Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0581

 

2020 оны 10 сарын 13 өдөр           Дугаар 221/МА2020/0581                          Улаанбаатар хот

“Х ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамжид, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Х ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/522 дугаар захирамжаар байгуулсан УБ2019/167-01 дугаартай “Ү ...” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комисс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 540 дүгээр шийдвэрээр: Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.2.4, 11.4, 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ...” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/522 дугаар захирамжаар байгуулсан УБ2019/167-01 дугаартай “Ү ...” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комисс, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд тус тус холбогдуулан гаргасан “УБ2019/167-01 дугаартай “Ү ...” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс олгох уралдаант шалгаруулалтыг сонгон шалгаруулах комиссын “Х ...” ХХК-ийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “Х ...” ХХК-ийн саналд үнэлгээ хийхийг тус Комисст даалгах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрээр ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлээ дээрх концесс олгох уралдаант шалгаруулалт хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

“Х ...” ХХК нь УБ2019/167-01 дугаартай “Ү ...” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих концесс сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын зарын дагуу Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газарт бичгээр хүсэлт гарган урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилсан шалгаруулалтын саналаа тус газарт хүргүүлсэн.

Гэхдээ материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 45 минутад Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн 7011-1298 дугаарын утаснаас манай компани руу залгаж “Ү ...” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн уралдаант шалгаруулалтын материалд өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 10 хоногоор хойшлуулсан, санал ирүүлэх шаардлагагүй, материалын өөрчлөлтийг бичгээр мэдэгдэнэ хэмээн ярьсан болно.

Манай компанийн зүгээс 14 цаг 50 минутад бичиг баримт хүлээн авах хугацааг хойшлуулсан талаар албан бичгээр мэдэгдэхийг хүсч хандсан боловч материал авах хугацаа хэвээрээ, материалд өөрчлөлт оруулахаа больсон тул 15.00 цагаас өмнө материалаа авчирч өг гэсэн хариу өгч хоёрдмол байдал үүсгэснээс болж манай компани материалаа өгөхдөө эх хувь – 1, хуулбар хувь – 1, цахим хувь – 1 тус тус өгсөн. Энэ талаар шүүх хуралдаанд гэрч Б.Б-ийн “... 14.50 цагийн үед материал авах хугацаа өөрчлөгдөөгүй гэсэн учир ажил дээрээ очиж материалаа аваад буцаж авчирч өгөхөд 17 цаг болж байсан бөгөөд хүлээн авсан цагийг урагшлуулж бичээд хүлээн авсан, өөрсдөө материал хүлээн авсан цаг хойшилсон тухай өмнө нь мэдэгдсэн байж байгаад гэнэт хойшлохоо больсон гэж хэлсэн учраас материалыг хүлээн авсан байх” гэх мэдүүлгийг үнэлээгүй, зөвхөн гэрч М.Г, Б.У нарын мэдүүлгийг үнэлж нэхэмжлэгчийг 12 цагт материалаа өгсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн татгалзлаа үндэслэж байгаа Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын 3.1.1 дэх заалтад заасан саналын иж бүрдэл дутуу байх гэх үндэслэлд “1 хуулбар хувь” өгсөн байх гэх үндэслэл хамаарахгүй бөгөөд уг журмын 4.1.1 дэх хэсэгт заасан дарааллын дагуу ерөнхий шаардлага хангасан эсэхийг хянан үзэж хангасан тохиолдолд санхүүгийн чадавхи, техник, технологийн чадварын үнэлгээ хийнэ, ерөнхий шаардлага хангаагүй оролцогчийг урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүйд тооцохоор зохицуулсан байна.

Ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлийг хариуцагчаас оролцогчдод олгосон Концесс олгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/-ийн 3.1.1-3.1.7 дахь хэсэгт нарийвчлан зохицуулсан, энэхүү үндэслэл дээр “1 хуулбар хувь” өгсөн гэх нөхцөл байдал хамаарахгүй байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс дээрх байдлаар нэхэмжлэгчийн саналыг хууль бусаар үнэлэхээс татгалзаж санхүүгийн чадавх, техник, технологийн чадварын үнэлгээ хийлгүй, уралдаант шалгаруулалтад оролцох эрхийг зөрчиж, уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж гэрээ байгуулах эрх олгосноор нэхэмжлэгчийн концесс олгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтад оролцох, саналаа үнэлүүлэх, шалгарсан тохиолдолд концессын гэрээ байгуулах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр, Концессын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4, 11.5 дахь хэсгүүдийг буру хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/522 дугаар захирамжаар байгуулагдсан концесс эзэмшигчийг сонгох шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссоос зарласан концесс олгох уралдаант шалгаруулалтад нэхэмжлэгч “Х ...” ХХК оролцсон бөгөөд тус компанийн саналыг “Ү ...” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын авто зогсоол барих төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3.8-д “оролцох саналыг нэг (1) эх хувь, хоёр (2) хуулбар хувь, (1) цахим хувийг бэлтгэн тус тусад нь “ЭХ ХУВЬ”, “ХУУЛБАР ХУВЬ”, “ЦАХИМ ХУВЬ” гэсэн бичиглэл бүхий дугтуйд хийж битүүмжлэн, тэдгээрийг дахин давхар нэг дугтуйд (гадна) хийж битүүмжилнэ ...” гэж заасан шаардлагыг хангаагүй буюу “оролцох саналын иж бүрдэл дутуу мөн зааварчилгааны дагуу материалаа бэлдэж ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр үнэлэхээс татгалзжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор “Ү ...” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын авто зогсоол барих төслийг хэрэгжүүлэхээр “А...” ХХК-тай концесс олгох гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгчээс дээрх гуравдагч этгээдтэй концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон тогтоол болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн саналыг үнэлэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч “материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 45 минутад Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн 7011-1298 дугаарын утаснаас манай компани руу залгаж ... уралдаант шалгаруулалтын материалд өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 10 хоногоор хойшлуулсан, санал ирүүлэх шаардлагагүй, материалын өөрчлөлтийг бичгээр мэдэгдэнэ хэмээн ярьсан. Манай компанийн зүгээс 14 цаг 50 минутад бичиг баримт хүлээн авах хугацааг хойшлуулсан талаар албан бичгээр мэдэгдэхийг хүсч хандсан боловч материал авах хугацаа хэвээрээ, материалд өөрчлөлт оруулахаа больсон тул 15.00 цагаас өмнө материалаа авчирч өг гэсэн хариу өгч хоёрдмол байдал үүсгэснээс болж манай компани материалаа өгөхдөө эх хувь – 1, хуулбар хувь – 1, цахим хувь – 1 тус тус өгсөн” гэсэн үндэслэлээр маргажээ.

1. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3.6-д “... Комисс оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд оролцох санал хүлээн авах эцсийн хугацааг нэмэлт, өөрчлөлт оруулсан өдрөөс хойш ажлын арваас (10) доошгүй хоногоор сунгана. Ийнхүү хийгдсэн аливаа нэмэлт, өөрчлөлт нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн салшгүй хэсэг бөгөөд түүнийг оролцох санал гаргагчдад бичгээр нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаж байгаачлан оролцох санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт комисс нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд санал гаргагчдад (энэ тохиолдолд нэхэмжлэгчид) бичгээр нэгэн зэрэг мэдэгдсэн тохиолдолд урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсон гэж үзнэ. Энэ тохиолдолд уг үндэслэл бүрдсэн талаар бичгээр мэдэгдээгүй байна.

Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчийн утаснаас “уралдаант шалгаруулалтын материалд өөрчлөлт оруулсан” гэж ярьсан хэмээн маргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдоогүй. Тухайн өдөр хариуцагчийн утаснаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү болон оролцох санал гаргасан бусад этгээд рүү ярьсан талаарх бүртгэл байгаа боловч ярьсан зүйлийн талаар маргаантай, нэхэмжлэгч, хариуцагч талаас мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, ярианы агуулгыг тодорхойлох боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгох нөхцөл болохгүй.

Нэхэмжлэгч нь концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохоор санал гаргаж байгаагийн хувьд урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсон бол хариуцагч бичгээр мэдэгдэх үүрэг хүлээснийг, бичгээр мэдэгдээгүй тохиолдолд хариуцагчийг ийм шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул оролцох саналаа урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан агуулга, хэлбэрт нийцүүлж заасан хугацааны дотор гаргах талаар мэдэж байх үүрэгтэй.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3.8 болон 3.11-д оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг байхаар заасан бөгөөд хэрэгт авагдсан оролцогчдын ирүүлсэн саналын бүртгэлээс үзвэл нэхэмжлэгчийн саналыг “2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 15 минутад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс хүлээн авсан” гэж тэмдэглэсэн байх бөгөөд уг баримтыг гэрч Б.Б-ийн “... бичиг баримт хүлээж авахдаа 12 цаг гэж бичиж хүлээж авсан. Би 17 цагт саналаа хүлээлгэж өгсөн ... 15 цагаас өмнө хүлээж авах ёстой байсан. Санал авах хугацаа хойшлохгүй болсон учраас 15 цагаас өмнө хүлээж авсан гэж бичнэ гэсэн” гэх тайлбараар үгүйсгэх боломжгүй юм.

2. Давж заалдах гомдлын “иж бүрдэл дутуу байх гэх үндэслэлд “1 хуулбар хувь”  өгсөн гэх үндэслэл хамаарахгүй бөгөөд уг журмын 4.1.1 дэх хэсэгт заасан дарааллын дагуу ерөнхий шаардлага хангасан эсэхийг хянан үзэж ... ерөнхий шаардлага хангаагүй оролцогчийг урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүйд тооцохоор зохицуулсан. Ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлийг хариуцагчаас оролцогчдод олгосон Концесс олгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3.1.1-3.1.7 дахь хэсэгт нарийвчлан зохицуулсан, энэхүү үндэслэлд “1 хуулбар хувь” өгсөн гэх нөхцөл байдал хамаарахгүй” гэх үндэслэлийн тухайд:

Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Концесс олгох уралдаант шалгаруулалтын санал үнэлэх журмын 3.1-д “Комисс саналыг дараахь тохиолдолд үнэлэхээс татгалзах бөгөөд үнэлэхээс татгалзсан саналыг тэнцээгүйд тооцно”, 3.1.1-д “урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй, саналын иж бүрдэл бүрэн бус” гэж заажээ. 

Саналыг үнэлэхээс татгалзах үндэслэлд хамаарах энэхүү “иж бүрдэл бүрэн бус” гэх нөхцөлд агуулгын болон бүрдлийн шаардлага хамаарах бөгөөд Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын 3.1.1-3.1.7-д заасан ерөнхий шаардлага нь баримт бичгийн агуулгын хувьд иж бүрдэлд хамаарах ойлголт байна.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан хэлбэрийн бүрдлийг хангаагүй (дутуу бүрдүүлсэн), шаардлага хангаагүй байжээ. Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн 3.8-д заасан “урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ” гэх шаардлагад нийцээгүй баримт бичиг ирүүлсэн. Уг үндэслэлээр саналыг үнэлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн саналыг концесс олгох урьдчилсан шалгаруулалтад тэнцээгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр дээрх байдлаар үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул уг уралдаант шалгаруулалтын үргэлжлүүлэн явуулж гуравдагч этгээдийг шалгаруулан гэрээ байгуулах эрх олгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Концессын тухай хууль, холбогдох журмуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ