| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2016/00131/И |
| Дугаар | 207/ма2016/00178 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 207/ма2016/00178
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1206 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******холбогдох
“1 өрөө байр гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь өөрийн өмч болох *******тоот 3 өрөө орон сууцаа 2005-08-12-ны өдөр өөрийн төрсөн ах *******бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Уг байрыг ах маань аваад надад боломжтой үедээ 1 өрөө байр авч өгөхөөр тохирч авсан юм. Уг бэлэглэлийн гэрээг миний бие зөвхөн ахдаа бэлэглэсэн болохоос түүний эхнэр хүүхдэд өгөөгүй юм. Гэтэл ах маань 2012-09-20-ны өдөр гэнэт нас барсан. Нэгэнт ах маань өнгөрсөн болохоор миний бие ясыг өндөлзүүлээд яахав гэж бодоод 1 өрөө байрны асуудлыг авгайтай нь яриагүй өнгөрсөн. Уг нь энэ 1 өрөө байрны асуудлыг авгай нь сайн мэдэж байгаа бөгөөд миний 3 өрөө байрыг зараад 2 өрөө болгож надад 1 өрөө байр авч өгнө гэж энэ хүн өөрөө ярьдаг байсан. Ингээд ах өнгөрсөнөөс хойш миний бие саяханаас нутгийн ард олноос яриа сонстол ахыг маань эхнэр ******* нь байнга зодож дарамталдаг байсан талаар сонслоо. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж байраа өөрийн нэр дээр авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Маргаж байгаа зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Орхон аймагт байгаа тул уг маргааныг 16-1-д заасан онцгой харьяаллын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:
Ахдаа байр бэлэглэж оронд нь боломжтой үедээ нэг өрөө байр авч өгнө гэж тохирч байсан ба энэ яриаг хийхэд эхнэр ******* нь хамт байж тэгэлгүй яахав гэж дэмжиж байсан. Нэгэнт ийм яриатайгаар би эдэнд 3 өрөө байраа бэлэглэсэн тул тохирсон дагуу нэг өрөө байр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Тэгээд ч энэ талаар хариуцагч ******* миний гаргасан нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар дээр үгүйсгэсэн зүйл огт дурьдаагүй байна. Миний бие нь одоо 2 оюутан охинтой сургалтын төлбөрт л гэхэд 6 сая төгрөг төлдөг дээр нь байр хоол гээд маш өндөр зардалтай, ганцаараа ажиллаад дийлэхгүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагаа өөрчилж *******аас нэг өрөө байр гаргуулан авахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэгч ******* нь миний талийгаач нөхөр *******төрсөн дүү бөгөөд 2005 онд санхүүгийн хүнд байдалд орсон, *******-руу эхнэрийн хамт явж ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу 7 500 000 төгрөгөөр миний нөхөр бид хоёрт энэхүү байрыг худалдсан. Тэгэхдээ худалдагч тал нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээгээр таны нэр дээр шилжүүлье гэснийг миний нөхөр зөвшөөрсөн. ******* нь миний нөхрийн төрсөн дүү учраас бид тухайн үед ялангуяа миний нөхөр 7 500 000 төгрөгийг баримт үйлдэлгүйгээр мөнгө өгч бэлэглэлийн гэрээ хийсэн. ******* биднээс мөнгө аваад 2005 оны сүүлээр гэр бүлийн хүний хамт *******-д ажиллахаар яваад 2007 оны хавар эргэж ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байгаагүй тул бид байр худалдаж авахаар малаа зарж борлуулсныг гэрчлэх хүмүүс бий. Бид энэ байрыг худалдаж авснаас хойш 10 жил өнгөрсөн байна.
2. Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлүүдэд ий зохицуулалт байгаа бөгөөд 280 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан байна. Тухайлбал хуулийн 280.1.1 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2 бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохийг завдсан. Эдгээр заалтаас харахад миний нөхөр хэзээ ч төрсөн дүүдээ дээрх муухай үйлдлүүдийг хийж гомдоож байгаагүй, бэлэг хүлээн авсан тал гэж үзээд байгаа /үнэндээ бол худалдан авсан/ тал болох миний нөхөр нас барсан. Нас барснаас нь хойш 3 жилийн дараа энэ нэхэмжлэлийг гаргасан байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч ******* улс руу ажиллахаар явахдаа ахдаа байраа үлдээгээд явсан байдаг, яагаад байраа зүгээр үлдээгээд яваагүй юм вэ? яагаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм вэ? үнэхээр нэхэмжлэгчийн хөрөнгө юм бол шилжүүлэх шаардлагагүйгээр үлдээж болох байсан. Гэтэл ахдаа бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхэд нь шилжүүлээд явсан байна. О.*******аас нэг өрөө байр гаргуулах үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Ямар баримтаар энэ хүнээс нэг өрөө байр нэхээд байгаа юм бэ. Зүгээр аман яриагаар гэр бүлийн таарамжгүй байсан асуудал дээр дөрөөлөөд цаашлаад өш хонзонгийн сэдлээр ч юм уу, хор шараар ч юм уу хэрэг үүсгээд аль аль талдаа төвөгтэй байдал үүсгээд яваад байгаа юм болов уу гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1206 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******гийн 1 өрөө байр гаргуулах тухай хариуцагч О.*******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 200 төгрөгийг төрийн санд үлдээж,
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 929 тоот шүүгчийн захирамжийг энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурьдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдсан гомдолдоо: Миний бие нь эхээс хоёулхнаа бөгөөд 2005 онд гэр бүлээрээ ******* улсруу явах болж, өөрийн 3 өрөө байраа төрсөн ганц ах *******ад өгч, ах маань намайг эргэж ирсэн үед маань надад 1 өрөө байр авч өгөхөөр тохирч Бэлэглэлийн гэрээ байгуулан ахыгаа байрны өмчлөгч болгоод явсан. 2007 онд ээжийн маань бие муудаж би ******* улсаас дуудагдан ирж ээж маань нас барсан бөгөөд эргэж явах гэтэл 2 хүүхэд маань харах хүнгүй тул явж чадаагүй. Эхнэр маань *******т үлдээд одоо хүртэл ирээгүй гэр бүл салсан юм.
Ах ******* маань надад байнга 1 өрөө байрыг нь авч өгөх юмсан гэж ярьдаг байсан бөгөөд би ахыгаа өрөвдөөд яаруулж байгаагүй юм. Ах маань 2012 онд хэдэн малаа зараад байрыг чинь аваад өгье гэхээр нь за яахав ах минь хэдэн малаа хэсэг өсгөөдөхдөө тэгээд болно биздээ гэж бид 2 ярилцдаг байсан. Гэтэл ах минь нас барахаасаа 7 хоногийн өмнө манайд ирж хоноход нь хартал гар хөл гэдэс хэвлийдээ хөх няц болсон байхаар нь асуутал мотоциклоос унасан, гэдэсрүүгээ хонинд мөргүүлсэн гэж хэлсэн. Гэтэл нас барсаных нь дараа нутгийн ах дүүс надад ахыг чинь эхнэр ******* маш их зодож нүдэж дарамтанд байлгадаг байсан талаар хэлсэн. Энэ талаар цагдаад хандсан боловч үр дүн олоогүй.
Ингээд Бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулж, байраа авах нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх явцад миний бэлэглэлийн гэрээгээр ахдаа өгсөн байр маань *******ын нэр дээр болсныг олж мэдсэн. Би уг нь байрыг зөвхөн ахдаа бэлэглэсэн байхад яагаад *******ын нэр орсон байгааг гайхаж Захиргааны хэргийн шүүхэд өгсөн боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул Улсын бүртгэлийн албанд хандаж гомдол гаргасан боловч шийдэж өгөөгүй. Ингээд нэгэнт 1 өрөө байр буцаан авах нөхцөлтэйгөөр ахдаа байраа өгсөн асуудлыг ******* мэдэж байгаа, тэгээд ч миний байрны өмчлөгч ******* болсон учир түүнээс 1 өрөө байр гаргуулахаарр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. ******* өөрөө шүүх хүралд ордоггүй бөгөөд бидний энэ яриа тохиролцоог огт мэдэхгүй, хүнийг өөрийхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж түүнд худал үг зааж өгч ийм асуудал болоогүй гэж хэлүүлж өөрөө ард нь миний нүүрийг харж чадахгүй явж байна. Энэ нь түүний 1 ямар арчаагүй зальтай, худалч хүний үнэргүй болохыг нь нотлон харуулж байна гэж үзэж байна. Би ******* улс явахаасаа жилийн өмнө ахаасаа эхлээд 3 сая төгрөг, дараа нь өөрөө явахдаа зардал 3 сая төгрөг авсан. Үүнийгээ би ******* улсаас ахруугаа каргогоор буцаан явуулж Төлсөн. Хэрвээ ******* энэ 6 сая төгрөгийг авна гэвэл хамаа алга би төлж болж байна. Миний бие *******д хамаатай учраас түүнээс байр нэхсэн. Би өөр хэнээс нэхэх болж байна. Үхсэн ахаасаа нэхэх юм уу. Энэ хүн миний ахын бүх мал хөрөнгө байр орон бүх зүйлийг нь авч үлдсэн учир би энэ хүнээс нэхэхгүй өөр хэнээс нэхэх болж байна. Шүүх *******ыг хариуцагч биш гэж шударга бус шийдвэр гаргасан тул гомдолтой байна.
Эсхүл би байрандаа хаалгыг нь эвдэж орох болно. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шиидвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хариуцагч ******* нь талийгаач *******ын хууль ёсны өмчлөгч мөн боловч тэрээр нэхэмжлэгч *******гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэл болохгүй бөгөөд ******* арилжааны гэрээний тал биш учраас тэрээр 1 өрөө байрыг *******гийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэж дүгнэж нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн гэрч *******нарын мэдүүлгийг эх сурвалж байхгүй тул нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь 2005 онд *******-руу явахдаа төрсөн ганц ах Н.*******даа өөрийн амьдарч байсан *******тоот 3 өрөө байраа өгч, ******* улсаас явж ирсэний дараа ахаасаа 1 өрөө байр авахаар амаар тохирч, 2005-08-12-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр ахдаа байрны өмчлөх эрхээ шилжүүлж өгөөд явсан.
******* нь 2007 онд ******* улсаас ирсэн боловч талийгаач ******* нь дүүдээ 1 өрөө байр авч өгнө гэж ярьсаар байгаад нас барсан талаар дүү ******* ярьдаг бөгөөд энэ талаараа *******нарт ярьж байсныг эдгээр хүмүүс шүүхэд гэрчилдэг. ******* нь арилжааны гэрээний тал биш боловч талийгаач *******ын гэр бүл, нөгөө татаар *******гаас бэлэглэлийн гэрээгээр ирсэн *******тоот 3 өрөө байрыг талийгаачийн хамт дундаа хамтран өмчилж авсан, одоо ч уг байрыг бусдад түрээсэлж захиран зарцуулж байгаа бөгөөд дүү *******д 1 өрөө байр авч өгөх асуудал нь тэдний гэр бүлийн өр төлбөр болон үлдсэн учраас Иргэний хуулийн 129.7-д заасны дагуу ******* хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна.
Гэрч *******, ******* нарын мэдүүлэг нь талийгаач ******* дүү *******даа нэг өрөө байр авч өгнөө гэж ярьж байсныг нь тодорхой гэрчилсэн. Үүнд өөр эх сурвалж гаргах шаардлага байхгүй. Гэтэл шүүх эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлгүйгээр нотлох баримтйн ач холбогдол өгөөгүй гэж үзэж байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.*******д холбогдуулан *******, Н.******* нарын хооронд 2005.08.12-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*******аас 1 өрөө байр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Нэхэмжлэгч ******* нь *******сумын *******тоот 3 өрөө байраа 2005.08.12-ны өдөр өөрийн төрсөн ах *******бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, Н.******* О.******* нар тухайн байрны өмчлөгч болсон, Н.******* нь 2012.09.14-ний өдөр бас барсан зэрэг нь бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь төрсөн ах Н.*******даа *******сум, Согоот багийн *******тоот 3 өрөө байраа бэлэглэлийн гэрээгээр өгч оронд нь 1 өрөө байр авахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж *******хууль ёсны өвлөгч О.*******аас 1 өрөө байр гаргуулахаар шаардаж байгаа боловч анхан шатны шүүх О.******* нь *******гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх үндэслэл болохгүй арилжааны гэрээний тал биш учраас 1 өрөө байрыг *******гийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр дугаар сарын 30-ны өдрийн 1206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Д.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ