Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 140/2017/00149/И |
Дугаар | 001/ХТ2018/00562 |
Огноо | 2018-04-10 |
Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2018/00562
Д.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 141/ШШ2017/00169 дугаар шийдвэртэй,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2017/00031 дугаар магадлалтай,
Д.Н-гийн нэхэмжлэлтэй,
ЗА ХЖТ-т холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Н-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус театрт бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтнаар ажиллаж байгаад ХЖТ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/17, Б/22 тоот тушаалуудаар ажлаасаа халагдсан бөгөөд эдгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 2.1.3, удирдлагын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэж уг тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Гэтэл уг хуулийн заалтын дагуу бүтэц орон тоог цөөрүүлсэн тохиолдолд тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудаас ажлын ур чадвар, туршлага зэргийг нь харгалзан сонгон шалгаруулалт авах байтал нээлттэй сонгон шалгаруулалт зарласан мэтээр хувийн ашиг сонирхлын үүднээс өөр хүн авч ажиллуулсан. Үйлчилгээний ажилчдын орон тоог цөөрүүлээд уран бүтээлчдийн ажилчдын орон тоог нэмээд байгаа нь орон тоо цөөрүүлсэн гэж харагдахгүй байна. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЗА ХЖТ-ын дарга Г.Солонго нь шүүхэд ирүүлсэн тайлбарт: ХЖТ- нь зорилго, зорилт, чиг үүргийнхээ хувьд уран бүтээл туурвидаг урлагийн байгууллага учир цаашид чанартай уран бүтээл туурвиж ажиллахын тулд зайлшгүй уран бүтээлчдийн тоог нэмэх шаардлагатай байсан. 2012-2013 онуудад уран бүтээлчдийн тоо боломжийн байхад 2014-2016 онуудад буурч аж ахуйн ангийн орон тоо нэмэгдэж аж ахуйн 2 ангитай болсон байдаг. Урлагийн байгууллага нь гол уран бүтээлчдээ гэрээгээр авч ажиллуулж байсан. Иймд ангиудтай уулзаж саналыг авсны дагуу 2017 онд уран бүтээлчдийн тоог 5 хүнээр нэмж аж ахуйн ангид зохион байгуулалт хийсэн. ХЖТ- нь 2016 оны бүтэц орон тоонд 2016 оны 12 дугаар сараас хойш шинэчлэл хийж бүжигчин-10, дуучин-10, хөгжимчин-10, мөн аж ахуйн 1 ангитай болж хүний нөөц, эрх зүйч болон бичиг хэрэг, архаивын эрхэлэгч, уран бүтээлийн фондын ажилтан гэсэн 2 орон тоог нэг болгож, хүний нөөц, архав, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоотой болсон. Тус театрт архив, бичиг хэргээр ажиллаж байсан Д.Н-д албан мэдэгдэл өгөхдөө хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой талаар тусгасан ба хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтын шалгалт авч байх үед Д.Н- нь байсан бөгөөд шалгалтад орохгүй гэсэн хариу өгч байсан. Энэ орон тоо нь хүний нөөцийн мэргэшил дээр тулгуурлаж байгаа учраас шаардлагад нийцэхүйц чадварлаг хүн шалгаруулах шаардлагатай байсан. Архив, бичиг хэргийн ажлыг хүний нөөцийн ажилтан хийгээд явах боломжтой учраас энэ хоёр албан тушаалыг нэгтгэсэн.
Иймд Д.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 141/ШШ2017/00169 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тайж овогт Доржгаригийн Нямсүрэнг ЗА ХЖТ-ын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Н-д ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4.277.126 төгрөгийг ЗА ХЖТ-аас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Н-гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 4.277.126 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ЗА ХЖТ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗА ХЖТ-аас улсын тэмдэгтийн хураамж 83.384 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2017/00031 дугаар магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох”, "...шударга шүүхээр шүүлгэх...” эрхтэй, “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” энэ зарчим Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж тусгагдсан. Үндсэн хуульд зааснаар “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” ёстой бөгөөд шүүхийн шийдвэр нотлох баримт дээр тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байх ёстой. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хянан хэлэлцүүлж, тус бүрт нь эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг бодит байдлыг тогтоосны эцэст шийдвэрээ гаргах ёстой. Ийм байтал давж заалдах шатны шүүхийн магадлал дор дурьдсан үндэслэлээр “шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэсэн, хуульд заасан журмын дагуу, хуульд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй учир эс зөвшөөрч, хяналтын гомдлыг гаргаж байна.
Шүүх өөрт нь хандаж гаргаагүй нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.1, 65.1.2-т заасныг ноцтой зөрчсөн байхад давж заалдах щатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу. Монгол улсад эрх зүйн тогтолцооны хувьд “шүүх өөрт нь хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бол хэрэг үүсгэх, зохигчдын эрхийг эдлүүлэх, үүрэг хүлээлгэх, улмаар нэхэмжлэлийг хянан хэлэлцүүлэх зэрэг ажиллагаа хуулиар нарийвчлан тогтоосон журмын дагуу явагдах ёстой. Шүүгч дотоод итгэл үнэмшлээр хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчдод ижил тэгш хандаж, нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргахдаа хуульд заасан журмыг баримтлах ёстой. Тухайн шүүх өөрт нь хандаж гаргаагүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хууль зөрчин хүлээн авсан болох нь тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд илэрсэн байхад харъяалал зөрчин гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой атал Д.Н-гийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
Анхан шатны шүүх шийдвэртээ "...нэхэмжлэгч Д.Н- нь “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь гэсэн нэхэмжлэлийн загварын бланк дээр нэхэмжлэлээ бичин Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд...” гэснээс үзвэл шүүх Д.Н- гэгч иргэн юу бодож, аль шүүхэд хандсан талаар өөрийн таамаглалаа шийдвэрийнхээ үндэслэл болгосон харагдаж байгаа нь уг шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл юм. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...би Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ бичихдээ тус шүүхээс өгсөн нэхэмжлэлийн загварын бланк дээр бичсэн болохоор анзаараагүй байна. Уг нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргаагүй..." гэсэн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Н-г ЗА ХЖТ-ын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн ажилтны албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гомдлоо Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна гэж үзлээ... гэжээ. Хууль зөрчин өөрт хандаж гаргаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн явдал нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоос биш хууль зөрчин эхлүүлсэн үйл ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт тусгаснаар хэлбэрийн хувьд Захиргааны хэргийн шүүхэд бичсэн гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүйгээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон бүрэн эрхийг гуйвуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр өгөөжтэй, түргэн шуурхай явуулах зарчим алдагдах нөхцөл байдал үүсэхээр байна. Харин зохигчдод “нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах байдлаар байр сууриа тодорхой болгох арга зам, боломж нь нээлттэй. Шүүх ийнхүү өөрт олгогдоогүй эрх эдэлж, нэг талын гаргасан нотлох баримтыг “агуулгаас нь үзвэл өөрт нь хаяглаж гаргасан байх, шүүх тэгж хүлээж авсан байх, нэхэмжлэгчийн эрх ашгийг нь хамгаалах үүднээс ингэж ойлгоё” гэх байдлаар хандсан нь Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан талуудын эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн явдал бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэл юм.
Давж заалдах шатны шүүх “Хариуцагч байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах зорилгоор, өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу, тухайн онд батлагдсан төсөвт багтаан “аж ахуйн ангийн ажилтнуудын орон тоог цөөрүүлж, нь уран бүтээлчдийн тоог нэмэгдүүлэх” байдлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн”-ийг буруутгах үндэслэлгүй” гэж тогтоосон. Ийнхүү зөв дүгнэсэн атлаа хариуцагч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу аж ахуйн ажилтнаар ажиллаж байсан орон тоог цөөрүүлж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, давж заадах шатны шүүх магадлалынхаа үндэслэлийг тайлбарлаж чадаагүй. Тухайлбал, магадлалын нэг заалт нь “бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснийг буруутгах үнлэслэлгүй...” гэсэн, нэг заалт нь “нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу” гэсэн агуулгатай байгаа. Нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлыг аж ахуйн өөр орон тоон дээр ажиллаж байсан ажилтаны ажил үүрэгтэй нэгтгэсэн байдлаар ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулсан нь “аж ахуйн ажилтны орон тоог цөөрүүлсэн явдал” бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халах тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэж, ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв баримталсан байхад шүүх энэ байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан орон тоо хассан, орон тоо цөөрүүлсэн гэдэг ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Шүүх орон тоо цөөрүүлсэн асуудалд хэлбэр талаас нь хандаж, “нийт 60 ажилтан байсан нь 61 болж батлагдсанаас үзэхэл цөөрүүлээгүй байна” гэж буруу дүгнэсэн. Гэтэл аж ахуйн ангийн ажилтны орон тооог цөөрүүлсэн байгаа. Нэхэмжлэгч мэдэгдэл хүлээн аваад “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоог нь цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдвал 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авъя гэсэн хүсэл зорилгоо илэрхийлсэн өргөдөл бичиж өгсөн байдаг. Үүнийг хариуцагч хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн “бүтэц зохион байгуулалтаар аж ахуйн ангийн ажилтны орон тоог цөөрүүлж, сул гарсан орон тоон дээр уран бүтээлчдийг авч ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ажиллагаа байсан бөгөөд энэ талаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч шийдвэрийг хүлээн зөвшөөрч “ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг 2 сараар тогтоолгох” тухай өргөдөл бичиж, хариуцагч хүлээн авч нааштайгаар шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үр дагавартай, хэлцэл хийгдсэнд тооцогдох үйл явдал бөгөөд нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл болсон. Нэхэмжлэгчийг ажлаас халах эрх Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нээгдсэн, ажлаас халах ажиллагаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгэгдсэн зэрэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ уран бүтээлч авч ажиллуулах болж байгаад шүүх зохих дүгнэлт хийлгүй ажилтнуудын нийт тоо буураагүй учир орон тоо цөөрүүлээгүй гэж буруу дүгнэн нэхэмжлэгчид давуу байдал олгож, түүний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй гэж хийсвэр зүйл шийдвэртээ бичихийн зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаас илүү мөнгө гаргуулахаар шийдвэрлэж Төрийн өмчийн байгууллагын эрх ашгийг хохироосон шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцээгүй явдал болж байна.
Ийм анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Н-гийн ЗА ХЖТ-т холбогдуулан урьд эрхэлж байсан бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй байна.
Д.Н- ЗА ХЖТ-т 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтнаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/17, Б/22 тоот тушаалаар ажлаас халагджээ.
Ажил олгогч Д.Н-г ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан буюу ...түүний ажлын байрны орон тоо хасагдсан...гэх үндэслэл заасан, ажлаас халахаас 1 сарын өмнө гэрээг цуцлахаа мэдэгдсэн байна.
Анхан шатны шүүх Д.Н-гийн ажлын байрны орон тоо хасагдаагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.
ЗА ХЖТ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн ба өмнө байсан хүний нөөц, эрх зүйч болон бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтан гэсэн 2 орон тоог нэг болгож, хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан гэсэн нэршилтэйгээр өөрчилсөн нь тогтоогджээ.
Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэх нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах боловч ийнхүү өөрчлөлт хийхдээ ажилтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай. Дээр дурдсан хоёр ажлын байранд гүйцэтгэх чиг үүргийг нэгтгэж ажилтны орон тоо цөөрүүлснийг хариуцагч үгүйсгээгүй, “хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан” гэсэн орон тоо нэхэмжлэгч Д.Н-гийн өмнө эрхэлж байсан ажил үүргээс өөр чиг үүрэгтэй шинэ ажлын байр биш байна.
Хүний нөөц, эрх зүйчийн орон тоонд ажиллаж байсан н.Алтансолонго ажлаас гарсан байх ба Д.Н- батлагдсан орон тоонд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад хариуцагч тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өөр этгээдийг ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Д.Н- анх ...Захиргааны хэргийн шүүхэд... гэж хаяглан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх засуулалгүй хүлээн авсан нь буруу байх боловч уг зөрчлийн талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийж, энэхүү зөрчил хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн гэж үзэж, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 141/ШШ2017/00169 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 205/МА2017/00031 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 80.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ