Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 538

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 24 дүгээр байр 113 тоотод оршин суух, Бэсүд овогт Бат-Эрдэнийн Батдоржийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 10 дугаар байрны 18 тоотод оршин суух оршин суух, Боржигон овогт Мягмарын Уранбилэгт холбогдох

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч М.Уранбилэгээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу түүний нэхэмжлэлтэй, Вишн фанд ББСБ ХХК-д холбогдох хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор С.Уранбилэгтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу урьдчилгаанд М.Уранбилэгээс 500.000 төгрөг хүлээн авсан. Гэрээний дагуу хэргийн баримт бичигтэй танилцаж, хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, баримт бичгийг бэлтгэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дугаар шийдвэрээр М.Уранбилэгийн нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны мөнгөн олговор олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч М.Уранбилэгийн эрх ашгийг хангасан шийдвэр гарсан. Миний бие гурван шатны шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн үндэслэл тайлбараа гарган М.Уранбилэгийн эрх ашгийг хамгаалсан шүүхийн эцсийн шийдвэрийг гаргуулж чадсан ба М.Уранбилэгийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч, тэрээр гэрээний дагуу олгох ажлын хөлсний үлдэгдэл 500,000.00 төгрөгийг өгөхгүй, ажлаа хийчихээд аваарай гэж тавлаж байна.

 Иймд бидний хооронд байгуулан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4.2 дах заалт, 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасны дагуу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний үлдэгдэл дүн, алдангийн төлбөр төлөх үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл дүн 500.000 төгрөг, алданги 250.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг хариуцагч М.Уранбилэгээс гаргуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч М.Уранбилэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь намайг 500.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 500.000 төгрөгөө 250.000 төгрөгийн алдангийн хамт надаас авъя гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлсөнд М.Уранбилэгээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дахин 500.000 төгрөг тус тус 1.000.000 төгрөг авчихаад аваагүй мэтээр 500.000 төгрөгийг 250.000 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй бөгөөд алданги тооцох нь утгагүй гэж үзэж байна.

Өмгөөлөгч Б.Батдорж нь надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэдэг гарчигтай гэрээг 2 өөр хувилбараар 3 хувь үйлдэж, нэгийг нь Чингэлтэйн шүүхэд, нөгөө хувилбарыг нь өөртөө бас надад өсгөн. Үүнийгээ ч өмгөөлөгч баталж хэрэгт 2 өөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримт болгож өгсөн байна. Надтай хийсэн гэрээний надад өгсөн 1 хувь болон өмгөөлөгч өөртөө авч үлдсэн мөнгөн дүнтэй гэрээний хувилбараас өөр мөнгөн дүнгүй гэрээний хувилбараа шүүхэд өгсөн байгаа нь шүүхийг хууран мэхэлсэн байна, татвараас зайлсхийж байна гэж бодохоор байна. Аль гэрээ нь тэгэхээр давуу эрхтэй вэ гэхээр Чингэлтэйн шүүхэд өгсөн мөнгөн дүнгүй гэрээ гэж би бодож байна. Энэ мөнгөн дүнгүй гэрээг уншихад өмгөөллийн ажлын хөлсийг тусдаа гэрээгээр зохицуулна гэж бичсэн байгаа бөгөөд надтай ямар нэгэн өмгөөллийн хөлсний гэрээ тусад нь байгуулаагүй бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэдгээ л өөр өөр янзаар хийсэн болно.

Өмгөөлөгч нь надаас 1.000.000 төгрөг авчихаад надад хуулийн туслалцааг бүрэн гүйцэт үзүүлээгүй, бас зохих ёсоор гүйцэтгээгүй, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчин тууштай байж чадаагүй бас буруу зөвлөгөө өгч төлөх ёсгүй мөнгө ч надаар төлүүлсэн байна.

Хэрэгт хавсаргасан нотлох баримтаас харвал өмгөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хүсэлт өгөхдөө намайг 70.200 төгрөг тушаа гэж байгаад тушаалгасан. Гэтэл шүүгчийн туслах та яагаад хүсэлт гаргахдаа 70.200 төгрөг тушааж байгаа юм бэ хөдөлмөрийн маргаан чөлөөлөгддөг шүүдээ гэж хэлж байсан би энэ мөнгөө ч авч чадаагүй.  Анхан шатны шүүх намайг ажилд томилсон шийдвэр гаргасанаас хойш өмгөөлөгч надад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Давж заалдах шатны шүүхэд нөгөө тал давсан байнаа чи надад ядаж тайлбар ч болтугай бичээд өгөөчээ гэж гуйхад уурлаад хурал дээр ч өгсөн болно гээд утсаа ч авахгүй тайлбар ч огт бичиж өгөөгүй. Би тэгээд давахын шүүхэд өөрөө тайлбар бичиж өгсөн. Утсаа ч авахгүй байсан хүн хурал болохоор хүрээд ирдэг байсан. Давахын хурал дээр тайлбараа өгчиж болно гэсэн хүн чинь тайлбар ч өгөөгүй. Ингээд хуралд би ялагдсан. Өмгөөлөгч анхан шатнаас хойш хэргийн материалтай ч огт танилцаагүй байсан, магадлалаа, би шүүхээс авахад хэргээс баримтууд алга болсон байсныг би мэдсэн өмгөөлөгч мэдээгүй байсан. Гэрээн дээр өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ ажлаа утсаар болон мэйлээр мэдэгдэж сар бүр тайлан гаргаж өгч байна гэж заачихаад надад ямар ч тайлан, мэйл өгөөгүй, ажлаа зохих ёсоор хийгээгүй харин ч надаас 1 сая төгрөг авчихсан байсан, би ч давахын хуралд ялагдаж нөгөө талд шийдвэр гарч би хохирсон байдалтай үлдсэн учраас дээд шүүхэд гомдол гаргаж бичээд өгөөчээ гэж олон хоног уйлан хайлан дагаж гүйхэд бичиж өгөөгүй. Харин ч би чиний өмгөөлөгч учир өөрөө гомдол гаргана чиний гарын үсэгний хэрэг байхгүй надад бүрэн эрх нь байна гэж хэлсэн, энэ харьцаа хандлага нь надад яагаад ч туслалцаа үзүүлэхгүй юм байна намайг хуурах юм байна гэж бодож өөрөө гомдолоо бичиж дээд шүүхэд өгсөн, ингээд гомдол өгсөний маргааш өмгөөлөгч надад гомдол гаргасан мэт мэйл явуулсан би гомдол гаргажээ гэж ойлгосон. Гэтэл гомдол гаргах 14 хоног дуусаад 18 цаг өнгөрөөөд бүх юм дууссан хойно миний утсыг авдаггүй хүн өөрөө над руу залгаж унагаах зорилготойгоор ярьж чи гомдол өгсөн үү би өгөөгүй, чи тэмдэгтийн хураамж төлсөн үү гээд бүр унагаах гээд сонин асуулт тавиад огт туслаагүй таг болсон.

Ингээд дээд шүүхийн хурал болдог өдөр миний гомдлоор хурал болох гэж байхад нөгөө гомдол бичиж өгөөгүй утсаа ч авдаггүй хүн чинь ирчихсэн байхаар нь би гайхаад чи хэний хуралд ирж байгаа юм бэ гэсэн чинь чиний хуралд гээд хээв нэг ирчихсэн байсан. Өмгөөлөгч хүн ийм байж болох уу. Гэрээ хийсэн юм чинь мөнгө л авна гээд яриад байдаг ерөөсөө үйлчилгээгээ үзүүлэх  тухайд огт хамтарч ажиллаагүй нотлох баримт ч байхгүй, миний хэдэн хурлын шийдвэр л байна шүүдээ, харин ч энэ хүнээс 500.000 төгрөгөө нэхэмжилж авах бодолтой байгаа, мөн тушаах ёсгүй 70.200 төгрөгөөр ч хохирсон байна. Намайг ажилд нь томилчихсон байна гээд мөнгө нэхээд байгаа нь утгагүй юм. Хэрэв би өмгөөлөгч дээд шүүхэд гомдол гаргана гээд итгээд явсан бол өнөөдөр би хохирсон байх ёстой байсан, би өөрөө гомдлоо бичиж өгөөд Улсын дээд шүүх миний гомдлоор хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг үнэн зөв шийдсэнд би баярлаж явдаг. Тэр олон өмгөөлөгчөөс очиж очиж ийм өмгөөлөгч авах ч гэж дээ гэж өмгөөлөгчдөө сэтгэл гонсойж хуульчдын холбоо болон өмгөөлөгчдийн холбоонд энэ хүний тухайд гомдол ч бичиж өгнө гэж бодож байгаа. Тиймээс надаас нэхэмжлээд байгаа 500.000 төгрөгийг алданги, 250.000 төгрөгийн хамт өгөх үндэслэл огт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батдорж нь хариуцагч М.Уранбилэгт холбогдуулан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөг,  алданги 250.000 төгрөг нийт 750.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь:  Нэхэмжлэгч Б.Батдорж нь М.Уранбилэгийн нэхэмжлэлтэй “Вишн фанд ББСБ” ХХК-нд холбогдох хөдөлмөрийн гарцаарчилсан маргааны иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчийн ажлын хөлсийг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаанд 500.000 төгрөг, үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд 1.000.000 төгрөгийг өмгөөлөгчид төлөх, өмгөөлөгчийн хөлсийг үндэслэлгүйгээр саатуулсан бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар тооцож, үүрэг гүйцэтгэж дуусах хугацаанд өмгөөлөгчид алданги төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Батдорж нь М.Уранбилэгийн нэхэмжлэлтэй “Вишн фанд ББСБ” ХХК-нд холбогдох хөдөлмөрийн гарцаарчилсан маргааны иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, улсын дээд шүүхийн тогтоол зэрэг бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Зохигчид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцлийн гол нөхцөл болох өмгөөллийн хөлсийг 1.500.000 төгрөг байхаар талууд тохиролцож, түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 39, 42, 43 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан хэлцэл зохигчдын хооронд хийгдсэнийг үгүйсгэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, тухайн гэрээний харилцааг зөв тодорхойлсон, хүчин төгөлдөр эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар “ гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрсөнөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авсанаар гэрээг байгуулагдсан”-д тооцно.

Хэдийгээр хариуцагч М.Уранбилэг нь “... өмгөөлөгч надаас 1.000.000 төгрөг надад хуулийн туслалцааг бүрэн гүйцэт үзүүлээгүй, бас зохих ёсоор гүйцэтгээгүй хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчин туушдаа байж чадаагүй, бас буруу зөвөлгөө өгсөн, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш надад ямар ч туслалцаа үзүүлээгүй, давж заалдах шатны шүүхэд нөгөө тал давсан байна надад тайлбар ч болтугай бичээд өг гэхэд  уурлаад хурал дээр ч болно гээд бичиж өгөөгүй, өмгөөлөгч анхан шатнаас хойш хэргийн материалтай огт танилцаагүй, хурал болохоор хүрээд ирдэг, хяналтын гомдлыг би өөрөө бичиж Улсын дээд шүүх миний гомдлоор хэргийг хэргийг шийдсэн, 2016 оны 09 дүгээр сарын 08-нд анх байгуулсан. Энэ гэрээгээ шүүхэд өгчихөөд буцаж ирээд дахиж өөрчилсөн гэрээгээ хийсэн. Би шүүхэд өгсөн гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа...” гэж маргасан боловч өөрийн татгалзал, тайлбарын үндэслэл болсон нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй төдийгүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Иймд М.Уранбилэгээс “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу ажлын хөлсний үлдэгдэл 500.000 төгрөг,  алданги 250.000 төгрөг нийт 750.000 төгрөг гаргуулан Б.Батдоржид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Уранбилэгээс 750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батдоржид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Уранбилэгээс 22.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батдоржид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ