| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 128/2020/0614/З |
| Дугаар | 221//МА2020/0641 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221//МА2020/0641
Б.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.М-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр: Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 32.1.1, 32.1.8, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-оос Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдуулан гаргасан “Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын “...жагсаал, цуглаан...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь хэрэгт хамаарах хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүйн улмаас хариуцагчийн үнэн бус, 1 талыг баримталсан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Монгол Улсад иргэн, аливаа этгээдийн тайван замаар эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх эрхийг зөвхөн онц болон дайны байдал зарласан тохиолдолд гагцхүү хуулиар хязгаарлаж болох бөгөөд энэхүү маргаан бүхий захиргааны актууд гарах үед Монгол Улсад онц болон дайны байдал зарлаагүй байсан. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд ч жагсаал, цуглаан хийх эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болох бөгөөд УОК, НЗД нь хууль тогтоох эрх бүхий субьект биш, хууль тогтоох эрх бүхий субьект болох УИХ-аас УОК эсхүл НЗД-д энэ асуудлаар хууль тогтоох эрх хэмжээгээ шилжүүлж өгөөгүй. Жагсаал, цуглааны үйл ажиллагаа нь хүн баталгаатай эдлэх үндсэн эрхийн дагуу хийх үйлдэл, зохион байгуулах үйл ажиллагаа бөгөөд үүнийг урлаг, спортын болон бусад олон нийтийг хамарсан үйл ажиллагаатай адилтган дүгнэж буй нь хууль зүйн илэрхий алдаатай дүгнэлт юм. Мөн тайван замаар эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх нь хүний үндсэн эрх бөгөөд энэ эрх нь цар тахлын үед ч үл хязгаарлагдах тухай Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрхийн хорооноос тайлбар гаргасан байна. Энэ тайлбараа тус хороо нь 2020 оны 07 сарын 27-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын “тайван замаар эвлэлдэн нэгдэх эрх”-ийн тухай заасан 21-р зүйлд албан ёсны тайлбар гаргах замаар баталгаажуулсан байдаг. Дэлхийн эрүул мэндийн байгууллагын зүгээс СOVID-19 вирусын халдварын тархалтын байдлыг “цар тахал’’-ын түвшинд хүрсэн гэж зарласан нь үнэн боловч энэ факт нь дангаараа иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Мөн шүүхээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3-т заасны аль нөхцөл нь үүссэн үндсэн дээр, хууль тогтоомжоор эрх хэмжээ олгогдож, ямар процессын дагуу УОК иргэний үндсэн эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан нь хуульд нийцэж буй талаар дүгнэлт өгөөгүй, УОК-т жагсаал цуглаан хийх иргэний үндсэн эрхийг хязгаарлах эрх хэмжээ олгогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.М нь Нийслэлийн Засаг дарга болон Улсын онцгой комисст тус тус холбогдуулан “Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар хуралдааны тэмдэглэлийн 4.1 дэх заалтын “...жагсаал, цуглаан...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь тайван жагсаал, цуглаан хийх иргэдийн Үндсэн хуулийн эрх чөлөөг баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох, уул арга хэмжээний үед нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 8 дугаар зүйлийн 3-т “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл тайван жагсаал цуглаан хийх нь Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө мөн боловч энэ эрхээ эдлэхдээ тусгайлсан хуулиар тогтоосон журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд ийнхүү жагсаал цуглаан хийх журмын зохицуулалт агуулсан хуулинд жагсаал цуглаан хийхийг хориглох үндэслэлүүдийг тодорхойлж өгчээ.
Тодруулбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг ойлгохоор, 4.1.5-д зааснаар “аюул” гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг ойлгохоор байх бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “аюул тохиолдсон бол” гэдэгт дээрх хуульд заасан “цар тахал”, “хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл” гэх тохиолдлууд хамаарахаар байна.
Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дугаар зүйлийн 271.1.1-д “гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн Улсын онцгой комиссын шийдвэр, хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх”, 32.1.8-д “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлэн гаргасан Нийслэлийн засаг даргын А/930 дугаар захирамж нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасанд нийцсэн гэж үзнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 халдварыг “цар тахал” хэмээн албан ёсоор зарлаж, олон улсад халдварын тохиолдол одоог хүртэл буурахгүй байгаа нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дотоодын иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, түүнчлэн жагсаал цуглаан хийх хүсэлт гаргаагүй нэхэмжлэгч иргэний тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол” гэх үндэслэл бий болоогүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү маргаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасан маргаанд хамаарахгүй тул тусгай журмаар шийдвэрлэхгүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.Батбаатар
ШҮҮГЧ Д.Оюумаа
ШҮҮГЧ О.НОМУУЛИН