| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/04966/И |
| Дугаар | 5519 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 5519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20 байр, 62 тоот хаягт байрлах, “Ориент Инвест” Банк бус санхүүгийн байгууллага /РД:2737515/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байр, 10 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 30 настай, Мэргэн гүн овогт Гантөмөрийн Онон /РД:ЧП86071989/
Гэрээний үүрэгт 284.743.357 төгрөг гаргуулж барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардал 22.500 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд орох үнийг 35.000.000, 56.431.480 төгрөгөөр тус тус тогтоолгохыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Сайнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, өмгөөлөгч Л.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ориент Инвест” Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.Онон нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-66 дугаар байр 20 тоот хаягт байрлах Ү-2206011496 улсын бүртгэлийн дугаартай 000123488 тоот гэрчилгээтэй 81.5 мкв талбайтай орон сууцыг барьцаалан 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Түүний өргөдөл болон бусад баримтыг банк бус санхүүгийн байгууллага хянан үзээд Г.Ононд 14/2036 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт14/4036 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан гэрээг нотариат болон улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт баталгаажуулж 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтад гарын үсэг зуруулж зээлийг олгосон. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан хороолол 96 дугаар байр 902 тоот хаягт байрлах Ү-2206031493 улсын бүртгэлийн дугаартай 000312609 тоот гэрчилгээтэй 82.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 40.000 ам долларыг 6 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Ингээд Г.Ононд 14/2065 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 14/4062 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан гэрээг нотариат үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар баталгаажуулж 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтанд гарын үсэг зуруулан олгосон. Иймд хариуцагч Г.Ононгоос эхний гэрээний үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүү 49.758.360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.855.000 төгрөг нийт 106.613.360 төгрөг, дараагийн гэрээний дагуу үндсэн зээл 40.000 ам доллар буюу 80.616.400 төгрөг, зээлийн хүү 41.820 ам доллар буюу 84.284.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.564 ам доллар буюу 13.229.151 төгрөг нийт 178.129.997 төгрөг буюу хоёр гэрээний үүрэгт нийлбэр дүнгээр 284.743.357 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-66 байрны 20 тоот 81.5 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн дүүргийн Зайсан хороолол 96 дугаар байр 902 тоот 82.77 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцааны дээрх хөрөнгүүдийн албадан дуудлага худалдаанд орох үнийг 35.000.000 төгрөг, 56.431.480 төгрөгөөр тус тус тогтоож, материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардалд 22.500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. 1 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн 2015,41 төгрөгийн ханшаар тооцсон. Хариуцагч тал төгрөгийн зээл авсан болон ашигласан хугацаанд маргаагүй. Энэ шаардлагыг зөвшөөрсөн гэж ойлгож байна гэв.
Хариуцагч Г.Онон шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Г.Онон 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 40.000 ам доллар зээлсэн нь үнэн. Зээлийн гэрээний хувьд маргаангүй. 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 106.613.360 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийг доллараар авсан бөгөөд энэ дүнг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төгрөгт хөрвүүлэн нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Анх үүргийн харилцаа үүсэн буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар анх 40.000 ам долларыг авсан үе буюу зээлийн гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцож төлөх ёстой гэж үзэж байна. Нотариатын зардал 22.500 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Энэ нь гэм хор бөгөөд энэ дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй. Мөн барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэл юм бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тогтоож өгнө үү гэсэн боловч зээл олгох үед зээлийн гэрээ байгуулсан талын тогтоосон үнээр барьцааны зүйлийн үнийг тогтоох шаардлагагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ориент Инвест” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Г.Онод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 284.743.357 төгрөг гаргуулж барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардал 22.500 төгрөг, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд орох үнийг 35.000.000 төгрөг, 56.431.480 төгрөгөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Г.Онон нэхэмжлэгч “Ориент Инвест” Банк бус санхүүгийн байгууллагаас 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ХД-66 дугаар байр, 20 тоот хаягт байрлах Ү-2206011496 улсын бүртгэлийн дугаартай 000123488 тоот гэрчилгээтэй 81.5 мкв талбайтай орон сууцыг барьцаалан 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан хороолол 96 дугаар байр 902 тоот хаягт байрлах Ү-2206031493 улсын бүртгэлийн дугаартай 000312609 тоот гэрчилгээтэй 82.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан 40.000 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэн авсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, 14/2036, 14/2065 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр, хариуцагчийн зээл олгох тухай хүсэлт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зохигч гэрээний талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт шаардсан 106.613.360 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 88.384 ам доллар буюу 178.129.997.44 төгрөгийг нэхэмжлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсныг зөвшөөрөхгүй, зээл авсан үеийн доллартай харьцах ханшаар тооцож төлнө гэж тайлбарлан маргажээ.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заажээ.
Хариуцагч Г.Онон гэрээний 3.2.2 үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээний 4.1.5 гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан хуулийн зүйлд нийцсэн байна.
Нэхэмжлэгч гэрээний 3.2.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардал 22.500 төгрөг нэхэмжилсэн боловч хуульд зааснаар бүх шаардлагын үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, зээлийн гэрээний үүрэгт Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо ХД-66 дугаар байр 20 тоот хаягт байрлах Ү-2206011496 улсын бүртгэлийн дугаартай 000123488 тоот гэрчилгээтэй 81.5 мкв талбайтай орон сууц, Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо зайсан хороолол 96 дугаар байр 902 тоот хаягт байрлах Ү-2206031493 улсын бүртгэлийн дугаартай 000312609 тоот гэрчилгээтэй 82.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан боловч хариуцагчид олгогдсон итгэмжлэлээр барьцаанд тавих, зээл болон барьцааны гэрээ бусад холбогдох бүхий л гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, захиран зарцуулах, барьцааны үүргийн гүйцэтгэл хангуулах, УБЕГ-ын ЭХЭБГазарт холбогдох гэрээ хэлцэлүүдийг бүртгүүлэх барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үнийн санал төлөөлж өгөх гэсэн эрхийг 6 сар, 1 жилийн хугацаагаар тус тус хариуцагч Г.Ононд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, Г.Онон өмчлөгч болох тогтоогдоогүй тул бусдын үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах буюу Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхгүй тул тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Д.Уламбаяр, Д.Жаргалсайхан нарын өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 35.000.000 төгрөг, 56.431.480 төгрөгөөр тус тус тогтоолгох шаардлага нь шүүхэд харъяалагдахгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулах үүрэгтэй бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулж явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдагдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоох, үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилохоор хуулиар зохицуулсан тул энэ шаардлагыг шийдвэрлэх боломжгүй.
Иймд хариуцагч Г.Ононгоос гэрээний үүрэг 106.613.360 төгрөг, 88.384 ам доллар буюу 178.129.997.44 төгрөг бүгд 284.743.357.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент инвест” банк бус санхүүгийн байгууллагад олгож, үлдэх нотариатын зардал 22.500 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд орох үнийг 35.000.000 төгрөг, 56.431.480 төгрөгөөр тус тус тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1 ам.долларыг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 2015.41 төгрөгөөр тооцов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч Г.Ононгоос 284.743.357.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллагад олгож, үлдэх нотариатын зардал 22.500 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд орох үнийг 35.000.000 төгрөг, 56.431.480 төгрөгөөр тус тус тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.581.667 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ононгоос 1.581.667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА