Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0801/з |
Дугаар | 221/МА2021/0021 |
Огноо | 2020-12-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0021
“С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 663 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 663 дугаар шийдвэрийн:
1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч “Х х б” ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиуд нь хооронд зөрчилдсөн зүйл заалт байхгүй бөгөөд харин Ашигт малтмалын тухай хуульд тусгагдаагүй зарим зүйл заалтыг Захиргааны ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг, үүний нэг нь мөн хуулийн 28 дугаар зүйл юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж хуульчилсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг бодитой, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр, нийтэд ил баримтыг дүгнэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан ашигт малтмалын ашиглалтын МV-017038, МV-019036 дугаартай тусгай зөвшөөрлүүд нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай давхцалтай талаар шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нар “Мэтгэлцэх” явцад яригдсаар байхад уг асуудлыг шүүх шийдвэртээ огт дүгнээгүй нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг нотолж байна. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж шүүхийн шийдвэр бодит нөхцөлд биелэх боломжтой байх зарчимд нийцээгүй шийдвэр болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн оролцогч биш этгээдийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэж алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” захиргааны акт гаргаж, тус банкны барьцаанд байгаа МV-019036, МV-017038 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Ийнхүү цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 51.7 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж заасны дагуу ажиллагаа хийгээгүй байгаа үйлдэл нь барьцаалагч болох Худалдаа, хөгжлийн банкны субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх талаар тэргүүн ээлжинд санал гаргах эрхийг эдлүүлээгүйгээс шалтгаалан тус банкны барьцааны эрх дуусгавар болж, “С Г К Т” ХХК-д олгосон зээлийг эрсдэлд оруулсан. Зээлийн барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 2016.04.12-ны өдрийн №ТЗБ/204 дугаартай Хайгуулын болон ашиглаптын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад заасан барьцаалуулагч болох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх нөхцөл бүрдсэн байхад барьцаалагч болох тус банкинд мэдэгдээгүй байгаа үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 51.7 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “С г к т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Х х б” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд шийдвэр гаргах үйл ажиллагааг нэг өдрийн дотор зохион байгуулсан, Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт хийгээгүй” гэж тайлбарласан бол хариуцагчаас “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан тул сонсох ажиллагаа болон урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах эрхтэй” гэж маргасан.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон” гэх үндэслэлээр “С г к т” ХХК-ийн MV-017038, MV-019036 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасныг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, зөрчлийн болоод хууль зүйн хариуцлагын хэм хэмжээг өөртөө агуулсан зохицуулалт гэж ойлгоно.
Гэтэл анхан шатны шүүх хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болсон эсэх, хууль зөрчсөн ямар буруутай үйл ажиллагаа тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр, гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан “мэдэгдэх ажиллагаа”-г зөрчсөн гэх хэлбэрийн төдий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн илтгэх хуудас болон дүгнэлттэй маргаагүй ч Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь зөрчлийн хэм хэмжээ агуулсан хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрлийг цуцлахдаа “байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил тогтоогдсон тохиолдолд шийдвэр гаргах үүрэгтэй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцэх учиртай.
Түүнчлэн, хариуцагч талаас “Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан тул сонсох ажиллагаа болон урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах эрхтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа илэрхийлсэн байхад “нийтийн ашиг сонирхол” гэдэгт ямар нөхцөл байдлыг хамааруулж шийдвэрээ гаргасан эсэх, уг нөхцөл байдал нь тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино”, 3 дугаар зүйлийн 3.4-т “Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байх атал анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг тайлбарлан хэрэглэж, Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй мэтээр дүгнэсэн нь буруу байна.
Иймд хариуцагчийн гаргасан “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн, захиргааны хэргийг бодитой, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр, дүгнэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
2. Гуравдагч этгээд “Х х б” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч “Х х б” ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 51.7 дахь хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй нь барьцаалагч Худалдаа, хөгжпийн банкны субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх талаар тэргүүн ээлжинд санал гаргах эрхийг эдлүүлээгүйгээс тус банкны барьцааны эрх дуусгавар болж “С г к т” ХХК-д олгосон зээлийг эрсдэлд оруулсан” гэж тодорхойлсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж шүүхээс гарах шийдвэрийн төрлийг заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, “захиргааны акт гаргуулахыг даалгах” гэдгийг салгаж ойлгох боломжгүй бөгөөд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д мэдэгдээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосноор гуравдагч этгээдийн ямар эрх сэргэж, хамгаалагдах нь тодорхойгүй байна.
Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдод ойлгомжтой, биелэгдэх боломжтой байхаас гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээж байгаа нь тодорхой байх учиртай тул бие даасан шаардлага гаргаж байгаа этгээдийн тухайд нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ хуульд нийцүүлэн тодорхойлох үүрэгтэй.
Ийнхүү гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвтгөн тодруулаагүй байх тул давж заалдах гомдол болон анхан шатны шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 51.7 дахь хэсгийг тайлбарласан хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.Батбаатар
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН