Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0646

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 582 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 582 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дугаар дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

 

  Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:   “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол цуцлахаар хуульчилсан. Дээрхи хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт ирүүлсэний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/-020855 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

  Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Яамны дүгнэлт нь зорилгодоо нийцсэн, хуулийн зохицуулалтыг бүрэн үндэслэсэн. Тухайн орон нутагтаа Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөрдүүлэх эрх бүхий байгууллага буюу нутгийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу саналаа ирүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хяналт, шалгалтын байгууллага биш бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “...Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ...” гэж заасан. Харин шүүх яамыг хяналт шалгалтын байгууллага мэтээр дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байна. ...Шүүх орон нутгийн захиргааны байгууллагыг гуравдагч этгээдээр татаагүй. Энэ маргаанд нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байхад шүүх хууль тогтоомжийг зөрчиж шийдвэрлэсэн. Иймд дээрх хуулийн агуулга, хэм хэмжээг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/07 дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 дугаар дүгнэлтэд “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга Ц.Энхболдын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот албан бичиг, Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол, Гурванбулаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээр “М” ХХК-ийн МV-012500 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-012500 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасныг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл хариуцлагын хэм хэмжээг өөртөө агуулж буй зохицуулалт гэж ойлгоно.

 Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа, гаргасан зөрчлийг тогтоолгүйгээр орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэж  “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэдэг үндэслэл заан нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн, маргаан бүхий дүгнэлтэд дурдагдсан тогтоолууд болон албан бичигт нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын тусгай хамгаалалттай “Хөх нуур”-ын ай сав орчмын газар нутагт хамаарах бөгөөд цэвэр усны нөөц, урсац бүрэлдэх эхэд тооцогдоно, мөнх цэвдэгийн цөм, усны хагалбар газарт хамаарч байгаа талаар дурдсан ч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2020/07 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд байгаль орчинд ямар аргаар хортой нөлөөлж байгаа эсэх, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар захиргааны байгууллага тогтоогоогүй энэ тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин зохих ёсоор шалган тогтоож дахин дүгнэлт гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Мөн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэгтэй атал хуульд заагаагүй үндэслэлээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч байгууллагуудаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        Н.Долгорсүрэн  

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН