Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 74 дүгээр байрны 20 тоотод оршин суух, Хурдан овогтой Басмаагийн Түмэнцэцэг /РД:ПЮ72051903/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оддын хотхон цогцолбор 43 дугаар байрны 16 тоотод оршин суух, Эрхид овогтой Гомбосүрэнгийн Тэмүүлэн /РД:УК71022201/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Оддын хотхон 43-1б тоотод оршин суух, Боржигон овогтой Алтангэрэлийн Байгалмаа /РД:ЧР62022503/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81.786.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл,  хариуцагч Г.Тэмүүлэн, А.Байгалмаа, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: Байгалмаа нь 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 101.750.000 төгрөгийг авч зээлийн гэрээний нэмэлт сунгалт болон хүүгээ төлж байсан. Үндсэн зээл 55.000.000 төгрөг, хүү 17.710.000 төгрөг мөн 10, 11 сарын хүү 3.850.000 төгрөг, алданги 5.226.000 төгрөг, нийт 81.786.000 төгрөгийг Г.Тэмүүлэн, А.Байгалмаа нараас хувь тэнцүүлж нэхэмжилж байгаа. Үндсэн мөнгө, хүү, алдангаас 5.256.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн баримтууд нь өмнөх хоёр зээлийн төлбөр төлсөн баримтаар 101.750.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээнд хамааруулж тооцоод байгаа гэв.

             Хариуцагч Г.Тэмүүлэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд эгч А.Байгалмаад 101.750.000 төгрөгийн зээлд барьцаа хөрөнгөө өгсөн нь үнэн өөр тайлбар байхгүй гэв.  

             Хариуцагч А.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Би дүү Г.Тэмүүлэнгийн байрыг барьцаалж Б.Түмэнцэцэгтэй барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн баримт хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Б.Түмэнцэцэгийн дансанд 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөгийг төлсөн гэх баримт хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. Талуудын хооронд тооцоо нийлээгүй итгэлцэл дээр явдаг байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын тулгаад үзэхээр би зээлээ төлөөд дууссан. Миний зээл хаагдсан байх ёстой. Нэхэмжлэгч талд баримт байгаа бол баримтаа тулгана уу. Нэхэмжлэгчид мөнгө тушаалсан баримтаа харахаар надад одоо төлбөр байхгүй. 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Г.Тэмүүлэн, Эрдэнэцэцэг нар барьцаат зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан. Уг зээлээ төлсний дараа 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өмнөх зээлийн барьцаалбар дээр нэмж зээл авсныгаа өөрт байгаа нотлох баримтаа тулгахаар төлж дууссан байгаа. Батжаргалын 40.000.000 төгрөгийн зээлийг хаасан. Манай талаас 272.000.000 төгрөг төлсөн гэх баримтаа хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Түмэнцэцэгийн дансанд 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 30.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Г.Тэмүүлэн бид хоёр нэхэмжлэгч талын компани дээр очиж дахиад 30.000.000 төгрөг төлсөн гэх баримтаа мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Би төлбөр төлсөн баримтаа шүүгээд үзэхээр 182.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн гэв.

 

            Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн маргааны гол зүйл нь төлбөр тооцооны маргаан. Зээлийн алданги гэж мөнгө авсан мөртлөө үндсэн зээлийн төлбөрт оруулж тооцоогүй. Зээлийн хугацаа хэтрүүлсэн асуудлаас болж 81.786.000 төгрөгийн эвлэрлийн гэрээн дээр гарын үсэг зурахдаа тооцоо нийлээгүй нь асуудал болсон.  Ингээд хариуцагч талаас бүх төлбөр тооцоо хийсэн баримтуудаа гаргаж өгсөн. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал нэхэмжлэгч талд 270.200.000 төгрөгийн төлбөр төлсөн нь харагдаж байдаг. Уг 270.200.000 төгрөг яагаад гарч ирсэн бэ? гэхээр нэхэмжлэгч тал өөр хоёр хүний зээлийн гэрээг хамруулж, уг төлсөн мөнгийг давхардуулж оруулж ирээд байна. Хариуцагч тал нэхэмжлэгч талд төлсөн мөнгөө бодож үзэх юм бол энэ төлбөр тооцоог нэхэмжлэгч нэхэмжлэх эрх үүсэхгүй байна. Уг нэхэмжлэлийн үнийн дүн гарах үндэслэл нь нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хүү нэмэгдүүлсэн. Хүү гэж авсан мөнгө үндсэн зээлнээс хасаж тооцоогүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгыг бодохоор хариуцагч тал нэхэмжлэгч талд төлөх төлбөргүй байна. Мөн нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч талаас хэдэн төгрөг яг ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч талаас хүү гээд бөөн 5.000.000 төгрөг төлсөн бол 3.500.000 төгрөг нь 101.750.000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөр, харин 1.500.000 төгрөг нь 20.000.000 төгрөгийн зээлийн төлбөр байсан гэж байна. Харин нэхэмжлэгч өөрсдөө үүнийг нотлож чадахгүй байна. Хариуцагч тал нийт 272.000.000 төгрөгийг төлсөн. Уг 272.000.000 төгрөгөөс өмнөх зээлээ хасан ч гэсэн цаана нь 184.000.000 төгрөг үлдэж байна. Тэхээр уг мөнгө бүхэлдээ төлөгдөж дууссан байгаа Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэгч тал хариуцагчаас хүү, алданги гээд мөнгө авсан нь хуулиараа хүү, алданги төлөх үндэслэлгүй болж үндсэн мөнгөндөө төлөгдөж дуусаж хариуцагч төлбөргүй болж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн төлөгдсөн тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Түмэнцэцэг, хариуцагч Г.Тэмүүлэн, А.Байгалмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81.786.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Г.Тэмүүлэнгээс 40.893.000 төгрөг, А.Байгалмаагаас 40.893.000 төгрөг, нийт 81.786.000 төгрөгийг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Нэхэмжлэгч 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарын зээл хүссэний дагуу Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг байгуулан 100.000.000 төгрөгийг зээлдүүлж, барьцаанд нь хариуцагч Г.Тэмүүлэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхоны 43-1Б тоот хаягтай 128,58 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан боловч талууд гэрээний үүргийг биелүүлэхгүйгээс үндсэн төлбөрөөс 55.000.000 төгрөг төлөөгүй тул үндсэн төлбөр 55.000.000 төгрөг, хүү 21.560.000 төгрөг, алданги 5.226.000 төгрөг, нийт 81.786.000 төгрөгийн үүргийн  гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардаж байна гэжээ.

Хариуцагч нар талуудын хооронд Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулагдсан гэдэгт маргаагүй боловч хариуцагч нар зээлийг бүрэн төлж дууссан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Талуудын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 100.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх Зээлийн гэрээг шүүх талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн байна гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан дээрхи нэхэмжлэлийг 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр анх шүүхэд гаргаж, талууд эвлэрсэнээр шүүхээс Зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагч талаас шүүхэд уг хэргийг Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргасанаар Зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр болсон гэсэн нь нэхэмжлэл /хх1-2/, хариуцагч нарын тайлбар /хх20/, Эвлэрлийн гэрээ /хх24-25/, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх26-27/, баримтууд /хх40-81/, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 242 дугаартай шүүхийн тогтоол /хх86-88/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарт 100.000.000 төгрөгийг бодитойгоор зээлдүүлсэн гэсэн нь талуудын хоорондоо байгуулсан Зээлийн гэрээ /хх5/, Барьцааны гэрээ /хх6-7/, Зээлийн гэрээний нэмэлт /хх8/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Харин хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж 100.000.000 төгрөг зээлж авсан гэдэгт маргаагүй хэдий ч дээрхи зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан байхад нэхэмжлэгч нь Т.Батжаргал болон Б.Эрдэнэцэцэгийн зээлийн гэрээний төлөлттэй андуурсан байх тул зөвшөөрөхгүй гэсэн нь Зээлийн гэрээ /хх5/, Зээлийн гэрээний нэмэлт /хх8/, хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банкны депозит хуулга /хх41-83/, 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б.Түмэнцэцэг Б.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ /хх100-105/, 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б.Түмэнцэцэг Т.Батжаргал нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ /хх106-109/, үүрэг дуусгавар болох тухай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны хэлцэл /хх113/, нэхэмжлэгч Б.Түмэнцэцэгийн Хаан банкны хуулга /хх154-223/, Б.Эрдэнэцэцэг, Т.Батжаргал нартай байгуулсан гэрээ дуусгавар болсон гэх задаргаа /хх153,150,225/, бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу мөнгийг бодитойгоор нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн гэдэгт талууд маргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу талуудын эрх тэгш мэтгэлцэх зарчмын үндсэн дээр мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно.” гэж заасны дагуу дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нар биелүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэгчээс 100.000.000 төгрөг зээлж авч, 2011 оны 12 дугаар сарын 26-нд 4.200.000 төгрөг төлсөнөөс 3.500.000 төгрөг /хх41/, 9-р сарын 24-нд 4.200.000 төгрөг төлсөнөөс 3.500.000 төгрөг /хх43/, 11-р сарын 24-нд төлсөн 4.200.000 төгрөгөөс 3.500.000 төгрөг /хх42/, 9-р сарын 12-нд 5.551.000 төгрөгөөс 3.500.000 төгрөг/хх44/, 7-р сарын 25-нд 3.500.000 төгрөг /хх45/, 6-р сарын 25-нд 4.200.000 төгрөгөөс 3.500.000 төгрөг /хх46/, 2012 оны 1-р сарын 25-аас 10-р сарын 26-ныг хүртэл сар бүр 3.500.000 төгрөг /хх49-54, 55,57,59,61/, 2012 оны 12-р сарын 26-нд 9.000.000 төгрөг /хх63/, 2013 оны 4-р сарын 29-өөс 5-р сарын 24-нд, 7-р сарын 18-нд тус бүр 3.500.000 төгрөг /хх70-72, / 7-р сарын 25-нд 23.500.000 төгрөг /хх80/, 8-р сарын 1-нд 15.000.000 төгрөг /хх79/, 8-р сарын 30-нд 2.400.000 төгрөг /хх74/, 10-р сарын 5-нд 12.366.000 төгрөг /хх82/, 2013 оны 11-р сарын 13-нд 4.000.000 төгрөг /хх75/, 2013 оны 12-р сарын 26-нд 1.925.000 төгрөг /хх67/ тус тус төлсөн гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлдэгчийн тооцооны задаргаа /хх226-227/,  хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банкны депозит хуулга /хх41-83/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна гэж үзлээ. 

Харин нэхэмжлэгч хариуцагчийг дээрхи төлбөрүүдийг Т.Батжаргал болон Б.Эрдэнэцэцэг нарын тооцоог хийсэн гэж татгалзаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу хариуцагч өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Б.Эрдэнэцэцэгтэй хийсэн зээлдэгчийн тооцоо дууссан задаргаа болон зээлийн гэрээ /хх100-105, 148-150/, Т.Батжаргалтай хийсэн зээлдэгчийн тооцоо дууссан задаргаа болон зээлийн гэрээ /хх106-112, 151-153/, Т.Батжаргал Б.Түмэнцэцэг нарын хооронд үүсэн үүрэг дуусгавар болсон тухай /хх113/, хариуцагч нарын тооцооны задаргаа /хх 226-227/ болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нар биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч нараас 81.786.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 566.880 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Түмэнцэцэг хариуцагч Г.Тэмүүлэн, А.Байгалмаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81.786.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд оролцогчид шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ талууд биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ