Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0570

 

2020 оны 09 сарын 07 өдөр          Дугаар 128/ШШ2020/0570           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК /РД: ..../

Хариуцагч: ХХМТГ, ХХМТГТҮХ

Гуравдагч этгээд: “Ю” ХХК /РД:.../

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/20200... дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/311 дугаартай "С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/310 дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/0312 дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-аас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах”[1] тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Үнэлгээний хорооны төлөөлөгч Ч.Ц, гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага:

1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН- ХХМТГ/20200... дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/31... дугаартай “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах,

3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах,

5. ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах.

Монгол Улсын Сангийн яам нь манай компанийн зүгээс захиалагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэдэгдлийг 2020 оны 04 сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш хуулийн 5 хоногийн хугацааг тоолох байтал тус газрын мэдэгдэл дээрх огноо болох 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс хугацааг тоолсон нь үндэслэлгүй байсан тул Монгол Улсын Сангийн яамны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2020 оны 04 сарын 23-ны өдөр 20/4875 тоот албан бичгээр дахин гомдол гаргасан. Гэтэл тус газраас "2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/2892 тоот албан бичгээр "хүлээн авах боломжгүй тухай хариу албан бичгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2554 тоотоор хүргүүлсэн болно" гэж мэдэгдсэн.

Тус тендерийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тендер нээх үед манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т "хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ", 28.3-т "Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна“ хэмээн зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийн үнэ санал болгосон байсан болно. Гэтэл Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/311 тоот албан бичгээр манай компанийг ирүүлсэн тендерийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-ийг хангаагүй гэж үзэн тендерээс татгалзсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ" гээд 27.1.1-т "энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага", 27,1.2-т "техникийн тодорхойлолт", 27.1.3-т "тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага" гэж нэг бүрчлэн тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т "Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ" хэмээн заасан. Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон үнэлгээний хорооноос "С" ХХК хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-ээс 27.1.3-т заасан аль шаардлагыг хангаагүй болох нь ойлгомжгүй байгаа нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан "хуульд үндэслэх", 4.2.5-т заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" хуулийн тусгай зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална" хэмээн заасан зарчимд тус тус нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/31... тоот албан бичгээр "С" ХХК-ийн тендерээс татгалзах тухай Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан тухай мэдэгдсэн. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар руу утсаар холбогдох үед "Ю" ХХК-тай гэрээ байгуулан, гэрээт ажил эхэлсэн тухай мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу "Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ" гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ" хэмээн зааснаар манай компани хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэх байтал үндэслэлгүйгээр "Ю" ХХК-д уг эрхийг олгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй“ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа:

1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН- ХХМТГ/20200... дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/31... дугаартай “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/31… дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/03… дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох,

5. ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-аас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах.”

Монгол Улсын Сангийн яам нь манай компанийн зүгээс захиалагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэдэгдлийг 2020 оны 4 сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш хуулийн 5 хоногийн хугацааг тоолох байтал тус газрын мэдэгдэл дээрх огноо болох 2020 оны 4 сарын 01-ний өдрөөс хугацааг тоолсон нь үндэслэлгүй байсан тул Монгол Улсын Сангийн яамны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2020 оны 4 сарын 23-ний өдөр 20/4875 тоот албан бичгээр дахин гомдол гаргасан. Гэтэл тус газраас 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 6-1/2892 тоот албан бичгээр “хүлээн авах боломжгүй тухай хариу албан бичгийг 2020 оны 4 сарын 20-ны өдрийн 6-1/2554 тоотоор хүргүүлсэн болно” гэж мэдэгдсэн байдаг.

 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар руу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр утсаар холбогдох үед “Ю” ХХК-тай гэрээ байгуулан, гэрээт ажил эхэлсэн тухай мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан  дээр гаргасан тайлбартаа: “... Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл чухал шаардлага болох хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг ирүүлсэн. Үүнтэй тендерийн Үнэлгээний хороо маргасан зүйл байдаггүй. Хуульд үндэслээгүй нөхцөл байдлыг үндэслэн тендерээс татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай компанийн тендерт тэгш, шударгаар оролцож өрсөлдөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гэрээнд орох өөрчлөлт нь гэрээний тусгай нөхцөлд, харин тендер шалгаруулах журамд өөрчлөлт оруулах бол тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тусгана.Тухайн жишиг тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах гэж байгаа бол хаана, ямар өөрчлөлт оруулахыг тодорхой тусгасан. Захиалагчийн нэрлэж зааж буй хяналтын 2 хувийн баталгааг ирүүлнэ гэсэн албан бичгийг тусгасан гэрээний тусгай нөхцөлийн 7.1-т заасан зохицуулалт нь жишиг тендерийн баримт бичигт биш, захиалагчаас тусгайлан оруулсан нөхцөл. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний баримт бичиг, маягтыг шалгарсан гүйцэтгэгч этгээдтэй гэрээ байгуулах үедээ баримтлан гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.2, 4.2.а, 12.1 зэрэг дээр 24 төрлийн мэдээлэл ирүүлэх нь тодорхой байгаа. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд ямар материалыг нэмэлтээр ирүүлэх нь тодорхой байгаа. "С" ХХК-ийн зүгээс Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагатай баримтуудыг ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгах ёстой ба үүнийг дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар үнэлнэ. Захиалагчийн зүгээс "С" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэдэг ч ямар шаардлагыг хангаагүй байгаа талаар тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах шаардлага хангаагүй.

Нөгөөтэйгүүр мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасны дагуу "С" ХХК-ийн ямар шаардлага хангаагүй талаар тодорхой тайлбарлаагүй. Хариуцагчийн тайлбарлаж буй 2 хувийн баталгааны албан бичгийг ирүүлээгүй "С" ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаагүй нь ойлгомжгүй.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 26.2 дахь хэсэгт албан бичиг ирүүлээгүй нь томоохон зөрөө гэж үзэх эсэхийг тогтооно. Томоохон өөрчлөлт орсон нь тендерээс татгалзах үндэслэл болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан томоохон зөрөөнд хамаарсан уу. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 26.2 нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-27.2.3-т заасныг давхар зохицуулсан байгаа. Тендерийг хянаж үзэхдээ хуулийн нөхцөл шаардлага, баримт бичгийг боловсруулахдаа хаана оруулах талаар үндэслэлтэй тайлбар өнөөдрийг хүртэл хийгээгүй байна” гэжээ.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.”, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж тус тус заасан.

Тус газар нь Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Ю” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,784,000,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулж, одоогийн байдлаар гэрээнд тусгагдсан цэгүүдэд “Ю” ХХК үйлчилгээгээ хүргээд эхэлсэн бөгөөд хөдөөгийн алслагдсан 22 багт 4Жи сүлжээ, 9 багт 2Жи сүлжээ хүргэсэн буюу нийт 31 багт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх, дэд бүтэц байгуулах ажлууд хийгдэж 2,227,000,000 /Хоёр тэрбум хоёр зуун хорин долоон сая/ төгрөгийн ажлын гүйцэтгэлийн хөлсийг захиалагчаас гүйцэтгэгчид олгоод байна.

Нэхэмжлэгчийн өөрчилсөнд шаардлагын тухайд: ... Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, гэрээний тусгай нөхцөл /ГТН/, гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/, Ажлын даалгавар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5-д заасан “тендерийн баримт бичиг’’-т хамаарах бөгөөд мөн хуулийн 19.1-д зааснаар “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, ...холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх ба тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлээгүй “хуулийн 25.1” буюу тендерийн баримт бичгийг зөвшөөрч оролцсон тохиолдолд тендер ирүүлэхдээ тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй, хэрэв хангаагүй бол захиалагч түүнээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

... Тендерт оролцогч “С” ХХК нь тендерт шалгараагүй мэдэгдлээ авснаас хойш захиалагчид анх удаа 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 20/7158 тоот албан бичгээр хандсан байдаг. Улмаар захиалагчийн зүгээс “С” ХХК-г тендер шалгаруулалтын талаар гомдол гаргасан гэдгийг анхан шатны шүүхийн мэдэгдлийг хүлээн авсан өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн.

Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4, ТОӨЗ-ны 8.2-д “Тендерийн оролцогч нь тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, маягтууд, нөхцөлүүд болон тодорхойлолтуудыг шалгаж нягталсан байвал зохино. Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардсан бүх мэдээллийг дутуу ирүүлэх, эсхүл тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендер ирүүлэх нь тендерт оролцогчийн эрсдэлд хамаарах ба энэ нь түүний тендерээс татгалзах үндэслэл болж болно...”, 26.3 “захиалагч ТОӨЗ-ны 26.1-д заасан шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах бөгөөд энэхүү шалтгааныг үүсгэж байгаа зөрүү болон тайлбарыг засварлан тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй” гэж заасныг үндэслэн гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын үнэлгээний хорооны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан шаардлага хангаагүй тул тендерт шалгаруулаагүй. Хяналтын зардал байх ёстой гэж үзсэн. 31 цэгт хэрэгжиж байгаа төслийн хувьд хяналтын зардал зайлшгүй байх ёстой. Энэ бичгээ өгөхгүй зайлсхийсэн.

Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын тухайд: “Үнэлгээний хорооноос энэхүү төслийн тендерийн баримт бичгийг боловсруулан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр захиалагчаар батлуулсан бөгөөд тендерт “С ХХК”, “Ю ХХК" гэсэн 2 этгээд оролцсоноос “хамгийн сайн” үнэлэгдсэн “Ю ХХК”-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид ирүүлсэн.

... Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/, тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, гэрээний тусгай нөхцөл /ГТН/, гэрээний ерөнхий нөхцөл /ГЕН/, Ажлын даалгавар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5-д заасан “тендерийн баримт бичиг’’-т хамаарах бөгөөд мөн хуулийн 19.1-д зааснаар “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, ...холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэх ба тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлээгүй “хуулийн 25.1” буюу тендерийн баримт бичгийг зөвшөөрч оролцсон тохиолдолд тендер ирүүлэхдээ тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй, хэрэв хангаагүй бол захиалагч түүнээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

... Тендерт оролцогч “С” ХХК нь тендерт шалгараагүй мэдэгдлээ авснаас хойш захиалагчид анх удаа 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 20/7158 тоот албан бичгээр хандсан байдаг. Улмаар захиалагчийн зүгээс “С” ХХК-г тендер шалгаруулалтын талаар гомдол гаргасан гэдгийг анхан шатны шүүхийн мэдэгдлийг хүлээн авсан өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн.

Иймд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1 тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.3 тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, “27.3 тендер нь энэ хуулийн 27.1-д заасан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, “27.4 энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэснийг, ТОӨЗ-ны 8.2-д “Тендерийн оролцогч нь тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, маягтууд, нөхцөлүүд болон тодорхойлолтуудыг шалгаж нягталсан байвал зохино. Тендерийн баримт бичигт ирүүлэхийг шаардсан бүх мэдээллийг дутуу ирүүлэх, эсхүл тендерийн баримт бичгийг томоохон зөрүүгүй хангаж чадаагүй тендер ирүүлэх нь тендерт оролцогчийн эрсдэлд хамаарах ба энэ нь түүний тендерээс татгалзах үндэслэл болж болно...”, 26.3 “захиалагч ТОӨЗ-ны 26.1-д заасан шаардлагад нийцээгүй тендерээс татгалзах бөгөөд энэхүү шалтгааныг үүсгэж байгаа зөрүү болон тайлбарыг засварлан тендерийг шаардлагад нийцсэн болгож болохгүй” гэж заасныг үндэслэн гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “С” ХХК нь тендерийн баримт бичигт заасан гэрээний тусгай  нөхцлийн 7.1-д. ажлын даалгаврын 7.1.с хэсэгт тус тус заасан /Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ./ баримтыг ирүүлээгүй тул захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3 дахь заалтад тусгасан “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага”-ыг хангаагүй тул “С" ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй тендер байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус тендерт Ю ХХК нь 2.784,000,000 хоёр тэрбум долоон зуун наян дорвон сая/ төгрөгийн тендерийн үнийн саналыг санал болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан материалуудыг бүрдүүлж 2020 оны 03 сарын 11-ний өдөр тендерийн материалыг цахимаар өгсөн.

Тус тендерт Үнэлгээний хорооны дүгнэлтээр “Ю” ХХК-ийг "Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж 31 цэгт үйлчилгээ хүргэхээр 2,784,000,000 /хоёр тэрбум долоон зуун наян дөрвөн сая/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн.

Ингээд Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газраас 2020 оны 04 дүгээр сарын  сарын 01-ний өдрийн 1/130 тоот гэрээ байгуулах тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу Ю ХХК нь Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газартай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХХМТГ/20001007 тоот “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” төсөл Захиалагч, үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу “Ю” ХХК нь ажлыг 100 хувь гүйцэтгэж 2020 оны 06 сарын 10-ны өдөр ажлыг хүлээлгэж өгсөн ба гэрээний үнийн дүн болох 2,784,000,000 /хоёр тэрбум долоон зуун наян дөрвөн сая/ төгрөгөөс 2,227,000,000 /хоёр тэрбум хоёр зуун хорин долоон сая/ төгрөгийн санхүүжилтийг хүлээж авсан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаас үзэхэд бид дараах үндэслэлээр “Ю” ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлсэн бөгөөд манай компанийг тендерт шалгаруулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

1. “Ю” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан тухай: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасны дагуу “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж заасан ба үүнд 3 үндсэн шалгуур нөхцөл тусгагдсан байдаг. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, Техникийн тодорхойлолт, Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан байх шаардлагатай байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын Үйлчилгээ үзүүлэгч, сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны №3 тоот хурлын шийдвэрт заасны дагуу “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хуулийн дагуу татвар хураамжаа төлсөн, шаардлага хангасан тендерийн баталгаа гаргасан, аж ахуйн нэгж нь хүчин төгөлдөр захиалагчаас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг, график төлөвлөгөө нь тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагыг хангаж байгаа тул тендерийн нарийвчилсан үнэлгээ хийхээр шийдвэрлэж, Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан байна.

2. Тендерийн үнийн саналын тухай: “С” ХХК нь нэхэмжлэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хамгийн бага үнэтэй тендерийг санал болгосон тул, тус компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулах ёстой байсан гэсэн байна. Гэвч тендерт оролцогч хэдийгээр хамгийн бага үнийн санал өгсөн боловч тендерийн баримт бичигт заасан захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар захиалагч уг тендерээс татгалзах, үнэлгээ хийхгүй байх үндэслэл болдог. Тиймээс нэхэмжлэгч “С” ХХК нь манай компаниас бага үнийн дүнтэй тендерийн санал хүргүүлсэн боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангаагүй тул манай компанийг шалгаруулсан нь үндэслэлтэй гэж бид үзэж байна” гэжээ.

 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн хувьд гэрээ байгуулж гэрээний үүргийг биелүүлж дуусгасан. Тендерийн баримт бол хийлгэх гэж буй ажлынхаа саналыг бүхэлд нь тусган ирүүлсэн баримт байдаг. Үүний дагуу талууд энэ баримтыг хүлээн зөвшөөрсний дагуу тендерт оролцдог. Тендерийн баримт бичгийн багцыг авч тендерт оролцогч бүрэн танилцаж, үүний дагуу баримтаа бүрдүүлэх үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйл болон тендерийн баримт бичгийн 8-д тодорхой заасан. Тендерийн баримт бичгийн 8 дугаар зүйлийн 8.2-т бичиг баримтын бүрдэл хангаагүй нь татгалзах үндэслэл болох тухай заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т тендерт оролцсон тохиолдолд баримт бичгийг дурдсан хаягаар заасан хэлбэрээр ирүүлэхээр заасан. Захиалагчийн шаардсан шаардлага нь тендерийн баримт бичгийн 14, 15, 55, 62 дугаар хуудаснуудад хяналтын баталгааг ирүүлэхээр тус тус заасан. Гуравдагч этгээдийн зүгээс шаардсан баримтыг явуулаад гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд энэ шаардлагыг хангаж ирүүлээгүй. Баримтаа ирүүлээгүйгээ захиалагчийг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж маргаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй.

"С" ХХК нь тендерийн бичиг баримтад заасан нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус тендерт оролцсон. Өөрөөр хэлбэл гэрээний тусгай нөхцөлд заасан нөхцөл шаардлага нь хууль бус байсан талаар маргаагүй. Хяналтын зардлын талаар урьдчилсан маргаан гаргаагүй. Нэгэнт хүчин төгөлдөр тендерийн баримт бичигт үндэслэн гарсан захиалагч болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж маргаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль 25 дугаар зүйлийн 25.1-д Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно гэж заасан. Нэхэмжлэгчээс "С" ХХК болон "Ю" ХХК-д ирүүлсэн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж байна. Мэдэгдэл дангаараа захиргааны акт болдоггүй. Захиргааны актын хэв шинжийг агуулаагүй тул хүлээн авах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Даалгуулах шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн аль нэг заалтаар тодорхойлогдсон байх ёстой. Гэтэл нэгэнт гаргасан шийдвэр дээр даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн үнэлгээ хийлгэх гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд хянан үзэх шатнаасаа хасагдсан буюу үнэлгээ хийлгэх шатандаа ороогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх “С” ХХК-аас ХХМТГ, ХХМТГТҮХнд тус тус холбогдуулан гаргасан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/20200... дугаартай "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/" тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн "С" ХХК, "Ю" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/31... дугаартай "С" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын "Ю" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон "Ю" ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах, ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын "С" ХХК болон "Ю" ХХК-аас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/20200.... дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/31... дугаартай "С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/31... дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/03... дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” гэж өөрчилсөн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/15 дугаар тушаалаар “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” /31 цагт/ төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулжээ[3].

            Дээрх тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо нь “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх” ТН-ХХМТГ/202001007 тендерийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зарлаж, нээлтийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хийжээ.

            Тус тендерт “С” ХХК, “Ю” ХХК нар саналаа ирүүлж, тендерийн үнэлгээний хороо хоёр компанийн ирүүлсэн тендерийг хянан үзэх шатанд хянаад “С” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан гэрээний тусгай нөхцөлийн  7.1-д, ажлын даалгаврын 7.1.с хэсэгт тус тус заасан “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ.” гэж заасан баримтыг ирүүлээгүй тул захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр “С” ХХК-ийн тендерээс татгалзжээ.

            Нэхэмжлэгч “С” ХХК-ийн зүгээс манай компанийг “Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ.” гэсэн захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь дээрх баталгааг тендерт шалгарсан компани захиалагчтай гэрээ байгуулах шатандаа гаргаж өгөх ёстой байсан гэж.

            Хариуцагч нарын зүгээс захиалагч нь тендерийн хуульд зааснаар тендерт тусгай нөхцөл, шаардлага тавих эрхтэй. Хяналтын зардал бол тендерийн гүйцэтгэлд хяналт тавих чухал зардал, зайлшгүй байх ёстой зардал байсан. Тендерээ ирүүлэхдээ хяналтын зардлыг хариуцах талаар баталгаагаа гаргахыг л шаардсан гэтэл нэхэмжлэгч компани нь дээрх баталгаагаа ирүүлээгүй байсан. Тийм учраас тус компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 5 дугаар зүйл. “Хуулийн нэр томъёо”, “5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 5.1.1. “ “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;”, 46 дугаар зүйл. “Захиалагчийн эрх, үүрэг”, 46.1.6. “гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах;” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, захиалагч нь худалдан авах гэж байгаа бараа, ажил, үйлчилгээндээ өөрт тохирсон шаардлагыг хангуулахаар нөхцөл, шаардлагыг тогтоох эрхтэй байна. Тендерт оролцогч нар нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу саналаа боловсруулан ирүүлэх бөгөөд захиалагч нь ажлын гүйцэтгэлд өөрөө хяналт тавих эрхтэй байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл маргаан бүхий тохиолдолд захиалагч нь тендерт оролцогч нарт “Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ.” гэсэн тусгай нөхцөл, шаардлага тавьсныг буруутгах үндэслэлгүй байна.

            Тодруулбал, тендерт шалгарсан оролцогчоор хийж гүйцэтгүүлэх гэж байгаа ажил, үйлчилгээндээ өөрөө хяналт тавихаар хяналтын зардалд гарах хөрөнгийг гүйцэтгэгч хариуцах талаарх баталгааг /төлсөн байхыг шаардаагүй/ гаргуулах шаардлага тавьсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Мөн захиалагчийн зүгээс гэрээний тусгай нөхцөл болгон тавьсан дээрх баталгаагаа тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 8 дугаар зүйл. “Тендерийн баримт бичгийн агуулга”-ын 8.1. “Тендерийн баримт бичгүүдийн бүрдэлд доорх жагсаалтад дурдсан баримт бичгүүд болон 10 дугаар зүйлийн дагуу гаргасан нэмэлт өөрчлөлтүүд багтана.”, VII. “Үйлчилгээний гүйцэтгэлийн тодорхойлолт ...”[4], Гэрээний тусгай нөхцөлийн 7.1. “Захиалагчаас томилогдсон техникийн аудит, хяналтын баг төсөл хэрэгжих явцад 1-ээс доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ.”[5] гэж., мөн дээрх баталгааг ирүүлэх талаар “Төслийн техник ба үйлчилгээний тодорхойлолт, тавигдах шаардлагын”-ын “Үйлчилгээний чанар”-ын с)-д[6] заасан нь тендерт оролцогч нар нь анх тендерийн саналаа ирүүлэхдээ л  дээрх баталгааг албан бичгээр ирүүлэх ёстой байжээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3.-т[7] заасныг үндэслэн захиалагчаас тавьсан гэрээний тусгай нөхцөл, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т[8] зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

            Мөн Үнэлгээний хорооны зөвлөмжийг[9] үндэслэн нэхэмжлэгчид хүргүүлсэн захиалагчийн мэдэгдэл ч мөн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гэрээний үнийн дүнгийн 2 хувиар бодож бүрэн хариуцна. Энэ тухай албан бичгээр баталгаажуулж захиалагчид ирүүлнэ” гэх гэрээний тусгай шаардлагыг захиалагчийн зүгээс тавьсан болохыг мэдэж байсан. Гэхдээ бид дээрх баталгааг тендерт шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах өмнө гаргаж өгөх ёстой гэж ойлгож байсан” гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч “С” ХХК-аас ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо тендерийг хянан үзэх шатандаа хянаж үзээд тендерээс нь татгалзсан учир тендерийг хянан үзэх шатнаас хойш гарсан үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байна гэж үзэв.  

            Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “С” ХХК нь  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/202001007 дугаартай "Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/" тендер шалгаруулалтад оролцохдоо захиалагчаас тавьсан гэрээний тусгай нөхцөлийг хангасан талаарх баримтыг ирүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 27 дугаар зүйлийн 27.1.3., 27.4., 46 дугаар зүйлийн 46.1.6.-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-аас ХХМТГ, ХХМТГТҮХнд тус тус холбогдуулан гаргасан “1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан ТН-ХХМТГ/20200... дугаартай “Хөдөө орон нутгийн алслагдсан сумын багт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх /31 цэг/” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/ болон зөвлөмжийн “С” ХХК, “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/3... дугаартай "С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 3. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 1/3... дугаартай “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 4. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон “Ю” ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 20/03... дугаартай гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох, 5. ТН-ХХМТГ/202001007 дугаартай тендер шалгаруулалтын “С” ХХК болон “Ю” ХХК-иас ирүүлсэн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж үнэлгээ хийхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ТН-ХХМТГ/20200... дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

             

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 236-239 дүгээр хуудас,

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 27-28 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 41-42 дугаар хуудас ,

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 102 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 143 дугаар хуудас,

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 150 дугаар хуудас,

[7] 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.

[8] 27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 83 дугаар хуудас,