Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 394

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Б.Батсүх /ШТЭД-0297/, Л.Батаа /ШТЭД-1824/

хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл /ШТЭД-0556/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З.М /РД:................./,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 17-14 тоотод иргэн Ш.Л-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан “Нокио” маркийн гар утсыг нь дээрэмдэж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан нотлох баримтууд /давхцаагүй байдлаар/. (1)улсын яллагчаас: Хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх04-06/, хохирогч Ш.Л-ын мэдүүлэг /хх16, 70, 189/, гэрч Л.Э-н мэдүүлэг/хх20-22,75/, гэрч Ц.С-ын мэдүүлэг/хх24-25/, гэрч Ө.Г-н мэдүүлэг/хх27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5167 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх33/, шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг /хх38/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх68/, Эд зүйлийн үнэлгээ /хх87/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 587 дугаартай дүгнэлт /хх91-93/,

(2) хохирогчийн өмгөөлөгчөөс: эмчилгээний зардлын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх8/, З.М-ийн анхны мэдүүлэг /хх35-37/, үнэлгээний ажлын хөлсний нэхэмжлэл /хх85/, 

(3) шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: иргэний үнэмлэхний лавлагаа /хх113/, гэрч Д.Н-н мэдүүлэг /хх80-81/, гэрч Д.М-ийн мэдүүлэг /хх78-79/, гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх76-77/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх46-47/, ажлын газрын тодорхойлолт /хх45/, ял шалгах хуудас /хх42/ болон хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч З.М-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх04-06/

2. Хохирогч Ш.Л-ын “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн үед гаднаас хар өнгийн нүдний шилтэй 170 см орчим өндөртэй, бор царайтай эрэгтэй хүн гаднаас орж ирээд шууд миний өмссөн байгаа цамцны захаас барьж аваад мушгиад хоолой шахаад унагасан. Тэр үед би юу болоод байгааг мэдээгүй, ухаан алдаад унасан. Нэг сэрээд босох гэтэл ахиад намайг боогоод унагасан. Хэсэг байж байгаад сэргээд харахад байшинд миний бор өнгийн авдрыг ухаж байх шиг харагдсан. Би хаалгаар гарч зугтаах гээд амь авраарай гээд орилсон чинь ахиад намайг боогоод унагаасан. Нөгөө залуу гэрийн эд зүйлийг ухаад юм хайгаад байснаа, миний дээр гарч өвдөглөөд байхаар нь “миний хүү яаж байгаа юм бэ, над шиг хөгшин эхтэй байж болиоч" гэхэд нөгөө залуу “надад эх байхгүй би өнчин, чи хүүгийнхээ хөөргийг надад гаргаад өг, гаргаж өгөхгүй бол чамайг ална гэж хэлсэн...Тэгээд манай хажуу айлын эмэгтэй хаалгаар шагайхаар нь эмээг нь хүн аллаа гэж хэлэхэд нөгөө эмэгтэй цагдаа дуудлаа гэж хэлэхэд тэр залуу би энэ айлын хүүхдээс авцаатай юм, тэрийгээ авах гэж байгаа юм гэж хэлээд гараад явсан. Гарч явахдаа хар өнгийн гадаргуутай ''Нокиа” маркийн гар утсыг аваад явсан. Тухайн үед намайг боож байхдаа миний дээр гарч дарснаас болж хавирга хугалсан байсан... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед манай гэрт орж ирээд танай хүү хэзээ ирэх юм бэ? гэж асуусан ... нөгөө залуугийн хажууд өөрийн хүү С руу залгаад нэг залуу манай гэрт чамаас авцаатай, машины юм авдаг гээд ирсэн байна ямар учиртай юм бэ? гэсэн чинь миний хүү  наадхаа цагдаа дуудаж өг надад хүнд өгөх өглөг байхгүй гэж хэлсэн...чамд өгөх зүйл байхгүй гэж хэлсэн чинь бид хоёрын асуудал танд хамаагүй гэж хэлээд гараад явсан ... би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан, цаашдаа эмчилгээний зардал нэхэмжлэх болно, 5.000.000 төгрөг бол эмчилгээний зардал болон сэтгэл санааны цаашдын хохирол нэхэмжилж байгаа юм..” гэх мэдүүлэг /хх16, 70, 189/,

3. Гэрч Л.Э-ын "...Би энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангаин 17-14 тоотод нэг хашаанд амьдарч байсан юм. Би өглөө гэртээ унтаж байхад манай хажуу хөрш айлын гэрээс “туслаарай, авраарай” гэсэн эмэгтэй хүний чимээ гарсан. Тэр үед би босоод хажуу айлын хөршийн гэрт ороход хөрш айлын гэрийн үүдэнд нэг зүс танихгүй 20-25 орчим насны бор царайтай, 170 см өндөртэй залуу гэрийн авдрыг ухаад цаашаа хараад сууж байсан. Харин түүний хажууд ойролцоо Ш.Л  гээд настай хөгшин уйлсан байдалтай зогсож харагдсан. Би үүдийг онгойлгоод харах үед “гэрт танихгүй хүн орж ирээд эмээг нь алах гээд байна цагдаа дуудаарай” гэхээр нь чи юун залуу вэ, хөшин настай хүнийг яаж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу би хүүхдийг нь таньдаг гээд зөрөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх20-22,75/,

4. Гэрч Ц.С-ын “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө ажил дээрээ байж байхад хажуу айлын эгч надруу залгаад "ээжийг чинь 2 хоногийн өмнө ирсэн залуу боож унагаад дээрэмдсэн байна” гэж ярьсан... ээж “чамайг 2 хоногийн өмнө асууж ирсэн залуу орж ирээд боож унагаад хүүхдийн чинь хөөрөг хаана байна гаргаж өгөхгүй бол чамайг ална шүү гэж хэлээд ээжийг маань 2, 3 удаа боож унагаад “нокиа” маркийн гар утсыг аваад явсан байсан... би ажлын хүмүүсийн зургийн үзүүлэхэд манай ажлын засалчин М-г хараад энэ залуу төстэй юм байна гэж хэлсэн... миний ааваас өвлөгдөж ирсэн улаан шүрэн толгойтой харлаг манан хөөрөг байдаг юм... Мөнгөншагайгийн хажууд 70 сая төгрөгөнд зарчих талаар ажлынхаа Ганзам гэдэг хүнтэй ярьж байсан тэр үед М хажууд сонсоод сууж байсан юм...” гэх мэдүүлэг /хх24-26/,

5. Гэрч Ө.Г-ын “... Ц.С, З.М нар нь манай ажлын газрын хүмүүс байна. ...Ц.С миний аавын улаан шүрэн толгойтой харлаг /манан хөөрөг байгаа гэж ярьж байсан. Би тухайн үед С-с хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэхэд 70 сая төгрөгийн хөөрөг гэж байсан. Тэр үед хажууд М байсан...” гэх мэдүүлэг /хх27/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5167 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Ш.Л-ын биед өвчүү ясны хугарал, дух, эрүүнд зулгаралт, хэвлийнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх33/,

7. Шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг “... гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өвчүү ясны хугарал нь цээж өвчүү орчимд хүч үйлчлэх, цохих дарах гэх мэт, харин дух эрүүнд зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлээр тус байрлалд цохих, үүрэх нидрэгдэх зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх38/,

8. Хохирогчоор хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: шүүгдэгч З.М “2-н тоо” тэмдэгтэй зогссон байх бөгөөд “... Хохирогч Ш.Л миний харж байснаар энэ хүмүүс дотор гар талд хамгийн эхэнд зогсож байгаа ... 2 дугаартай энэ залуу мөн байна, энэ хүн надаас хөөрөг нэхэж миний эрх чөлөөнд халдсан...”/хх68/,

9. “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр “гар утас “Nokia” 28.000 төгрөг” /хх87/

10. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.М мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч З.М.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.М нь Ц.С-той /хохирогчийн төрсөн хүү/ Тагнуулын ерөнхий газарт сантехникчээр хамтдаа ажиллаж байсан танилууд байх бөгөөд хэрэг учрал болохоос өмнө Ц.С нь аавынхаа шүрэн хөөргийг зарах талаар ажлынхаа Ө.Г-тэй ярьж байсан, үүнийг нь шүүгдэгч сонсож байсан нь гэрч Ц.С, Ө.Г нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хөөрөгний талаар өмнө нь сонсож байсан гэж хариулсан зэргээс тогтоогдож байна.

Улмаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр шүүгдэгч З.М нь Ц.С-ыг сураглан түүний ээж Ш.Л-ын гэрт очин, хүүгээс нь мөнгөний авлагатай талаар ярьж асууж байсан, мөн хэрэг учрал болдог 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө шүүгдэгч нь Ц.С-оос авлагатай гэх шалтгаанаар дахин Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 17-14 тоотод оршин суух хохирогч Ш.Л-ын гэрт очин түүнд хүч хэрэглэн боож унагаан, хохирогчийн мэдүүлэг дурдсанаар “чи хүүгийнхээ хөөргийг надад гаргаад өг, өгөхгүй бол ална” гээд авдрыг нь ухсан, улмаар хохирогчийг тусламж дуудахад дахин боож унагасан, тухайн үед намайг боож байхдаа миний дээр гарч дарснаас болж хавирга хугалсан байсан, тэр үед хажуу айлын эмэгтэй Л.Э-ыг орж ирэхэд авдрыг нь ухаад сууж байгаад цагдаа дуудлаа гэхэд зөрөөд гараад явсан, ийнхүү гарахдаа хохирогчийн “нокиа” маркын гар утсыг авч явсан үйлд баримтууд нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Л, гэрч Л.Э нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч З.М-ийн дээрх үйлдлийг дүгнэж үзэхэд хэрэг учрал болохоос 2 хоногийн өмнө, хохирогч Ш.Л-ын гэрт очин хүү Ц.С-оос нь мөнгөний авлагатай гэж хэлж байсан, мөн Ц.С-д үнэ бүхий хөөрөг байдаг талаар өмнө нь сонсож байсан улмаар 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хохирогчид хүч хэрэглэн довтолж, хоолойг нь 2-3 удаа боон дарж унагаан, дээрээс нь өвдгөөрөө даран хөөрөг хаана байгааг асууж, авдрыг нь ухсан, мөн гарахдаа “нокиа” маркын гар утсыг авсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэхээр санаа зорилгоор хохирогчийн гэрт ирсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолсон”-оор буюу хохирогч Ш.Л руу хүч хэрэглэн довтолсноор гэмт хэрэг төссөн тул энэ талаарх улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү хүч хэрэглэн довтлох явцад хохирогч Ш.Л-ын биед хүндэвтэр зэргийн буюу “өвчүү ясны хугарал, дух, эрүүнд зулгаралт, хэвлийнд цус хуралт гэмтлүүд учруулсан, гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №5167 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Ганзоригийн “... гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өвчүү ясны хугарал нь цээж өвчүү орчимд хүч үйлчлэх, цохих дарах гэх мэт, харин дух эрүүнд зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлээр тус байрлалд цохих, үүрэх нидрэгдэх зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэснээр тус тус тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг дэх цаг хугацаатай давхцаж байгаа, мөн шүүгдэгчийн хохирогчид хүч хэрэглэсэн байдалтай тохирч байгаа тул шүүгдэгчийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан, энэ талаарх тогтоосон шинжээчийн дүгнэлт хууль ёсны гэж үзлээ. 

Хохирогчийн хувьд өндөр насны тэтгэвэр гарсан 63 настай эмэгтэй байх бөгөөд шүүгдэгчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлэх, биеэ хамгаалах бие махбодийн  боломж байхгүйг шүүгдэгч нь мэдсээр байж, хүч хэрэглэн гэмт үйлдлээ хэрэгжүүлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь дээрх үйл баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж давхар зүйлчлэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг төлбөрийн тухайд:

Хохирогчоос хохирол нэхэмжлэхдээ: гар утасны үнэлгээ 28,000 төгрөг /хх86/, үнэлгээний зардал 18,000 төгрөг /хх85/, эмчилгээ-эмний зардал 44,700 төгрөг /хх9/, Эмчилгээ-эмний зардал 140,180 төгрөг /хх10/, эмчилгээ-үзүүлсэн зардал 390,000 төгрөг, эмний зардал 64,000 төгрөг /хх11/, эмчилгээ-сувилалд хэвтсэн 471,000 төгрөг /хх12/, эмчилгээ-эмний зардал 61,492 төгрөг /хх124/

Баримтаар нэхэмжилсэн нийт: 1,217,372 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500,000 төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгч З.М-с хохиролд: 2018.05.09-нд 1,000,000 төгрөг /хх7/, 2018.06.19-нд 500,000 төгрөг /хх82/, 2018.07.19-нд 28,000 төгрөг /хх13/ төлжээ.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд хандан хохирогчийн хүү Ц.С, охин Ц.С нарын зүгээс шүүгдэгчээс 3.000.000 төгрөг өгсөн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гарган, хүсэлтийг бичихэд хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл байлцжээ. 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа одоо хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, тохиролцоод энэ үнийн дүнд хохирол барагдсан гэж үзэж байгаа гэсэн болно.

Иймд шүүгдэгч З.М-с хохиролд нийт 4.528.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хувьд өндөр настай хүн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зөв гэж дүгнэлээ. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Улсын яллагчаас шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, нийт 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Батсүхийн нарын зүгээс “...Гэм буруугийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөнг шүүхээс үнэлэх байх... шүүгдэгч З.Мд оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн”, мөн 1.2-т “хохирлыг нөхөн төлсөн” гэдэг заалтуудаар хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна.  Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсгийг журамлаж болно гэж үзэж хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн...” болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ. Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн боловч шунахайн сэдэлтэйгээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн, ийнхүү үйлдлээ өндөр настай хүний эсрэг буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь биед нь аюултайгаар /хоолойг боож ухаан алдуулах байдлаар/ хэрэгжүүлсэний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Харин З.М-ийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлт байдалд тооцсон бол, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудын талаар: 

Шүүгдэгч нь нийтдээ 132 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр /хохирогч биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж/ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д нийт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ийн цагдан хоригдсон 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Ш.Л-д шүүгдэгч З.Мгаас хохиролд нийт 4,528,000 төгрөг төлсөн, шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

8. Хохирогч нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд З.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР