Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 292

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ц.Зориг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О,

хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал, С.Баянмөнх,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 583 дугаар магадлалтай, Г.Б-д холбогдох 201525021488 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ын Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Хүнийг шунахайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, дээрэмдэх хэргийг үйлдэхдээ, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алах”, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Б-г шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар 25 жил хорих ял, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Б-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 25 жилийн хорих ялын эхний 2 жилийн хорих ялыг гянданд, 52.6 дахь хэсэгт зааснаар үлдэх 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 583 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Магадлалд дурдсан эхний үндэслэл буюу иргэн Х.Б-г анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулсан нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн тухайд, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Г 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орчуулагч томилох тухай тогтоолоор иргэн Х.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид орчуулагчаар томилсон. Орчуулагч Х.Б-ийн эзгүйд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар прокурорын яллах дүгнэлтийг орчуулуулах зорилгоор иргэн Б.Б-г 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр прокурорын тогтоол үйлдэж орчуулагчаар томилсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 393 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд Б.Б-г орчуулагчаар оролцуулахаар томилсон боловч орчуулагч Б.Б шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид орчуулагчаар томилогдсон иргэн Х.Б-г Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулсан нь Олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эдлэх эрхийг зөрчөөгүй байна. Дурдсан нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан зөрчил гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Гэрч Б.Ү-гээр талийгаачийн нөхөр байсан гэх хүнийг /гэрч Э/ “таньж олуулах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй”, түүнчлэн гэрч Б.Ү нь 2 жилийн дараа мэдүүлэг өгөхдөө би өдрөө андуурсан байж магадгүй гэснийг “туйлын эргэлзээтэй” гэж дүгнэсний тухайд, иргэн Б.Ү-г гэрчээр байцаахад 65 орчим насны эрэгтэй хүний тухай дурдсан. Иргэн Э-г гэрчээр байцаахад хэрэг гарсан өдрийн дурдсан цагт хохирогчийн гэрт очсон талаар мэдүүлсэн тул гэрч Б.Ү-гийн мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдал батлагдсан. Иргэн Б.Ү, Э нарыг гэрчээр байцаах үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт “шаардлагатай бол” таньж олуулах ажиллагаа хийж болохоор хуульчилсан. Шаардлагагүй, эсхүл тухайн хүн, мал, эд зүйлийг биеэр болон зургаар гэрчид харуулсан бол уг ажиллагааг хийдэггүй. Эрүүгийн 201525021488 дугаартай хэргийн тухайд шаардлагатай нөхцөл байдал байгаагүй тул таньж олуулах ажиллагаа хийгээгүй. Иргэн Б.Ү-г 2 жилийн дараа гэрчээр дахин байцаахад “би өдрөө андуурч хэлсэн байж магадгүй” гэж дурдсан нь тухайн 65 орчим настай хүн хэн болохыг андуурсан бус хэдний өдөр болохыг санаж байгаа эсэхэд эргэлзсэн тухай мэдүүлэг юм. Таньж олуулах ажиллагааг “заавал хийх ёстой” мэтээр, гэрч Б.Ү-гийн 2 жилийн дараа өгсөн мэдүүлэгт дурдагдсан цаг хугацааг “туйлын эргэлзээтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийг баримтлаагүй, өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзнэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нь мөрдөн байцаалтад анх мэдүүлэхдээ амь хохирогч Г.З-гийн гэрээс шар өнгийн монетан бриллиантан шигтгээтэй 2 ширхэг бөгж алдагдсан талаар мэдүүлсэн боловч мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед дахин мэдүүлэхдээ “нэг бөгж нь хохирогч Х.О-д байсан” талаар дурдсан. Иймд 2016 оны 03 дугаар сарын 21-ний “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “Х.О-д байсан бөгжийг Г.Б авсан болох нь нотлогдоогүй” гэж хэрэгсэхгүй болгосон. Дурдсан асуудлыг шийдвэрлэсэн прокурорын шийдвэрт анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь хууль хэрэглээний алдаа болжээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн болно. Гэрч Б.Ц нь Г.Б-г ямар брэндийн таблетыг авч явж байсан, яг хаана хаясан талаар мэддэггүй болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон болно. Мөрдөн байцаалтын шатанд Г.Б-гээс сонсгосон ялтай нь холбогдуулан мэдүүлэг авах удаа дараагийн оролдлого бүрт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх яллагдагчийн мэдүүлгээр батлахыг шаардсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан түүний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 583 дугаар магадлалыг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Уг хэргийг шүүгдэгч Г.Б үйлдээгүй бөгөөд түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай шүүх хуралдаанд оролцож байна. Орчуулагч Х.Б-гийн талаар прокурор эсэргүүцэлдээ дурдсан байна. Х.Б нь орчуулагчаар ажиллаж байхдаа мөрдөн байцаагчтай нэг машинд сууж ирдэг бөгөөд та орчуулагчийн ажлаа хий, мөрдөн байцаагчийн ажлыг хийхгүй шүү гэдгийг сануулж байсан. Шүүх Б.Б-г хуралдаанд орчуулагчаар оролцуулахаар томилсон боловч бидний татгалзаж байсан Х.Б-г шүүх хуралдаанд оролцуулсан нь шүүгдэгч Г.Б-г илт буруутгах гэсэн ажиллагаа гэж харж байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгасан нь зөв. Прокурорын эсэргүүцлийн хоёрдугаарт гэрч Б.Ү-гийн мэдүүлэг дурдагдсан. Гэрч Б.Ү 4 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд эхний мэдүүлэгтээ 2015 оны 08 дугаар сарын 16-ны 18 цагт буюу өчигдөр 60-65 насны хүн хаалга хүчтэй цохиод гэрт нь орохыг харсан гэдэг. 18 цагт хаалга цохиод хүн орсон талаар 3 удаа гэрч Б.Ү мэдүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 10 сарын дараа түүнийг гэрчээр байцаахад он, сар, өдрийг сайн санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Г.Б-г буруутгахын тулд мөрдөн байцаагч материал бүрдүүлсэн. Гэрч Б.Ү мэдүүлэхдээ хаалга цохиод орсон хүн Э гэдэг хүнтэй адилхан байсан гэдэг боловч түүнийг таниулах ажиллагаа хийгдээгүй. Энэ нь хэрэгт ач холбогдолтой байсан. Хэргийн жинхэнэ алуурчинг олж тогтоож чадаагүй учир хар тамхичин залуугийн үгээр шүүгдэгч Г.Б-г буруутгаж байна. Гэрч Б.Ү-гийн мэдүүлэгтэй холбоотой дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Х.О анх “манай ээжид 2 бөгж байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Г.Б 2 бөгж авсны нэг нь тогтоогдохгүй байна гэж прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Х.О “1 бөгж нь надад байна” гэж ярьсаар байхад прокурор Г.Б бөгжийг авсан нь нотлогдохгүй байна гэж бичсэн нь үндэслэлгүй. Прокурор 4 дэх үндэслэлдээ таблетны талаар тусгажээ. Шүүгдэгч Г.Б “надад Самсунгийн таблет байдаг, түүнийгээ бариад явж байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь хохирогч Х.О-гийн мэдүүлсэн таблетны марк зөрүүтэй байдаг бөгөөд тус зөрүүг арилгах шаардлагатай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч буй учир шийтгэх тогтоолд заасан гэрчийн мэдүүлгүүдийг тоймлон дурдья. Гэрч Б.Ц нь хар тамхи татдаг бөгөөд хэрэг гардаг өдөр хар тамхи татсан байсныг мөрдөн байцаагч шалгаагүй. Гэрч Б.Ц нь шүүгдэгч Г.Б би хүн алчихсан хэмээн хутгаар ширээ сийчэж, хутга муруйлгасан гэж мэдүүлдэг. Ширээг хутгаар сийчсэн ор мөр байх ёстой байтал тийм мөр олоогүй бөгөөд цагдаа нар шалгаагүй. Б.Ц-гийн мэдүүлгээр шүүгдэгч тэнд юм нуусан гэхээр л олдоод байдаг. Үүнээс дүгнэхэд Б.Ц энэ хэргийг үйлдсэнийг үгүйсгэхгүй. Анхан шатны шүүх хэргийн ажиллагаанд оролцсон бүх л хүний нэрийг жагсаагаад тавьснаас биш эдгээр гэрчүүд шүүгдэгч Г.Б-г буруутгаагүй. Мөн хэргийн газраас олдсон эзэн холбогдогч тогтоогдоогүй олон гарын хээнд харьцуулалт хийсэн. Судалж үзэхэд гарын хээг идэвхтэй болон идэвхгүй гэж ангилдаг. Идэвхтэй гарын хээгээр 10 гарын хээ илэрсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан И.Ганбат шүүгч маш зөв захирамж гаргасан боловч уг захирамжийг биелүүлэлгүй дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. И.Ганбат шүүгчийн захирамжид шүүгдэгч Г.Б-гийн гарын хээ идэвхгүй гарын хээгээр тогтоогдсон бөгөөд идэвхтэй гарын хээ бүхий 10 хээг шалгалгүй шүүгдэгчийг баривчилсан. Хэргийн газрын бүх үзлэгүүдэд хоёр хүнийг л хөндлөнгийн гэрчээр байлцуулсан байдаг. Өөр өөр ажиллагаа хийгдэхэд өөр өөр хөндлөнгийн гэрч байлцуулах ёстой. Үзлэг хийхэд цагдаагийн хоёр ажилтныг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь тогтоогдсон. Мөн цагдаа өөрийн эхнэрийг байлцуулан ажиллагаа явуулсан байдаг. Үүнийг шалгуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Шүүгдэгч Г.Б-гийн гэрээс хаягдал үртэс олсон байдаг. Тэр жижигхэн хэмжээний хаягдал үртэс мансууруулах бодис мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Тус хаягдлыг шинжилж тогтоосон дүгнэлт байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлүүд зөв боловч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд шүүгдэгчийг цагаатгах ёстой байсан гэж үзэж магадлалыг эсэргүүцэж байна. Зөвхөн гэрч Б.Ц-гийн мэдүүлгээр шүүгдэгч Г.Б-г буруутгаж байгаа учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хуульд зааснаар орчуулагчийг томилсон. Хоёрдугаарт прокурорын эсэргүүцэлд Б.Ү-гийн мэдүүлгийн талаар дурдсан байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэрч Б.Ү-гийн өгсөн мэдүүлэгт дурдагдсан цаг хугацааг туйлын эргэлзээтэй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүх гэрчийг үгүйсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч Х.О хоёр бөгж алдагдсан талаар мэдүүлсэн боловч мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед дахин мэдүүлэхдээ нэг бөгж нь хохирогчид байсан нь тогтоогдсон бөгөөд үүнийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Баянмөнх хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Гэм буруутай эсэх нь тогтоогдсон асуудал бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчмын дагуу ял шийтгэл оногдуулах ёстой. Энэ хэргийн хувьд 2 жилийн хугацаанд 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Хэрэг шийдэгдэхгүй удах тусам хохирогч болон хохирогчийн ар гэрийнхэнд эрсдэлтэй нөхцөл байдал бий болдог талаар судалгаа, практик жишээнүүд байдаг. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цагаасаа олны анхаарлын төвд байж, нийгэмд айдас түгшүүр бий болгосон. Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч Г.Б нь хүнийг шунахай зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алсан, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Харин өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүнийг алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй тул уг зүйл, хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан баривчлах ял 2015 оны Эрүүгийн хуульд тусгагдаагүй, шинэ хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байгаа тул магадлалыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох буюу шунахайн сэдэлтээр 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х дүүргийн Х дүгээр хороо, Х дугаар байрны Х тоотод оршин суух Х настай, эмэгтэй Г.З-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж цээжний цус хуралт, зүүн 1, 2, баруун 1-5 дугаар хавирганы шууд бус хугарал, эрүү, хүзүүн дэх зулгаралт, цус хуралт, хүзүүний булчин дахь цус хуралт, 2 нүдний зовхи, зовхины дотор салст, алимны салст, дээд, доод уруулын дотор салст дахь тархмал цус харвалт зэрэг олон тооны гэмтэл учруулан хоолойг нь боож алснаар бриллиантан шигтгээтэй бөгж, таблет, “Нокиа” маркийн гар утас зэргийг авсан,

мөн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ “Делта-9 тетрагидроканнабинол” сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх Г.Б-г шунахайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэсэн дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12, 91.2.15 дахь заалтаар, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх прокуророос Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалт бус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсан буюу эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон хийсэн нь нотлогдоогүйгээс гадна шунахайн сэдэлт буюу мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх заалттай давхардуулан зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Харин дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгосон атлаа өөр ямар гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6 дахь заалтаар зүйлчилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ. Тодруулбал, өөр ямар гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг санаатай алсан нь тогтоогдоогүй байхад энэхүү зүйл, хэсгээр ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон байх тул уг зүйл, заалтыг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Талийгаачийн хүзүүний урд хэсэгт хөндлөн байрласан 13 см урт, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, 2 талын артерийг гэмтээн зүссэн шарх бүхий гэмтэл нь зүрх судасны үйл ажиллагаа зогссоны дараа үүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх хохирогчийг алахад чиглэж үүсгэсэн гэмтэл гэж буруу дүгнэснийг дээрх тогтоогдсон үйл баримтаар зөвтгөж, түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирогчийн гэрээс 2 ширхэг бөгж алдагдсан талаар дурдагдсан бөгөөд 1 бөгж нь алдагдаагүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О мэдүүлж, уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон баримт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан бичлэгт үзлэг хийхэд цагдаагийн байгууллагын ажилтан эхнэрээ хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн хэдий ч энэхүү зөрчил нь хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна.

Ийнхүү хэргийн нөхцөл байдлууд бүрэн шалгагдаж, тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс уг нөхцөл байдлуудыг дахин шалгах, тогтоох шаардлагатай гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийсэн болно.

Г.Б-д холбогдох хэрэгт мөрдөн байцаагч орчуулагчаар Х.Б-г томилж оролцуулсан, яллах дүгнэлтийг орчуулуулахаар Б.Б-г томилсон, шүүх эдгээр орчуулагчдаас Х.Б-г шүүх хуралдаанд оролцуулахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, түүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн шийдвэрүүд үндэслэлтэй байх бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

Г.Б-гийн гэмт үйлдлүүдийг тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн нийтлэг зарчмыг зөрчөөгүй байна.

Харин энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй “шинэ хуулийг хуучин хуулийн үйлчилж байсан цаг хугацаанд буцаан хэрэглэх” зарчим дараах тохиолдолд үүсдэг. Тухайлбал, урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн оногдуулах ялаас шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн ял хөнгөрсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг бөгөөд энэ зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль /цаашид 2015 оны Эрүүгийн хууль/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд шинэчлэн найруулсан хуулийн уг зүйл, хэсэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээ багасаж ял хөнгөрсөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 буюу “онц харгис хэрцгийгээр”, 2.5 буюу “өөртөө ...эдийн ...ашигтай байдал бий болгох зорилгоор”, 2.7 буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж” гэсэн “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтын “онц харгис хэрцгий аргаар”, 91.2.1 дэх заалтын “шунахайн сэдэлтээр”, 91.2.15 дахь заалтын “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэсэн гэмт хэргийн шинжүүдийг уламжлан авч үлдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялын төрлүүдээс дээрх ял хасагдсан байх тул энэхүү үндэслэлээр уг гэмт хэрэгт оногдуулсан баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 583 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Прокуророос Г.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгосугай”,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялаас чөлөөлсүгэй”,

“Г.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7 дахь заалтад зааснаар 20 /хорь/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтүүд оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ц.ЗОРИГ

                       ШҮҮГЧ                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                     Б.ЦОГТ

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН