Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 720

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шинжээч Ц.О-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-,

гэрч Д.Т-,

шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Заябанди овогт Г-ын О-т холбогдох эрүүгийн 1910013220654 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.О- нь “...” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан харилцагч иргэн, аж ахуйн нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос нийт 30.576.130 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.О- нь “...” ХХК-нд мерчендайзераар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс албан тушаал дэвшиж худалдааны төлөөлөгч болсон. Г.О-той холбоотой авлагын асуудал удаа дараа гарсан тул түүнийг худалдааны төлөөлөгчийн албанд тэнцэхгүй гэж мерчендайзерийн албан тушаалд нь буцааж томилох шийдвэрийг 2019 оны 02 дугаар сард  хурлаар шийдвэрлэсэн. Г.О- нь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “...”, ...”, “...”, “...” гэсэн 4 харилцагч байгууллагыг алдсан гэж мэдүүлдэг. Тэрээр дээрх 4 харилцагч байгууллагатай тооцоо нийлсэн актыг “...” ХХК-д гаргаж өгч байгаагүй тул харилцагч байгууллагуудын өр, авлагыг түүнд хариуцуулах шийдвэр гаргасан. Г.О- нь “...” ХХК-нд нийт 32.173.460 төгрөгийн өртэй байсан. Үүнээс 1.000.000 төгрөг, 40.000 төгрөг, цалингаасаа 597.330 төгрөгийг хасуулсан тул үлдэгдэл 30.536.130 төгрөг, мөн аудитын тайлан гаргуулсан 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Г.О-оос  нэмж нэхэмжилнэ. Гомдолтой гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-, гэрч Д.Т-, шинжээч Ц.О- нарын гаргасан мэдүүлэг болон Эрүүгийн 1910013220654 дугаартай хавтаст хэргээс:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №110 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-40-р хуудас/,

“Грант торнтон” ХХК-ний аудитын тайлан /хх-ийн 41-47-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

гэрч Д.Т-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

Гэрч Р.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч Б.Д-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Г.О-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 140-142-р хуудас/,

“...” ХХК-тай холбоо баримтууд ажилд томилох тухай захирлын тушаал /хх-ийн 67-68-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 69-75-р хуудас/, авлагын тооцооны тайлан /хх-ийн 80-83-р хуудас/,

Шүүгдэгч Г.О-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-100-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Г.О-ийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч М.З-гийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58, 187-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/, Хас банкны зээлийн гэрээ /хх-ийн 119-123-р хуудас/, Капитал банкны ипотекийн зээлийн гэрээ /хх-ийн 124-132-р хуудас/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 133-139-р хуудас/, “Эм Эн Жи Ар Ресурс” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 188-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 189-190-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Прокуророос шүүгдэгч Г.О-ийг “...” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байдаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “...” ХХК-ийн харилцагч иргэн, аж ахуйн нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос 30.576.130 төгрөгийг завшсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3.000.000 төгрөгөөр багасгаж, 27.576.130 төгрөг гэж тодорхойлсон.

 

           Шүүгдэгч Г.О- нь “...” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байдаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний хооронд “...” ХХК-ийн харилцагч иргэн, аж ахуйн нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос  24.152.030 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын ...Манай компани нь “...” группын ундаа, ус, шүүсний борлуулалт хариуцан ажилладаг. Г.О- нь 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс худалдааны төлөөлөгчөөр ажиллах болсон. Тухайн үеийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаалыг хувилж нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан. Ажил үүрэгт заасан чиг үүргийн дагуу Г.О- нь бараа бүтээгдэхүүний захиалгыг авах, түргэн шуурхай түгээх ажлыг зохион байгуулах бэлэн мөнгө харилцагчаас авсан бол тэр өдөртөө компанид тушаах үүрэгтэй. Г.О- нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 38 харилцагчийн борлуулалтын орлого 32.173.460 төгрөгийг бэлнээр авах буюу төрсөн ах Г.Одбаярын дансаар шилжүүлэн авсан боловч компанид тушаагаагүй. Г.О- нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 32.173.460 төгрөгийн дутагдал үүсгэн компанид хохирол учруулсан. Үүнээс 1.597.330 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 30.576.130 төгрөг төлөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 

Гэрч Д.Т-гийн ...Би 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Г.О-ийг хариуцан ажилласан. Хамгийн эхний өр дутагдал гарсан авлага нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “...” хүнсний дэлгүүрээс авах ёстой 606.970 төгрөг байсан. Г.О- хэлэхдээ “дэлгүүр нь хаагдчихсан, онгойхгүй хүнээ олохгүй байна” гэж хэлдэг байсан. Тэрнээс хойш 2018 оны 12 дугаар сард “2-р лангуу” дэлгүүрт 312.810 төгрөгний авлага, “Миний наран” хүнсний дэлгүүрт 243.300 төгрөгний авлага үүсээд явж байгаад 2019 оны 3 дугаар сард байгууллагын хурлаар орж албан тушаалаас бууруулж мерчендайзераар ажиллуулахаар болж, 2019 оны 4 дүгээр сараас ажлаа хүлээлгэн өгч харилцагч байгууллагуудтайгаа тооцоо тулахад “ажлаа өгч байгаа” гээд барааны мөнгөө өөртөө авсан байдаг. Г.О- нь байгууллагын хөрөнгөнөөс нийт 38 харилцагч байгууллагаас 32.173.460 төгрөгийг хувьдаа завшсан нь “Трант тронтон аудит” ХХК-ний шалгалтаар тогтоогдсон. ...Г.О- надад 450.000 гаруй төгрөг өгсөн үнэн. Энэ мөнгө 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тооцоогоор авлагатай байсан “...” дэлгүүр 49.120 төгрөг, БЗХ төв 20-р лангуу 200.000 төгрөг, “3 модны рашаан” дэлгүүрийн 244.120 төгрөгийг хассан байгаа. Жолооч нь 43.250 төгрөгийн тооцоотой байсан тул нийлүүлээд энэ дэлгүүрийн өрийг хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

 

Гэрч Р.Э-ын ...нягтлан Т- анх тооцоо нийлүүлэлтээр Г.О-ийн энэ зөрчлийг олж илрүүлээд надад хэлэхээр нь компанид мэдэгдсэн. Г.О- нь 30-аад сая төгрөг хувьдаа завшсан нарийн тооцоо нягтланд байгаа. Г.О- нь бараа нийлүүлж тооцоог авч барагдуулах ёстой. Энэ үүргээ урвуулан харилцагчаас бэлэн мөнгө авч компанид өгөлгүй хувьдаа мөнгө завшсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №110 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд “...” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.О- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний хоорондох хугацаанд харилцагч иргэн, аж ахуй нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос нийт 30.576.130 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Үүнээс өр дутагдалдаа бараа өгсөн гэх “...” дэлгүүрийн тооцоо 5.388.390.00 төгрөг, дэлгүүр нь алга болсон гэх “...” дэлгүүрийн тооцоо 606.970.00 төгрөг, нийт 5.995.360.00 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. /хх-ийн 36-38-р хуудас/,

 

“Грант торнтон аудит” ХХК-ний аудитын тайланд: ‘...” ХХК-ийн Худалдааны төлөөлөгч Г.О- нь тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтонд заасан үүрэг хариуцлагыг биелүүлээгүйгээс, харилцагч иргэн, аж ахуй нэгжид түгээсэн бараа борлуулалтын орлогоос 30.576.130 төгрөгийг хувьдаа ашиглаж компанийг хохироосон нь анхан шатны нотлох баримтаар болон компанид гаргасан өргөдөл бусад баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 41-47-р хуудас/,

 

         Гэрч Б.Д-ий “Би 2017 оноос “...” дэлгүүрийг ээж Наранчимэгийн хамт түрээслэж ажиллуулдаг байсан. Манай дэлгүүр “...” ХХК-аас зээлээр болон бэлнээр ундаа, ус авдаг байсан. 2018 оны 12 дугаар сард ээж Наранчимэг цөсний хагалгаанд орох болоод дэлгүүрийг түрээслэх боломжгүй болсон. Манай төрсөн дүү Намуун “...” ХХК-нд худалдааны төлөөлөгч Г.О-той тооцоо нийлэхэд ойролцоогоор 3.000.000 төгрөг байсан. Тухайн үед манайх бэлнээр мөнгө гаргаж өгөх боломжгүй байсан учир Г.О-той тохиролцсоны үндсэн дээр эгчийн найзын зарж байсан өвлийн өмднөөс нэгийг нь 15.000 төгрөгөөр тооцож, ойролцоогоор 200-аад ширхэгийг Г.О-ийн гэр рүү нь манай дүү Н- нөхөр А-ын хамт аваачиж өгсөн. Ингээд “...” ХХК-тай тооцоо дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Г.О-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 140-142-р хуудас/,

“...” ХХК-ийн ажилд томилох тухай захирлын тушаал /хх-ийн 67-68-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 69-75-р хуудас/, авлагын тооцооны тайлан /хх-ийн 80-83-р хуудас/,

Шүүгдэгч Г.О-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би өөрийн хайхрамжгүй бичиж тэмдэглэдэггүй байдлаас болж “...” ХХК-ний харилцагчдын тооцооноос дутааж өр дутагдалд оруулж, Аудитын дүгнэлтээр гарсан 31.173.460 төгрөгийн өр дутагдлыг хүлээн зөвшөөрч байна. Би байрны зээлтэй байснаас болоод данснаас харилцагчдын мөнгөнөөс автоматаар байрны зээлний мөнгө суутгагдаад авчихдаг байсан тул ийм өр дутагдалд орсон. Би 30.576.130 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Г.О- орлого гээд 40.000 төгрөг хийсэн. Одоо 30.536.130 төгрөгийн тооцоо үлдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 95-100-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Г.О- нь “...” ХХК-ийн захирлын 2017 оны 11 дугээр сарын 14-ний өдрийн 182 дугаартай тушаалаар худалдааны төлөөлөгчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдснаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна. Тодруулвал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг Г.О- нь ажил үүргийнхээ дагуу зарж, борлуулалтын орлогоос  24.152.030 төгрөгийг “...” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшжээ.

 

            Иймд шүүгдэгч Г.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Г.О- гэм буруугийн талаар маргаагүй боловч түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаагүй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах санал гаргаж мэтгэлцэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоохоос гадна шүүхийн хэлэлцүүлгээр тогтоож болохоор хуульчилсан. Шүүгдэгч Г.О-той холбоотой төлбөр тооцоог хариуцан ажиллаж байсан нягтлан бодогч гэрч Д.Т-гийн мэдүүлэг, санхүүгийн шинжээч Ц.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжтой тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг прокурорт буцаах” саналыг хүлээж аваагүй болно. Өөрөөр хэлбэл прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О-ийн гэм бурууг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүгдэгч Г.О- нь “...” ХХК-д  нь худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа “...” дэлгүүрийн түрээслэгч нараас авлагадаа тооцож “Нome театр”, 173 ширхэг өмд авч байгууллагадаа хүлээлгэн өгсөн боловч “...” ХХК-аас дээрх эд зүйлийг авахаас татгалзаж Г.О-т буцааж өгсөн болох нь хохирогч хууль ёсны төлөөлөгч Л.Э-, гэрч Д.Т-, гэрч Б.Д- нарын мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Г.О- нь “...”, “...”, 2-р лангуу гэх харилцагчдаас борлуулалтын орлогоо авч чадаагүй, харилцагчид нь олдохгүй байгаа талаар хариуцсан нягтлан бодогч нарт мэдэгдэж, хурлаар хэлэлцэх үед танилцуулж байсныг гэрч Д.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр гэрчилсэн. Иймд шүүгдэгч Г.О- нь 6.424.100 төгрөгийг үрэгдүүлсэн, эсхүл завшсан болохыг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй тогтоож чадаагүй тул хохирлоос хасч тооцох нь зүйтэй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.О-ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа дутагдуулсан төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцохгүй юм.

 

           Иймд шүүгдэгч Г.О-оос 24.152.030 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шүүгдэгчээс төлсөн 10.200.000 төгрөгийг хасч, үлдэх 13.952.030 төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулж “...” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос гадна мөн аудитын тайлан гаргуулсан 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн /хэргийн 186-р хуудас/ боловч ч уг төлбөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Г.О- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Шүүгдэгч Г.О-т оногдуулах хорих ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “миний үйлчлүүлэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос 10.200.000 төгрөг төлсөн, 5 настай хоёр ихэр хүүхдээ ганцаараа асардаг зэрэг хувийн байдлыг харгалзан  хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Г.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эцэг эхийн хамт амьдардаг боловч 5 настай хоёр ихэр хүүхэдтэй өрх толгойлсон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.О-т мэдэгдэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Г.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

            1. Заябанди овогт Г-ын О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.О-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-оос 13.952.030 төгрөг гаргуулж, “...” ХХК-нд  олгосугай.

 

5. Шүүгдэгч Г.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

      

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР