Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0603

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 607 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 607 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3, 5-д заасныг баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03- ний өдрийн А/554 дүгээр тушаалын “Н” ХХК-д  газар ашиглуулах зөвшөөрөл олгосон 8,8 га газрын нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 1,34 га газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 3,9 га газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Ч ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3,9 га газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “ ... “Ч” ХХК нь 2016 оноос хойш яамтай шүүхийн журмаар маргаан үүсгэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 125 дугаартай магадлалаараа тус компанийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг сайдад даалгасан. Харин энэ компанид газар ашиглах эрх олгохыг даалгаагүй байдаг. “Ч” ХХК нь яаманд удаа дараа хүсэлт ирүүлж байсан бөгөөд яамны зүгээс тухай бүр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар заасан ч шүүх үүнийг зөрчсөн. Шүүх өмнө шийдсэн асуудлыг дахин шийдэж байна.

Мөн Сайд болон яамны газар, хэлтсийн дарга нар тус компанид удаа дараа газар ашиглах эрх олгох боломжгүй гэдгийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч тус компани шүүхэд гомдол гаргаж байгаагүй, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн. Гэвч шүүх хугацаа хэтрүүлсэн асуудлыг хангаж шийдэж байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Шүүх тус компанид газар ашиглах эрх олгохыг даалгаж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг илтэд зөрчиж байна.

Шүүх газар ашиглах эрх олгохыг даалгаж байгаа нь шүүхийг газар ашиглах эрх олгодог төрийн захиргааны байгууллага шиг ойлголтыг бий болгож, шүүхийн байгууллагын чиг үүргийг алдагдуулж, сайдын эрх мэдэлд халдаж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дараах өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 125 дугаар магадлалаар “... “Ч” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан 3.9 га газрын 1.34 га газарт “Г” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн.

Ийнхүү нэхэмжлэгч “Ч” ХХК нь өмнө хүсэлт гаргасан талбайдаа 3.9 га газрыг ашиглахаар дахин зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байх боловч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас “...Богдхан уулын дархан цаазат газрын Баруун дэлгэрийн аманд 5 га газар ашиглах эрх олгосон тул хүсэлтийг шийдвэрлэсэнд тооцно” гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалаараа “Г” ХХК-ийн ашиглаж байсан 8.8 га газрыг “Н” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, “Ч” ХХК-ийн газар ашиглуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг эрх бүхий этгээд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалаараа эцэслэн гаргасан гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл,

1. Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан 3.9 га газар болон гуравдагч этгээд “Н” ХХК-ийн ашиглах эрх бүхий 8.8 га газар нь хоорондоо 1.34 га газрын хэмжээгээр давхцалтай,

2.  Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь маргаан бүхий газруудыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан,

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Баруун дэлгэрийн аманд нэхэмжлэгч “Ч” ХХК-д ашиглуулахаар эрх олгосон 5 га газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 3.9 га газартай огт хамааралгүй, нэхэмжлэгч тухайн газрыг ашиглахыг хүсэж өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заасан.

Анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, “...нэхэмжлэгч нь маргаан бүхий талбайд газар ашиглах хүсэлтээ цаг хугацааны хувьд “Н” ХХК-иас өмнө гаргасан байхад энэ нөхцөл байдлыг шалгахгүйгээр гуравдагч этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгосон нь хууль бус болох” талаар дүгнэсэн нь үндэслэлтэй, тухайн газарт 2 этгээд газар ашиглах хүсэлт гаргасан байхад хариуцагчаас газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харьцуулан үзэхгүйгээр шууд “Н” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Гэхдээ маргаан бүхий актад “Н” ХХК-д “...8.8 га газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгосугай” гэснээс үзвэл, тус газарт аялал жуулчлалын зориулалтаар хэрэгжиж байсан төслийг үргэлжлүүлэн гуравдагч этгээд хэрэгжүүлэхээр газар ашиглах эрхийг олж авсан байж болохоор байх бөгөөд тухайн төсөл нь 8.8 га газарт хамаарах иж бүрэн цогцолбор төсөл байхаар анхнаасаа төлөвлөгдсөн бол түүнээс 1.34 га газрыг нь салгаж болох эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн ашиглах хүсэлт гаргаж буй 3.9 га газарт хэрэгжүүлэх төсөлд хамаарах талбайгаас мөн адил 1.34 га газрыг салгаж болох эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, үүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзэхээр байна.

Учир нь тодорхой зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргаж байгаа этгээд газрыг хэрхэн ашиглах талаар иж бүрэн төлөвлөлт хийж, түүний үндсэн дээр талбайн хэмжээг тооцоолон газар ашиглах хүсэлтээ гаргадаг бөгөөд 3.9 га болон 8.8 га газар нь тус тусдаа аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжих цогцолбор төлөвлөлт тул хэн алиных нь газраас шууд 1.34 га газрыг салгаж дүгнэлт хийх боломжгүй, иймд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэрэгжүүлэх төслүүдийг өөр хооронд нь харьцуулан үзэж, аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг олон улсын стандарт, түвшинд хүргэсэн байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийх нь зүйтэй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “... “Ч ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 3.9 га газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дээр дурдсанчлан хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журамд нийцүүлэн дүгнээгүй, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан үзээгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тус хуульд нийцсэн гэж үзэж, газар ашиглах эрх олгохыг даалгах боломжгүй, энэ нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байна.

Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт  “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс Богдхан уулын Ташгайн аманд газар ашиглах хүсэлт гаргахад Баруун дэлгэрийн аманд түүнд газар ашиглах эрх олгосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан нь ойлгомжгүй байгааг шинэ акт гаргахдаа анхаарвал зохино.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 405 дугаар тогтоолоор эцэслэн дүгнэсэн, харин хариуцагчаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг өөр этгээдэд ашиглуулах шийдвэр гарсан болохыг мэдсэнээр шүүхэд нэхэмжлэлээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 607 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3, 5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дахин шинэ акт гаргахгүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/554 дүгээр тушаалыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН