Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1995

 

Б.**ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн туай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00811 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч **,

Хариуцагч А.** нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 786 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Хонгор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гарагасан тайлбартаа: **, А.** нартай харилцан тохиролцож 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр               100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 3,5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ, **гийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхон ** тоот хаягт оршин байх 128,58 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлийн гэрээг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хариуцагч нар гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү        17 710 000 төгрөг, мөн 10, 11 сарын хүү 3 850 000 төгрөг, алданги 5 226 000 төгрөг, нийт 81 786 000 төгрөгийг **, А.** нараас хувь тэнцүүлж нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд эгч А.**д 101 750 000 төгрөгийн зээлд барьцаа хөрөнгөө өгсөн нь үнэн өөр тайлбар байхгүй гэжээ.

 

Хариуцагч А.** шүүхэд гаргасан тайлбартаа: Би дүү **гийн байрыг барьцаалж Б.**тэй барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан. Б.**ийн дансанд 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд тооцоо нийлээгүй, итгэлцэл дээр явдаг байсан. Би зээлээ төлөөд дууссан, зээл хаагдсан байх ёстой.

2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр **, Б.** нар барьцаат зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан. Уг зээлээ төлсний дараа 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өмнөх зээлийн барьцаалбар дээр нэмж зээл авсныгаа өөрт байгаа нотлох баримттай тулгахаар төлж дууссан байгаа.

Т.**ын 40 000 000 төгрөгийн зээлийг хаасан.

Манай талаас 272 000 000 төгрөг төлсөн гэх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.** хариуцагч **, А.** нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 786 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох талуудын хоорондох гэрээ, дансны хуулга зэргийг тал бүрээс нь шинжлэн судлалгүй зөвхөн хариуцагч талын аман тайлбарыг гол үндэслэлээ болгож хэрэгт бүрэн дүгнэлт хийж шийдвэрлээгүй тул дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч тал 2 удаа шүүгчээс татгалзах хүсэлтийг бичгээр шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдаан дээр өгсөн боловч шүүх хүлээж аваагүй шүүх хуралдааныг эхлүүлсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, бусдын нөлөөнд автан шүүхийн хараат бус байдлаа алдаж, хэд хэдэн ноцтой алдааг гаргаж хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр маш их удаж, хугацаа алдаж бичгээр гарахдаа нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарын гол зүйлийг хасаж, алдаатай бичсэн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуралд оролцсон байтал өмгөөлөгчийн нэрийг хасаж, оролцоогүй мэтээр бичсэн зэрэг алдаануудыг анхан шатны шүүх гаргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагч талтай нийт 5 гэрээ байгуулсан. Үүний 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гэсэн эдгээр 3 зээлийн гэрээний төлбөр тооцоо дууссан бөгөөд нэхэмжлэгч тал эдгээр гэрээнд маргаагүй. Харин 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 100 000 000 төгрөгийн, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сараар байгуулсан, хоногийн 0,5 хувиар алданги тооцсон зээлийн гэрээ болон 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 жил, 6 сараар хугацаа сунгасан гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардсан.

Дээрх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан өмнө нь дууссан болон одоо маргаж байгаа гэрээний бүх орлого, зарлага нэг дансаар орж гарч байсан ба энэ нь шүүгч болон хариуцагч талд хэргийг өөрийн талд ашигтай байдлаар шийдвэрлэхэд гол хүчин зүйл болсон.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулга дээр бүх зээлийн дүн гарч ирсэн байгаа. Шүүх үүний ялгаж бичсэн задаргааг тодруулаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн нэхэмжлэгч тал нь анхнаасаа хариуцагч талтай хуулийн дагуу үндсэн төлбөр, хугацаа, хүү, алданги тохирч гэрээг нотариатаар гэрчлүүлж, давхар барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртэлд бүртгүүлж, зээл олгосон байтал шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримталж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг буруу дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжилсэн дүнг дахин нягталж шалгаад шүүхэд хариуцагчаас нэхэмжилсэн 81 786 000 төгрөгөөс 26 426 250 төгрөгийг хасаж бууруулан одоо 55 359 750 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж давж заалдах гомдол гаргаж байна.

Дээрх дүнг бууруулах болсон нөхцөл нь хүүг буруу тооцсон ба нэмэлт тайлбар, дүнгийн дэлгэрэнгүй задаргааг шүүх хуралдаанд дээр танилцуулах тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдврэлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэр ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.** нь хариуцагч **, А.** нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 786 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зээлийг бүрэн төлж дуусгасан гэж маргажээ.

 

Б.** болон **, А.** нар 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 100 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар **гийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Оддын хотхоны ** тоотод оршин байх 128,58 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан талаар маргаангүй, гэрээнүүд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Дээрх зээлийн гэрээний хугацааг 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 жил 6 сарын хугацаагаар сунгасан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл                       55 000 000 төгрөг, зээлийн хүү 21 560 000 төгрөг, алданги 5 226 000 төгрөг, нийт                         81 786 000 төгрөгийг шаардсан боловч хариуцагч нар 3 зээлийн гэрээний үүрэгт нийт           272 000 000 төгрөг төлсөн учир төлөх төлбөргүй гэж маргаж байгаа тохиолдолд шүүх эдгээр зээлийн гэрээнүүдийг харьцуулан дүгнэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь нийт 5 зээлийн гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлах боловч 2 зээлийн гэрээг сунгасан гэрээний нэмэлт өөрчлөлтийг бие даасан зээлийн гэрээ гэж тооцохгүй болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл Б.**, Б.**, А.** нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ /хх I дэх хавтас, 103 дахь тал/ байгуулагдсан ба уг гэрээгээр зээлдэгч тал болох Б.**, А.** нарт 20 000 000 төгрөгийг сарын 3,5 хувь, 6 сарын хугацаатай,  Б.**, Т.** нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  байгуулагдсан зээлийн гэрээ /хх I дэх хавтас, 109 дэх тал/-гээр зээлдэгч тал болох Т.**д 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувь, 12 сарын хугацаатай байх нөхцөлийг тохирч, уг зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгож хэлцэл хийгдсэн байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагаа үндэслэж буй 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч А.**, ** нарын үүргийг үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 84 000 000 /100 000 000 *3.5 хувь *24 сар/, нийт 184 000 000 төгрөгөөр тодорхойлж, хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг үндэслэн 232 183 000 төгрөгийг /I хавтас 41-82 дах тал/ төлсөн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтын аль нь ямар гэрээний үүрэгт хамааралтайг нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. 

 

Нэхэмжлэгч тал шүүгчээс татгалзсан татгалзлыг шүүх шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00811 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.**ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА