Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1025

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Х.Б-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б-т холбогдох эрүүгийн 1903004730242 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Х.Б-, 19.. оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт............................ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 03 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Би Эс Би” дэлгүүрийн урд замд “Тоёота Приус” маркийн 78-01 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Х.Б-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Ц.Г- цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Х.Б- нь миний хохирлын 691.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлөөд “үлдэгдэл 491.000 төгрөгийг 3 сарын хугацаанд 160.000 төгрөгөөр төлж дуусгана, ямар нэгэн асуудал байхгүй, бололцоо нь ийм байна, гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэж гуйхаар нь итгэсэн. Тэгж тохиролцсон ч анхан шатны шүүхээс нотлох баримтгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Х.Б- нь утсаа авахгүй, холбогдохгүй байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд 320.000 төгрөг өгч байсан. Эмчилгээний төлбөрийн 491.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр гаргуулж авмаар байна. Түүнд оногдуулсан торгох ял нь хөнгөдсөн тул энэ талаар дахин хянаж үзнэ үү. Би баруун шилбэний шаант ясны дээд булууны далд хугарлын улмаас хагалгаанд орсон. 10 дугаар сард дахин хадаасаа авахуулж хагалгаанд орох болсон. Миний хамар зөөлөн эдийн гэмтэлтэй, үүдэн шүд дундуураа гэмтэлтэй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй ч зураг, эмнэлгийн бичиг, нотлох баримт байхад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан. Миний шүд, хамрын зөөлөн эдийн гэмтлийн улмаас хохирсон эмчилгээний төлбөрөө гаргуулах хүсэлттэй байна. ...” гэжээ.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийтгэх тогтоол гарсан. Мөн хохирогч Ц.Г-д цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр баримт дутуу байсан учраас өмнө нь төлөгдсөн 320.000 төгрөг болон эмчилгээний баримтыг үзээд 191.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Давж заалдах шатны шүүх Х.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Х.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 03 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Би Эс Би” дэлгүүрийн урд замд “Тоёота Приус” маркийн 78-01 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээж мэдүүлсэн “... би баруун тииш дараад зогсоол хэсэг рүү ороход урд нүх таарсан, тоормоз гишгэтэл гэнэт хүн баруун дээд талын шилэн дээр ирээд унасан. Тэгээд би машинаас буутал нэг залуу машинд мөргөгдөөд машины баруун талд газар унасан байсан. ... би жолооны үнэмлэхгүй машин барьж явсан, миний буруу байсан. Мөн 1 дүгээр эгнээнд явж байхад урд машин байхаар нь баруун зогсоол тал руу дарж урдаа байгаа аюул саад хүн байсныг анхаарч чадаагүй. Мөн тэр хүнийг мөргөхөөсөө өмнө зогсоох арга хэмжээ авч чадаагүй.” /хх-40/,

 

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Сүхбаатарын “... Осол болохоос өмнө манай ажлын газрын Отгонбаярын аав Буянхишиг нь орой 17 цагийн үед ирээд надаас миний автомашиныг гуйж аваад юманд яваад ирье гэж хэлээд машиныг маань аваад явсан.” /хх-38/,

хохирогч Ц.Г-гийн “... хорооллын “BSB” худалдааны төв рүү замын урдаас хойшоо зам хөндлөн гараад явж байсан. Тэгээд бараг машины зогсоол хэсэг рүү намайг такси барих гэж байна гэж бодсон бололтой нөгөө хажуугийн эгнээнд явж байсан машинтайгаа уралдаж орж ирээд “Toyota Prius” машин нь мөргөчихсөн. Тэгээд шоконд орчихсон байсан, юу болсон талаар санахгүй байна. ...” /хх-21х/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5473 дугаартай “... Ц.Г-гийн биед баруун шилбэний шаант ясны дээд булууны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-43/,


            гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-13/,

осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8/,

зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ

Шүүгдэгч Х.Б-ийн авто машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Ц.Г- “...Торгох ял хөнгөдсөн. ... Анхан шатны шүүх хохирлыг бүрэн шийдвэрлээгүй. Үлдэгдэл 491.000 төгрөгийг шүүгдэгч Х.Б-ээс гаргуулж авах хүсэлттэй байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус  заасан байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна гэж үзэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримт, хохирлын баримтуудаас үзэхэд хохирогчийн нэхэмжилж буй 491.000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүгдэгч Х.Б- нь баримтаар нэхэмжилсэн 320.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байна. 

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Ц.Г-гийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул хохирогчийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин “шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Б-т мэдэгдсүгэй” гэж заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн зохих хэсгийг баримтлаагүй нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зэргийг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно. ...” гэж хуульчилсан байх ба Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Албан тушаалын эсрэг гэмт хэрэг зэрэг зарим тодорхой төрлийн гэмт хэрэг дээр эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулж байх талаар цаашид анхаарч ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Б-т мэдэгдсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Ц.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР          

 

                                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ