Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

 

 

 

З.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч З.Мгийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 763 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Лын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн З.Мд холбогдох 1808020540662 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Зуутраг овгийн З-н М, 1995 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, ............ сантекникийн слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..........  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

З.М нь 2018  оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 17-14 тоотод иргэн Ш.Лын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан “Нокиа” загварын гар утсыг нь дээрэмдэж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: З.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Зуутраг овогт З-н Мг дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, З.Мгийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.Лын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс “...хохирогчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолдоо дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ” гэж заасан бол мөн хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан байна. Хохирогчийн хувьд З.Мгийн гэмт үйлдлийн улмаас гэмт халдлагад өртөж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн бөгөөд улмаар өмгөөлөгч авах шаардлага үүссэн. Иймд түүний өмгөөлөгч авч эрх, ашиг сонирхлоо хамгаалуулсан явдалд З.Мгийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул өмгөөллийн хөлсийг гэрээнд заасан хэмжээгээр хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүхээс “...хохирогч цаашид гарах эмчилгээ болон сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгтэй холбоотой тодорхой тооцоо гаргах бололцоогүй байгааг харгалзан нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй” гэж тогтоолдоо дурдсан. Хохирогч Ш.Лын хувьд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд “Нокиа” загварын гар утас буюу 28.000 төгрөгийн хохирол, сэтгэл санаанд “гэмтлийн дараах стрессийн хариу урвал” сэтгэцийн эмгэг гэсэн хохирол тус тус учирсан байдаг. Эдгээрээс эрүүл мэндэд учирсан хохирлын зардалд 1.185.292 төгрөгийн, эд хөрөнгийн хохиролд 28.000 төгрөгийн, өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөгийн, нийт 1.713.292 төгрөгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн сэтгэл санаанд учирсан хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс өмгөөллийн хөлс 500.000 төгрөг болон сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг тус тус шүүх гаргуулаагүй. Хохирогч Ш.Лын сэтгэл санаанд учирсан хохирол нь олдмол эмгэг буюу түүний сэтгэл санаанд учирсан үр дагавар бөгөөд үүнийг гэмтлийн зэрэгт хамааруулж эрүүл мэндийн хохиролд тооцоогүй тул сэтгэл санааны хохирол гэж үзэж гаргуулах саналтай байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 763 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг тус тус З.Мгаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч З.Мгийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Бид давж заалдах гомдол гаргаагүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дурдаж өгсөн учраас манай талаас нэмж хэлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд 500.000 төгрөгийн зардлыг тусгаж өгөх нь зүйтэй байх гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч З.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх талаар шийдвэрийг гаргана” гэж хуульчилжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан боловч яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хувьд хуулиар хамгаалагдсан эрхийг нь хязгаарласан зөрчил гэж үзнэ.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид яллагдагчийн эрх, үүрэг нэгэн адил хамаарахаар заасан боловч мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж тодорхой зааснаас үзэхэд хэргийг хүлээж авсан шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бусад хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх хэмжээ, хүлээх үүрэг нь биелэлээ олох эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн бол ноцтой зөрчилд хамааруулан үзнэ.   

Мөн прокуророос шүүгдэгч З.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Ш.Лхамжавын мэдүүлсэн “...Эрэгтэй хүн гаднаас орж ирээд шууд цамцны захаас барьж мушгиад хоолой шахаад унагаасан... Намайг зугтаахад дахин боогоод унагаасан... Миний дээр гарч өвдөглөхөд нь “Над шиг хөгшин эхтэй байж болиоч миний хүү” гэхэд “Надад эх байхгүй өнчин, Хөөргөө гаргаж өг... Ална чамайг” гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.Энхсаруулын “...Гэрт ороход хөгшин уйлчихсан, зүс танихгүй залуу авдрыг нь ухчихсан зогсож харагдсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч З.Мөнгөншагайгийн “...Гар утсыг нь булаагаад хойш нь түлхэж боогоод орон дээр дарж унагаад.... ахин боогоод орон дээр унагаасан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Мөнгөншагай нь 62 настай эмэгтэй хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд дээрх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх нь зүйтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 763 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 763 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Мд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл З.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Ц.ОЧ