Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 202

 

Г.О-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг  даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

хохирогч “Витафит” ХКК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргал,

шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч “Витафит” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Г.О-т холбогдох эрүүгийн 1910013220654 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Г.О-, 1990 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Г.О- нь “Витафит” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан харилцагч иргэн, аж ахуй нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос нийт 30.576.130 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.О-оос 13.952.030 төгрөгийг гаргуулан “Витафит” ХХК-д олгож, Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч “Витафит” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

1. Хохирлын дүнгээс 6.424.100 төгрөгийг хассан нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт цугларсан баримт, талуудын гаргасан тайлбараар “Гурван булаг”, “Билэгт-Очир” “2-р лангуу”, “Пэч” дэлгүүрүүдийн 6.424.100 төгрөг нь шүүгдэгч харилцагч дэлгүүрүүдээ алдсаны улмаас үүссэн өр төлбөр эсхүл шүүгдэгч өөрөө авч завшсан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн нэг талыг барьж харилцагч айлуудаа алдсан, шүүгдэгч өөртөө авч завшаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тухайлбал, “Гурван булаг” дэлгүүрийг ажиллуулж байсан гэрч Б.Дөлгөөний “Манай төрсөн дүү Намуун “Витафит” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Г.О-той тооцоо нийлэхэд ойролцоогоор 3.000.000 төгрөг байсан” гэх мэдүүлгийг анхаарч үзэлгүй, 5.388.390 төгрөгийг бүхэлд нь “Гурван булаг” дэлгүүрийн тооцоо гэж хохирлоос хассан.

2. Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн. Нэгэнт хохирогчийн гомдол арилаагүй, хохирлын тооцоо зөрүүтэй, хохирлоо бүрэн төлөөгүй байхад 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр хэргийг дахин хянаж үзнэ үү. ...” гэв.  

Шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тооцож, үүнээс шүүгдэгч Г.О-ийн төлсөн хэсгийг хасаж үлдэх 13.952.030 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгч Г.О-ийн хувьд 2017 оноос “Витафит” ХКК-д хөдөлмөрийн гэрээ байгуулж, түгээгчийн ажилд орсон. Ажил үүргийн дагуу бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон. Тэрээр борлуулалтын орлогоос нийт 24.152.030 төгрөгийг “Витафит” ХКК-д өгөлгүй хувьдаа завшсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлоос үзэхэд ямар шийдвэр гаргуулахыг хүсээд байгаа нь тодорхой бус байна. Ял хөнгөдсөн гэх асуудлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Г.О- нь “Гурван булаг” дэлгүүрийн түрээслэгч нараас авлагадаа тооцож хоум театр, 176 ширхэг өмд авч байгууллагадаа хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл дээрх эд зүйлийг “Витафит” ХКК авахаас татгалзаж түүнд буцаан өгсөн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх 6.424.000 төгрөгийг хасаж тооцсоныг үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, “Гурван билэг” дэлгүүр өр төлбөртөө хоум театр, 176 ширхэг өмд зэргийг Г.О-т 3.000.000 төгрөгт бодож өгсөн асуудлыг завшсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн төлбөрт өгсөн эд зүйлийг “Витафит” ХХК авсныхаа дараа Г.О-т буцааж өгсөн байдаг. Г.О- “Билэгт-Очир”, “Пэч”, “2 дугаар лангуу“ зэрэг дэлгүүрүүдийн тооцоог дутаасан асуудлаа “Витафит” ХХК-д мэдэгдэж байсан нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдсон учраас завшсан гэж үзээгүй нь үндэслэлтэй. Иймд тухайн төлбөрийг иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх нь зүйтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.О- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Витафит” ХХК-д  2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, тус ХХК-ийн харилцагч иргэн, аж ахуй нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос хувьдаа завшиж, нийт 24.152.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч “Витафит” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргал нь “...ажил үүрэгт заасан чиг үүргийн дагуу Г.О- нь бараа бүтээгдэхүүний захиалгыг авах, түргэн шуурхай түгээх ажлыг зохион байгуулах, бэлэн мөнгө харилцагчаас авсан бол тэр өдөртөө компанид тушаах үүрэгтэй. Г.О- нь нийт 38 харилцагчийн борлуулалтын орлого 32.173.460  төгрөгийг бэлнээр авах буюу төрсөн ах Г.Одбаярын дансаар шилжүүлэн авсан боловч компанид тушаагаагүй. Г.О- нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 32.173.460 төгрөгийн дутагдал үүсгэн компанид хохирол учруулсан. Үүнээс 1.597.330 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 30.576.130 төгрөг төлөөгүй. ...” /хх 12-15/ гэж,

- гэрч Д.Тунгалагтуяа /”Витафит инвест” ХХК-ийн дотоод аудитор/ нь “...Г.О- нь 2019 оны 4 дүгээр сараас ажлаа хүлээлгэн өгч харилцагч байгууллагуудтайгаа тооцоо тулахад “Ажлаа өгч байгаа” гээд барааны мөнгөө өөртөө авсан байдаг. Г.О- байгууллагын хөрөнгөөс нийт 38 харилцагч байгууллагаас 32.173.460 төгрөгийг хувьдаа завшсан нь “Грант торнтон аудит” ХХК-ийн шалгалтаар тогтоогдсон. Г.О- надад 450.000 гаруй төгрөг өгсөн нь үнэн. Энэ мөнгө 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн тооцоогоор авлагатай байсан “Дээжис” дэлгүүр 49.120 төгрөг, БЗХ төвийн 20 дугаар лангуу 200.000 төгрөг, “3 модны рашаан” дэлгүүрийн 244.120 төгрөгийг хассан байгаа. Жолооч нь 43.250 төгрөгийн тооцоотой байсан тул нийлүүлээд энэ дэлгүүрийн өрийг хаасан. ...” /хх 20-22/ гэж,

- гэрч Р.Элдэв-Очир /”Витафит” ХХК-ийн борлуулалтын ахлах менежер/ нь “...нягтлан Тунгалагтуяа анх тооцоо нийлүүлэлтээр Г.О-ийн зөрчлийг олж илрүүлээд надад хэлэхээр нь компанид мэдэгдсэн. Г.О- бараа нийлүүлж тооцоог авч барагдуулах ёстой. Энэ үүргээ урвуулан харилцагчаас бэлэн мөнгө авч компанид өгөлгүй хувьдаа завшсан. ...” /хх 16-18/ гэж Г.О-ийг худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харилцагч иргэн, аж ахуй нэгжүүдэд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс дутаасан, тооцоо нийлэлгүй өр хуримтлуулсан үйл явдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- шүүгдэгч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би өөрийн хайхрамжгүй байдлаас болж “Витафит” ХХК-ийн харилцагчдын тооцооноос дутааж, өр дутагдалд оруулсан. Аудитын дүгнэлтээр гарсан 31.173.460 төгрөгийн өр дутагдлыг хүлээн зөвшөөрч байна. Би байрны зээлтэй байсан тул данснаас харилцагчдын мөнгө автоматаар суутгагдаж өр дутагдалд орсон. Одоо 30.536.130 төгрөгийн тооцоо үлдсэн. ...” /хх 95-100/ гэсэн мэдүүлэг,

- “Витафит” ХХК-ийн санхүүгийн баримтуудад дүн шинжилгээ хийж Г.О-ийг 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, харилцагч иргэн, аж ахуй нэгжид бараа түгээлт, борлуулалтын орлогоос нийт 30.576.130 төгрөгийн дутагдал үүсгэсэн болохыг тогтоосон “Грант торнтон аудит” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн аудитын тайлан /хх 41-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт /хх 36-40/,

- Г.О-ийг мерчиндайзер, худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилсон тушаалууд /хх 67-68/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 69-73/, ажил албан тушаалын тодорхойлолт /хх 74-75/, түүний дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 140-142/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан “Витафит” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажил албан тушаалын тодорхойлолт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Г.О- нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдон холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа харилцагч иргэн, аж ахуй нэгжүүдтэй тооцоо нийлэх, авлага барагдуулах, борлуулалтын орлогыг хүлээн авч байгууллагынхаа кассын нярав, нягтлан бодогчид тушаах зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Прокуророос Г.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 30.576.130 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...“Гурван булаг” дэлгүүрийн түрээслэгч нараас авлагадаа тооцож хоум театр, 173 ширхэг өмд авч байгууллагадаа хүлээлгэн өгсөн боловч “Витафит” ХХК-иас дээрх эд зүйлийг авахаас татгалзаж Г.О-т буцааж өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргал, гэрч Д.Тунгалагтуяа, Б.Дөлгөөн нарын мэдүүлгээр нотлогдсон. Түүнчлэн “Билэгт-Очир”, “Пэч”, “2 дугаар лангуу” гэх харилцагчдаас борлуулалтын орлогоо авч чадаагүй, харилцагчид нь олдохгүй байгаа талаар хариуцсан нягтлан бодогч нарт мэдэгдэж, хурлаар хэлэлцэх үед танилцуулж байсныг гэрч Д.Тунгалагтуяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр гэрчилсэн...” хэмээн дүгнэн, эдгээр харилцагч нарын өр болох 6.424.100 төгрөгийг нийт хохирлын дүнгээс хасч /30.576.130-6.424.100=24.152.030/ тооцсон нь үндэслэлтэй болсон байна.

Учир нь “Гурван булаг” дэлгүүрт үүссэн өр авлагын асуудлыг “Витафит” ХХК авлагын хурлаар авч хэлэлцээд тухайн дэлгүүрийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэн ямар нэг зүйл барьцаанд авах тухай шийдвэр гаргасны дагуу хоум театр, 173 ширхэг өмд зэргийг авсан талаар тус ХХК-ийн дотоод аудитор Д.Тунгалагтуяа шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан бөгөөд энэ нь шүүгдэгч Г.О-ийг тухайн дэлгүүрээс борлуулалтын орлого хувьдаа завшаагүй болохыг илтгэж байна.

            Түүнчлэн шүүгдэгч Г.О-ийн “Билэгт-Очир”, “Пэч”, “2 дугаар лангуу” зэрэг дэлгүүрүүдээс борлуулалтын орлогоо авч чадаагүй нөхцөл байдлыг завшсан үйлдэл бус ажлын хариуцлага алдсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс шүүгдэгч Г.О-ийг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх 6.424.100 төгрөгийг үрэгдүүлсэн эсхүл хувьдаа завшсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул энэхүү өр төлбөрийг нийт хохирлын дүнгээс хассан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Мөн энэ гэмт хэргийн улмаас “Витафит” ХХК-д учирсан хохирлыг нэхэмжилсэн тус байгууллагын хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргалын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон үүнээс шүүгдэгч Г.О-ийн төлсөн хэсгийг хасч, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. 

Иймд хохирлын хэмжээ, ялын талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 720 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Витафит” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН