Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00453

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02171 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2445 дугаар магадлалтай,

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б Э Т- ХХК Ч.Ч- нарт холбогдох,

Ачааны вагоны үнэ болон хөлсөлсний төлбөрт 108.362.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Ч.Ч-, хариуцагч Баян Эрдэнэ трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... манай компани Хатан бүүвэй ХХК-иар дамжуулан Казакстан улсаас ачаа тээврийн зориулалттай битүү вагоныг 2012 оны 5 дугаар сард 53.000 ам.доллараар худалдан авч импортлон оруулж ирсэн. Уг вагоны эзэмшигчийн нэрийг өөрийн компанийн нэр дээр солиулж амжаагүй байсан. Энэхүү вагоныг Б Э Т- ХХК-ийн захирал Ч.Ч-ын хүсэлтээр түүнд төлбөртэй хөлсөлж байсан, хөлслөх хугацаандаа тус вагоныг Б Э Т- ХХК-ийн өмчлөлд Хатан бүүвэй ХХК-с шууд шилжүүлэхээр тохиролцсон шилжүүлэн өгсөн бөгөөд одоо тус компанийн эзэмшилд бүртгэгдсэн байгаа. Б Э Т- ХХК-ийн захирал Ч.Ч- манай компаниас ачааны битүү вагон худалдаж авахдаа тухайн вагоныг өмнө нь хөлслөн ашиглаж байсан хугацааны дутуу төлбөр, вагоныг худалдаж авсан үнэ нийт 108.362.800 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцон тооцоо нийлж 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б Э Т- ХХК болон захирал Ч.Ч-аас 108.362.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: Б Э Т- ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хатан бүүвэй ХХК-иас 1980 онд үйлдвэрлэсэн 740001 тоот ачааны битүү вагоныг 10.000.000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, Улаанбаатар төмөр замд түрээслэн ашиглаж байгаа. Нэхэмжлэгч А- ХХК Ч.Ч-ын нэрийн өмнөөс 2012 он, 2013 онд төлбөр тооцоог төлж байсан гэдэг нь үндэслэлгүй зүйл бөгөөд хариуцагч Б Э Т- ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Хатан бүүвэй ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Казакстан улсын Акмолинскийн вагон засварын үйлдвэртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулан, холбогдох төлбөр тооцоо болох 25.000 ам.долларыг төлж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь төлбөрийн нэхэмжлэх болон гаалийн мэдүүлэг дээрээс харагддаг. Хатан бүүвэй ХХК нь оруулж ирсэн ачааны вагоноо 2 жилийн турш эзэмшиж ашиглан үр шимийг нь хүртэж байсан бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа Ч.Ч-т хамааралгүй юм. Тооцоо нийлсэн гэх 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагч Ч.Ч-ын гарын үсэгтэй баримтын тухайд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм баримт үйлдсэн талаар хариуцагч мэдээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02171 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ч- болон Б Э Т- ХХК-иас 108.362.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699.764 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 699.764 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2445 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02171 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх... гэснийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 699.764 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч А- ХХК-ийн нэхэмжлэлд хариуцагч нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч нь “Б Э Т- ХХК-ийн захирал Ч.Ч-” хэмээн бичснээс харахад хариуцагч нь иргэн Ч. Чулуунбаатар эсвэл хуулийн этгээд Б Э Т- ХХК-ийн аль нь болох нь тодорхойгүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. Анх шүүх иргэн Ч.Ч-ыг хариуцагчаар дуудаж нэхэмжлэлийг гардуулж, Ч.Ч- нь өөрийн тайлбарыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд Б Э Т- ХХК-ийн хувьд ямар нэгэн нэхэмжлэлийг гардан аваагүй. Шүүхийн шийдвэрт Ч.Ч- нь хариу тайлбар гаргасан тул Б Э Т- ХХК хариу тайлбар гаргах шаардлагагүй хэмээн дүгнэжээ. Гэтэл Иргэний хуулийн 20, 25-д иргэн, хуулийн этгээд нь тусдаа бие даасан иргэний эрх зүйн субъект байна хэмээн зүйлчилж өгсөн байдаг. Хариуцагч Ч.Ч-ын хүсэл зоригийн илэрхийлэл нь Б Э Т- ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэж дүгнэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ганцхан Ч.Ч- нь хариуцагчаар тодорхойлогдон явж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь хариуцагчаар Ч.Ч-, Б Э Т- ХХК хоёуланг нь татаж байна хэмээн хэлснээр Баян-Эрдэнэ ХХК-ийг хариуцагчаар татсан. Иймээс шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 72 дугаар зүйлд заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн зайлшгүй явуулах ажиллагааг явуулаагүй буюу Б Э Т- ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, хариу тайлбар гаргах эрхийг нь эдлүүлээгүй, эрх үүрэг танилцуулаагүй.

Б Э Т- ХХК болон А- ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүссэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд тус маргаан бүхий вагоныг Б Э Т- ХХК нь Хатан бүүвэй ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. Энэ гэрээ нь хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус байх талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Маргаан бүхий вагоныг Хатан бүүвэй ХХК нь худалдан авсан болон тус компанийн эзэмшилд байх хугацаанд хэн хэрхэн ашиглаж байсныг хариуцагч нар мэдэхгүй бөгөөд гэрчийг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй. Шүүгч мөнгө шилжүүлсэн цаг хугацаа нь Хатан бүүвэй ХХК-ийн вагон худалдан авсан цаг хугацаатай таарч байна гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуульд нийцсэнгүй. Нэхэмжлэгч хэргийн 63 дугаар талд гаргасан тайлбартаа вагоны үнийг 53.000 доллар, А-д зуучлалд 10%-ийг өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Мөн гэрчийн мэдүүлгийг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаад байгаа нь шударга бус байна. Гэрчийн мэдүүлэг нь тодорхой бус буюу хоёр янзын тайлбар гаргаад байхад шүүгч гэрчийн мэдүүлгээс нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байна хэмээн дүгнээд байгаа нь үндэслэлгүй буюу шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэргийн бодит үнэнийг тогтоох үүргээ биелүүлсэнгүй. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө вагоны тооцоо хэмээн жагсаалтыг үйлдэж, түүндээ нэхэмжлэгчийн гарын үсгийг зурсан байдаг. Уг нотлох баримт дээрх нотариатын хуулбар үнэн дардасанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч хуулбар үнэн гэдгийг батлахад Ч.Ч- нь байхгүй байсан гэж тайлбарлаж хүсэлтийг хангаагүй захирамж гарсан. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд талууд хэлцэл байгуулсан тохиолдолд түүний үнэн зөв болон Иргэний хуулийн 39.1, 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхийг нотариат нь шалгахад талууд заавал биечлэн байлцах шаардлагыг зааж өгчээ. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд хэлцлийг нэг тал нь байхгүй тохиолдолд гэрчлэх зүйл заалт байхгүй байх ба хууль зөрчиж нотиаратын үйлдэл хийгдсэн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Үзлэг хийлгэх хүсэлтэд нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбараас шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хангалттай няцаагдаж байгаа бөгөөд тус нотлох баримтуудыг хуульд нийцсэн аргаар цуглуулаагүй тул нотлогооны шинжээ алдсан хэмээн үзэж ач холбогдол өгөөгүй болно. Мөн хариуцагч нарт ямар үндэслэлээр тухайн төлбөрийг төлөх нь тодорхой бус буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож чадаагүй.

Шүүгч Т.Батсүхэд Б Э Т- ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх эрхийг олгоогүй буюу Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 24.1.2, 20.1.2-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78.1-д заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулаагүй байхад эрхээ хэтрүүлэн Б Э Т- ХХК-ийг хариуцагчаар татаж, хууль зөрчин төлбөр төлүүлэхээр хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д заасан хариуцагч нарын “Шударга шүүхээр шүүлгэх” эрхийг зөрчсөн буюу төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүх нь үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болох хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг баримтлаагүй байхад давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлсэнгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүх руу буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Б Э Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

А- ХХК нь Б Э Т- ХХК болон түүний захирал Ч.Ч-ыг тус тус хариуцагчаар татаж, ачааны вагон худалдсаны үнэ болон хөлсөлсний төлбөрт нийт 108.362.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

1.Хяналтын журмаар гаргасан гомдолд, хариуцагч нь тодорхой бус, шүүх Ч.Ч-т нэхэмжлэл гардуулсан боловч Б Э Т- ХХК-д нэхэмжлэл гардуулах, төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлан өгөх ажиллагаа хийгээгүй гэжээ.

Нэхэмжлэлд хариуцагчийг хоёр этгээд буюу Ч.Ч- болон Б Э Т- ХХК гэж заасны дагуу шүүх тухайн этгээдүүдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх-1, 11-р тал/

Нэхэмжлэлд хариуцагчаар 2 этгээдийг татсан нь тодорхой байхаас гадна шүүх  Ч.Ч-т нэхэмжлэлийг гардуулан өгсөн нь түүнд иргэнийх нь болон Б Э Т- ХХК-ийн захирал тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэйн хувьд нэхэмжлэлийг гардуулсан гэж үзэх үндэслэлтэй.  /хх-12-р тал/

Ч.Ч- өөрийгөө төлөөлөх эрхийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн, Б Э Т- ХХК-ийг төлөөлөх эрхийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлээр Д.Туяад тус тус олгосон нь хэргийн 16, 77-р талд авагдсан байна. Иймд Д.Туяа 2 хариуцагчийг аль алиныг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж дүгнэнэ. /хх-16, 77-р тал/

Шүүх Ч.Ч-т 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяад 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар, хүсэлт гаргах, хэргийн баримттай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр хариуцагчийн эдэлбэл зохих эрхийг эдэлсэн байх тул шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй гэж үзэв.

2. Б Э Т- ХХК болон А- ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдлын талаар.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, Хатан бүүвэй ХХК-иар дамжуулан 2012 оны 5 дугаар сард Казахстан улсаас ачаа тээврийн вагон худалдан авсан, Б Э Т- ХХК-ийн захирал Ч.Ч- уг вагоныг хөлсөлж, дараа нь худалдан авсан,  төлбөр төлөх баталгаа гаргасан...” гэж, хариуцагч татгалзалдаа “...вагоныг А- ХХК-с бус Хатан бүүвэй ХХК-с худалдан авсан, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй,  төлбөр төлөх үүрэггүй...” гэж тус тус тайлбарлажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдснийг хэргийн баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа,  хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч А- ХХК-ийн захирал Ө.Барсүрэнгийн Казахстан улсын Астана хот, Акмолинский вагон засварын үйлдвэр хувьцаат нийгэмлэгээс Хатан бүүвэй ХХК-ийн нэрээр 2012 оны 4 дүгээр сард вагон худалдан авч төлбөрийг Ч.Ч-ын болон гадаад гуйвуулгаар шилжүүлсэн,  вагоныг Б Э Т- ХХК түрээслэж байгаад худалдан авахаар тохирч, төлбөр 108.362.800 төгрөг болсныг 2 тал баталгаажуулж 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр  энэ талаар баримт үйлдсний дагуу  Хатан бүүвэй ХХК-с худалдах худалдан авах гэрээгээр  вагоныг Б Э Т- ХХК-д шилжүүлсэн гэсэн тайлбар, нотлох баримтыг  хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоолыг үндэслэн тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т Ерөнхий шүүгч “энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах” гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаас үзвэл А- ХХК-ийн энэ нэхэмжлэл анх шүүгч Д.Батсүхэд хувиарлагдан тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийн хувьд ерөнхий шүүгч захирамж гарган албажуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл буюу ноцтой зөрчилд хамаарахгүй тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

4. Зохигчийн хооронд үүссэн гэрээний төрлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаварын гэрээ гэсэн өөр өөр дүгнэлтийг хийжээ.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба анхан шатны шүүхийн “...зохигч  ...вагон худалдан авч, бусдад түрээслэн ашиг олж хамтран ажиллахаар хэлэлцэн тохирч, вагоны үнэ, зардлыг нэхэмжлэгч, оруулж ирэх, бусдад түрээслүүлэх үүргийг хариуцагч хүлээн хамтран ажиллаж байсан, хамтын ажиллагаанаас нэхэмжлэгч гарсан...” гэх дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

Талуудын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийн үндэслэл, өөрөөр хэлбэл, талуудын хэрэгжүүлэх  зорилго, хэн нь ямар үүргийг гүйцэтгэж, ашиг орлого, алдагдлыг хэрхэн хуваарилж хамтран ажиллахаар тохиролцсон нь нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч вагон худалдан авч хилээр оруулж ирэхтэй холбоотой үйл ажиллагааг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч түрээсийн болон худалдах-худалдан авах гэрээний төлбөр нэхэмжилснийг хариуцагч татгалзаж, ийм эрх зүйн харилцаа үүсээгүйгээс гадна өмнөх вагон худалдан авсан ажиллагаатай холбоотой үйл баримтын талаар өөр тайлбарыг гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг даалгаварын гэрээ гэж үзэхдээ мөн л вагон худалдан авч, оруулж ирсэн үйл ажиллагаатай холбон тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд биш байна.

Вагоныг нэхэмжлэгч А- ХХК-ийн захиалга, зардлаар Хатан бүүвэй ХХК-ийн нэр дээр оруулж ирснээс хойш түүнийг Б Э Т- ХХК болон түүний захирал Ч.Ч-ын хүсэлтээр түрээсэлж сар бүр 1.500.000 төгрөг авч байсан, дараа нь худалдаж, эзэмших эрхийг Хатан бүүвэй ХХК-с Б Э Т- ХХК-руу шилжүүлэхээр тохиролцож, Ч.Ч- нь түрээсийн төлбөр болон вагоны үнэд нийт 108.362.800  төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэл болсныг  хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Иймээс зохигчийн хооронд хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ болон хожим нь өмчлөх эрхийг  төлбөртэйгээр шилжүүлсэн мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

А- ХХК нь гэрээний үүргээ биелүүлж хариуцагчийн өмчлөлд гэрээний зүйл буюу вагоныг шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд хариуцагч Б Э Т- ХХК, төлбөр төлөх баталгаа гаргасан түүний захирал Ч.Ч- төлбөр төлөх үүрэгтэй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2445 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 699.800 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ