Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2017/02171

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК. /

Хариуцагч: Ч.Ч

Хариуцагч: Б Э Т ХХК

Ачааны вагоны үнэ болон хөлсөлсний төлбөрт 108 362 800 /нэг зуун найман сая гурван зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ө.Б, түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “А” ХХК нь худалдах, худалдан авах тухай гэрээгээр Х Б ХХК-иар дамжуулан 2012 оны 5 дугаар сард Казакстан улсаас ачаа тээврийн зориулалттай битүү вагоныг импортлон оруулж ирсэн. Энэхүү вагоныг Б Э Т ХХК-ийн захирал Ч.Чын хүсэлтээр түүнд төлбөртэй хөлсөлж байсан, хөлслөх хугацаандаа тус ачааны битүү вагоныг Б Э Т ХХК-д шилжүүлэн өгсөн бөгөөд одоо тус компанийн эзэмшил дээр бүртгэлтэй байгаа болно. Б Э Т ХХК-ийн захирал Ч.Ч манай компаниас ачааны битүү вагон худалдаж авахдаа тухайн вагоныг хөлслөн ашиглаж байсан хугацааны дутуу төлбөр, вагоныг худалдаж авсан үнэ нийт 108 362 800 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцон бичгээр баталгаа гаргаж гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б Э Т ХХК, болон захирал Ч.Чаас 108 362 800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь Б Э Т ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Х Б ХХК-иас 1980 онд үйлдвэрлэсэн 740001 тоот ачааны битүү вагоныг 10 000 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож худалдаж, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, Улаанбаатар төмөр замд түрээслэн ашиглаж байгаа болно. Нэхэмжлэгч “А” ХХК Ч.Чын нэрийн өмнөөс 2012 он, 2013 онд төлбөр тооцоог төлж байсан гэдэг нь үндэслэлгүй зүйл бөгөөд хариуцагч Б Э Т ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна.  Х Б ХХК нь 2012 оны 4 дүгээр  сарын 17-ны өдөр Казакстан улсын Акмолинскийн вагон засварын үйлдвэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, холбогдох төлбөр тооцоо болох 25 000 ам.долларыг төлж өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь төлбөрийн нэхэмжлэх болон гаалийн мэдүүлэг дээрээс харагддаг. Х Б ХХК нь оруулж ирсэн ачааны вагоноо 2 жилийн турш эзэмшиж ашиглан үр шимийг нь хүртэж байсан бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа Ч.Чт хамааралгүй юм. Тооцоо нийлсэн гэх 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хариуцагч Ч.Чын гарын үсэгтэй баримтын тухайд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд ийм баримт үйлдсэн талаар хариуцагч мэдээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад 

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь Б Э Т ХХК болон захирал Ч.Ч нарт холбогдуулан ачааны вагоны үнэ болон хөлсөлсний төлбөрт 108 362 800 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Ч.Чын саналыг үндэслэн Касакстан улсаас вагон худалдан авхаар тохиролцож төлбөр, зардлыг нь төлсөн, уг вагон Б Э Т ХХК-ийн эзэмшилд байгаа тул хамтран хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж, хариуцагч Б Э Т ХХК-ийн захирал Ч.Ч нэхэмжлэлийг эс зөвшөөрч бидний хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, уг вагоныг Х Б ХХК-иас худалдан авсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ө.Б, хариуцагч Б Э Т ХХК-ийн захирал Ч.Ч нар 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тооцооны үлдэгдлийн талаар бичгээр тохиролцож, талууд гарын үсгээ зуржээ. / хх-ийн 9, 70 дугаар тал/

Уг хэлцэл нь Б Э Т ХХК вагоны төлбөр тооцоо 108 362 800 төгрөг төлөх үнэн болно, энэхүү төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны дотор төлж дуусгана” гэсэн агуулгатай, мөн вагоны тооцоо гэх баримтаар вагоны үнэ, түрээсийн төлбөрийн үлдэгдэл, техникийн оношилгоо зэргийг талууд харилцан тооцож  төлбөрийн хэмжээг тогтоосон байна. 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр зохицуулсан байх бөгөөд хэдийгээр хариуцагч тал энэхүү хэлцлийг зөвшөөрөхгүй, талуудын хооронд ачааны вагоны үнэ болон хөлсөлсөнтэй холбоотой ямар нэг харилцаанд ороогүй гэж тайлбарласан ч дээр дурдсан хэлцлийн агуулга болон гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Бүгд Найрамдах Казакстан улсын Астана хот, А В З Ү хувьцаат нийгэмлэг болон Монгол улсын Х Б ХХК-ийн хооронд 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 095-06ПК дугаартай гэрээ байгуулагдаж худалдан авагч Х Б ХХК нь 11-217 загварын нэг ширхэг битүү вагоныг 25 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон, мөн өдрөө худалдагч талын  төлбөрийн нэхэмжлэлд төлбөрийг 3 хоногийн дотор төлөхийг шаарджээ. /хх-ийн 26, 34 дүгээр тал/

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ө.Б нь хариуцагч Ч.Чын Худалдаа, хөгжлийн банк дах 472000781 дугаартай дансанд 2012 оны 4 дүгэр сарын 19-нд 50 ам,доллар, 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 28 000 ам.доллар, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 500 ам.доллар шилжүүлсэн нь тус банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хаан банкны гадаад гуйвуулгын даалгаварын хуулбар  2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 25 000 ам.доллар, 2 600 ам.долларыг АНУ-н Нью-Иорк хотын Standart Chartered bank –аар дамжуулан Акмолинскийн вагон засварын үйлдвэрийн дансанд  Х Б ХХК-ийн нэрээр шилжүүлсэн Ө.Бгийн гарын үсэгтэй баримтууд нь нотлох баримтын  шаардлага хангахгүй, мөн Хаан банкнаас  уг  баримтыг сэргээн гаргаж өгөх боломжгүй гэсэн тул шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй .  

Гэрч Х Б ХХК-ийн захирал С.А нь вагон авах санааг болон  вагоны үнэ, холбогдох зардлыг Ч.Ч гаргасан гэж мэдүүлсэн ба хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захирал Ө.Бгээс шилжүүлсэн мөнгийг ямар зориулалтаар авсанаа тайлбарлаж чадаагүй болно.

Хариуцагч Б Э Т ХХК нь Х Б ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж 11-217 маркын 740001 дугаартай ачааны битүү вагоныг 10 000 000 төгрөгөөр худалдан авсан нь “А” ХХК-тай тооцоо нийлэн вагоныг шилжүүлэн авахаар тохирсон 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэлцлийн үр дагавар гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл гэрч Х Б ХХК-ийн захирал С.А нь вагоныг оруулж ирэхэд бүх хөрөнгийг Ч.Ч гаргасан гэж мэдүүлсэн бөгөөд Ч.Чын хөрөнгө зардлаар вагоныг оруулж ирээд өөрт нь худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ачааны вагоныг хариуцагч Б Э Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх зорилгоор дээр дурдсан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан гэж үзэхээр  байна.

Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Б Э Т ХХК-ийн захирал Ч.Ч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсч, тодорхой хугацааны дараа хамтын үйл ажиллагаанаас нэхэмжлэгч компани гарснаар дуусгавар болсон гэж дүгнэлээ.

Зохигч талууд Казакстан улсаас ачааны вагон худалдан авч, бусдад түрээслэн ашиг олж хамтран ажиллахаар амаар хэлэлцэн тохирч, вагоны үнэ, зардлыг нэхэмжлэгч, оруулж ирэх, бусдад түрээслүүлэх үүргийг хариуцагч хүлээн хамтран  ажиллаж байсан ба хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож, гаргасан зардал, түрээсийн төлбөрийн дутуу болох 108 362 800 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж, ачааны вагоныг хариуцагч авахаар тохиролцон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч “А” ХХК нь Б Э Т ХХК болон тус компанийн захирал Ч.Ч нарыг хамтад нь хариуцагчаар татан шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Учир нь нэхэмжлэгч нь хамтран ажиллах, хамтран ажиллах гэрээнээс гарахаар  Ч.Чтай тохиролцсон, хамтын ажиллагааны үр дүнд оруулж ирсэн ачааны битүү вагон Б Э Т ХХК-ийн өмчлөлд шилжсэн байна.

Иймд хариуцагч Ч.Ч болон Б Э Т ХХК-иас 108 362 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч, хариуцагч Б Э Т ХХК–ийн захирал Ч.Чт  нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгсөн,  тэрээр 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Д.Тд өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэл олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний болон компанийн өмнөөс тайлбар гарган мэтгэлцсэн бөгөөд хариуцагч Б Э Т ХХК-ийг төлөөлөн бичгээр тайлбар гаргаагүй нь хэргийг хянан хэлэлцэхэд саад болохгүй гэж үзлээ. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ч болон Б Э Т ХХК-иас 108 362 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699 764 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагч нараас 699 764 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Т.БАТСҮХ