Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1009

 

 

 

 

 

 

 

2019          10            10                                           2019/ДШМ/1009

 

Д.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч И.Батжаргал,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч И.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Цид холбогдох 1908 03101 1093 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Дийн Ц, 1961 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын машинист мэргэжилтэй, “...” хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... нутаг дэвсгэрт И.Батжаргалыг “Дутуу мөнгөөр пиво авах гэлээ” гэж маргалдан онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өгзөг, гуянд цус хуралт” бүхий олон тооны шарх гэмтлээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгий аргаар” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цоос 475.000 төгрөгийг гаргуулж хохирогч И.Батжаргалд олгуулж, хохирогч И.Батжаргалын нүдний хагалгаа хийлгэх 2 сая төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч И.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг шүүгдэгч Д.Ц маш хэрцгий байдлаар мужааны бор иштэй жижиг сүхээр зодож, цохисон. Дэлгүүрийн камерт сүх бариад гарч байгаа бичлэгийг аваагүй ба сүхийг баримтаар аваагүй. Байцаагчид “сүхээр цохисон” гэж мэдүүлэг өгөөд байхад “чи санахгүй байгаа юм биш үү” гээд мэдүүлэгт тодорхой бичээгүй. Мөн Д.Цийн гэр бүлийн хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн нүдний ухархай дотор ханын яс 0.6 см цөмөрсөн байхад түр хугацааны гэмтэл гэж хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон. Одоо миний нүдэнд харааны гажиг үүссэн байгаа. Намайг Д.Ц зодож байхдаа согтуу байсан. Цагдаа ирээд авч явж байхад “чамайг алах байсан юм. Хохь чинь шүү” гээд цагдаа нарын дэргэд дайрч байсан. Би өөрөө “ахаа одоо болиоч” гээд гуйж байхад маш хэрцгийгээр цохиж зодсонд гомдолтой байна. Хоёр нүдний харц өөрчлөлттэй, цаашид цөмөрсөн ясны хугарал нөхүүлэх мэс засалд орох ёстой. Нүдний мэс засалд орох шаардлагатай байгаа талаар эмнэлгийн дүгнэлт, карт зэрэгт бичигдсэн зэргийг шүүх авч хэлэлцээгүй. Нэхэмжлэлээ иргэний шүүхээр гаргаарай гээд орхисон. Надад их хохиролтой байдлаар хэт нэг талд шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх тухайн хэрэг маргааныг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хохирогчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Сүхээр цохисон гэх зүйлийг нотлох баримтын хүрээнд хангалттай шалгасан байдаг. Тухайн үед гэрч гэвэл шүүгдэгчийн эхнэр л холоос харж байсан. Гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг хангалттай шалгаж, дүгнэсэн байдаг. Мөн гэмтлийн зэрэг тогтоох журамд нүдний ухархайн гэмтэл нь ажил хөдөлмөр эрхлэх байдлыг 10 хувиар алдагдуулна гэж заасан байдаг. Хохирогч шинжээчийн дүгнэлттэй 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр танилцаад маргахгүй гэдгээ бичсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хохирогч гэмт хэргийн улмаас үүссэн хохирол нийт 475.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсан байдаг. Шүүхэд гаргаж өгсөн баримт дээр маргаагүй. Харин нүдний хагалгаанд орох 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч түүнийг тогтоох үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй. Харин анхан шатны шүүх хохирогчийг цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийг сүхээр цохисон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддоггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ тухай нотлогдоогүй. Тиймээс хохирогчоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ... нутаг дэвсгэрт байрлах, өөрийн ажиллуулдаг “...” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч И.Батжаргалыг “Дутуу мөнгөөр пиво авах гэлээ” гэж маргалдан,  улмаар түүнийг гудамжинд хөөн гүйцэж, улмаар түүнтэй барьцалдан авч, зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимны доргилт, зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өгзөг, гуянд цус хуралт” бүхий олон тооны шарх гэмтлээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч И.Батжаргалын “...Ц ах гартаа нэг юм бариад араас хөөгөөд байсан. Би хэсэг зугтаж байгаад баригдсан. Тэгээд намайг газар унагаагаад хөл, гар, гартаа барьсан юмаараа цохиж зодсон. ...” гэх /хх 7/,

гэрч Х.Цэвэлмаагийн “...Би гадаа гарч үүд шүүрдэх гэж байхад гудамжны үзүүрт Ц Батжаргалыг газар унагаачихсан цохиод байх шиг харагдсан. ...” гэх /хх 13/,

шүүгдэгч Д.Цийн яллагдагчаар өгсөн “...Би араас нь хөөж гүйцэж очоод Батжаргалын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь газар унахаар нь би хөлөөрөө цээж болон гуя руу нь 5-6 удаа өшиглөсөн. ...” гэх /хх 29/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “...1. И.Батжаргалын биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, нүдний алимын доргилт, зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, зүүн гуя, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. ...” гэх №7012 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цийг хохирогчийн бие махбодод олон тооны гэмтэл учруулсан болон гэмтэл учруулахдаа харгис балмад зан авир гаргасан шалгуур шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Мөн хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан шалгуураар үнэлсний үндсэн дээр хохирогч И.Батжаргалын гаргасан эмчилгээний баримттай 475.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд харин “Нүдний хагалгаа хийлгэх шаардлагатай тул 2.000.000 төгрөг нэхэмжилсэн” баримтыг шүүхэд ирүүлээгүй тул жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хохирогч И.Батжаргалын гаргасан “...анхан шатны шүүх надад хохиролтой байдлаар хэт нэг талд шийдвэрлэлээ. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй ба тухайн заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн аль заалтад заасан ямар хугацаанд торгох ялыг биелүүлэхийг тодорхойгүй байдлаар бичиж байгааг цаашид анхааруулан дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/844 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч И.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ