Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 719

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Б овогт Б-ийн С-д холбогдох эрүүгийн 19100 1181 0524 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/, хохирогч Х.О, шүүгдэгч Б.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххххх тоотод оршин суудаг, ам бүл 1, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 8 сарын 08-ны дрийн 269 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн С /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 5 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүгийн 5 дугаар хороо, Яармагийн 14 дүгээр гудамжинд согтуугаар иргэн Х.О-гийн 275.200 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2018 оны 5 сарын 04-ний өдөр Ч ахын хамт Яармагийн 12 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” нэртэй дэлгүүрээс архи аваад гарч байтал О эгч Сүх-Очир гэдэг ахыг сугадаад гараад ирсэн. Тэгээд О эгч “эгч нь ангийнхантайгаа жаахан архи ууж байгаад ирлээ, хамт архи ууя” гээд дэлгүүрээс 0.5 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи аваад гараад ирсэн. Тэгээд “тухайн архинаас архи уухгүй, эгчийгээ автобусны буудал дээрээс таксинд суулгаад өгөөрэй” гэсэн. Тухайн үед Ч, О эгч хоёр согтуу байсан болохоор сугадаад явахад давхаралдаж уначих гээд байхаар нь Яармагийн 14 дүгээр гудамжны дэлгүүрийн үүдэнд суулгаад үлдээсэн. Би хохирогчийг сугадаад явж байхдаа гинжийг нь авсан.

Хохирогчийн хүзүүний гинж ноосон цамцанд нь тээгэлдээд мөр дээр нь унжсан байхад нь хүзүүний гинжийг нь авсан. Хохирогч хэрэг гарах үед согтуу байсан, хохирогчийн гинжийг авч байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, мэдээгүй.

Хэрэг гардаг өдөр би эхлээд 1 шил архи, дараа нь 2 шил архи уусан. Гэхдээ би болсон асуудлыг мэдэх хэмжээний согтолттой байсан. Тэгээд би хохирогчийн эд зүйлийг ломбарданд тавьж мөнгөөр нь архи авч уусан. Одоо хохирогчид хохирол төлбөрийг нь бүрэн буюу 275.000 төгрөг төлсөн байгаа. Би хохирогчийн эд зүйлийг булааж аваагүй, хулгайлсан.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Х.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2019 оны 5 сарын 04-ний өдөр манай сургуулийн төгсөлтийн баяр болж 41 дүгээр сургуулийн төгсөлтийн баярын нээлтийн ажиллагаанд оролцсон. Би С, Ч хоёртой Яармагийн 14 дүгээр гудамжинд тааралдсан. Би дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.75 граммын савалгаатай архи аваад, тухайн архиа Ч, С нартай хамт уусан. С хашааны өнцөг дээр сууж байсан.

Би сургуулийн үйл ажиллагаан дээр бага зэрэг архи уусан байсан тул хэрэг гарах үед согтолттой байсан ч болсон асуудлыг тодорхой санаж байна. Яармагийн 14 дүгээр гудамжнаас хойш явж байхад намайг түлхэж унагаад, миний ядам хурууны бөгжийг авах гэж оролдсон. Миний бөгж бариу байсан болохоор бөгжийг маань авч чадаагүй. Тэгтэл С миний хүзүүний гинжийг авах гэхэд миний хүзүүний гинж тасарсан тул гинжийг маань аваад явсан. Би гудамжны өнцөг дээр хэсэг сууж байгаад, “урагш явдаг юм билүү” гэж бодож байгаад урагшаа явсан. Надтай нэг хүн тааралдахаар нь би “Сэрдамбын гэр хаана байдаг юм бол” гэж асуутал 4 дүгээр гудамжинд байдаг гэхээр нь гудамжны өнцөг дээр байж байхад С гараад ирсэн.

Би “С аа” гэтэл С цааш гүйгээд явсан. Тэгээд би 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цагдагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Биднийг нүүрэлдүүлэн байцаалт авч байхад С “би таны хүзүүний гинжийг аваагүй, намайг гүтгэж байна, та ч гэсэн архичин” гэж хэлж доромжилсон. Би байцаагчийг “ир” гэсэн үед нь очиж мэдүүлэг өгдөг байсан. Сарнай гэдэг байцаагч ломбарднаас гар утсыг маань авчирч өгсөн. С миний хүзүүний гинжийг таслаж авахад би “өгөхгүй” гэж эсэргүүцсэн боловч С миний гинжийг авад явсан. Тухайн үед би гинжээ өгөхгүй гэж нилээн ноцолдсон, миний хамарнаас цус гарсан, өмсөж явсан куртикны хормой цус болсон байсан. С нь тэр өдөр намайг ноосон цамцтай явж байсан, гинж нь тасраад цамцан дээр нь унасан байсныг сэм авсан гэж худлаа ярьж байна. Тийм зүйл болоогүй, би тухайн үед цайвар шаргал өнгийн нимгэн зуны куртка өмссөн байсан.

Стай хамт явж байсан Ч нь хажууд хараад байж байсан боловч надад халдаагүй, С намайг түлхэж унагаад миний эд зүйлийг авсан. Хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1181 0524 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.О-гийн хохирогчоор өгсөн:

“...Би хххх тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 5 сарын 04-ний өдөр сурч байсан сургууль болох 41 дүгээр сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан манай ангийн хүүхдүүд уулзацгаасан юм. Тэгээд уулзалтан дээрээ бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гэр лүүгээ ганцаараа алхаад явж байгаад Яармагийн 14 дүгээр гудамжны үзүүрт байдаг хүнсний дэлгүүр ороод, 0.5 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи 1 шил худалдаж аваад гарч ирэхэд гадаа зүс таних 2 эрэгтэй хүн зогсож байсан.

Тэгээд уг 2 эрэгтэйтэй хамт авсан архиа уучихаад явах гэхэд өөрийгөө Сергео гэх эрэгтэй нь миний хүзүүнд байсан 3.2 граммын зуйван хээтэй юм шиг хэлбэртэй монетон гинжийг таслаад аваад явсан. Өөрийгөө Чука гэх эрэгтэй нь хажууд нь хамт яваад байсан.  Би гинжээ өгөхгүй гэж нилээн зууралдсан. 

Сергеог нь С гэдэг байсан, Чукаг нь мэдэхгүй байна. Урьд нь Яармагаар архи уугаад явж байхад нь харж байсан, зүс таньдаг юм. Надаас эд зүйл өгөхийг шаардаагүй, хамт архи ууж байгаад салаад явах гэхэд миний хүзүүнд байсан гинжийг Сергео шууд тасдаад авчихсан. Намайг зодож цохисон асуудал байхгүй, би гинжээ өгөхгүй гэж зууралдахдаа газарт унаад зүүн хөлөө гэмтээсэн юм шиг байна. Миний гинжийг авахдаа миний зүүн гарын ядам хуруунд байсан монетон бөгжийг авах гээд хуруунаас татаад, бөгж сугараагүй болохоор яваад өгсөн.

...Намайг цохиогүй ээ. Би өргөдөл өгөхдөө түлхэж унагаасныг цохиж унагаасан гэж андуураад буруу бичсэн байсан. Яг болсон асуудал вэ гэхээр намайг огт цохиогүй, араас түлхэж унагаагаад, би өвдөглөөд унасан. Дараа нь газарт унасны дараа С миний дээрээс дарж байгаад гинжийг татаад авчихсан. ...Чука гэдэг нь сүүлд бүтэн нэрийг нь сонссоноор Ч байсан.

Ч миний гарыг барьсан эсэхийг одоо яг үнэнийг хэлэхэд сайн санахгүй байна. Намайг гартаа байгаа бөгжөө өгөхгүй гээд эсэргүүцэл үзүүлж байхад миний нэг гарыг чанга атгаад тавихгүй байсан болохоор Ч л барьж байсан байх гэж бодоод өмнө нь тэгж мэдүүлсэн юм. Яг үнэндээ тэр барьж байсан эсэхийг би өөрийн нүдээр хараагүй болохоор шууд хэлж мэдэхгүй байна.

...Би сургууль дээр ямар нэгэн архи дарс уугаагүй. С, Ч хоёртой л хоёр шил архи хувааж уугаад, нилээн согтсон. Гэхдээ ухаанаа алдатлаа согтоогүй. Би 2019 оны 02 сард Мөнгөнзавъяа дэлгүүрээс 3.2 грамм сорьцтой монетон зүүлтээ 320.000 төгрөгөөр авсан, одоо тэр үнээр нь үнэлнэ.

Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би өвдгөндөө шарлага хийлгэж байгаа, мөн үрэвслийн эсрэг эм ууж байгаа. Эмчилгээнд 20.000 орчим төгрөгийн зардал гарсан байх, тэрийг нэхэмжлэхгүй ээ, гинжээ олоод авбал боллоо. Мөн үнэлгээний тайлантай танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Сас 275.200 төгрөгийг эсвэл гинжээ нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07х, 08-09х, 36х/

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Чын гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 5 сарын 04-ний орой С ахтай гудамжинд таараад, хоёулаа “Их монгол” нэртэй 1 шил архи хувааж уугаад байж байхад манай тэр хавьд гэр нь байдаг зүс таних Оюунаа эгч дэлгүүрээс гараад ирсэн. Уулзаад юм яриад зогсож байхад “сургуулийн ойн арга хэмжээнд оролцоод явж байна” гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа нэг шил архи уухаар болоод 0.5 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи авч уучихаад би яваад өгсөн.

Алхаад явж байхад араас С гүйгээд ирэхээр нь “яасан бэ” гэхэд “зүгээр ийшээ явъя” гээд дагуулаад явсан. Би ямар ч зорилгогүй нилээн согтолттой явж байсан болохоор дагаад л явсан. Замд тэр хавьд гэр нь байдаг Есөнтамир тааралдсан. Есөнтамир дагаад явсан бөгөөд яагаад дагаж явсныг нь ёстой мэдэхгүй байна. Стай л уулзаад байсан.

Тэгсэн чинь Яармагийн эцэс дээр байдаг нэг ломбард руу яваад орчихоор нь би араас нь дагаад орсон. Ямар нэртэй ломбард байсныг мэдэхгүй байна. Би яг үнэнээ л хэлж байна, огт худал хэлээгүй. Би согтсон байсан болохоор дагаад л яваад байсан.

Ломбарданд Есөнтамир бичиг баримтаараа нэг юм тавиад байсан, юу тавьсаныг нь мэдэхгүй байна. Гурвуулаа гараад хоёр шил архи авч уугаад салаад явцгаасан. Хэдэн төгрөгөөр тавьсан эсэхийг нь мэдэхгүй, надад тэр талаар юм хэлээгүй, би асуугаагүй. Надад тэгж сонирхож асуугаад байх тэнхээ ч байгаагүй.

Сүүлд нь сонсоход С Оюунаа эгчийн гинжийг нь авсан гэсэн. С “чи хамт байсан биз дээ” гээд байсан. Би хамт архи уусан нь үнэн, харин тэр гинж авахад нь би аль хэдийн явчихсан байсан, намайг явсан байсныг Оюунаа эгч хэлээд өгөх байлгүй дээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Есөнтөмөрийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 5 сарын 04-ний орой 20 цагийн үед ажлаа тараад яг гэртээ орох гээд гудамжинд алхаад явж байсан чинь манай тэр хавьд гэр нь байдаг Ч ах, С ах хоёр надтай таарсан. Уулзаад мэндлээд, юм яриад зогсож байхад С ах “бичиг баримт чинь байна уу” гэхээр нь “байна” гэсэн чинь “ахад нь зүүлт байгаа, ломбарданд тавиад өгөөч, бид хоёр бичиг баримтгүй байна” гэхээр нь “за” гээд гурвуулаа хамт алхаад Яармагийн эцсийн автобусны буудал дээр байдаг “Сайн” нэртэй ломбарданд 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгэхэд С ах надад 10.000 төгрөг өгөөд, үлдсэн мөнгөө өөрөө авсан. Ч ахад мөнгө өгөөгүй, тэр гинж угаасаа С ахад байсан ба миний гинж л гээд байсан. Тэгээд гурвуулаа хоёр шил архи хувааж уугаад салаад явсан.

С ах гинжээ хаанаас авсан эсэх тухай надад юу ч яриагүй, би ч асуугаагүй, өөрийнх нь гинж юм байх гэж бодсон. Яармагийн улсууд бид нар хааяа нэгэндээ бичиг баримтаараа ломбарданд юмыг нь барьцаанд тавих бол энүүхэнд л байдаг асуудал юм. Харин тэр хоёрын өөр хүнтэй хамт архи уугаад гинж авсан гэдэг асуудлыг бүүр сүүлд мэдсэн.

С ах “чамайг цагдаагаас дуудаад байна” гэхээр нь “яасан юм” гэхэд “дээр чиний бичиг баримтаар барьцаанд тавиулсан гинжийг би хүүхнээс авчихсан байсан, нөгөө эмэгтэй цагдаад өргөдөл өгчихсөн байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гантөмөрийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би Тайгын булаг трейд компанид хуулийн зөвлөхөөр 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай компани “Сайн” ломбард нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2019 оны 5 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн хуучин эцэс гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” ломбарданд Өсөхбаяр овогтой Есөнтөмөр нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж 1.3 граммтай, 585 сорьцтой, Турк улсад үйлдвэрлэгдсэн, тасарсан монетон гинжийг барьцаалж 70.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан.

Зээл авснаас хойш зээлийн хүү огт төлөгдөөгүй. 069050173 тоот Барьцаат зээлийн гэрээнд бүртгүүлсэн 99300336 утасны дугаарт зээл төлөх талаар мэдэгдсэн мессеж явуулсан. Гэтэл ямар ч сунгалт хийгдээгүй, мөнгө төлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн.

Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 7 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг гэх хүний Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоолын дагуу дээрх зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан. Иймээс манай компанийн зүгээс гомдолтой байна, нэхэмжлэх зүйлийн талаар гэвэл үндсэн зээл 70.000 төгрөг, түүн дээр хүү 11.460 төгрөг нэмэгдэж, нийт 81.460 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг манай байгууллагатай зээлийн гэрээ хийсэн Ө.Есөнтөмөр гэх хүнээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 54х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 6181 дугаартай:

1. Х.О-н биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

 

6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 сарын 17-ны өдрийн ХУ2-19-299 дугаартай:

“...3.2 грамм монетон гинж нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 сарын 04-ний өдрийн байдлаар 275.200 /хоёр зуун далан таван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Х.Огийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 18-19х/,

 

7. Эд зүйл түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 40-41х/,

8. “Тайгын булаг” ХХК-иас Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан “...Манай компанийн нэхэмжилсэн 81.500 төгрөгийг Б.С нь бүрэн төлж барагдуулсан... “ гэх 2019 оны 8 сарын 14-ний өдрийн 19/1-083 дугаартай албан бичиг /хэргийн 88х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.С-ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 5 сарын эхээр ХанУул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 14 дүгээр гудамжны үзүүрт байдаг Төгөлдөр дэлгүүрийн үүдэнд Есөнтөмөр, Ч ах нарын хамт архи уугаад байж байхад Оюунаа эгч халамцуу ирсэн. Бид нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байгаад би Оюунаа эгчийг газарт сууж байхад нь татаж босгох үедээ хүзүүнд нь зүүлттэй байсан шаргал өнгийн монетон гинжийг татаад, таслаад авсан.

Тэгээд Оюунаа эгч гинжийг өг гэхэд нь би мэдэхгүй гэж хэлээд, авч яваад Яармагийн эцсийн “Сайн” ломбард нэртэй газарт 70.000 төгрөгөөр Есөнтөмөрийн бичиг баримтаар тавьсан. Мөнгөөр нь би, Есөнтөмөр, Ч ах нартай хамт архи авч уусан, мөн идэх юм авч идсэн. Тухайн үед бид бүгд согтуу байсан. Огийн бөгжийг авахаар гараас нь хэн татсаныг би мэдэхгүй, би зөвхөн гинжийг нь авсан. ...Би дээрмийн хэрэг хийе гэж бодоогүй, зүгээр архиныхаа халуунд гинжийг нь авч ломбарданд тавьж дахин архи ууя гэж бодсон. Өөр санаа байгаагүй.

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгаа Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би тэр хүнд хүч хэрэглээгүй, түлхэж унагаагүй. Дээрэмдэж авсанаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ түлхэж унагаад гар хөлнөөс нь татаад юм хумыг нь тасдсан зүйл болоогүй дээ. Би нилээн согтуу байсан ч болсон юмаа мэдэж л байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, хэргээ хурдан шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х, 109х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 8 сарын 08-ны дрийн 269 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 45-46х, 47-48х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 100х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.С нь согтуурсан үедээ 2019 оны 05 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 14 дүгээр гудамжид иргэн Х.Ог түлхэж унаган, түүний зүүж явсан монетон гинжийг хүч хэрэглэн авч, улмаар өөр бусдын нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт 70.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Х.Огийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 07х, 08-09х, 36х/,  гэрч П.Ч /хэргийн 13х/, Ө.Есөнтөмөр /хэргийн 14х/ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөрийн мэдүүлэг /хэргийн 54х/,

-  “Х.О-н биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”  гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 6181 дугаартай дүгнэлт /хэргийн 16х/,

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 сарын 17-ны өдрийн ХУ2-19-299 дугаартай:

“...3.2 грамм монетон гинж нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 сарын 04-ний өдрийн байдлаар 275.200 /хоёр зуун далан таван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Х.Огийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 18-19х/,

- эд зүйл түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 40-41х/,

- “Тайгын булаг” ХХК-иас Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан “...Манай компанийн нэхэмжилсэн 81.500 төгрөгийг Б.С нь бүрэн төлж барагдуулсан... “ гэх 2019 оны 8 сарын 14-ний өдрийн 19/1-083 дугаартай албан бичиг /хэргийн 88х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон ба мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авах, эсхүл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн хэлбэрийн /диспозици/ хоёр өөр шинжийг тодорхойлсон.

 

Гэмт этгээд бусдын эд юмсыг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж эзэмдэн авах гэсэн шунахай зорилго агуулж, өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс дээрмийн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Шүүгдэгч нь тухай хэрэг гарах үед хохирогч Х.О, хэрэгт гэрчээр асуугдсан П.Ч нарын хамт архидан согтуурч, улмаар үргэлжүүлэн архи уух гэсэн хүслээ гүйцэлдүүлэх шунахай зорилго агуулан, хамт архи ууж байсан Х.Огийн согтуурсан байдлыг далимдуулан түүнийг явж байхад нь түлхэн унагахад тэрээр өвдгөөрөө газарт сөхөрч унасан, улмаар унасан байхад нь хүзүүнд нь зүүлттэй байсан монетон гинжийг таслан авч, Яармаг дахь “Сайн” нэртэй ломбардад гэрч Ө.Есөнтөмөрийн бичиг баримтаар барьцаанд тавьж, 70.000 төгрөг авч, түүгээрээ архи авч үргэлжлүүлэн архидан согтуурсан үйл баримт нотлогдсон байна. 

 

 Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Огийн “...би алхаад явж байсан чинь С араас ирээд намайг түлхэхээр нь би хашаа налаад өвдөглөөд суусан, зүүн талын өвдөг сүүлд хавдчихсан байсан. С миний хүзүүний зүүлтийг татаад таслаад авсан, тэгснээ зүүн гар талын ядам хуруунд зүүсэн байсан шаргал өнгөтэй монетон бөгжийг авах гээд гээд татаж, чангааж байгаад бөгж тайлагдахгүй болохоор авч чадаагүй. ...гэртээ очоод хөл өвдөөд босч чадахгүй хэд хонож байгаад 2019 оны 05 сарын 04-ний өдөр болсон асуудлыг 05 дугаар сарын 08-ны өдөр цагдаа дээр өргөдөл өгсөн” хэмээн өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байхаас гадна “Х.Огийн биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон” талаархи шинжээчийн дүгнэлт баримтыг шууд үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.С-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Од 275.000 төгрөг эд хөрөнгийн хохирол учирсан нь “...3.2 грамм монетон гинж нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 сарын 04-ний өдрийн байдлаар 275.200 /хоёр зуун далан таван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 сарын 17-ны өдрийн ХУ2-19-299 дугаартай үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 18-19х/ баримтаар тогтоогдсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.С хохирогч Х.О болон иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг” ХХК-д учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан нь:

- эд зүйл түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт /хэргийн 40-41х/,

- “Тайгын булаг” ХХК-иас Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан “...Манай компанийн нэхэмжилсэн 81.500 төгрөгийг Б.С нь бүрэн төлж барагдуулсан... “ гэх 2019 оны 8 сарын 14-ний өдрийн 19/1-083 дугаартай албан бичиг /хэргийн 88х/,

- хохирол барагдуулсан баримт /хэргийн 138х/, хохирогч Х.Огийн “...Хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэх шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.С-ын хувьд  эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.  

 

Энэ хэргийн шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, шийтгэх тогтоол баримтууд /хэргийн 45-48х/ авагдсан хэдий ч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул түүнийг анх удаа удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.      

 

Шүүх, шүүгдэгч Б.С-ыг хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг  оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.С-ын 2019 оны 10 сарын 22-ны өдрөөс энэ өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 99х, 121х/  

 

Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоол дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

   1. Б овогт Б-ийн С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С-ыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ын цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.С-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.О нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД