Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 28

 

 

“Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01075 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 661 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 532 333 төгрөг, нийт 19 205 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар,

Хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршооноос 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтөө тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэгч Хадгаламж зээлийн хоршооноос зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 3 дугаар сарын 27-ны өдөр өгч мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зээлээ төлөөгүй болно. Ингээд зээлдэгч нартай дахин уулзалт хийж зээл болон барьцааны гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгасан боловч зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл болон барьцааны гэрээг цуцалсан болно. Хариуцагч нар нь зээлийн хүүд нийт 3 605 000 төгрөг төлсөн ба хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500 000 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 661 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 032 333 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг, нийт 18 705 500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Тэгш уран санаа” Хадгаламж зээлийн хоршооноос 10 000 000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлж авсан, хүүд 3 000 000 төгрөг төлсөн, одоо 16 000 000 төгрөгөөс 13 000 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш, тус хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсээгүй бөгөөд бүртгэлгүй юм. Тухайн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийг огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хувь хөрөнгө, хураамж төлж байгаагүй. Хуульд зааснаар Хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 161 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 432 333 төгрөг, нотариатын зардал 11 500 төгрөг нийт 18 605 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Их наран 14 дүгээр гудамж, 3 тоот, 42 м.кв, №000095460 дугаар гэрчилгээтэй, Ү-2201013185 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц, мөн хаягт орших 534 м.кв №000075031, Г-2201003888 улсын бүртгэлийн болон гэрчилгээний дутаартай гэр бүлийн хэрэгцээний газрын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоо нь тэмдэгтийн хураамжид нийт 294 008 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 40 031 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас тэмдэгтийн хураамж 250 977 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч нараас олгосон итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэл гардан авах эрхийг олгоогүй байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудсын 1-3 дугаар мөрд тусгаснаар уг шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хоёр хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Ийнхүү зохигчийн гаргаж өгсөн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хэргийн оролцогчид танилцуулж баримтад хэргийн оролцогчоор гарын үсэг зуруулах ёстой байдаг боловч 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх хуралдаанд оролцогч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан тухай баримт хэргийн материалд байхгүй буюу хариуцагч талд танилцуулаагүй. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахад олгосон итгэмжлэлээр нотлох баримттай танилцах эрхийг олгосон байдаг бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль болон итгэмжлэлээр олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хариуцагч нар нь нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн эсэх талаар талуудын хооронд маргаан үүссэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газраас авсан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. Уг лавлагаагаар хариуцагч нар нь зөвхөн тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн мөн тухай мэдээлэл харагдаж байсан тул шүүх хуралдааны үеэр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасан байна. Хариуцагч нар чухам хэзээ, хэрхэн нэхэмжлэгч хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элссэн тухай нотлох баримт бүрдүүлэх хүсэлт байсан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Энэ хүсэлтийг шүүх авч хэлэлцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 661 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 532 333 төгрөг, нийт 19 205 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18 705 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар эс зөвшөөрч "Тэгш уран санаа" Хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлт, өргөдлийг хариуцагч нар нь огт гаргаж байгаагүй бөгөөд гишүүний хувь хөрөнгө, хураамж төлж байгаагүй тул хариуцагч нар нь тус хадгаламж зээлийн хоршоонд элсээгүй, бүртгэлгүй, хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох ёстой гэж маргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч тал хүсэлтээ гаргаагүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нэмэлт тайлбараа ярихдаа “хуулийн шаардлага хангасан байдлаар Улсын бүртгэлийн газраас баримт бичиг бүртгэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай” гэсэн хүсэлтийг гаргасан байхад шүүх энэхүү хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх”-ээр зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн хэргийн 48 дугаар талд авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын лавлагааг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн болох нь хэргийн 52-53 дугаар тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогджээ. Эдгээр баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримтад гарын үсэг зуруулсан байдал тогтоогдоогүй тул талуудын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх эрх бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ