| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2016/0103/Э |
| Дугаар | 583 |
| Огноо | 2017-08-08 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.6, 091.2.7, 091.2.12, 091.2.15, 192.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 583
Г.Батжаргаланд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Мажигсүрэн,
Ялтан Г.Батжаргалангийн өмгөөлөгч П.Сарантуяа,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Батжаргалан, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Батжаргаланд холбогдох эрүүгийн 201525021488 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Хошууд овогт Ганбатын Батжаргалан, 1991 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Берлин хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77-ийн 1 дүгээр байрны 74 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УЗ91080771/,
Г.Батжаргалан нь шунахайн зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 77 дугаар байрны 8 тоотод бриллиантан шигтгээтэй бөгж, таблет, “Nokia” загварын гар утас зэрэг нийт 2.750.200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авах зорилгоор 70 настай эмэгтэй Г.Заяагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ уг гэмт хэргээ нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж “Цээжний цус хуралт, зүүн 1, 2, баруун 1-5 дугаар хавирганы шууд бус хугарал, эрүү, хүзүүн дэх зулгаралт, цус хуралт, хүзүүний булчин дахь цус хуралт, 2 нүдний зовхи, зовхины дотор салст, алимны салст, дээд, доод уруулын дотор салст дахь тархмал цус харвалт” зэрэг гэмтэл учруулж хоолойг нь боож, хүзүүг нь зүсэж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан,
2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Г.Батжаргалангийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 77-ийн 1 дүгээр байрны 74 тоотод оршин суух гэрт үзлэг хийх үед “Делта-9 тетрагидроканнабинол” гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан хүний амь бие, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Батжаргалангийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Батжаргаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Батжаргаланг шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Батжаргаланд оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар Г.Батжаргаланд оногдуулсан 25 жилийн хорих ялын эхний 2 жилийн хорих ялыг гянданд, 52.6 дахь хэсэгт зааснаар үлдэх 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Г.Батжаргалангийн цагдан хоригдсон 658 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Батжаргалангаас 28.286.381 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Одод олгож, нэхэмжлэлээс 92.230 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Г.Батжаргаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ялтан Г.Батжаргалан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би тэр айлд очиж эмээтэй уулзаж байсан нь үнэн. Гэхдээ гэмт хэрэг үйлдээгүй. Надтай холбоотой ямар хэрэг үүсээд байгааг би ерөөсөө мэдэхгүй. Учир нь хавтаст хэргийг эх хэл болох Герман хэл дээр орчуулж танилцах хүсэлтийг миний бие болон өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан боловч зөвшөөрөөгүй. Мөрдөн байцаалтын явцад орчуулагч Х.Буянаагийн хэлний мэдлэг муу, түүний орчуулсан яллах дүгнэлтийн утга санаа ойлгомжгүй байсан. Энэ орчуулагчаас татгалзсан боловч мөрдөн байцаагч зөвшөөрөөгүй. Хавтаст хэрэгтээ унаган хэл болох Герман хэлээр танилцах боломж байгаагүй. Би Монгол хэлээр ойр зуурын мэдлэгтэй боловч Монгол хэлээр уншиж бичих чадвар муу. Орчуулагч Х.Буянаа нь цагдаагийн ажилтан бөгөөд зөвхөн орчуулга хийх үүрэгтэй атал ашиг сонирхлын зөрчилтэй тэрээр хэт нэг талыг барьж байсан тул өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өөр орчуулагч оролцуулах хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд өөр орчуулагч шүүх хуралдаанд оролцох байтал орчуулагч Х.Буянааг оролцуулж миний эрхийг зөрчсөн. Мөн хавтаст хэрэгтээ Герман хэлээр танилцах хүсэлтийг маань хүлээн авахаас татгалзсан. Шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч тал сошиал медиа, сонин хэвлэлээр намайг болон миний гэр бүл, өмгөөлөгчийн талаар нөлөөлхүйц ноцтой мэдээлэл хийж, шүүх миний талд үйлчилж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулсан нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн. Миний хийгээгүй хэргийн төлөө 25 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Ялтан Г.Батжаргалангийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Батжаргаланд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан, хэрэгт чухал ач холбогдолтой байдлыг мөрдөн байцаалтаар дахин тодруулалгүйгээр орхигдуулсан, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Г.Батжаргаланд холбогдох хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 968 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба прокурорын эсэргүүцлээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хэргийг хянаж 719 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн боловч уг магадлалыг биелүүлэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна.
Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд орчуулагч Х.Буянаа оролцсон бөгөөд тэрээр тухайн үед гардуулсан яллах дүгнэлтийг маш алдаатай буруу орчуулсан тул мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд орчуулагчаас татгалзах хүсэлтийг удаа дараа өгч байсан ба өөр орчуулагчийг оролцуулан хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаж байсан. Прокуророос хүсэлтийг хүлээн авч яллах дүгнэлтийг орчуулах орчуулагчаар Б.Батсайханыг томилсон ба тэрээр яллах дүгнэлтийг шүүгдэгчид ойлгогдохоор алдаагүй орчуулсан байсан тул уг орчуулгыг хийснээрээ шүүх хуралдаанд оролцоно гэж бид ойлгосон. Прокурор ч мөн адил орчуулагчийг өөрчилсөн талаар утсаар мэдэгдсэн. Орчуулагч Х.Буянаа нь Цагдан хорих 461 дүгээр ангид мөрдөн байцаагчийн хамт ирсэн бөгөөд хэргийн материал танилцахаар очиход мөрдөн байцаагч шиг харьцаж байсан. Мөн түүний ур чадвар муу байгаа нь татгалзах үндэслэл болсон.
Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчийн шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргахдаа захирамжлах хэсгийн 2 дахь заалтад шүүх хуралдаанд орчуулагчаар Б.Батсайханыг оролцуулахаар заасан боловч орчуулагч Х.Буянааг дуудан оролцуулсан нь шүүгч өөрийн гаргасан захирамжаа зөрчсөн үйлдэл болсон. Шүүх хуралдааны үед мэтгэлцээний шат, нотлох баримт шинжлэн судлах үеийн тайлбар зэргээс огт ойлгоогүй, шүүх хуралдаан орчуулагчгүй явагдсан.
Шинээр томилогдсон орчуулагч Б.Батсайханы хамт шүүгдэгчид хэргийн материалыг танилцуулаагүйгээс түүний хуульд заасан эрхийг зөрчсөн ба шүүх хуралдаанд мөн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээж авалгүй шүүгдэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.
Орчуулагчтай холбогдсон дээрх байдал нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Г.Батжаргалан нь Монгол хэлээр ярих, унших, бичих бүрэн чадвартай эсэх нь эргэлзээтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 47 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүйгээр шүүх хуралдааныг явуулснаар шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэж дурдагдсан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлд заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх тухай заалтыг зөрчсөн.
Өмгөөлөгч миний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар гаргасан хүсэлтүүдэд шүүх шийтгэх тогтоолын 15 дугаар талаас эхлэн няцаасан дүгнэлтийг хийсэн нь хуульд тавигдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнд: “2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 968 дугаар шүүгчийн захирамжид ажиллагаа хийхээр дурдагдсан, шинжилгээнд дурдагдсан, шинжилгээнд тэнцсэн гарын хээнүүд хэнийх гэдгийг тогтоогоогүй. Учир нь Г.Батжаргалангийн гарын хээ “идэвхгүй” хээгээр ганц л хээ тогтоогдсон нь түүнийг хэрэгт буруутгах үндэслэл болохгүй бөгөөд жинхэнэ буруутан ял завшин Г.Батжаргалан хэлмэгдэх байдал үүсч байна” гэх хүсэлтийг дүгнэсэн хэсэг нь ойлгомжгүй.
Хүсэлтийн 2 дугаарт “CD-ний бичлэг, мөрдөн байцаагчийн дүгнэлт хоёр тохирч байгаа эсэхийг мэргэжлийн шинжээч томилуулан нэг мөр тодорхой болгоогүй байгааг тодорхой болгох гэсэн байхад шүүх “ямар зөрүү байгааг хэлээгүй” гэсэн нь үндэслэлгүй юм. Хүсэлтэд Ганбаярын тэмдэглэл нь CD-нд байхгүй зүйлсийг нэмж дурдаж бичсэнийг шүүх хуралдаан дээр бүгд л харсан атлаа ингэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. CD-н дээрх бичлэг бол эвлүүлэг. Эвлүүлгээр хүнийг яллаж шийтгэхгүй.
Хүсэлтийн 3 дугаарт “Дээрх CD-ний бичлэгийг хийсэн цагдаагийн ажилтан Мөнхсонор нь хөндлөнгийн гэрч байлцуулахдаа эхнэр Хуланзаяаг байлцуулсан байх тул эдгээр хүмүүс гэр бүлийн гишүүд эсэхийг шалган тогтоогоогүй” гэснийг тэдгээрийг гэр бүлийн гишүүн гэдгийг нотолсон баримт байхгүй гэжээ.
Энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд л шалган тогтоох болохоос өмгөөлөгч надад энэ талаарх баримтыг гаргаж өгөх боломж байхгүй билээ.
Хүсэлтийн 4 дүгээрт “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.14, 91.2.15 дахь хэсэт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа дээрх үйлдлүүд нь тус бүрдээ ямар нотлох баримтаар, хэрхэн тогтоогдож байгааг ялгаж салган бичээгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд мөн дурдсан байгааг биелүүлээгүй. Ийм хуулийн шаардлагад нийцээгүй яллах дүгнэлтээр хүнийг яллахгүй гэсэн байхад яллах дүгнэлтээ яг өмнөх байдлаар бичиж, шүүх түүний дагуу хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шийтгэх тогтоолын 16 дугаар талд “Г.Батжаргалан нь орчуулагчтай мэдүүлэг өгөх эрхээсээ татгалзаж, орчуулагчгүй мэдүүлэг өгнө гэж мэдүүлсний дагуу орчуулга хийлгэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Дээрх шүүх хуралдаанд болон өмнөх шүүх хуралдаанд Монгол хэлээр чөлөөтэй ярьж, мэдүүлж асуултанд хариулж байсныг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь Г.Батжаргалан нь орчуулагч Х.Буянааг татгалзаж байхад шүүх хүлээн авалгүй шүүх хуралдаанд орчуулагч Б.Батсайхан оролцоно гэж ойлгож байсан учир арга буюу орчуулагчаас татгалзсан. Түүнээс биш орчуулагчгүй оролцоно гэж хэлээгүй.
Шүүх Г.Батжаргаланг Монгол хэлээр чөлөөтэй ярьж мэдүүлж байсан гэж шинжээч мэтээр дүгнэсэн нь буруу юм.
Хэргийн материал болон шүүх хуралдаан нь хуулийн хэллэгээр явагдаж байгаа бөгөөд энэ талаар Г.Батжаргалан нь тэр бүр сайн ойлгодоггүй. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалыг бүхэлд нь Герман хэлээр орчуулуулахыг хүссэн боловч хүлээн аваагүй атлаа яллах дүгнэлтийг орчуулсан орчуулагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шүүгдэгчийн өмнөөс ойлгож байгаа гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийг эх хэл болох Герман хэл дээр орчуулж танилцъя гэсэн миний хүсэлтийг болон өмгөөлөгчийн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч зөвшөөрөөгүй. Шүүх орчуулагч оролцуулахаас татгалзах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж миний эрхийг зөрчсөн гэсэн гомдолд тайлбар хийхэд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилох тухай шийдвэр гаргаж уг этгээдэд танилцуулна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг Монгол хэл дээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна гэж заасны дагуу Г.Батжаргаланд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг Монгол хэлээр явуулсан болно. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа орчуулагч хэлмэрч нь дурдсан цагт ирж орчуулах, хэлмэрчгүйгээр даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх үүрэгтэй талаар хууль сануулсан байдаг. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд өөр орчуулагч оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн. Орчуулагч Х.Буянааг орчуулагчаар оролцуулж болохгүй тухай 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан татгалзан гаргах эрхтэй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа тохиолдолд буюу өөрөөр хэлбэл орчуулагч Х.Буянаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний гэр бүлийн гишүүн, төрөл садан, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн төрөл садан байдал, тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн бол татгалзан гаргах үндэслэл байвал 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар орчуулагчийг татгалзан гаргах эрхтэй. Харин яллагдагч шүүгдэгч, тэдний өмгөөлөгч орчуулагчийг сонгон авах эрхгүй юм. Хуульд байгаа үг өгүүлбэр заалт бүрийг сайтар ойлгож өөрийн үйлчлүүлэгчид зөв ойлголтыг өгөх нь зүйтэй юм. Түүнчлэн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Х.Буянааг орчуулагчаар томилсон мөрдөн байцаагчийн тогтоол хүчин төгөлдөр байх бөгөөд хяналтын прокурор Б.Мөнх-од орчуулагч томилох тогтоолдоо “орчуулагч Батсайханг зөвхөн яллах дүгнэлтийг орчуулахыг тодорхой заасан” байна. /5-р хх-54/ Гэтэл зориуд мушгин гуйвуулж ярьж болохгүй. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хайхрамжгүй байдлаас болж техникийн шинжтэй алдаа гарч орчуулагч Батсайхан гэж бичигдсэн байх гэж үзэж байна. Х.Буянаагийн хувьд мэргэжлийн ур чадварын хувьд өмнө нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өөр шүүх хуралдаанд орчуулагчаар оролцож байсан. Орхон Их Сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудад тус тус герман хэлний багшаар ажиллаж байсан. Герман улсад 8 жил ажилласан. Герман хэл шинжлэлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан ажлын дадлага туршлагатай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Х.Буянааг орчуулагчаар томилсон мөрдөн байцаагчийн тогтоол хүчин төгөлдөр байна. Мөрдөн байцаалтын явцад орчуулагч Х.Буянаад хууль сануулж, хэт нэг талыг барьж орчуулага хийхгүй байх талаар хууль сануулсан. Шинжээч Б.Баяржаргал “...би 9 дугаартай гарын мөрийг тусад нь ялгаж бичсэн. ...9 дугаартай гарын алганы мөрийг сангаас шүүж үзэхэд Г.Батжаргалангийн гарын алганы мөртэй тохирч байсан тул тус тусад нь бичсэн...” /3-р хх-128/ гэж мэдүүлсэн. Мөн Г.Батжаргалан нь 2011 оноос хойш Монгол Улсад амьдарч байгаа. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байцаалт авахад “монгол хэлээр ойлгоно, уншиж бичиж чадна” гэж мэдүүлэг өгсөн. /2-р хх-187, 191/ Мөн 5 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр талд 2016 оны 6 дугаар сарын 19-нд гэрчээр байцаахад Монгол хэлээр ярьж байсан нь гэрч Т.Анарын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнээс гадна Г.Батжаргалангийн өөрийн хүсэлтээр орчуулагч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг монгол хэлээр үргэлжлүүлсэн. Мөн шүүх хуралдааны шатанд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Ерөнхий шүүгчийн эзгүйд түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Дуламсүрэнгийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн CD-ний бичлэг, мөрдөн байцаагчийн дүгнэлт хоёр тохирч байгаа эсэхийг мэргэжлийн шинжээч томилуулан нэг мөр тодорхой болгоогүй байгааг тодорхой болгох гэсэн байхад шүүх “ямар зөрүү байгааг хэлээгүй” гэж шийтгэх тогтоолдоо дурдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дүгээр талд мөрдөн байцаагч Мөнхсонор нь хөндлөнгийн гэрч байлцуулан хийсэн. 4 дүгээр хавтас хэргийн 123-127 дугаар талд мөрдөн байцаагч Г.Ганбаярыг байцуулсан дахин байцаалт хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар талд цагдаагийн ажилтан Есөнбал хяналтын камерын талаар илтгэх хуудас бичсэн нь тус бүртээ гарын үсэгтэй хамт байна. Мөнхсонорын хийсэн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь мөрдөн байцаагч Ганбаяр хэргийн газрын үзлэг дахин хийсэн. Мөн шүүх хуралдааны шатанд хяналтын прокурор Мөнх-Од камерын бичлэгийг дахин шинжлэн судалж тайлбарласан. Ялтны өмгөөлөгч цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байх шиг байна. Хэрэг болсон өдөр Г.Батжаргалан хар өнгийн цамцтай явж байснаа өөрөө мэдүүлдэг. Гэрч Гантулгад өмсөж явсан цамцаа гэмт хэрэг болсны дараа тайлж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдэл нь гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах санаа зорилго агуулж байна. Цэдэндамбаагийн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Батжаргалангийн мэдүүлгүүдтэй тохирсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “...Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй…”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын “…(а) оногдуулж байгаа ялын шинж чанар, үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй, нарийвчлан мэдэгдэх…”, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор яллах дүгнэлт орчуулах орчуулагчаар Б.Батсайханыг томилж /5-р хх-54/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 393 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд орчуулагч Б.Батсайханыг оролцуулахаар томилсон атлаа шүүх хуралдаанд Х.Буянааг оролцуулж, ямар үндэслэлээр түүнийг хэрхэн оролцуулсан талаар баримтгүйгээс гадна дээр дурдсан Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эдлэх эрхийг хязгаарласан байна.
Хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах ажиллагааг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлжээ. Үүнд:
Гэрч Б.Үүлэнсолонго хэрэг болсноос хойш 2 өдрийн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хэрэг гарсан өдрийн талаар мэдүүлэг өгөхдөө “...2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17-18 цагийн хооронд намхавтар биетэй, 65 орчим насны эрэгтэй хүн 8 тоотын хаалгыг хүчтэй цохиж байгаад хаалгыг нь нээхэд маш хурдан яваад орсон. Тэгэхэд нь би яасан хурдан ордог юм бэ гэж бодсон. Хаалгыг нь маш хурдан ороод хаах нь сэжигтэй байсан. Онцлох содон шинж нь бор царайтай, дундаж өндөртэй, давхараагүй нүдтэй, халимаг жижиг үстэй, харааны нүдний шилтэй хүн байсан. Миний санаж байгаагаар эрээн цоохор подволькатай, бараан өмдтэй, бараан өнгийн үүргэвч үүрсэн байсан. /2-р хх-44-46/ хэмээн маш тодорхой мэдүүлэг өгснөөс хойш 2 жилийн дараа дахин мэдүүлэг өгөхдөө
“...би өдрөө андуурч хэлсэн байж магадгүй...” хэмээн мэдүүлсэн нь туйлын эргэлзээтэйгээс гадна ...Цагдаад очиход талийгаачийн нөхөр байсан гэх хүнийг харуулсан, миний харсан хүнтэй 70-80 хувьтай төстэй байсан...” /3-р хх-225-226/ гэж мэдүүлсэн байх боловч таньж олуулах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, хэзээ хийсэн, энэхүү ажиллагаа хаана, яаж явагдсан, тэр хүнийг ямар шинж, онцлогоор нь таньсан, ямар зургийг (ямар хүнийг) харуулсан энэ талаар холбогдох баримт хэрэгт яагаад авагдаагүй нь ойлгомжгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од “...Талийгаачид миний өгсөн, шар өнгийн монетон бриллиантан шигтгээтэй, шигтгээ нь 0.5 кратын бөгж, нөгөөх нь 0.15 кратын бриллиантан шигтгээтэй монетон бөгж алга болсон байна. Хоёулаа эмэгтэй хүний бөгж байсан гэж гэмт хэрэг гарах үед алга болсон эд зүйлийн талаар мэдүүлсээр байхад энэ талаар тодорхой ажиллагаа хийгээгүй атлаа 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол гаргасан байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний алдаа болжээ.
Түүнчлэн яллах дүгнэлтэд “...таблет... авах зорилгоор” гэж ялласан бөгөөд ямар брендийн таблет байсан талаар дурдаагүй, гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од “...бид нар 2014 онд 120 еврогоор авч өгч байсан, хар өнгийн арьсан гэртэй, “ODYSSEY” брендийн таблет алга болсон...” /1-р хх-233/,
гэрч Д.Даваасүрэнгийн “...гартаа Samsung брендийн таблет барьчихсан байсан...” /1-р хх-239-241/,
гэрч Б.Цэдэндамбаагийн “...Бас нэг таблет байна гээд үзүүлэхээр нь “хэнийх юм бэ” гэхэд “минийх” гэхээр нь “хулгайлчихсан юм уу” гэхэд “үгүй” гэсэн...” /2-р хх-1-5/ гэж мэдүүлсээр байхад алга болсон болон хаясан гэх таблет нь ямар таблет байсан (“ODYSSEY, SAMSUNG, “ODYSSEY компани нь SAMSUNG нэрээр таблет, компьютер үйлдвэрлэдэг эсэх”) Г.Батжаргаланд өөрт нь таблет байсан эсэхийг тодруулалгүй орхигдуулжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.5, 1.6 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдлуудыг нэг мөр шалгаж тогтоолгохоор дээрх ажиллагаануудыг хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлүүдээр Г.Батжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх Г.Батжаргаланд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ялтан Г.Батжаргалан, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Батжаргаланд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Г.Батжаргаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Н.БАТСАЙХАН