Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0589

 

2020 оны 10 сарын 22 өдөр           Дугаар 221/МА2020/0589                          Улаанбаатар хот

“К ...” ТББ-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Г.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “К ...” ТББ-ын гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.2.1-д заасныг тус тус баримтлан “К ...” ТББ-ын захирал Ц.Б-ээс гаргасан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль гэрээ тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж хэрэглээг түдгэлзүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл гомдол гаргагч “К ...” ТББ нь эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т заасан, зөвхөн хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан түдгэлзүүлэхээр заасан байхад үүнийг зөрчиж хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг тасалсан нь тогтоогдсон, үүнийг зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзлээ ...” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон гэх “С ...” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасан хэрэглэгч биш. Тиймээс анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн хуулийн этгээдийг хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/1768 тоот бичгээр гуравдагч этгээд “С ...” ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, программд бүртгэлгүй болох нь тогтоогддог.

“С ...” ХХК нь эрчим хүч худалдан авах эрхгүй, хэрэглэгч биш тул Эрчим хүчний тухай хуульд заасан эрх эдлэхгүй, нэхэмжлэгч тал ч гуравдагч этгээдийн өмнө мөн хуульд заасан үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шийтгэлийн хуудас гарах ёсгүй байсан.

Нөгөө талаас, “С ...” ХХК-ийн цахилгааныг таслуулсан гэж гомдоод байгаа хүмүүс 2017 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөөгүй, тэгсэн мөртлөө 3 жил гаруй хугацаанд ичихгүйгээр цахилгаан хэрэглэсэн. Энэ хүмүүсийн өмнөөс нэхэмжлэгч тал 70 сая гаруй төгрөгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлсөн, цаашид энэ маягаар явах боломжгүй болсон тул аргагүй эрхэнд эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гуравдагч этгээд “С ...” ХХК-аас ирүүлсэн тайлбарт “манай байгууллага болон түрээслэгч нар 2020 он хүртэл 33 гаруй сая төгрөгийг цахилгаанд төлсөн гэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд хандан гуравдагч этгээдийн цахилгааны төлбөрт төлсөн гэх 33 сая төгрөгийн баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Мөн хэрэгт ач холбогдол бүхий 75 тоот хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан боловч хэрэгсэж үзээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдогчийг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Ц.Г-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, мэдүүлэг авч байсан нь тогтоогдож байх тул холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч Б.Н нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа ноцтой зөрчиж байсан. Энэ талаар хяналт тавьж буй шат шатны прокурор, мөн анхан шатны шүүхэд хүсэлт гомдол гаргасан боловч хэрэгсэж үзээгүйд гомдолтой байна. Тухайлбал, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 11 цагаас үдэгдээгүй, дугаарлагдаагүй хариуцагч Б.Н-ын хэлснээр хэргийн материал гэх баримтуудтай танилцаад, тодорхой тайлбар бичээд гарын үсэг зурсан. Бусад ноцтой зөрчлийн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “К ...” ТББ-аас “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Н-ын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Д-д хуваарилжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 795 дугаар тогтоолоор уг хэргийг шүүгч Н.Д-ээс шүүгч У.Б-д шилжүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 554 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр У.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан байх боловч 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг шүүгч Н.Д шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-д заасны дагуу томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2, 121.3.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ