Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2016/01075

                  Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3-р хороо, 2-р хороолол, 71-р байр 64 тоотод орших “Тэгш уран санаа” ХЗХ /рд:5234301/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 14-р гудамж, 3 тоотод оршин суух Халзан овогт Лувсанцэрэнгийн Байгал /ЧН59020876/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 14-р гудамж, 3 тоотод оршин суух Боржин овогт Загдхоролын Оюун /ЧН60050468/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 14-р гудамж, 3 тоотод оршин суух Халзан овогт Байгалын Бадрах-Ерөөл /ЧН85051576/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их наран 14-р гудамж, 3 тоотод оршин суух Халзан овогт Байгалын Бат-Ерөөл /УУ89050318/ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 19,205,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ нь шүүхэд болон болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь “Тэгш уран санаа” ХЗХ-оос 2014 оны 12-р сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтөө тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгч ХЗХ-оос зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт 2015 оны 11-р сарын 17, 2016 оны 03-р сарын 03, 3-р сарын 27-ны өдөр өгч мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зээлээ төлөөгүй болно. Ингээд зээлдэгч нартай дахин уулзалт хийж зээл болон барьцааны гэрээг 2016 оны 4-р сарын 22-ны өдөр хүртэл сунгасан боловч зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл болон барьцааны гэрээг цуцалсан болно. Хариуцагч нар нь зээлийн хүүнд нийт 3,605,000 төгрөг төлсөн ба хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өлөр 500,000 төгрөг төлсөнийг нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,661,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,032,333 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 18,705,500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч З.Оюун шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие нь Тэгш уран санаа хадгаламж зээлийн хоршооноос 10 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлж авсан, хүүнд 3 сая төгрөг төлсөн, одоо 16 сая төгрөгөөс 13 сая төгрөгийг төлүүлж өгнө үү.”,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч нар нь нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-ны гишүүн биш, тус ХЗХ-нд гишүүнээр элсээгүй бөгөөд бүртгэлгүй юм. Тодруулбал тухайн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийг огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хувь хөрөнгө, хураамж төлж байгаагүй. Хуульд зааснаар Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох ёстой, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ /Хадгаламж зээлийн хоршоо/ нь хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,661,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,532,333 төгрөг нийт 19,205,500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 18,705,500 төгрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой үйл баримтыг тодорхойлвол, нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХоршоо нь хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нартай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлжээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд зээл тооцооны үүрэг буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид дээрх гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд уг зээлийн гэрээгээр эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ ... хариуцагч нар нь “Тэгш уран санаа” ХЗХ-нд гишүүнээр элсээгүй бөгөөд бүртгэлгүй. Тодруулбал тухайн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийг огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хувь хөрөнгө, хураамж төлж байгаагүй. Хуульд зааснаар Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох ёстой, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... “ гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэгч талаас тус хоршоонд бүртгэлтэй эсэх талаар гаргуулж авсан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаагаар Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь “Тэгш уран санаа” ХЗХ-ны гишүүнээр бүртгэлтэй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн өөрийн үүрэг бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан боловч энэ тайлбар, татгалзалтайгаа холбогдуулж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.   

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний хавсралт, зээл төлөх хуваариар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүний төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 9 удаагийн төлөлтөөр зээлийн хүүнд 3,605,000 төгрөг төлжээ.

Тодруулбал хариуцагч нар нь хүүний төлбөрт 3,605,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлд төлбөр төлөөгүй болох нь зохигчдын гаргасан тайлбар, зээлийн эргэн төлөлтийн тооцооллоор тогтоогдож байна. Харин хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт  тооцсон нь үндэслэлгүй байх тул зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцов.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3-т “Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд ... нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд нэмэгдүүлсэн хүү нь үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө төлөх мөнгө төлбөр тул уг төлбөрийг урьдчилан тооцож авсан нь буруу байна.

Нэхэмжлэгч талаас үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдэж байсан нь баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол болох нотариатын зардлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,161,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,432,333 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг нийт 18,605,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь үүргийг хамтран хариуцах нь хуульд нийцнэ.

  Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ, хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зохигчид нь барьцааны гэрээ байгуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Их наран 14-р гудамж, 3 тоот, 42м,кв, №000095460 дугаар гэрчилгээтэй, Ү-2201013185 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц, мөн хаягт орших 534м,кв, №000075031, Г-2201003888 улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,161,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,432,333 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг нийт 18,605,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Их наран 14-р гудамж, 3 тоот, 42м,кв, №000095460 дугаар гэрчилгээтэй, Ү-2201013185 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц, мөн хаягт орших 534м,кв, №000075031, Г-2201003888 улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ нь тэмдэгтийн хураамжид нийт 294,008 төгрөг төлсөнийг дурдаж, илүү төлсөн 40,031 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас тэмдэгтийн хураамж 250,977 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэгш уран санаа” ХЗХ-нд олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН