Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 020/2014/0401/З |
Дугаар | 221/МА2020/0558 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2020/0558
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, Ө.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр:
“Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг мэдэгдэж” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
“Э” ХХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Т-1” нэртэй газарт Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу гаргаж 2003 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ....... дугаартай тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд тус тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг “Т” нэртэй 1391 га уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын .... дугаар тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгосон.
Ашигт малтмал ашиглалтын ...... дугаар тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.9, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй болно.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй “...“Э” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх шийдвэр гаргах эрх нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдсон, түүний хариуцан хэрэгжүүлэх үйл мөн бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь “Т” нүүрсний ордод ажилласан тухай ажлын хэсгээс “Э” ХХК-ийн ....... дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч уг дүгнэлтийг үндэслээд хариуцагч захиргааны байгууллага эцсийн шийдвэр гаргаагүй байна” гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 1346 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд “Э” ХХК-д 1391 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ....... тоот тусгай зөвшөөрөл олгохдоо өөрийн ажилчдын тосгон, авто зам, ШТС, аж ахуйн болон конторын барилгууд, тэсрэх материалын агуулах зэрэг олон объект байрлаж байгаа нийт 56 га газрыг давхцуулан олгосноос уурхайн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон...” гэж,
-харин гуравдагч этгээдээс “...тусгай зөвшөөрлийн 1391 га талбайгаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 289 дүгээр шийдвэрээр ........ гектар талбайг буцаасныг бүртгэж, үлдэх ....... гектар талбайг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэснээр дээрх газрын давхцал бүрэн арилсан...” гэж,
-түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “... ........ гектар талбайг буцааснаар ч давхцал бүрэн арилаагүй, үлдсэн ...... гектар талбайд манай ШТС, уурхайн ам руу орж гарах авто зам, овоолго байршуулах талбай мөн орсон...” гэж тус тус тайлбарладаг.
Энэхүү хэргийг давж заалдах шатны шүүхээс өмнө нь 2 удаа нотлох баримт бүрэн цуглуулаагүй, мөн бусад үндэслэлээр хүчингүй болгож буцаасныг хяналтын шатны шүүхийн тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн, тухайлбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 569 дүгээр магадлалд “...нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын хил хязгаар, уг газар дээр нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө байгаа эсэх, уг газар нь гуравдагч этгээдэд анх олгогдсон болон талбайн зарим хэсгийг сүүлд буцаан өгсний дараа үлдсэн тусгай зөвшөөрлийн болон ашиглах эрх бүхий газартай нь давхцалтай эсэх талаарх нотлох баримтыг цуглуулаагүй...” гэж,
-энэхүү магадлалыг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 64 дүгээр тогтоолд “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ашиглаж буй газрын хил хязгаарыг тогтоох, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа гэх 56 га газрын байршил нь гуравдагч этгээдийн хэсэгчлэн буцааж өгсөн талбайд хамрагдаж байгаа эсэх талаарх нотлох баримтыг хуульд зааснаар бүрдүүлж, дүгнэх зайлшгүй шаардлагатай...
...Эдгээрийг тодруулах нь гуравдагч этгээдэд ........ тоот тусгай зөвшөөрөл олгосон бичиг баримт хуурамч байхад шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч захиргааны байгууллагын “эс үйлдэхүй” хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой байгааг шүүх анхаарвал зохино...” гэж тус тус дүгнэжээ.
Хэдийгээр үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий шийдвэрийг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн ч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлохоос үл хамааран тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх нь хуулийн шаардлага.
Гэтэл анхан шатны шүүхээс “Э” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 1346 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдсан үйл баримтуудад огт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “Э” ХХК-иас тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргасан Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэлийн талаарх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийн нэг болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэсэнд хамаарна.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийг анхнаасаа сонгон шалгаруулалтаар олгоогүйгээс нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх зөрчигдсөн, Засаг даргын захирамжаар олгогдсон газар эзэмших эрх зөрчигдсөн, уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдлыг бий болгосон гэх зэргээр зөрчигдсөн эрхээ тодорхойлж байхад эдгээрт ямар ч дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий шийдвэрийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.
Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэлийн 1 үндэслэл болсон Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэлтэй холбоотой хариуцагчийн байр суурийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, мөн энэ талаарх хэрэгт авагдсан баримтын талаар дүгнэлт өгөөгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН