Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 195

 

Капитал банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00994/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1327 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч Боржигон овогт Алексейн Б-ад холбогдох

         “Үндсэн зээл 19.000.000 төгрөг, хүү 54.217.931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 6.682.586 төгрөг, нотаритын зардал 20.000 төгрөг, нийт 79.920.517 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”  тухай иргэний хэргийг,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайваны давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.   

          Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          А.Б- Анод банкнаас 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 13080333 дугаартай зээлийн гэрээ байгуулж 19.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээл авсан. 13080333 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 2 дугаар байрны 7 тоот, Улсын бүртгэлийн Ү-2003005250 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000024854 дугаартай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 6 дугаар байрны 22 тоот улсын бүртгэлийн Ү-2003003762 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000050060 тоот дугаартай 28 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь  зээлийн үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй, зээлийн хүүнд 2.831.000 төгрөг төлсөн байна. Анод банк нь А.Б-ад холбогдуулан 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдлээр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч иргэн А.Б- нь бүртгэлтэй оршин суух хаягандаа суудаггүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байсан.  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 301/2011 тоот Анод банк болон Капитал банк нарын хооронд байгуулсан гэрээгээр А.Б-ын зээл нь Капитал банкинд шилжиж ирсэн бөгөөд шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар нийт 39.805.000 төгрөг буюу 19.000.000 төгрөгийн үндсэн зээл 20.805.000 төгрөгийн хүү ба зээлийн гэрээнд заасны дагуу цаашид тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардал зэргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох Капитал банк хүлээн авсан. Иймд А.Б-аас үндсэн зээл 19.000.000 төгрөг, хүү 54.217.931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.682.586 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 79.920.517 төгрөгийг гаргуулж, эсвэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А.Б- миний бие 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулж, 19 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад 19 570 000 төгрөгийг төлж барьцааны зүйлээ чөлөөлж авахаар очиход Анод банкны эдийн засагч ... манай үйл ажиллагаа доголдсон, танд тооцоо дууссан талаарх баримтыг өгөх эрх бүхий хүн байхгүй байна. Бид өөрсдөө таньтай холбогдоно ... гэж хэлсэн.  Энэ хугацаанаас хойш барьцаа хөрөнгөө чөлөөлж авах гэж хэнд хандахаа мэдэхгүй одоог хүрсэн. Гэтэл энэ олон жилийн турш надаас зээлийн гэрээний үүрэг шаардаагүй. Хэн ч холбогдож байгаагүй атлаа энэ удаан хугацааны хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.  Анод банк үүргийг хүлээн аваагүй нь энэ хугацаанаас хойш надаас хүү шаардах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т заасны дагуу алдсан. Өөрөөр хэлбэл үүргийг хүлээн авахаас татгалзсан хугацаанаас хойш хүү шаардах эрх хэнд ч байхгүй юм. Мөн А.Б- намайг эрэн сурвалжлах ямар ч шаардлага байгаагүй. Миний оршин суугаа хаяг 2009 оноос хойш нэг ч удаа өөрчлөгдөж байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1327  дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарын хариуцагч А.Б-ад холбогдуулан гаргасан 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13080333 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 19.000.000 төгрөг, хүү 54.217.931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.682.586 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 79.920.517 төгрөг 81 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.552 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

Зээлийн гэрээний хугацаа 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч  зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс А.Б-ад холбогдуулан зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч  оршин суугаа хаяг дээрээ суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож нэхэмжлэлийг буцаах нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байдаг.  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Капитал банк нь Анод банкнаас А.Б-тай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан. Капитал банк нь хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн газар хийж байгаа гэсэн ойлголттой байсан бөгөөд оршин суугаа хаягийг нь мэдэхгүй байсан тул шүүхэд хандах боломжгүй байсан бөгөөд хувийн шугамаар оршин суугаа хаягийг нь тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

А.Б-ын  оршин суугаа газрыг тогтоох хүртэл хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсохгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдврлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Капитал банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтуудыг буруу тайлбарлаж хэргийг  шийдвэрлэсэн байх тул  давж заалдах шатны шүүх алдааг засаж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Б- нь 2008 оны 5 дугаар  сарын 5-ны өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаагаар 19 сая төгрөгийг  3 хувийн хүүтэй зээлжээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар   28 мкв  талбайтай  2 өрөө 2 орон сууцыг барьцаалуулсан байна. Зээлийн гэрээний хугацаа  тус оны 11 дүгээр  сарын 5-ны өдөр  дуусгавар болсон  бөгөөд хариуцагч 2.831.000  төгрөгийг  хүүд төлсөн бөгөөд  дээрх байдлыг талууд маргаагүй.

          “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч  2011 оны 02  дугаар сарын 24-ний өдөр  зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч А.Б-ыг дурдсан хаягт байхгүй байгааг шүүх тогтоож түүнийг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн шийдвэр гаргасан нь  хүчин төгөлдөр болсон байна.

          Анод банкны А.Б-аас зээл, зээлийн төлбөр нэхэмжлэх шаардах эрх  нь  зээлийн гэрээ дуусгавар болоход үндсэн зээлийн үүргээ биелүүлээгүй 2008 оны 11 сараас үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан 3 жилийн хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд хариуцагч ирээгүй, хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж  байгаа нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болж байна.

         Хариуцагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдал нь хариуцагч А.Б-ыг эрэн сурвалжлах шийдвэр  хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжилнэ гэсэн татгалзал нь тус хуулийн заалтын зорилго, агуулгад нийцэхгүй байна.

         Иймд Анод банкны эрх хүлээн авагч Капитал банкны Дархан салбарын А.Б-аас зээл, зээлийн хүү гаргуулах маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байна.

          Хэрэгт авагдсан  шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Капитал банкны Дархан салбар нь  Б-ын төлөх  39.805.000 төгрөгийн өрийг / 2011 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар/ шаардах эрхийг Анод банкнаас  шилжүүлж авсан байна.

         “Анод банк” болон А.Б- нарын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон тул Капитал банкинд зээлийн гэрээний дагуу хүү нэмэгдүүлсэн хүү шаардах хууль зүйн үндэслэл байхгүй.

         Иймд шаардах эрх шилжүүлэх гэрээнд 19 000 000 төгрөг, үндсэн зээл 20 805 000   төгрөгийг балансын гадуурх авлага гэж дурдсан байна.

         “Анод банк” 2011 оны 2 сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх дуусгавар болно.

Иймд зээлийн хүүг  шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны буюу 2008 оны 11 сараас 2011 оны 2 сар хүртэлх  26 сараар тооцох нь зээлийн гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй зээлдэгч мөнгийг ашиглаж байгаагийн хөлс буюу хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх   Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ.

Ийнхүү тооцож үндсэн зээлийн төлбөрт 19.000.000 төгрөг, хүүд 14.820.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.964.000 төгрөг, нийт 36.784.000 төгрөгийг  хариуцагч  А.Б-аас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагчийн барьцааны хөрөнгөөр шийдвэрийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Капитал банкны давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч байгаа тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1327 дугаар  шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:

 “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарын хариуцагч А.Б-ад холбогдуулан гаргасан 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13080333 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 19.000.000 төгрөг, хүү 54.217.931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.682.586 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 79.920.517 төгрөг 81 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”  гэснийг,

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452,2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Б-аас үндсэн зээлийн төлбөрт 19.000.000 төгрөг,  хүүд 14.820.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.964.000 төгрөг, нийт 36.784.000 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож, үлдэх хэсэг 43.136.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар  хариуцагч  нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2003005250 дугаарт бүртгэлтэй, 000024854  гэрчилгээтэй,  Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 2 дугаар байрны 7 тоот, 28 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Y-2003003762 дугаарт бүртгэлтэй,  000050060 тоот гэрчилгээтэй, Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 6 дугаар байрны 22 тоот,  28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,

2 дахь заалтыг: 

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 557.552 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 341.780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбарт олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.552 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

          3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     О.НАРАНГЭРЭЛ