Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2017/0548/З |
Дугаар | 780 |
Огноо | 2017-10-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 780
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын татвар орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “Д” ХК,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын улсын татвар орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц., Р.Д, Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А Б.Б нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч “Д” ХК-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц., Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № *** тоот актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөн нэхэмжлэгч “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ХК-аас Татварын ерөнхий газрын татварын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б., 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № *** тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
... Нэхэмжлэгч “Д” ХК-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч .Х, Р.Д, татварын улсын байцаагч Б нарын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот актыг илт хүчин төгөлдөр бус болохыг тооцуулахыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлд заасны дагуу гомдлын өргөдлийг гаргасан.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 37 тоот тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “Д” ХК-ийн ахлах нягтлан бодогч Ж.С Татварын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 30 ны өдрийн *** тоот актыг хянапт шалгалт хийсэн улсын ахлах байцаагч Р.Д 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардуулахдаа хянан баталгаажуулсан Газар хэлтэс тасгийн дарга Б.Д***ийн өмнөөс өөрийн гарын үсгийг дур мэдэн зурсан зөрүүтэй актыг хүлээлгэн өгсөн байна. Гэтэл Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №*** тоот актыг хянан баталгаажуулсан газар хэлтэс тасгийн даргын Б.Д гарын үсгийг зурсан зөрүүтэй актууд үйлдэгдсэн байна. 3% үйлдэгдсэн актыг эцэслэн ёсчлохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг бүрэн хангаагүй болох нь илэрхий байна. Улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** акт нь илт хууль бус Татварын ерөнхий хуулийн 30 зүйлийн 30.1.3, гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах, 34 зүйлийн 34.2 заалт, Татварын улсын байцаагчийн акт ... татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулсан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг зөрчсөн илт хууль бус акт байна. Татварын хяналт шалгалт хийхээр томилогдсон Татварын улсын ахлах байцаагч Р.Д нь “Д" ХК-д санхүүгийн хяналт шалгалт хийхээр томилогдсон этгээд өөрөө хяналт шалгалт хийсэн актыг хянан баталгаажуулах, гарын үсэг зурах эрхгүй юм. Орлон гүйцэтгэх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Улсын татварын ерөнхий газрын даргын 2008 оны 192 тушаалаар баталсан Үндэсний татварын албаны татвар хяналт шалгалтын ажлын дүрмийн 3.2.5 дах заалт хяналт шалгалт хийсэн Татварын улсын ахлах байцаагч акт дүгнэлтийг татвар төлөгчид танилцуулахын өмнө Хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн даргад эсхүл түүний ажил үүргийг орлон албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна. 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 сарын 22-ны дугаар А/101, Татварын хяналт шалгалтын журмын 7.4.3, 7.9 заалтуудыг зөрчсөн илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Иймд Нэхэмжлэгч “Д” ХК-ийн зүгээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч .Х, Р.Д, татварын улсын байцаагч Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № *** тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын (ахлах) байцаагч .Х, Р.Д, татварын улсын байцаагч Б бид “Д” ХК-ийн 2009-2013 оны санхүүгийн баримтанд татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 2014 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн *** тоот актаар 313,280,856.7 мянган төгрөгийн зөрчилд 10,602,294.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,552,646.9 мянган төгрөгийн торгууль, 2,092,197.6 мянган төгрөгийн алданги нийт 16,247,139.2 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.
Уг актаар тогтоосон зөрчлүүдээс зарим хэсгийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөлгүй Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд өмнө гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Тус газрын 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18 тогтоолоор актаар нийт 16,247,139.2 мянган төгрөгийн төлбөрөөс 1,477,262.1 мянган төгрөгийн төлбөр хасч 304,166,857.9 мянган төгрөгийн зөрчилд ногдох 14,769,877.1 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр баталсан.
“Д” ХК-ийн актыг илт хууль бус болохыг тооцуулах тухай гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл. Татварын улсын байцаагчид хориглох зүйл 30.1.3-д “гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;” 34 дүгээр зүйл 34.2.“Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэснийг мөрдлөг болгон “Д” ХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгасан актыг ноорог байдлаар хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д танилцаж, ноорог дээр гарын үсэг зурж “Татварын улсын байцаагчийн акт”-ын хэвлэмэл хуудсыг 2014 оны 6 дугаар сарын 30-нд олгосон.
Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д*** Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 тоот тушаалаар 7 дугаар сарын 1 -ны өдрөөс ээлжийн амралт авсан.
“Д” ХК-ийн ахлах нягтлан бодогч Ж.С / Дархан хотоос татварын улсын байцаагчийн акттай танилцахаар 2014 оны 7 дугаар сарын 2-нд Улсын төсвийн орлого, хяналтын газрын203 тоот өрөөнд ирсэн. Орон нутгаас ирсэн татвар төлөгчид чирэгдэл учруулахгүй тулд Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасны дагуу актаа хэвлэж, ажил үүргийг түр орлон гүйцэтгэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 тоот тушаалыг үндэслэн татвар төлөгчид гардуулах 1 хувь актан дээр татварын улсын ахлах байцаагч Р.Д хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д орлон гарын үсэг зурж актыг баталгаажуулсан.
Татварын ерөнхий даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар батлагдсан “татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.4.3-т “Тэмдэглэх, тогтоох хэсгийн төгсгөлд акт тогтоосон, дүгнэлт бичсэн Татварын алба, Татварын улсын (ахлах) байцаагчийн нэр, актыг зөвшөөрсөн эсэх, дүгнэлтийг танилцсан татвар төлөгч, түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны нэр, хянан баталгаажуулсан Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн даргын нэр, огноо, акт, дүгнэлтийг гардуулсан огноо, гардан авсан албан тушаалтын нэрийг бичиж гарын үсэг зурж тамга, тэмдэг, дарж баталгаажуулсан байна”, 7.9-д “Татварын хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч акт, дүгнэлтийг Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн даргад, эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж хянан баталгаажуулна. гэсэн заалтын дагуу акт тогтоосон Татварын улсын (ахлах) байцаагч нар гарын үсэг зурж, тэмдэг дарж, актыг танилцсан татвар төлөгч, түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Хяналт шалгалтын дарга Б.Д ээлжийн амралт авсан тул эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд болох татварын улсын ахлах байцаагч Р.Д гарын үсэг зурж актыг баталгаажуулсан.
Татвар төлөгчид актыг танилцуулснаар Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл 34.3. “Татвар төлөгч нь акт, дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ хуулийн 18 1 5-д заасны дагуу тайлбараа өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд татварын улсын байцаагч татвар төлөгчид акт дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу акт хүчин төгөлдөр болдог.
Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот актын 3 хувь нь агуулгын хувьд огт зөрүүгүй бөгөөд улсад болон татвар төлөгчид ямар нэгэн байдлаар хохирол үзүүлээгүй, хэн нэгний эрх ашгийн хөндөөгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Татварын улсын байцаагчийн актыг илт хууль бус гэж үзэж байна. Тухайн актыг 2014 онд үйлдсэн байдаг тул хууль хэрэглээний асуудлыг зайлшгүй ярих ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг ямар хуулийн хүрээнд гаргасныг сая асуусан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан агуулгын хувьд илэрхий алдаатай, бичгээр холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн байдаг. Захиргааны өмнөх хуулийн 9 дүгээр зүйлээр энэ асуудлыг зохицуулдаг байсан. Илт хууль бус гэж үзэж байгаа акт 3 хувь үйлдэгдсэн. Гарын үсэг зурсан өөр байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан тухай захиргааны акт хууль бус гэж үзэн тухай актыг дахин гаргах шаардлагатай гэсэн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.
Тухайн үйлдэгдсэн акт нь илт хууль бус гэсэн шаардлагыг хангаагүй. 2014 оноос хойш энэ маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг 2014 оны онд гардаж аваад тухайн үед шийдвэрлэх боломжтой байсан боловч тэгээгүй. Тухайн үед мөрдөж байсан Захиргааны хуулиар асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан тул хөөн хэлэлцэх хугацааны асуудал тасалдсан. Хууль хэрэглээний асуудал дээр эрх зүйн онолын түүхэнд Иргэний хуулийн 3 дугаар зүйлд заасан нийтлэг эрх зүйн харилцаанд ашиглаж байсан. Захиргааны ерөнхий хуулинд энэ талаар зохицуулалт байхгүй. 2014 онд гардаж авсан актад хууль буцаан хэрэглэх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч .Х, Р.Д, татварын улсын байцаагч Б нараас үйлдсэн *** тоот актаар “Д” ХК-ийн 10,602,294,746.1 төгрөгийн зөрчилд 3,552,646,923.8 төгрөгийн торгууль, 2,092,197,583.5 төгрөгийн алданги, нийт 16,247,139,253.4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.
“Д” ХК-аас дээрх актыг илт хууль бус гэж үзэж гомдол гаргасан байх ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоор “*** дугаар актыг илт хууль бус болохыг тооцуулах гомдол”-ыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,
1/ Татварын улсын байцаагчийн *** тоот акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2004/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 4.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай,
2/ Мөн акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2004/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасанчлан “Татварын ерөнхий хуулийн 30.1.3, 34.2 дахь хэсэг болон 2008 болон 2009 оны “Татварын хяналт шалгалтын ажлын журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн тул илт хүчин төгөлдөр бус акт болно. Энэ нь өнөөдөр үйлчилж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 4.1.2-т заасантай нийцэж байгаа. Учир нь актын баталгаажуулалт хууль бус учраас тухайн актыг батлан гаргасан субьект тодорхойгүй гэж үзнэ” хэмээн тайлбарлан маргаж байна.
Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас,
1/ 2004 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсон бөгөөд Захиргааны ерөнхий хуульд “...өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн заалт байхгүй тул актыг илт хууль бус гэж үзэхгүй,
2/ 2016 оны 07 дугаар сарын 01-ээс өмнө гардаж авсан актын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан,
3/ Татварын байгууллагын дотооддоо мөрдөгдөх журмыг татварын байцаагч зөрчсөн асуудал нь захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж тус тус маргажээ.
Татварын улсын байцаагчийн *** тоот актыг нэхэмжлэгч байгууллага 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардаж аваад хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий татварын маргаан таслах зөвлөл болон шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Мөн “Д” ХК нь дээрх актыг “илт хууль бусад тооцуулах тухай” гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гаргаж, улмаар уг зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ... 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасанд нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч байгууллага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхээ алдсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Татварын улсын байцаагч нар нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Татварын хяналт шалгалт хийх томилолт” -ын дагуу “Д” ХК-ийн 2009-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2014 оны 02 дугаар сарын 03-аас 2014 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр *** тоот актыг үйлдсэн байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, улсын байцаагч Б.Б нарын “... 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот актыг илт хууль болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба маргааныг шийдвэрлэхэд баримталбал зохих материаллаг хуулийн тухайд акт үйлдэгдэх, гардуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг шүүхээс хэрэглэнэ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 дэх заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуульд байхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “Захиргааны акт утга агуулгын хувьд илэрхий алдаатай” тохиолдолд актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаар заасан байх ба илт хууль бус акт гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолд ”хүсэл зориг нь илэрхийлэгдээгүй, заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс болоод хоёрдмол утгатай, найруулгын хувьд ойлгомжгүй” хэмээн тайлбарласан байна.
Гэтэл татварын улсын байцаагчийн *** тоот актын татвар төлөгчид гардуулсан болон Татварын ерөнхий газрын архив, татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй хувиуд/3 хувь/-ын тухайд үг үсгийн, түүнчлэн агуулгын хувьд зөрүүгүй, зөрчил илрүүлсэн болоод түүнд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээ ойлгомжтой тодорхой байх тул утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй.
Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Татварын улсын байцаагчийн *** тоот акт нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр огноологдсон байх ба нэхэмжлэгч “Д” ХК-д гардуулсан хувь дээр “Актыг тогтоосон:” хэсэгт болон “Хянан баталгаажуулсан: ... /Б.Д” хэсгүүдэд татварын улсын ахлах байцаагч Р.Д гарын үсэг зурсан , актын үргэлжлэл хавсралт №01-д “Актыг тогтоосон:” хэсэгт татварын улсын байцаагч Р.Д гарын үсэг зурсан, харин “Танилцсан:” хэсэгт Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д гарын үсэг зураагүй байна.
- Харин *** тоот актын Татварын ерөнхий газрын архивт болон татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй хувиудад /2хувь/ “Актыг тогтоосон:” хэсэгт татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нар, “Хянан баталгаажуулсан:” хэсэгт хэлтсийн дарга Б.Д нар 2014 оны 06 дугаар сарын 30-ны огноогоор гарын үсэг зурсан , актын үргэлжлэл хавсралт №01-д “Актыг тогтоосон:” хэсэгт татварын улсын байцаагч нар, харин “Танилцсан:” хэсэгт Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д гарын үсэг тус тус зурсан байна.
Дээрхээс үзвэл, актыг нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Ж.С нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гардаж авах үед актуудад Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д гарын үсэг зураагүй байсан байх бөгөөд хариуцагчаас эцэслэн ёсчлоогүй актыг татвар төлөгчид танилцуулж гардуулсан үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т “татварын улсын байцаагч нь гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй ...акт, ...-ыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахыг ... хориглох”, “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4.3-т “Акт, -ын тэмдэглэх, тогтоох хэсгийн төгсгөлд ...хянан баталгаажуулсан хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргын нэрийг бичиж, гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралттай байсан байх бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар тушаалаар татварын улсын ахлах байцаагч Р.Даваа нь хэлтсийн даргыг орлох эрхтэй байсан хэдий ч Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга нь хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана” гэснээс үзвэл “Д” ХК-д шалгалт хийсэн татварын улсын байцаагч Р.Д нь өөрийн шалгасан актыг өөрөө хянан баталгаажуулсныг зөвтгөх боломжгүй.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...акт ...-д татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, ...татварын хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасныг, мөн Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар баталсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4.3-т “Акт, -ын тэмдэглэх, тогтоох хэсгийн төгсгөлд ...хянан баталгаажуулсан хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн даргын нэрийг бичиж, гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна”, 7.13-т “Акт, ...нь татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно...”гэж заасан байх ба *** тоот актын Татварын ерөнхий газрын архив болон татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгалагдаж буй 2 хувь актад татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн дарга Б.Д гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэн үзвэл, татварын улсын байцаагч нарын татварын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн процессын зөрчил байх тул *** тоот актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, *** тоот актын татвар төлөгчид гардуулсан болон архив, хувийн хэрэгт хадгалагдаж байгаа байгаа хувиуд нь гарын үсгийн хувьд зөрүүтэй буюу хэлбэрийн шаардлага хангахгүй байх боловч “Д” ХК нь актыг гардаж аваад татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байх тул дээрх зөрчлийн улмаас нэхэмжлэгчийн тайлбарлаж буй мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх /эдийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй буюу зөрчил болон хохирлын хооронд шалгаант холбоо тогтоогдохгүй байх тул *** тоот актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч “Д” ХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гэвч энэхүү шийдвэр нь татварын улсын байцаагч нарын хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн зөрчлийг зөвтгөж байгаа хэрэг биш болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХК-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ