| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 119/2020/0015/З |
| Дугаар | 221/МА2020/0639 |
| Огноо | 2020-12-10 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2020/0639
2020 оны 12 сарын 10 өдөр Дугаар 221/МА2020/0639 Улаанбаатар хот
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Б” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Х ...” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийн 1 дэх заалтаараа “хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-ийг баримталсан” ч 54.1-ийн аль заалтыг баримталсан нь тодорхойгүй байх тул үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна.
Ер нь бол Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь захиргааны актад хамаарахгүй гэж дүгнэж байгаа ч захиалагч Засаг даргын Тамгын газар нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгуулсан тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлийг үндэслэн, тендерээс татгалзсан тухай шийдвэрээ тендерт оролцогчид мэдэгдсэн.
Тэгэхээр уг албан бичгийг захиалагчийн шийдвэр гэж үзэх бөгөөд захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа.
“Х ...” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “Б” ХХК нь тендерээс хасагдсан буюу тухайн компанийн ирүүлсэн тендерээс захиалагч татгалзсан учир тендерийн үнэлгээ хийх, гэрээ байгуулах эрх олгох зэрэг тендерийн дараагийн үе шатуудад оролцож, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь захиргааны хууль бус ажиллагааг шүүхээр тогтоолгоё хэмээн хандахад танай эрх аль хэдийн дууссан учир захиргааны хууль бус ажиллагаа байгаа эсэхийг шалгахгүй гэж байгаа нь буруу юм.
“Х ...” ХХК-ийн маш олон зөрчлийн талаарх тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бөгөөд уг зөрчлүүдийн зөвхөн ганцаар нь уг компанийг хасах боломжтой байхад огт хамааралгүй үндэслэлээр “Б” ХХК-ийг хасч, улмаар өрсөлдөгчгүйгээр “Х ...” ХХК-ийг сонгож байгаа хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Учир нь нэхэмжлэгч компаниас ирүүлсэн тендерээс татгалзаагүй тохиолдолд тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох шатанд оролцох боломжтой байсан. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажил, Багц-1 Барилгын ажил” ОР-217/2020 дугаартай тендерт оролцжээ.
Нэхэмжлэгчээс Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х ...” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тендерийн үнэлгээний хорооны үнэлгээтэй холбогдуулж захиалагчийн шийдвэр гарч байгаа” гэсэн үндэслэлээр тус тендерийг үнэлсэн Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хамтран хариуцагчаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/46 дугаар тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-г татан оролцуулсан байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан маргахдаа хариуцагчаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон тендерийн Үнэлгээний хороог тодорхойлж, маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны ямар шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа талаар тодруулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулах талаар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан үүргээ гүйцэтгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь нэхэмжлэгчээс тендерийн Үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүх “Үнэлгээний хорооны шийдвэр /тэмдэглэл/ буюу захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Үнэлгээний хорооны шийдвэр, шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэл зориг нь тодорхой буюу өөрийн оролцсон тендер шалгаруулалтын шийдвэрийг эс зөвшөөрч маргасан, хариуцагчаар захилагч болон үнэлгээний хороог аль алиныг нь татсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр мэдэгдэл акт биш гэдэг ганцхан үндэслэлээр маргах эрхийг хязгаарласан шинжтэй болжээ.
Мөн үүнээс улбаалан “тендерээс татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй тул ... тендерийн шат дараалсан ажиллагаанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхээргүй байна”, ““Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас түүний дараагийн үе шатанд тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох талаар гаргасан шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн бусад хэсгийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс өөрийн оролцсон тендер шалгаруулалттай холбоотой шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллагуудыг хариуцагчаар тодорхойлон маргасан боловч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, маргаж буй асуудлуудад дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх, анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар буюу нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шалгаж, шийдвэрлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүхийн дээрх үндэслэлүүдийн улмаас орхигдсон нэхэмжлэгчийн маргаж буй “хөнгөлөлт үзүүлсэн албан тоотыг тендерийн баримт бичгийн хамт илгээсэн, Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ шрифтийн алдааг залруулах боломжтой, шаардлагатай бол тодруулах авах боломжтой, “Олз мандал” ХХК-ийн баримт материал нь тендерийн шалгуурт нөлөөлөх, тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Учир нь тухайн компанийн машин механизм, ИТА, тусгай зөвшөөрлийг оролцуулахгүйгээр түншлэгч талууд нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн шалгуурыг хангаж байна”, шалгарсан компани нь тендерийн баримт бичиг болон тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан бүх баримт материалуудыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй” зэрэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ