Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 632

 

Ш.Отгонбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор А.Ганзориг,

          Ялтан Ш.Отгонбат, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Отгонбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Отгонбатад холбогдох эрүүгийн 2017 2601 0052 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бор овгийн Шаравдоржийн Отгонбат, 1969 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Арвайхээрийн 24 дүгээр байрны 2-14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 100 айлын Талст төвтэй орон сууцны 11 дүгээр давхрын 102 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:ТЕ69041779/;

Ш.Отгонбат нь 2017 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр, иргэн А.Амартүвшинг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан гэмт хэрэгт,

2017 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр, иргэн Г.Соёлын хэвлийн тус газарт хутгалж, санаатай алахыг завдсан гэмт хэрэгт,

2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс, 6 дугаар байрны гадаа иргэн Н.Бат-Эрдэнийг гэртээ харих замд нь шалтгаангүйгээр зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ш.Отгонбатын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ш.Отгонбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ш.Отгонбатыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ш.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ш.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 17 жилийн хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 165 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ш.Отгонбатаас 2.268.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Ариунтуяад 1.908.000 төгрөг, Г.Соёлд 360.000 төгрөг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа, хохирогч Н.Бат-Эрдэнэ нар нь эмчилгээ хийсэн зардал, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн иштэй хутга 1 ширхэг, тамхины ишнүүд, цусны дээж, шар өнгийн асаагуур, хохирогч Г.Соёлын өмсөж явсан хувцас болох саарал дотортой, хар малгайтай хар куртик, шар өнгийн ногоон канттай биеийн тамирын цамц, нил ягаан өнгийн футболк, амь хохирогч А.Амартүвшингийн өмсөж явсан хувцас болох саравчтай хар хөх өнгийн малгай, хар өнгийн хүрэм, малгайтай саарал өнгийн цамц, хар саарал өмд, урд талаараа хээтэй хөх өнгийн дотоож, хар өнгийн хос гутал, бор өнгийн хос оймс, амь хохирогчийн өмсөж явсан хувцасны халааснаас гарсан 00 цаас, 1.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 4Б байрны 1 дүгээр орцны лифтнээс бэхжүүлж авсан цус мэт зүйлийн дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ш.Отгонбатын өмсөж явсан хувцас болох хар өнгийн өвлийн куртик, пума гэсэн бичигтэй бэлтгэлийн хар, улаан цамц, хөх өнгийн футболк, бор суран тэлээ, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хөх, ногоон эрээн 1 хос оймс, саарал өнгийн 1 хос оймс, бор саарал өнгийн саравчтай малгай, хар өнгийн хагас түрийтэй цахилгаантай нэг хос ботинк, шар өнгийн куртик 1 ширхэг зэргийг Ш.Отгонбатад буцаан олгож, Ш.Отгонбатын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Отгонбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Г.Соёлд хүнд гэмтэл учруулж, хутгалсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Давж заалдах гомдол гаргах болсон шалтгаан нь би хүн амины хэргийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь:

1. Тухайн хэрэг үйлдэх үед миний бие хохирогч Г.Соёлын зүүн хэвлийн тус газарт хутгалан хүнд гэмтэл учруулан зугтаасан.

2. Хэрэг гарсан байршил өөр, өөр болон болж өнгөрсөн цаг хугацааны хувьд өөр хоорондоо зөрж байгаа.

3. Хохирогч А.Амартүвшин болон Г.Соёлыг хутгалсан цаг хугацаа, байршил нь нэг дор буюу адил цагт болж өнгөрсөн хэмээн хохирогч Г.Соёл мэдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Соёлын дүү 80600378 дугаартай гар утсаар 00.40.20 цагт, мөн 88896362 дугаарын гар утаснаас 00.47.17 цагт тус тус Цагдаагийн газарт “манай ахыг нэг хүн хутгалаад зугтлаа, 10-95 гэсэн дугаартай цагаан өнгийн таксины жолоочийг нэг танихгүй хүн хэвлийн тус газарт нь хутгалаад зугтаачихлаа” гэсэн дуудлагуудыг өгсөн байдаг.

4. Мөн өдрийн 01.03.57 цагийн үед 98131272 дугаарын гар утаснаас “30 гаруй насны эрэгтэй хүн хутгалуулаад нас барсан, хутгалсан хүн нь зугтаад явсан” хэмээн хэн нэгэн дуудлага өгсөн байдаг.

5. Амь хохирогч болон хохирогч Г.Соёл нар нэгэн адил цагт, нэг байршил дээр хутгалуулсан юм бол яагаад нэг утаснаас нэг дор хамтад нь цагдаад дуудлага өгөөгүй гэдгийг тогтоогоогүй байна.

6. Хохирогч Г.Соёлын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлгүүдийг хөтөлж байцаалт авсан нь хэт нэг талыг баримталсан үйлдэл болсны зэрэгцээ түүнийг нотлох баримт хэмээн тооцох боломжгүй.

7. Хохирогч Г.Соёлыг “Бэбош” хэмээх хүнсний дэлгүүрийн дэргэд хутгалсан бол харин А.Амартүвшин гэгчийн байрлал нь өөр болохын хамт тэр хүнтэй миний бие огт уулзалдаагүй, танихгүй болно.

8. 959 тоот шинжээчийн дүгнэлтээр миний шинжилгээнд өгсөн хувцаснаас талийгаачийн цусны ДНХ тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан байтал ямар зорилгоор нотлох баримт хэмээн яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

9. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн төлөөлөгч нар баривчлан мэдүүлэг авахдаа хутгалсан гэдгийг камерийн бичлэгээр нотлогдож байна хэмээн тулган байцаалт авсан бөгөөд тухайн үед миний бие Эрүүгийн хуулийн ойлголт багатайн зэрэгцээ гавлуулсан, зодуулсан, сэтгэл санааны дарамтад автагдаж тухайн мэдүүлгийг өгсөн нь нөлөөлсөн. Камерийн бичлэгийг нотлох баримт болгох зорилгоор цагдаагийн ажилтнууд авч яваад буцаан авчрахдаа бичлэг устгагдсан байсан. Бичлэгийг устгасан хэмээн үзэхээс өөр аргагүй.

10. Бид Амараа гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй. Би Амарааг арын гудамж руу ороход нь араас нь очиж явтал гэнэт өмнөөс ирсэн тэр хүн намайг хутгалсан хэмээн мэдүүлсэн байдаг. Түүнээс гадна Отгонбат гэх хүнийг танихгүй гэж мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байдаг.

Шөнө харанхуйд, тэрчлэн хэн нь хутгалсан болохыг мэдэхгүй байж Отгонбат намайг гэдгийг яаж таньсан болох нь тодорхойгүй, тэгсэн атлаа энэ хүн мөн хэмээн намайг таньж байгаа нь эргэлзээтэй.

11. Миний бие өөрийн хийсэн гэм буруугаа хуулийн өмнө шударгаар хүлээх бөгөөд гагцхүү бүрэн нотолгоожиж, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэсэн тийм хэргийг хүлээн зөвшөөрөх агаад бүрэн бус мэдээлэл, нотлогдоогүй баримтын дагуу, хийгээгүй хэрэгт тулгаж, яллагдах нь хуульд эс нийцэх тул гомдолтой байна. Иймд хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Отгонбатын ар гэрийнхэн одоог хүртэл оршуулгын зардал, сэтгэл санааны зардлыг өгөөгүй байгаад гомдолтой байна. Хүүгээсээ хойш амьдрахад хүнд байна. Миний бие одоо тэргэнцэртэй, хүний асаргаанд байна. Ш.Отгонбатад 17 жилийн ял өгсөнд маш их гомдолтой байна. Иймд оршуулгын зардал, амь насны хохирол, сэтгэл санааны хямралын төлбөрийн мөнгө гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяагийн өмгөөлөгч П.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хэргийг тал бүрээс нь бодитой шалгасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл багадсан, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Ялтан Ш.Отгонбатын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Отгонбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.Отгонбат нь хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Иймд ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ш.Отгонбат нь 2017 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн А.Амартүвшинг цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан гэмт хэргийг,

2017 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цаг 40 минутаас 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 48 дугаар гудамжны зүүн үзүүрт иргэн Г.Соёлын хэвлийн тус газарт хутгалж, санаатай алахыг завдсан гэмт хэргийг,

2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс, 6 дугаар байрны гадаа иргэн Н.Бат-Эрдэнийг гэртээ харих замд зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Соёлын “...би машинаасаа буугаад хойшоо алхаад түрүүчийн гудамж руу эргэтэл өөдөөс хар саравчтай малгайтай, нэвсгэр хар куртиктэй /цув шиг нэвсгэр хар куртиктэй/ хүн өөдөөс зүүн гараараа цээж рүү тулаад баруун гараараа зүүн ташаа орчим руу хутгалчихсан. ...Би анх түүний араас гудамж руу эргэхэд л өөдөөс тэр хүн намайг хутгалчихсан. Тэр хүн намайг алнаа ч гэлүү, нэг үг хэлээд л хутгалчилчихсан. Тэр үедээ А.Амартүвшинг хаана байгааг нь ч анзаарч хараагүй, тийм ч сөхөө гараагүй. Тэр хүн намайг зүүн гараараа цээж рүү тулаад хутгалчихаар нь би баруун гараараа цээж рүү нь тулсан, зүүн гарыг нь бариад зүүн гараараа хутгатай гарных нь шуунаас бариад арагш нь түлхээд зугтаачихсан. Тэр хүнтэй миний хувьд муудалцаж маргалдсан, хэрэлдсэн ямар ч асуудал болоогүй. Би А.Амартүвшинг нэлээд согтуу явж байсан болохоор нь Эрдэнээ рүү утасдаад түүнийг миний автомашинд суулгачих гэж хэлсэн болохоор нь буугаад А.Амартүвшинг Эрдэнээгийн автомашинд суулгахаар нь араас нь очоод булан эргэх үед л тэр хүн өөдөөс гарч ирээд алнаа гэсэн үү, нэг үг хэлээд л хутгалчихсан юмаа. Яг л тэр гудамжны булан дээр л таарчихсан юм. Түүнээс тэр хүнийг өмнө нь зайнаас хараагүй байсан. Тэгээд л дүү бид хоёрыг хөөгөөд бүгдийг чинь ална гээд байсан. ...Намайг хутгалсан хүнд гомдолтой байна...” /1-р хх-89-92, 93-94/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяагийн “...Талийгаач А.Амартүвшин миний төрсөн ганц хүү байгаа юм. ...Ганц хүүгээ 23 насанд нь алдсан, маш их гомдолтой байна. ...Би хүүгийнхээ оршуулгын зардалд 1.272.600 төгрөг зарцуулсан, 21 хоног хураахад нь 170.400 төгрөгийн зардал гарсан, 49 хоног хураахад 242.000 төгрөг, бензиний зардалд 121.000 төгрөгийн зардал гарсан. Би талийгаач хүүгийнхээ оршуулах болон буян ном хуруулах, буяны ажилд 1.908.000 төгрөг зарцуулсан. Энэ нь зөвхөн баримтаар гарсан бөгөөд үүнээс илүү зардал гарсан. Би энэ зардлыг гаргахын тулд группын мөнгийг 2018 оны 9 дүгээр сар хүртэл 2 удаагийн байдлаар 2.019.800 төгрөгийн зээлийг авч ажил явдалд нь зориулсан. Иймээс оршуулгын зардал 1.908.000 төгрөгийг нэхэмжилж байна..” /1-р хх-95-97, 98-99/,

Хохирогч Н.Бат-Эрдэнийн “...Би буцаад 23 цагийн үед Ханын материалд ирэхэд нөгөө эрэгтэй урдаас Батсайхан ахтай цуг ирж харагдсан юм. Нөгөө эрэгтэй хүн шууд ирээд миний уруул руу цохиод авсан юм. Би нүүрээ дараад доошоо суутал дээрээс цохиод байсан. Батсайхан ах түүнийг надаас салгангуут нь би зугтаад цагдаад дуудлага өгсөн...” /2-р хх-108-110, 149-151/,

Гэрч Г.Санжаагийн “...би автомашины толинд ах Г.Соёлоог араас нь хараад байж байтал ах 48 дугаар гудамж руу орохын завдалгүй үзүүр дээр нь цаанаас нь хар өнгийн юүдэнтэй ноосон цамцтай, юүдэнгээ өмссөн, хар саравчтай малгайтай, хар өнгийн бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан ажлын юм шиг өмдтэй, хар өнгийн шагай давсан түрийтэй ажлын маягийн зузаан том гуталтай залуу урдаас нь гарч ирэх үед ах шууд эргэж хараад автомашин руу гүйхээр нь урдаас нь автомашинаас буухад намайг хутгалчихлаа зугтаагаарай гэж хэлэхээр нь би ахтай нийлээд хамт Ханы материалын автобусны эцсийн буудлаас авто замын голоор урд зүг чиглээд гүйж байх үед араас тэр залуу та хоёрыг алнаа гэж хэлээд араас хөөсөн...” /1-р хх-102/,

Гэрч Ш.Алтангэрэлийн “...манай ах Ш.Отгонбат шал согтуу орж ирсэн. Би ахаас харихгүй шөнө юу хийж яваа юм бэ гэж асуутал ах “ах нь Ханын эцэст явж байсан чинь ахынх нь гар утсыг дээрэмдсэн 3 хүн тааралдаад дарамтлаад байхаар нь зугтаагаад дүү Ш.Айриймаагийнд орсон. Тэгээд Ш.Айриймаагийн гэрээс хутга аваад эргээд Ханын эцэс дээр очоод нөгөө 3 дэлгүүрийн үүдэн дээр байхаар нь дүрчихээд ирлээ” гэж хэлсэн. Тухайн үед худлаа ярьж байна гэж бодож байсан ч ах куртикнийхээ баруун халааснаас нарийхан хутга гаргаад ирсэн. Хутгыг нь барьж үзэхэд ямар нэгэн цус мэт зүйл болоогүй байхаар нь үүдний өрөөний угаалгын машины доогуур шидчихсэн.Тэгээд ахад үүдний өрөөнд ор засч өгөхөд хувцастайгаа унтаад өгсөн. Өглөө 9 цагт босоход ах унтаж байсан. Би 9 цагт яваад 12 цагт эргэж ирсэн. Ах унтаж байсан. Манайд байж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед ах хар өнгийн куртик, зуны саравчтай малгай, түрийтэй хар ботинк өмссөн байсан. Ах ер нь бол архи уудаг, нэг уухаараа удаан хугацаагаар уудаг, архи уусан үедээ маш их харгис хэрцгий болдог хүн байгаа юм...” /1-р хх-103-107, 108-109/,

Гэрч Ш.Айриймаагийн “...унтаж байхад хаалга тогшихоор нь би хаалга онгойлгож өгсөн. Би ч нойрмог байсан, Ш.Отгонбат ахыг халамцуу ороод ирэхээр нь унтах л юм байх гэж бодоод унтаад өгсөн. Нэг сэрээд харахад ах гараад явчихсан байсан. ...манайх эрээн иштэй өргөн хутга, жижиг улаан иштэй хутга зэргийг хэрэглэдэг. Мөн иш нь эмтэрчихсэн шар иштэй хар ховилтой хутга байдаг. Энэ хутгыг нэг их хэрэглээд байдаггүй, гал түлэх үедээ мод эмтлэх мэтээр ашиглаж байсан хутга байдаг. ...Би энэ хутгыг хараад шууд таньж байна. Манай гэрт байсан хэрэглээд байдаггүй хутга мөн байна. Сүүлийн үед харагдахгүй байгаад байсан юм...” /1-р хх-110-112/,

Гэрч П.Нямдоржийн “...2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 23 цагийн орчим би танил Цэндсүрэн эгч, Тулга ах нарын хамт “Бэбош” хүнсний дэлгүүрт очиж худалдагчаас нь 1 шил архи зээлээр авахаар орсон. Тэгээд Тулга ах худалдагчаас нь 1 шил архи зээлээч гэж ярьж байх үед дэлгүүрт гаднаас зүс таних 2-3 залуу орж ирсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан тул үйл явдлыг орон гаран санаж байна. Тэр дунд зүс таних хар саравчтай малгайтай, хар бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан өмдтэй залуу “архины гуя байна уу, мөнгө байна уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь “архины мөнгө байхгүй, архи зээлээч гээд л гуйгаад л зогсож байна” гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд намайг дэлгүүрээс гарсны дараа Тулга ах руу нөгөө зүс таних хар саравчтай малгайтай, хар бөгсөө давсан куртиктэй, хар өнгийн зузаан өмдтэй залуу ханцуйнаасаа хутга гаргаж ирээд чичлэж байснаа ахыг “яах ч үгүй таныг яав л гэж” хэлчихээд гараад явсан гэсэн...” /1-р хх-135, 136-137/,

Гэрч С.Мөнхтуяагийн “...би 00 цагаас хойш бичигдсэн байдлыг харахад 00 цаг 40 минут өнгөрч байхад болов уу хутгалуулсан гэх хүн нь замын зүүн талаас урагшаа явж байгаа бичлэг харагдаж байсан. Их тайван байдалтай урагшаа алхаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би 7-ны өглөө бичлэгийг үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэх залуу 17 цагаас хойш л манай дэлгүүрийн тэрүүгээр орж гараад л тэр хавиар байгаад байсан. Тэгж байгаад нэг хэсэг алга болчихсон. Тэгж байгаад хамгийн сүүлд 23 цаг 48 минут гэхэд манай дэлгүүрээр ганцаараа орж ирээд гарч байгаа бичлэг үлдсэн байсан...” /1-р хх-152-154/,

Гэрч Т.Батсайханы “...Би Н.Бат-Эрдэнийг зодсон залуутай цуг автобусны буудлын зүг тэдний байрнаас явж байхад Н.Бат-Эрдэний өөдөс 5, 6 дугаар байрнаас ирж явсан. Тэгтэл нөгөө залуу Н.Бат-Эрдэнийн нүүр лүү гараараа цохисон. Нэмж өшиглөөд байхаар нь би Н.Бат-Эрдэнийг цохиулахгүй гээд хаатал Н.Бат-Эрдэнэ зугтаачихсан юм...” /2-р хх-111, 154-155/,

Шинжээч эмч О.Болороогийн “...Талийгаачийн биед цээжний зүүн хэсэг хөхний дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсраар 3 дугаар хавирганы дээд хэсгээс дунд хэсэг хүртэл зүсэгдэж, цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэгийн урд хэсэг, зүрхний баруун ховдлын урд ханыг нэвтэрч, ар хана хүрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон. Үүний улмаас үнхэлцэгийн хөндийд цус хурч, зүрх чихэлдэж нас барсан болно. Уг гэмтэл урдаас арагш үл ялиг дээрээс доош чиглэлтэй ир үзүүртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан...” /1-р хх-161/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн биед цээжний зүүн хэсэг хөхний дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсараар 3 дугаар хавирганы дээд хэсгээс дунд хэсэг хүртэл зүсэгдэж, цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцгийн урд хэсэг, зүрхний баруун ховдлын урд ханыг нэвтэрч, ар хана хүрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх цээжний хөндийн нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлыг гэмтээсэн шархны үнхэлцгийн хөндийд цус хурж, улмаар зүрх чихэлдэж нар барсан болно. Талийгаач нь АВО системийн В(II) бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-162-166/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Соёлын биед хэвлийд зүүн тал ташааны дотор хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 1326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-172-173/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрмэнд ханзарсан уранхайн зүсэгдсэн уранхай шинээр гарсан байна. Саарал өнгийн цамцанд зүсэгдсэн уранхай шинээр, саарал өнгийн өмдөнд уранхай хуучин эдэлгээний явцад гарсан байна. Зүсэгдсэн уранхай ир, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Харин уранхайн, ханзарсан уранхайн материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гаргасан болохыг тогтоох боломжгүй. Зүсэгдсэн уранхай нь шинжилгээнд ирүүлсэн хутганы нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно...” гэсэн 495 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-181-185/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Бат-Эрдэний биед дээд уруулд сэтэрсэн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 1209 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-112-113/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ш.Отгонбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Ш.Отгонбат нь одоо сэтгэцийн эмгэггүй байна. Гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. Ш.Отгонбат нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-218-220/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13-15, 16-25, 42-45, 46-48, 80-81, 82-84/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-26-27, 28-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-30, 31-33, 34, 35-39/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-40-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-49-50, 51-59, 60-61, 62-73/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-74, 75-79/, хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-85, 86/, хохирлын баримтууд /2-р хх-54-87, 182/, гэрэл зургаар сэжигтэн этгээдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-104-105, 106-107/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-190/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Ш.Отгонбатын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд ялтан Ш.Отгонбат нь иргэн А.Амартүвшинг цээжин тус газар нь хутгалж, санаатай алсан, иргэн Г.Соёлын хэвлийн тус газарт хутгалж, санаатай алахыг завдсан, иргэн Н.Бат-Эрдэнийг гэртээ харих замд нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд ялтан Ш.Отгонбатын дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “хүнийг алсан, хүнийг алахыг завдсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Иймд ялтан Ш.Отгонбатыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэв.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Отгонбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Ш.Отгонбат, хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч Б.Ариунтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Бор овогт Шаравдоржийн Отгонбатыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Бор овогт Шаравдоржийн Отгонбатыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жилийн жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 17 /арван долоон/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор (240 цаг : 8 цаг =1 сар) тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 17 /арван долоон/ жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ш.Отгонбатад оногдуулсан 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Отгонбатад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Ш.Отгонбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

                                                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ