Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00557

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02566 дугаар магадлалтай,

С.О-ийн нэхэмжлэлтэй,

М С П К-ид холбогдох,

Тус коллежийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус коллежийн цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтаны албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3.225.760 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-, өмгөөлөгч Б.Анхзаяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2008 оны 8 дугаар сарын 26-нд М С П К-ид компьютерийн багшаар ажилд орсон, 2013 оноос компьютер хариуцсан техникийн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллаж, 2015-2017 он хүртэл цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаар ажилласан, мэргэжлээрээ тасралтгүй 9 жил сургуульдаа ажилласан. Цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэдэг мэргэжил хасагдсан байна гээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр халагдах тушаалаа авсан. Хэрэв өмнөх ажлын байр нь цомхтгогдсон бол өөрийнхөө мэргэжлийн дагуу дүйцэх ажилдаа ормоор байна. Тус сургууль компьютерийн чиглэлээр хэвлэлийн эх бэлтгэгч, техник, сүлжээ хариуцсан ажилтан, график дизайн зэрэг анги бэлтгэдэг нь компьютерийн мэргэжлийн хүн зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна. 2016 болон 2017 онд батлагдсан сайдын тушаалаас харахад 2016 оны тушаал дээр багш нь 90 ажилтан байхаар, С.О-ийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн орон тоо нь 2 байхаар заасан. Харин сүүлд баталсан 2017 оны тушаалаар нийт багшийн орон тоо 98 болж өсөөд, сүлжээ хариуцсан ажилтан буюу захиргаа хариуцаж байгаа ажилтны орон тоо нь техникийн туслах ажилтан болон хувирч ирсэн байна. С.О-ийн ажиллаж байсан орон тоон дээр 2 хүн ажиллаж байгаад, нэг нь өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Үнэхээр тоног төхөөрөмж хариуцсан ажилтны орон тоо нь байхгүй болсон бол техникийн туслах ажилтан болон багшийн орон тоон дээр ажиллуулах боломжтой. Иймд техникийн туслах ажилтаны орон тоонд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, өмнө ажиллаж байсан албан тушаал буюу цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажил албан тушаалд дүйцэх ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М С П К-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа өөрийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаас чөлөөлөгдсөн, уг ажлын байранд эгүүлэн томилуулах байсан ч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өмнө нь ажиллаж байсан албан тушаалд дүйцэхүйц албан тушаалтанд тогтоолгохоор өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн Яамнаас бүтэц, орон тоог дахин шинээр баталсантай холбогдуулан компютерийн багшийн албан тушаалаас цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан хариуцсан албан тушаалд томилж тушаал 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Үүнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн НХХЯ-ы сайдын тушаалаар С.О-ийн ажиллаж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэдэг албан тушаал цомхтгогдон орон тоог нь татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Тус сургууль зөвхөн компьютерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, элсэлт авдаг сургууль биш, политехник гэдгээрээ машин механизм, техник технологитой холбоотой учраас техникийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Машин механизмын үйл ажиллагаатай холбоотой туслах ажилтан болохоос биш компьютер болон цахим тоног төхөөрөмжийн ажилтан ажиллах бололцоо байхгүй, мэдлэг боловсролын хувьд хүрэхгүй. Урд нь нэхэмжлэгчийн техникийн туслах ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасантай холбогдуулж яамнаас техникийн туслах ажилтан гэдэг нь ямар албан тушаал, ямар мэргэжлийн боловсон хүчин ажиллах бололцоотой гэдэг мэргэжлийн чиг үүргийн талаас нь лавлагаа авсны дагуу ирсэн албан бичигт цахим техник, технологиос бусад гэж тодотгож өгсөн техникийн туслах ажилтан нь машин механизм, инженерийн асуудал ба нэхэмжлэгч бол компьютерийн инженер, харин техникийн туслах ажилтан бол автын инженерийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин гэдгээрээ инженерээс өөр агуулгатай гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан Боржигон овогтой С.О-ийг /РД:УШ86102903/ М С П К-ийн /РД:9106952/ Сургалтын албанд урьд эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.225.760 төгрөг гаргуулан С.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 66.562 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02566 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М С П К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтуудыг буруу үнэлж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд тус сургуулийн техникийн туслах ажилтан биш харин цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн ажлыг эрхэлж байсан. Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/21 тоот тушаалаар М С П К-ийн Сургалтын албаны орон тоог батлахдаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо болох цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан гэсэн орон тоог хассан, мөн техникийн 2 туслах ажилтаны орон тооноос 1 орон тоог хассан. Түүнээс биш нэхэмжлэгч техникийн туслах ажилтан гэсэн орон тоонд ажиллаж байхад нь ажлаас чөлөөлсөн мэтээр нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэн шийдвэрлэсэн.

Түүнчлэн сургалтын албаны 2 орон тоог 1 болгон цөөрүүлсэн, С.О-ийг тухайн ажлын байранд ажиллуулах боломжтой байсан гэж дүгнэж байгаагаас үзэхэд техникийн туслах ажилтаны 1 орон тоон дээр үлдсэн иргэнийг ажлаас нь чөлөөлөөд цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтан байсан С.О-ийг шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн үндсэн зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажилд, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж хуульчилсан хэдий ч тус сургуулийн бүтэц орон тоо болон нийт ажилтнуудын цалингийн сан зэрэгт тулгуурлан шилжүүлэн ажиллуулах орон тоо байхгүй байсан тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үнэдэслэлээр ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон. Мөн урьд эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэг нь ямар ажил, албан тушаалыг хэлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй ба энэхүү шийдвэр нь өөрөө хуульд нийцэхгүй буруу жишиг практик тогтоож байгааг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр үндэслэл бүхийн ойлгомжтойгоор биелэж байх байтал энэхүү шийдвэрийн дагуу сургуулийн ямар орон тоонд ажиллуулах шийдвэр гаргаж энэхүү шийдвэр хэрхэн яаж бүрэн биелэх вэ гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүхүүд бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч С.О-ийн урьд эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаал манай сургуульд байхгүйн дээр одоо батлагдсан бүтэц орон тооныхоо цалингийн сан, бусад зардалыг хэтрүүлэхгүйгээр сургалтын үндсэн үйл ажиллагаагаа явуулахыг хичээн ажиллаж байна. Хариуцагч талаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож санал хүсэлт, нотлох баримтуудыг гаргаж байхад албан ёсоор мэдэгдэлгүй шүүх хуралдааныг явуулсан зэрэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О-, хариуцагч Монгол Солонгосын политехникийн  коллежид холбогдуулж тус коллежийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, техникийн туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж, /хх-1-2-р тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “техникийн туслах ажилтны” ажилд томилуулах шаардлагаа өмнө эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны албан тушаалтай дүйцэх ажилд томилуулах /хх-73-74-р тал/ гэж өөрчилсөн байна.

Хариуцагч “...ажлын байрны орон тоо хасагдсан, шинээр батлагдсан “техникийн туслах ажилтан” нь компьютерийн бус техникийн инженерийн мэргэжил шаардана, нэхэмжлэгчийг ажиллуулах орон тоо байхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

С.О- М С П К-ид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 тоот тушаалаар ажлаасаа халагджээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 42.1, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалыг баримтлан, С.О-ийн ажлын байрны бүтэц, орон тоо хасагдсан гэсэн үндэслэл заасан байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах болсноо 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч С.О-д мэдэгдсэнийг зохигч маргаагүй байна.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж заасан нь, мөн хуулийн 36.1-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир татуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, эсхүл хуульд заасан бусад тохиолдолд ажил олгогч   ажилтанд ажил олгох үүргийн тухай зохицуулалт байна.

Нэхэмжлэгч С.О-ийн хувьд орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халагдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан нөхцөлд хамаарахгүйг хоёр шатны шүүх анхаараагүй, түүнийг өмнө гүйцэтгэж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны орон тоотой адил чанарын өөр албан тушаалд эгүүлэн тогтоосон нь буруу байна.

2.Ажил олгогч орон тоо хасагдсан үндэслэлээр С.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба орон тоо хасагдаагүй, орон тоо хасагдсан боловч хуульд заасан хугацаанд энэ талаар ажилтанд мэдэгдэх үүргээ зөрчсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үр дагавар үүснэ.

Нэхэмжлэгч анх техникийн туслах ажилтнаар тогтоолгох шаардлага гаргаж, үндэслэлээ, өмнө эрхэлж байсан цахим тоног төхөөрөмж, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан ажилтны гүйцэтгэх чиг үүргийг шинэ “техникийн туслах ажилтан“ орон тоонд ажиллаж байгаа н.Амартүвшин гүйцэтгэж байгаа гэж тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа “өмнө эрхэлж байсан ажлын байрны орон тоотой адил чанарын  ажилд эгүүлэн тогтоолгох” гэж өөрчилсөн хэдий ч үндэслэлдээ, ажлын байрны нэршил өөрчлөгдснөөс гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж, өөр этгээд гүйцэтгэж байгаа гэх агуулгаар тайлбарласныг шүүх тодруулаагүй байна.

Техникийн туслах ажилтан нь нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан компьютер, мэдээлэл, сүлжээний ажил үүрэгтэй хамааралгүй, автын техник, тоног төхөөрөмжийн чиглэлээр гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой орон тоо, нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг компьютерийн багш нарт хавсран гүйцэтгүүлж байгаа гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч эдгээр байдал тодорхой бус байна.

Дээрх байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/02141 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2017/02566 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 62.480 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ