Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 844

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч И.Б,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын машинист мэргэжилтэй, “Шанд” хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Д.Ц /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт И.Б-г “дутуу мөнгөөр пиво авах гэлээ” гэж маргалдан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өгзөг, гуянд цус хуралт” бүхий олон тооны шарх гэмтэлтэй хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч И.Б-гийн мэдүүлэг /хх7/, гэрч Х.Ц-гийн мэдүүлэг /хх13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7012 дугаар дүгнэлт /хх16-17/, Ц-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх29/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх4/, шүүгдэгч Ц-гийн цагдаагийн бүртгэлийн лавлагаа /хх63-67/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх32/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх30/, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх33/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх39/, шүүгдэгч Ц-гийн эхнэр Х.Ц-гийн депозит дансны хуулга /хх41-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч И.Б-гийн “...би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад найз Б-гийн хамт 0,33 литрийн хэмжээтэй архи, 0,5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг авч бид 2 хувааж уугаад би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо шанд 7-3 тоот гэртэй харихаар явсан би шандын автобусны буудал дээр буугаад дэлгүүр орж пиво авах гэхэд 200 дутаад байсан би дэлгүүр орж эгчээс 1 шил пиво өгчих гэж гуйгаад өгөх гэж байхад нөхөр Ц нь уурлаад чамд яахаараа дутуу мөнгөнд чинь пиво өгдөг юм, муу сайн архичид зайлцгаа гээд байсан. Би урдаас нь та юун сүртэй юм Ц эгч өгөх гэж байхад гэж хэлээд гарахад араас Ц ах муу сайн банди нар гээд хэл амаар доромжлоод байсан би зөрүүлээд өөрөө ч гэсэн банди юм байж гэж хэлээч гудамжаар алахаад явж байхад Ц ах гартаа нэг юм бариад араас хөөгөөд байсан би хэсэг зугтаж байгаад баригдчихсан. Тэгээд намайг газар унагаагаад хөл, гар, гартаа барьсан юмаараа цохиж зодсон. Хэсэг хугацааны дараа Ц ах болиод дэлгүүр рүү явсан. Би босоод гэртээ харьж цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр учирсан гэмтлийг Ц ах гар, хөл, гартаа барьсан зүйлээр цохиж учруулсан хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Надаа эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байгаа. Би дэлгүүрээс дутуу мөнгөөр пиво авах гэснээс болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх7/,

2. Гэрч Х.Ц-гийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ......................... тоот өөрийн эзэмшлийн дэлгүүрт худалдаа хийгээд байж байхад гаднаас зүс таних Б халамцуу орж ирээд дутуу мөнгөтэй пиво өгчих гэж гуйж байгаад би өгөхгүй чи согтуу байна одоо харьж амар гээд гаргасан. Тэгээд удалгүй 40 орчим минутын дараа дахиж орж ирээд эгчээ миний бие өвдөөд байна би ганц пиво уучихаад унтах гэсэн юм гээд гуйгаад байсан. Тэгээд би пиво өгөх гэж байхад нөхөр Ц гарч ирээд чамд яахаараа дутуу мөнгөнд чинь пиво өгдөг юм гэж Ц, Б 2 хоорондоо маргалдаад барьцалдаад гарсан би хүүхдээ гэрт үлдээгээд тэр 2-н араас гараад болиулаад Ц-г гэрт оруулаад байж байхад Б гадаа хэл амаар доромжлоод орилоод байсан. Би гадаа гарч үүд шүүрдэх гэж байхад гудамжны үзүүрт Ц Б-ыг газар унагаачихсан цохиод байх шиг харагдсан би Ц-г орооч цагдаа дуудлаа шүү гэж хэлж оруулсан. Удалгүй цагдаа ирж Ц-г аваад явсан. Тухайн үед Ц, Б бид 3-аас өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх13/

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7012 дугаар “...И.Б-гийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу,зүүн гуя, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх16-17/

4. Ц-гийн яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод байх гэрийн хашаанд мод тарьж байгаад 0.5 литрийн нэг пиво уусан. Тэгээд модоо тарьж дуусаад дэлгүүртээ ороод 100 гр архи уусан. Манай дэлгүүрт эхнэр Ц байсан. Орой 18 цагийн орчим манай дэлгүүрт гаднаас Б согтуу орж ирээд архи зээлээч гээд гуйгаад байсан. Манай эхнэр Ц архи зээлээр өгөхгүй гээд гаргасан. Удалгүй Б буцаж орж ирээд дутуу мөнгө өгөөд архи өг гээд байсан. Үлдсэн мөнгийг нь дараа өгье гээд байхаар нь би Бд чи хаанаас дутуу мөнгөөр архи аваад сурсан юм, наад архиа аваад гар зайл гэсэн чинь Б намайг хэл амаар доромжлоод гарсан юм. Тэгээд би араас нь гараад барьж авах гэсэн чинь зугтаагаад миний цээж рүү 2 удаа цохисон. Тэгээд би Быг чи наанаа байж бай би гэртээ ороод гутлаа солиод гараад ирье гэж хэлээд гэртээ ороод гутлаа солиод гараад ирсэн чинь Б над руу салаавч гаргаад цааш зугтаасан. Би араас нь хөөж гүйцэж очоод Б-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь газар унахаар нь би хөлөөрөө цээж болон гуя хуу нь 5-6 удаа өшиглөсөн. Тэгсэн Б больё ахаа гэхээр нь би хаяад гэрлүүгээ авсан...” гэсэн  мэдүүлэг /хх29/

5.  Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх4/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Ц:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд,

Шүүгдэгч Д.Ц нь эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 

2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч И.Б нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ шүүгдэгчийн эхнэр Д.Ц-гаас “дутуу мөнгөөр пиво авах гэж” гуйсанд шүүгдэгч Д.Ц нь уурлан хохирогч И.Бтай маргалдсан.

Тухайн үед шүүгдэгч Д.Ц нь мөн согтууруулах ундааны зүйл уусан байсан бөгөөд хохирогчийг гудамжинд зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч И.Б, гэрч Д.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц-гийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч И.Б-гийн эрүүл мэндэд “...зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өгзөг, гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №7012 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ц нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэм буруутай үйлдлээ ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол, хор уршигийг зориуд хүсч учруулсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь тухайн үед уураа барьж дийлэхгүй, хохирогчийг олон удаа хөлөөрөө өшиглөж цохисон, хохирогч одоо болъё гэтэл нь зодсон, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан байгаа нь шүүгдэгчийг үйлдэлдээ онц харгис хэрцгий хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас хохирогч И.Б нь 475.000 төгрөг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Ц хохирол төлөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” нь эрүүгийн хариуцлагын зорилго гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ц-гээс 475.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Б-д олгуулж шийдвэрлэлээ.

Харин хохирогч И.Б нь нүдний хагалгаа хийлгэхэд 2 сая төгрөг нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй буюу нэхэмжлэгч энэ талаар үндэслэл бүхий баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заасны дагуу хохирогч И.Б нь холбогдох баримтыг бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёс, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ дутуу мөнгөөр пиво худалдаж авах гэж гуйж, шалсанаас болж маргаан үүссэн, мөн шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлагад татагдаж байгаагүй байх тул шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, хувиараа дэлгүүр ажиллуулан хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгий аргаар” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-гээс 475.000 /дөрвөн зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч И.Б-д олгуулж, хохирогч И.Б-гийн нүдний хагалгаа хийлгэх 2 сая төгрөг нэхэмжилсэнг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР