Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 637

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч С.О  хохирогч Ц.Г

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

Монгол Улсын иргэн, 1961 оны 6 дугаар сарын 25-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд  төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо 0 дүгээр хэсгийн 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧВ00000000/, Боржигон овогт Х-ийн Б-т холбогдох эрүүгийн 190300000000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.Б нь 2019 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 03 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Би Эс Би” дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн 78-01 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, явган зорчигч Ц.Гг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б: Өөрийн гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохиролыг баримтын хүрээнд төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г: Би энэ ослоос болж маш их хохирсон. Хохиролын зарим баримтаа аваагүй байгаа. Миний хохиролыг барагдуулчихвал гомдолгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн орчимд ганцаараа 10 дугаар хорооллоос алхаад хорооллын Өргөө кинотеатрын ард айлд очих гээд явж байсан. Тэгээд хорооллын Би Эс би худалдааны төв рүү замын урдаас хойшоо зам хөндлөн гараад явж байсан. Тэгээд бараг машины зогсоол хэсэг рүү гарчихсан явж байтал урдаас 1 дүгээр эгнээгээр явж байсан, зогсоол хэсэг рүү намайг такси барих гэж байна бодсон бололтой нөгөө хажуугийн эгнээнд явж байсан машинтайгаа уралдаж орж ирээд приус машин нь мөргөчихсөн. Тэгээд шоконд орчихсон байсан юу болсон талаар санахгүй байна. Хөл маань баруун өвдөгний доод хэсгээр хугарсан. Архи жоохон хэрэглэсэн байсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Д.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 02-нд Цайз захын орчимд тааралдсан. Ах нь Толгойтод айлаас хөнжил пүүгээ авах гэсэн юм. Ахдаа яваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би архи уучихсан байсан болохоор та машин аваад явчих гээд машинаа өгөөд явуулсан. Гомдол санал байхгүй...7801 УНВ дугаартай машин нь миний эзэмшлийнх байгаа юм. Тухайн осол болохоос өмнө манай ажлын газрын Отгонбаярын аав Буянхишиг нь орой 17 цагийн үед ирээд, надаас миний автомашиныг гуйж аваад юманд яваад ирье гэж хэлээд машиныг маань аваад явсан. /хх-ийн 34, 38/ гэх мэдүүлэг,

 

Х.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд манай  нутгийн дүү  Сүхбаатараас очиж Тоёота приус маркийн 7801 УНВ улсын дугаартай машиныг нь авч  явсан. Тэгээд ажлаа амжуулаад орой нь нөгөө машинаараа таксинд явж байгаад шөнө 01 цагийн орчимд Өргөө кинотеатр өнгөрөөд зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд урд явж байсан Соната- 6 маркийн машин гэнэт тоормоз гишгэхээр нь би баруун тийш дараад зогсоол хэсэг рүү ороход урд нүх таарсан, тоормоз гишгэтэл гэнэт хүн баруун талын  дээд талын шилэн дээр ирээд унасан. Тэгээд би машинаас буутал нэг залуу машинд мөргөгдөөд машины баруун талд газар унасан байсан. 38-40 км цагийн хурдтай явж байсан...би жолооны үнэмлэхгүй машин барьж явсан миний буруу байсан. Мөн 1 дүгээр эгнээнд явж байхад урд машин байхаар нь баруун зогсоол тал руу дарж урдаа байгаа аюул саад хүн байсныг анхаарч чадаагүй. Мөн тэр хүнийг мөргөхөөсөө өмнө зогсоох арга хэмжээ авч чадаагүй. /хх-ийн 40, 50/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5473 дугаартай “Ц.Ггийн биед баруун шилбэний шаант ясны дээд булууны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун тохойнд зулгаралт, шарх, баруун даланд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэсэн дүгнэлт /хх-ийн 43/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  тогтоосон байдал /хх-ийн 7/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 17/

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 72-81/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 24-30, 87-90/

78-01 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-хийн 36/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ болон зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Б 2019 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд  шилжих шөнийн 03 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хороо Би Эс Би дэлгүүрийн урд замд Б.Сүхбаатарын эзэмшлийн Тоёота Приус маркийн 78-01 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж, явган зорчигч Ц.Гг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

хохирогч Ц.Ггийн“...зогсоол хэсэг рүү намайг такси барих гэж байна бодсон бололтой нөгөө хажуугийн эгнээнд явж байсан машинтайгаа уралдаж орж ирээд приус машин нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Д.Сүхбаатарын: “...би архи уучихсан байсан болхоор та машин аваад явчих гээд машинаа өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг болон

шинжээчийн 5473 дугаартай дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, хохиролын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар Х.Бийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би баруун тийш дараад зогсоол хэсэг рүү ороход урд нүх таарсан, тоормоз гишгэтэл гэнэт хүн баруун талын  дээд талын шилэн дээр ирээд унасан...” /хх-ийн 40/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Х.Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Гг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Х.Бийн дээрхи үйлдлийн улмаас Ц.Ггийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч Х.Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын хувьд хохирогч Ц.Ггийн эмчилгээнд зарцуулагдсан нотлох баримтын шаардлага хангасан 320.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Х.Б төлж барагдуулсан  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г цаашид гарах эмчилгээтэй холбогдох  болон бусад зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Х.Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  Х.Бт торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг  хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Х-гийн Б-гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Бт мэдэгдсүгэй.

 

  1. Хохирогч Ц.Г цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  Х.Бээс жич  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д