Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 1957

 

   Л.Болормаагийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

           

Анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч Л.Болормаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шийдвэрээр Л.Болормаагаас 71 807 850 төгрөг гаргуулж М.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн.  Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201008115 дугаартай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээч 70 365 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлж, шийдвэр гүйцэтгэгч түүнээс бууруулж 70 хувь 49 255 500 төгрөгөөр үнэлж, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах нь хууль зөрчиж байна гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15 цагт хүлээлгэж өгсөн. Төлбөр төлөгч би Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр буюу 3 хоногийн дотор хуульд заасан хугацаандаа гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлын талаар “хуулийн хугацаа хэтэрсэн байна” гэж учир битүүлэг хариу өгсөн байна. Тус албанаас зохион байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Болормаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 159/05 дугаар “Эд хөрөнгө хураах тогтоол”-оор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Л.Болормаа болон тухайн байрны өмчлөгч М.Долгорсүрэн нараас 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3/16749, 3/16750 дугаар албан бичгээр үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч М.Гантулгын зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Лэндс“ ХХК-иар тогтоолгоход 70 365 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг байрны өмчлөгч М.Долгорсүрэнд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19477 дугаар, төлбөр төлөгч Л.Болормаад тус өдрийн 3/19478 дугаар албан бичгээр тус тус мэдэгдэж, төлбөр төлөгчийн 91911510 дугаар утсаар үнэлгээг танилцуулж, нөхөр Ж.Жанчивдоржид төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу мэдэгдлийн 1 хувийг үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 49 255 500 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Долгорсүрэн, төлбөр төлөгч Л.Болормаа нарт 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20563, 3/20564 дугаар албан бичгээр мэдэгдэж төлбөр төлөгчийн 91911510 дугаарын утсанд холбогдож эрх, үүргийг танилцуулж, тэмдэглэл хөтөлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Л.Болормаад үнэлгээний мэдэгдлийг өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж тэмдэглэл хөтөлсөн анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Гуравдагч этгээд М.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах явцад төлбөр төлөгч Л.Болормаа хугацаа хожиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, төлбөр авагчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь цаг тухай бүрт ажиллагаа хийж, төлбөр төлөгчид мэдэгдэж байсан, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийн шинжээчийн үнэлгээ 70 365 000 төгрөгийг 70%-иар тооцон, 49 255 500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгч Л.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу өгөөгүй, шууданд хийсэн гэж байгаа боловч шуудангаар албадан дуудлага худалдааны мэдэгдлүүд ирээгүй байхад шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00833 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Л.Болормаагаас 71 807 850 төгрөг гаргуулж, М.Гантулгад төлж барагдуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 1 тоотод байрлах, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

          Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 833 дугаар шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч Л.Болормаагаас 71 807 850 төгрөг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд М.Долгорсүрэнгийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 159/05 дугаар тогтоолоор битүүмжилж /хх-42/, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 159/07 дугаар тогтоолоор хураан авсан /хх-50/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн ба энэ талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй.

 

Мөн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч Л.Болормаа /хх-48/, өмчлөгч М.Долгорсүрэн /хх-47/ нарт тус тус мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлээгүй байна. Харин хариуцагч нь төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж, “Лэндс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр орон сууцны үнэлгээг 70 365 000 төгрөгөөр тогтоосон байх ба дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчөөгүй.

 

          Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/253 дугаар тогтоолоор М.Долгорсүрэнгийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах, уг дуудлага худалдааны үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 49 255 500 төгрөг болохыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний шуудан сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн /хх-62/, төлбөр төлөгч  Л.Болормаад  Ж.Жанчивдоржоор  дамжуулан  мэдэгдсэн  нь  2016 оны  5   дугаар

 

сарын 30-ны өдрийн 3/20563 дугаар албан тоот /хх-64/, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-65/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

          Хуульд заасан эрх, үүргээ иргэн өөрөө мэдэх үүрэгтэйгээс гадна хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хангагдсан буюу дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байхад өөрийн эрхээ эдлээгүй явлалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00815 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                             Д.БАЙГАЛМАА