Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0580

 

2020 оны 10 сарын 13 өдөр           Дугаар 221/МА2020/0580                          Улаанбаатар хот

“С ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Ч.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, тус газрын Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 570 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 27 дугаар зүйлийн 27.1.3., 27.4., 46 дугаар зүйлийн 46.1.6.-д заасныг тус тус баримтлан “С ...” ХХК-аас Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/202001007 дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С ...” ХХК, “Ю ...” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай "С ...” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/310 дугаартай “Ю ...” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю ...” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/0312 дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С ...” ХХК болон “Ю ...” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс “... хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, захиалагч нь худалдан авах гэж байгаа бараа, ажил, үйлчилгээндээ өөрт тохирсон шаардлагыг хангуулахаар нөхцөл, шаардлагыг тогтоох эрхтэй байна. Тендерт оролцогч нар нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу саналаа боловсруулан ирүүлэх бөгөөд захиалагч нь ажлын гүйцэтгэлд өөрөө хяналт тавих эрхтэй байна” гэж дүгнэсэн.

Захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ Сангийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар тушаалаар батлагдсан “Зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийг үндэслэсэн бөгөөд захиалагчаас тус жишиг тендерийн баримт бичигт оруулсан ганц нэмэлт нь тендерийн баримт бичгийн жишиг гэрээний маягт дахь гэрээний тусгай нөхцөлийн 7.1 буюу “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөв хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч гэрээний тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ” гэх заалт юм.

Жишиг тендерийн баримт бичгийн оршил хэсэгт “дараах удирдамжийг дагаж мөрдөнө” гээд 3-т зааснаар “энэхүү жишиг тендерийн баримт бичиг нь улсын байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах бүрд давтан ашиглахад зориулагдсан юм. Иймд тухайн үйлчилгээний төсөл болон гэрээний онцлогоос хамааран гэрээний нөхцөлд орох өөрчлөлтүүд нь зөвхөн гэрээний тусгай нөхцөлд тусгагдана. Хэрэв тендер шалгаруулах журамд заавал оруулах өөрчлөлт байвал эдгээрийг зөвхөн тендер шалгаруулалтын өгөгдлийг хүснэгтэд тусгана” хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тендерийн жишиг баримт бичигт тусгаснаас гадна нэмэлт материал шаардаж тендерийн баримт бичгийг боловсруулж байгаа тохиолдолд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд /ТШӨХ/ оруулж, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-нд тодорхой дурдсан байх шаардлагатай. Тодруулбал, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тендерт оролцогч нь тендерт ямар баримт материал, мэдээллийг ирүүлэхийг маш тодорхой дурдсан байдаг. Үүний дагуу “С ...” ХХК-ийн зүгээс тендерийн баримт материалыг бэлтгэж хүргүүлсэн болно.

Гэтэл дээрх нэмэлт зохицуулалтыг тендерийн баримт бичгийн захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд буюу жишиг гэрээний маягтад оруулсан нь үндэслэлгүй байсныг шүүх огт дүгнээгүй. Учир нь гэрээний ерөнхий нөхцөлийн санамж хэсэгт “Үйлчилгээ үзүүлэх гэрээний үед ашиглах энэхүү жишиг гэрээний нөхцөлүүдийг захиалагч үйлчилгээний төлбөрийг нийт үнэд үндэслэн хийх нөхцөлөөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ашиглахад ашиглана” хэмээн зааснаар жишиг болгон үзүүлж буй гэрээний нөхцөлүүдийг захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсанаар ашиглана.

Гэтэл шүүх “... дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл маргаан бүхий тохиолдолд захиалагч нь тендерт оролцогч нарт “Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид хүргүүлнэ” гэсэн тусгай нөхцөл, шаардлага тавьсныг буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал, тендерт шалгарсан оролцогчоор хийж гүйцэтгүүлэх гэж байгаа ажил, үйлчилгээндээ өөрөө хяналт тавихаар хяналтын зардалд гарах хөрөнгийг гүйцэтгэгч хариуцах талаарх баталгааг /төлсөн байхыг шаардлаагүй/ гаргуулах шаардлага тавьсан нь үндэслэлтэй байна гэж үзэв” гэсэн байна.

Нэхэмжлэгч “С ...” ХХК-ийн зүгээс Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д заасан “хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна” гэх заалтыг оруулсан нь үндэслэлгүй хэмээн маргасан бус, тус зүйл заалтад заасан “захиалагчид хүрүүлэх албан бичиг”-ийг тендерт оролцогч этгээд бус тендерт оролцоод шалгарсан гүйцэтгэгч этгээд гэрээ байгуулах шатанд захиалагчид хүргүүлэх ёстой байсан гэж үзэж маргасныг шүүх дүгнээгүй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь тендерт шалгарсан этгээдээс ирүүлэхээр заасан баримт бичгийг тендерт оролцогч этгээд ирүүлэх мэтээр “С ...” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан, тендер шалгаруулах журмын нэмэлтийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгаагүй талаар үндэслэлтэй дүгнээгүй байна.

Анхан шатны шүүхээс “... дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг үндэслэн захиалагчаас тавьсан гэрээний тусгай нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар нэхэмжлэгч “С ...” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгчид хүргүүлсэн захиалагчийн мэдэгдэл ч мөн үндэслэлтэй байна гэж үзлээ” гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.

Манай компанийн зүгээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, тус газрын Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.3-т заасныг зөрчсөн гэж маргасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс тендерт оролцогч Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д заасан албан бичгийг ирүүлэх нөхцөл шаардлагыг хангасан эсэх, ирүүлээгүй нь бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх, шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэхийг тус тус хянан үзэх ёстой байсан. Ийнхүү хянан үзээгүй буюу заасан журмыг зөрчсөн нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Гэтэл захиалагчийн зүгээс “С ...” ХХК-д хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан аль шаардлагыг хангаагүй учраас тус компанийн тендерээс татгалзсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/311 дугаар шийдвэртээ огт дурдаагүй, түүнчлэн хуулийн 27.2 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийг хэрхэн удирдлага болгож хянасан талаар албан бичгээр ч, шүүхэд хариу тайлбараараа ч баримтаар огт нотолж тайлбарладаггүй хэрнээ шүүх хуралдаан дээр үндэслэл олж тайлбарладаг.

Иймд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай “С ...” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан “... хууль зүйн үндэслэлийг заах” гэснийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг тус тус ноцтой зөрчсөн болохыг шүүх дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаж гараагүй гэж үзэж уг гомдлыг гаргаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С ...” ХХК нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ХХМТГ/202001007 тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/311 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “С ...” ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг хангаагүй байгаа тул мөн зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан талаар мэдэгджээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх зөвлөхөөс бусад үйлчилгээний тендерийн баримт бичгийн Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ” гэсэн шаардлагыг заасан бөгөөд энэхүү шаардлагыг мөн тендерийн ажлын даалгаврын 7.1.с-д тусгасан байна.

Хариуцагч Үнэлгээний хорооноос “С ...” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлээ “тендерийн баримт бичигт заасан Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д, ажлын даалгаврын 7.1.с хэсэгт тус тус заасан баримтыг ирүүлээгүй тул захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэж үзсэн” хэмээн тайлбарлажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” ойлгохоор зааснаас үзвэл захиалагчийн зарласан тендер шалгаруулалтад оролцох этгээд нь бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай саналаа захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж ирүүлэхээр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч тендерт оролцож буй энэ тохиолдолд захиалагчаас шаардсан нөхцөл, шаардлагыг хангасан болохоо нотлох үүрэгтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор заасан бөгөөд тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлж буй нэг бүхэл зүйл бөгөөд түүний аль нэг хэсэгт заасан шаардлагыг хангасан тухай баримтаа ирүүлээгүй шалтгаанаа өөр хэсэгт тусгаагүй (тусгах ёстой байсан) гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан бөгөөд 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар оролцогчдоос ирүүлж буй тендер нь “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг хангасан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчээс тендерийн баримт бичгийн гэрээний тусгай нөхцөл болон ажлын даалгаварт тусгагдсан баримтыг ирүүлээгүй (уг баримтыг ирүүлээгүй талаар маргаагүй), баримт ирүүлээгүй шалтгаанаа тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд дурдсан байх шаардлагатай гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээний тусгай нөхцөл нь тендерийн баримт бичгийн нэг бүрдэл хэсэг байна.

Гэрээний тусгай нөхцөлийн 7.1-д зааснаар хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцахаа баталгаажуулсан тохиолдолд энэ нь гэрээний үнийн дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр байгаа нь уг тендерийн үндсэн нөхцөл болж байгааг харуулж байна.

Түүнчлэн, тендерт оролцогч нь тендерийн баримт бичигтэй холбоотой эргэлзээтэй асуудал үүссэн гэж үзсэн тохиолдолд өөрийн үзэмжээр шийдэж шаардсан баримт бичгийг дутуу бүрдүүлэх бус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасны дагуу захиалагчид хүсэлт гаргаж тодруулга, нэмэлт мэдээлэл авах боломжтой байжээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ