Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00500

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 538 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

М.У-т холбогдох,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хариуцагч М.У-ээс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу түүний нэхэмжлэлтэй, Вишн фанд ББСБ ХХК-д холбогдох хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор С.Уранбилэгтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хэргийн баримт бичигтэй танилцаж, хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, баримт бичгийг бэлтгэн, урьдчилгаанд 500.000 төгрөг хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дугаар шийдвэрээр М.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан. Миний бие гурван шатны шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн үндэслэл тайлбараа гарган М.У-ийн эрх ашгийг хамгаалан шүүхийн эцсийн шийдвэрийг гаргуулж чадсан ба М.У-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч, тэрээр гэрээний дагуу олгох ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөгийг өгөхгүй, ажлаа хийчихээд аваарай гэж тавлаж байна.

Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2 дах заалт, 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл дүн, алдангийн төлбөр төлөх үндэстэй тул ажлын хөлсний үлдэгдэл дүн 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг хариуцагч М.У-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.У-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлсөнд М.У-ээс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг авчихаад аваагүй мэтээр 500.000 төгрөгийг 250.000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй бөгөөд алданги тооцох нь утгагүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Б.Б- нь надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэдэг гарчигтай гэрээг 2 өөр хувилбараар 3 хувь үйлдэж, нэгийг нь шүүхэд, нөгөө хувилбарыг нь өөртөө бас надад өсгөн. Үүнийгээ ч өмгөөлөгч баталж хэрэгт 2 өөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримт болгож өгсөн байна. Өмгөөлөгч нь надаас 1.000.000 төгрөг авчихаад надад хуулийн туслалцааг бүрэн гүйцэт үзүүлээгүй, бас зохих ёсоор гүйцэтгээгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчин тууштай байж чадаагүй бас буруу зөвлөгөө өгч төлөх ёсгүй мөнгө ч надаар төлүүлсэн байна. Хэрэгт хавсаргасан нотлох баримтаас харвал өмгөөлөгч 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хүсэлт өгөхдөө намайг 70.200 төгрөг тушаа гэж байгаад тушаалгасан. Гэтэл шүүгчийн туслах та яагаад хүсэлт гаргахдаа 70.200 төгрөг тушааж байгаа юм бэ хөдөлмөрийн маргаан чөлөөлөгддөг шүүдээ гэж хэлж байсан би энэ мөнгөө ч авч чадаагүй. Анхан шатны шүүх намайг ажилд томилсон шийдвэр гарсанаас хойш өмгөөлөгч надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Давж заалдах шатны шүүхэд нөгөө тал давсан байнаа чи надад ядаж тайлбар ч болтугай бичээд өгөөчээ гэж гуйхад уурлаад хурал дээр ч өгсөн болно гээд утсаа ч авахгүй тайлбар ч огт бичиж өгөөгүй. Утсаа ч авахгүй байсан хүн хурал болохоор хүрээд ирдэг байсан. Гэрээн дээр өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ ажлаа утсаар болон мэйлээр мэдэгдэж сар бүр тайлан гаргаж өгч байна гэж заачихаад надад ямар ч тайлан, мэйл өгөөгүй, ажлаа зохих ёсоор хийгээгүй харин ч надаас 1 сая төгрөг авчихсан. Улсын дээд шүүхэд би өөрөө гомдлоо бичиж өгсөн. Ингээд дээд шүүхийн хурал болдог өдөр миний гомдлоор хурал болох гэж байхад нөгөө гомдол бичиж өгөөгүй утсаа ч авдаггүй хүн чинь ирчихсэн байхаар нь би гайхаад чи хэний хуралд ирж байгаа юм бэ гэсэн чинь чиний хуралд гээд хээв нэг ирчихсэн байсан. Хэрэв би өмгөөлөгч дээд шүүхэд гомдол гаргана гээд итгээд явсан бол өнөөдөр би хохирсон байх ёстой байсан, би өөрөө гомдлоо бичиж өгөөд Улсын дээд шүүх миний гомдлоор хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг үнэн зөв шийдсэн.

Иймд надаас нэхэмжлээд байгаа 500.000 төгрөгийг алданги, 250.000 төгрөгийн хамт өгөх үндэслэл огт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 538 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.У-ээс 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.У-ээс 22.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ид олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.4 зүйлд ажлын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохирч, урьдчилгаанд 500.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг хариуцагч М.У-ээс авсан, гэрээний дагуу үлдэгдэл 500.000 төгрөг болсон гэдэг үйл баримт тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх ажлын хөлсний үлдэгдэл дүн болох 500.000 төгрөгийг хариуцагч М.У- төлсөн, талуудын хооронд 1.000.000 төгрөгийн дүн бүхий гэрээ хийгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь ямар нотлох баримтад үндэслэн хийгдсэн, хууль зүйн ямар зохицуулалтад хамаарч байгааг тодорхойлоогүй байгаа нь эргэлзээтэй. Иймд магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 359, 232 дугаар зүйлийг дээрх байдлаар буруу тайлбарлан, зохигчийн хооронд хийгдсэн гэрээг нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр, дураараа тайлбарлаж, гэрээний эрх чөлөөнд халдаж байгаа явдлыг зөвтгөх явдал биш. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа хариуцагчийн төлсөн 500.000 төгрөгийг гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, үүрэг биелүүлсэн тул анз тооцох үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарласан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Б.Б- М.У-ээс 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлдээ, М.У-ийн нэхэмжлэлтэй Вишн файнд ББСБ ХХК-д холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж... гэрээний үүргээ биелүүлсэн..., ажлын хөлсний үлдэгдлийг, алдангийн хамт гаргуулна гэснийг, хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Зохигчийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, Б.Б- нь М.У-ийн нэхэмжлэлтэй Вишн файнд ББСБ ХХК-д холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох, хариуцагч үйлчилгээний хөлс төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, тухайн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасантай нийцсэн байна.

Хэрэгт зохигчийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолж байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх 2 гэрээ авагдсан /4,9-р тал/ бөгөөд нэгд өмгөөлөгчийн ажлын хөлсийг тусдаа гэрээгээр зохицуулахаар, нөгөөд ажлын хөлс  1.500.000 төгрөг байх, урьдчилгаа 500.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, хэрэв  хэрэг маргааныг амжилттай шийдвэрлэж, үйлчлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулсан бол үлдэх 1.000.000 төгрөгийг бүрэн төлөх нөхцөл зааж тохиролцсон нь тогтоогджээ.

М.У-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дүгээр шийдвэрийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаар магадлалаар хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00326 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээснээр тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Б.Б- дээрх хэрэгт 3 шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцсон, М.У-ийн нэхэмжлэл хангагдсан нь тогтоогджээ. Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу давж заалдах шатны шүүхэд тайлбар, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй гэх боловч энэ нь үйлчилгээний үр дүнгээс хамаарч ажлын хөлс төлөх гэрээний нөхцлийг үгүйсгэж, үлдэгдэл хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин давж заалдах шатны шүүх, хариуцагч М.У үйлчилгээний ажлын хөлсийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тус  шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг хэрэгжүүлэхдээ нотолгооны үүргийг буруу хуваарилсан байна.

Нэхэмжлэгч Б.Б- нэхэмжлэлдээ “...хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлсний урьдчилгаанд 500.000 төгрөг авсан, үлдэгдэл хөлс 500.000 төгрөг...” гэж бичсэн хэдий ч ажлын хөлсийг 1.500.000 төгрөг гэж тохиролцсон гэрээний 2.4.2 дах заалт, алданги тохиролцсон 3.1.6-дах заалтыг тус тус нэхэмжлэлийн үндэслэл болгосныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хариуцагч хариу тайлбартаа “...өмгөөлөгчийн хөлсөнд 500.000 төгрөг бус 1.000.000 төгрөг төлсөн...” гээд 2 удаагийн мөнгө шилжүүлсэн баримт гаргасныг нэхэмжлэгч эсэргүүцээгүй ба ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч төлөхгүй гэж маргахдаа нэхэмжлэгчийг гэрээний үүргийн зөрчилтэй холбон тайлбарласныг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Тус шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор харьцуулан үзээгүй, нэхэмжлэлийн шаардлагад “...урьдчилгаа 500.000 төгрөг авсан, ...үлдэгдэл 500.000 төгрөг гаргуулах...” гэснийг үндэслэн ажлын хөлсний нийт хэмжээг 1.000.000 төгрөг гэж дүгнэж, улмаар хариуцагч ажлын хөлсийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд заасан эрх зүйн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж үзэж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүйг, түүнчлэн алданги гаргуулах шаардлагыг хангахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.6 дах заалтад ”Үйлчлүүлэгч энэ гэрээний 2.4 дүгээр зүйлд заасан хугацаанд өмгөөлөгчийн ажлын хөлсийг олгоогүй, саатуулсан, үндэслэлгүйгээр саатуулсан бол...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар тооцож, үүрэг гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд алданги төлнө” гэсэн нөхцөл хэзээ үүссэн, энэ талаар нэхэмжлэгч тодруулж алдангийг ямар хугацаанаас, хэрхэн тооцсноо тодруулж тайлбарлаагүй байхад алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн зохицуулалттай нийцээгүй байх тул эдгээр үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр М.У-ээс 500.000 төгрөг гаргуулж Б.Б-ид олгож, 250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар М.У-ээс 500.000 төгрөг гаргуулж Б.Б-ид олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “...хариуцагч М.У-ээс 22.250 төгрөг...” гэснийг “хариуцагч М.У-ээс 15.650 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 22.550 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ