Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00651

 

“А” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02414 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “А” ХХК

          Хариуцагч: Ч.А, Л.М нарт холбогдох

     Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 89.082.528 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

   Сөрөг нэхэмжлэл: 2015-09-17-ны өдрийн 2015/31 дугаар  барьцаат зээлийн гэрээ, 2015/31-01 дугаар  барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 6.965.549 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

          Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.М, нарийн бичгийн даргад Ш.М нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.А, Л.М нар 2015-09-17-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж 100 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Мөн 2015-09-17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 63а байранд байрлах 210 м.кв бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2017-09-27-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 60сая төгрөг, үндсэн хүү 18,882,122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,200,406 төгрөг, нийт 89,082,528 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нар нь гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч нарын гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “А” ХХК-тай бид нар нь 2015-09-17-ны өдөр 2015/31 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, 2015-09-17-ны өдрийн 2015/31-01 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 100 сая төгрөг зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж 63А байр 09 тоот орон сууцаа барьцаалсан. Зээлдэгч нарын зүгээс зээлийн эргэн төлөлтөнд өнөөдрийн байдлаар нийт 106,965,549 төгрөг төлсөн. Гэтэл гэрээнүүдэд  “А” ХХК-ийг төлөөлж захирал Т.Мөнхжаргал гарын үсэг зурсан боловч уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Т.Мөнхжаргал гэдэг хүн нь 2017 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Энэ нь уг гэрээ байгуулагдах үед “А” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ хэлцэл байгуулсан байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийн улмаас илүү төлсөн 6,965,549 төгрөгийг “А” ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “А” ХХК нь анх 2014-07-07-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2014-07-16-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад нэг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн. 2014-07-21-ний өдөр “А” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Т.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирлаар томилж, түүнтэй 2014-09-16-ны өдөр контрактын гэрээ байгуулсан байдаг. Үүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн. Иймд гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02414 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан  Ч.А, Л.М нараас 51,264,091 төгрөг гаргуулан “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 37,818,437 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.А, Л.М нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Сүхбаатар дүүрэг 19-р хороо зуслан, Майхан толгой 2-р хэсэг гудамж 282 тоот хаягт байршилтай зуслангийн 650 м.кв газар, 132 м.кв талбайтай хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 810 438 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 692 778 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж,  Ч.А, Л.М нараас 414 270 төгрөг гаргуулж “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02414 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “51 264 091” гэснийг “64 670 294” гэж, “37 818 437” гэснийг “24 412 234” гэж, 3 дахь заалтын “414 270” гэснийг “481 301” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд бичигдсэнээр бол зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн зээлийн төлөлтийг үндсэн зээлээс биш харин зээлийн хүүгийн төлбөрөөс хасна гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг тайлбарласнаасаа өөрөөр хэрэглэж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн зээлийн төлөлтийг үндсэн зээлээс хасаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь, Иргэний хуулийн 189.1-р гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч хариуцагч нартай Иргэний хуулийн 451.1-д заасан гэрээ байгуулж, зээл олгож, төлөх нөхцөлийг тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан 2015-09-17-ны өдрийн 2015/31 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.2.10-т  үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцож тогтоосон. Уг зээлийн гэрээний тохиролцоо нь талуудын хооронд байгуулагдсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний 5.1.1-р үүрэг бүрэн дуусгавар болох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Түүнчлэн Ч.А 2016-12-26-ны өдөр Хаан банкнаас “А” ХХК-ийн дансанд 40 сая төгрөгийн гүйлгээ хийхдээ “Ч.Ааас зээлийн хүү төлөв” мөн 2017-02-21-ний өдөр уг дансанд 10сая төгрөгийн гүйлгээг хийхдээ “Зээлийн хүү Ариунжаргалаас” гэж хийж байгаа нь зээлдэгч зээлийн хүүг гэрээнд заасан тохиролцооны дагуу төлсөн харагдана. Гэтэл шүүх зөвхөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг буруу хэрэглэж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 453.1-р зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй ч хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн бодогдох байтал Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу зээлийн хугацаа дуусгавар болоход эхний ээлжинд зээлийг төлүүлэх нь уг хуулийн 2 заалтыг зөрчилтэй мэт харагдуулж байна. Иргэний хуулийн 216.4 дэх заалт нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нөхцөлд хэрэглэгдэх гэхээсээ илүүтэйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүргийн гүйцэтгэл болон шүүхийн шийдвэрийн дагуу үүргийг гүйцэтгүүлэх нөхцөлд хэрэглэгдэх зохицуулалт байна. Гэтэл шүүхийн зүгээс хуулийн уг заалтыг буруу хэрэглэснээс талуудын тохиролцоог зөрчсөн шийдвэр гаргаж байгаад нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх тооцооллыг мөн буруу бодсон. Учир нь магадлалаас харахад тооцооллыг хялбар байдлаар бодож, зээлийн гэрээний хугацаанд 100 сая төгрөгөөс 4 хувийн хүү бодож, харин зээлийн хугацаа дууссан өдрөөс хойш 41,034,451 төгрөгөөс 4 хувийн хүү бодсон нь алдаатай болсон. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сарын дараагаар эхний төлөлтийг хийсэн. Тэгэхээр энэ 4 сарын хугацаанд 100 сая төгрөгөөс зээлийн хүүг бодох нь гарцаагүй байхад давж заалдах шатны шүүх буруу бодсон. Зээлийн тооцооллыг дараах байдлаар хийх нь илүү бодит нөхцөлд нийцнэ. Тухайлбал, хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллоос харахад хариуцагчийн 40 сая төгрөг төлсөн өдрийг хүртэлх хугацааны буюу 2016-12-26-ны өдрийг хүртэл хүүгийн нийлбэр нь 61,150,684.93  төгрөг болж байна. Харин уг хугацаанаас хойш үндсэн            зээлийн үлдэгдэл 60 сая /100 сая-40 сая =60 сая/ төгрөгөөс хүү тооцож дараагийн төлөлт буюу 50 сая төгрөг төлсөн өдөр болох 2017-02-21-ний өдрийг хүртэл хугацааны хүүгийн нийлбэр нь 4,497,534.25 төгрөг болж байна. Улмаар 2017-02-21-ний өдрөөс хойш шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаа болох 2017-09- 27-ны өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 10 сая /60 сая-50сая =10 сая/ төгрөгөөс хүү тооцоход 2,866,849.32 төгрөг болж байна. Ийнхүү нийт бодогдсон хүүгийн нийлбэр 61,150, 684.93+4,497, 534.25+2,866,849.32=68,515,068.5 төгрөг болно. Уг хүүгийн нийлбэрээс гэрээний хугацаанд төлсөн хүүгийн нийт төлөлт болох 16,965,549 төгрөгийг хасахад нийт төлөх ёстой хүүгийн үлдэгдэл дүн нь 51,549,519.5 төгрөг юм. Зээлийн хүү болох 51,549,519.5 төгрөг дээр үндсэн зээлийн үлдэгдэл 10сая төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 7,333,557 төгрөгийг тус тус нэмээд нийт хариуцагчийн төлөх ёстой дүн нь 68,883,076.31 төгрөг байна. Жич: Шүүгчийн дүгнэсэн үүрэг гүйцэтгэх дарааллаар бодсон зээл, зээлийн хүүгийн тооцооллыг хавсаргав. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаан  2017-11-07-ны өдрийн 10 цагт зарлагдсан бөгөөд хариуцагч  нарын өмгөөлөгч уг өдрийн 10.30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаантай давхацсан байсан тул “шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тухай” хүсэлтийг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын товын хамт өгсөн байдаг. Гэтэл шүүх миний хүсэлтийг хангалгүй, мөн хариуцагч нарын “өмгөөлүүлэх” эрхийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь  ноцтой зөрчил юм. Үүнийг давж заалдах шатны шүүх харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэснийг нь үндэслэлгүй юм. Аливаа шүүхүүд шүүх хуралдааны товыг зарлахдаа хэргийн оролцогч, өмгөөлөгч нараас саналыг нь сонсдог хэдий ч яг хэзээ зарлахаа шийдэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Мөн Захиргааны  шүүхэд болсон шүүх хуралдаан  өмнө нь мөн хойшилж байсан, хэргийн оролцогчид Завхан аймгаас ирж  байгаа тул хойшлуулах боломжгүй хурал байсан бөгөөд үүнийгээ би  хүсэлтдээ тодорхой дурдсан. Хариуцагч талын зүгээс уг хэрэгт  2015-09-17-ны өдрийн  2015/31 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, 2015-09-17-ны өдрийн 2015/31-01 “Барьцааны гэрээ”-г  хүчин төгөлдөр бусад тооцуулах, 6.965.549 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргасан.Гэрээнд  нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал гэх хүн гарын үсэг зурсан байх боловч  улсын бүртгэлийн гэрчилгээнд Т.Мөнхжаргал гэдэг хүн  бүртгэгдсэн  байх бөгөөд  гэрээ байгуулах үед Т.Мөнхжаргал гүйцэтгэх захиралаар ажиллаж  байгаагүй байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор  улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон компанийн хувийн хэргийг гаргуулах, гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-ын бүртгэлтэй холбоотой холбогдох баримт материалуудыг гаргуулах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүгч хангахаас татгалзаж  хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.  явдал юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үйл ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40.3-г зөрчсөн.  Шүүхийн  дүгнэлтээр бол ББСБ-ын гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг улсын бүртгэлийн байгууллага бүртгэх эсэх нь ач холбогдолгүй мэтээр улсын бүртгэлийн байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэг, үйл ажиллагааг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Т.Мөнхжаргал нь “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 онд томилогдсон гэдгийг ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн нь сөрөг нэхэмжлэлийг хангахгүй байх ямар ч үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан 2015-09-17-ны өдрийн 2015/31 Барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” /хх-7 хуудасны ар/-с үзвэл 12 сарын зээлийн нийт хүү нь 48сая  төгрөг биш харин 34.845.640,09 төгрөг болох нь тодорхой байгаа. Нийт хүү нь 48сая төгрөг биш 34.845.640,09 төгрөг гэж тооцсон талуудын хоорондын тохиролцоо буюу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь сарын 4%-ийн хүүг тооцохдоо үндсэн зээл болох 100сая төгрөгөөс тогтмол хүү тооцохгүй, үндсэн зээлээс төлөлт хийсэн дүнг хассан дүнгээс хүү тооцно гэсэн агуулгыг илэрхийлж байна. Хариуцагч тал нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон зээлийн хүү нийт 134.845.640 төгрөг төлөх ёстой байснаас 106.965.549 төгрөг төлж, үлдэгдэл нь 27.880.091 төгрөг болж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний хугацаанд төлөх үндсэн зээл, зээлийн хүүг 27.880.091 төгрөгөөс тооцох ёстой юм. 27.880.091 төгрөгнөөс хүүг тооцвол 1 сарын хүү нь 1.115.203 /27.880.091 төгрөгийн 4 хувь/ төгрөг болохоор байна. Нэхэмжлэгч нь 2017-03- 29-ны өдөр 71,627,460 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, 2017-04-26-ны өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж 85,918,829,73 төгрөг болгохдоо 2017-07-20-ны өдөр хүртэлх тооцоогоор нэмэгдүүлж байгаагаа тодорхой дурдсан байдаг. Гэтэл  магадлалд  2016-09-17-ны өдрөөс 2017-09- 28-ны өдрийг хүртэл 1 жилд зээлдэгч нар хэтэрсэн хугацааны хүү 19,696,536 /41,034,451 х4%х12сар/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,939,307 /19,696,536x20%/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 41,034,451 төгрөгийн хамт нийт 64,670,294 төгрөгийг төлөх үүрэгтэй байна” гэж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тодорхойлсон 2017-07-20-ны өдөр хүртэлх хугацааг шүүх 2 сараар нэмж төлбөрийг тооцсон нь иргэний процессийн эрх зүйн “диспозитив байдал”-ын зарчмыг зөрчсөн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлийн хүү төлөх хугацааг тооцохдоо 12 /2016.09.17-2017.09.28/ сараар бус 10 /2016.09.17-2017.07.20/ сараар тооцох ёстой байсан. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 27,880,091 төгрөгөөр тооцвол 1 сарын хүү нь 1,115,203 төгрөг болж байгаа бөгөөд зээлийн хүү нь /27,880,091х4%х10/ төгрөг болох бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь нийт 2,230,406 /11,152,030x20%/ төгрөг нийт 41,262,527 төгрөг болж байна. Нэхэмжлэгч тал нь хариуцагч нартай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй байна гэж үзэж 2017-03-29-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 219.1-д зааснаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, гэрээнээс үүдэлтэй хохирлоо шаардах эрх үүсч байгаа учраас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 27.880.091төгрөгөөр бодож, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх зээлийн төлбөрийг тооцвол 1 сарын хүү нь 1,115,203 төгрөг болж байгаа бөгөөд зээлийн хүү нь 6,691,218 /27,880,091х4%х6/ төгрөг болох бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь нийт 1,338,243 /6,691,218x20%/ төгрөг нийт 35,909,552 төгрөг болж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

   “А” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ч.А, Л.М нараас үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 18,882,122.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,200,406.23 төгрөг нийт 89,082,528.36 төгрөг шаардсан байна. /хх 1-2, 42, 108/.

       Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 52-53/ маргаж, 2017-06-27-ны өдөр сөрөг нэхэмжлэл гарган, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 106,965,000 төгрөг төлснөөс /хх 141/ үндсэн зээлийг хасаж, үлдэх 6,965,549 төгрөгийг буцааж гаргуулахыг шаарджээ. /хх 73/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс “... үндсэн зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хүү 34,386,742.8 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,877,348.56 төгрөг...” нийт 51 264 091 төгрөгийн шаардлагыг хангажээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  хариуцагч нар “...үндсэн зээлийн үлдэгдэлд 41 034 451 төгрөг, хүүнд 19,696,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,939,307 төгрөг төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийж, хариуцагч нараас нийт 64,670,294 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

   Тус шүүхэд гаргасан гомдолдоо нэхэмжлэгч тал “...шүүх талуудын тохиролцоогоор  хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй нь буруу... Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн... давж заалдах шатны шүүх тооцоог буруу бодсон...” гэсэн, хариуцагч тал “... шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангалгүй ноцтой зөрчил гаргасан... гэрээг эрх бүхий этгээд хийгээгүй болохыг анхаарч үзээгүй...хариуцагчийн гаргасан хүсэлтийг  хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн... нэхэмжлэгч 2017-07-20-ны өдөр хүртэлх хугацаагаар бодож нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2017-09-28-ны өдрөөр  тооцоог хийж диспозитив зарчмыг зөрчсөн...шүүх тооцоог буруу хийсэн...” гэсэн үндэслэл тус тус заажээ. 

   Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Нэхэмжлэгч нь шаардлагадаа 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2015/31 дугаар гэрээг /хх 6/ үндэслэсэн бөгөөд уг гэрээгээр хариуцагч нар 100 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2015-09-18-ны өдрөөс 2016-09-18-ны өдөр хүртэл зээлж, үүргийн гүйцэтгэлд Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 63а байр, 9 тоот орон сууцыг барьцаалсан, зээлийн гэрээний үүрэгт нийт 106,965,549 төгрөг төлсөн нь тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байв.  

       Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ мөн хариуцагчаас гаргуулах зээлийн гэрээний үүргийг тооцохдоо Иргэний хуулийн 451, 216 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хүүг нэхэмжлэлд зааснаас зөрүүтэй тооцсон нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нөхцөл болохгүй гэж үзлээ.  Учир нь, “А” ХХК  хариуцагчаас нийт 89,082,528.36 төгрөг шаардахдаа үндсэн зээлийн үлдэгдлийг тодорхойгүй /хх 42/ мөн хоёр өөр байдлаар /хх 1-3, 108/ тооцсон зэргээс хамаарч зээлдэгчээс гаргуулах үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хоёр шатны шүүх зөрүүтэй бодсон байна. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцэх юм.      

       Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 3 удаа нэмэгдүүлж 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 18,882,122.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,200,406.23 төгрөг нийт 89,082,528.36 төгрөг шаардсан байх ба энэ тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. 

       Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 296 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл  авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь нотлогдсон, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг нэхэмжлэгч талаас эрх бүхий этгээд байгуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийг зөрчих юм.

        Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргаж өгсөн баримт, тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээж, зохигч талуудын гаргасан гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 280.100 төгрөг, хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 481.310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ