооны 2014 оны 515 дугаар тогтоолоор өмчлөх эрхийг шилжүүлсэн авсанд, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсонд нэхэмжлэгч Н.Н буруутгах үндэслэлгүй тул эдгээр шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН