Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0022

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Анома ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. ...Газар эзэмших эрх олгосноос хойш газар эзэмшигч тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, худалдан авсан барилгын суурь анхны байдлаараа хадгалагдаж байна. Тухайн суурийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед байсан бетонон хашааг “А” ХХК барьсан талаар ямар нэг нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийг тухайн газар дээр бетонон хашаа барьсан, газраа ашигласан гэж дүгнэсэн нь хууль бус байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрх сунгагдаж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноор газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлж, 35.3-т заасан үүргийг хүлээж байгаа боловч нэхэмжлэгч газар эзэмших эрх үүссэн 2005 оноос хойш болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ч маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болно. Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр улсын бүртгэлийн байгууллагаас дугаар олгодог болсонтой холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрээг шинэчилж хийсэн нь өмнө байгуулсан гэрээ, гэрчилгээний хугацаа тасалдаагүй, эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийн хугацааг тасалдуулан тоолж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж дүгнэсэн боловч 2 жилийн хугацаа болоогүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “А” ХХК-ийн эзэмшлийн газрын эрхийн гэрчилгээг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь дээрх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш 2 жилийн хугацааг тооцно, газарт хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулахаар БНСУ-д 2020 оны 2 сард очсон боловч Улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас 5 дугаар сар хүртэл ирэх боломжгүй болсон” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “А” ХХК-д анх нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 м.кв газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон байх ба 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар хугацааг 5 жил сунгаж, зориулалтыг нь өөрчилж үйлчилгээ, орон сууцны зориулалтаар олгосон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл “гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа тоологдох ба энэ тохиолдлын хувьд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусна.

Гэтэл анхан шатны шүүх “гэрчилгээ болон гэрээний маягт өөрчлөгдсөн шалтгаанаар шинээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр тогтоосон, энэ хугацаанаас  хүчингүй болгох үр дагавар үүсгэх 2 жилийн хугацааг дахин тоолох эрх зүйн эерэг үр дагавар үүсгэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал,

Захиргааны гэрээнд өөрчлөлт оруулах, цуцлах тусгай тохиолдлуудыг Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд тодорхойлсон байх бөгөөд гэрчилгээ болон гэрээний маягт өөрчлөгдсөн шалтгаанаар шинээр олгосон нь захиргааны гэрээний гол нөхцөл болох “хугацаа” өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 34 дүгээр зүйлийн 34.1 “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй, хуулиар олгосон газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтаны гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжтай зөрчилдөхүйц нөхцөл байдлыг үүсгэхээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэж, газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр улсын бүртгэлийн байгууллагаас дугаар олгодог болсонтой холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрээг шинэчилж хийсэн нь өмнө байгуулсан гэрээ, гэрчилгээний хугацаа тасалдаагүй, эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа...” гэх гомдол үндэслэлтэй.

Харин шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд эзэмшиж буй газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нөхцөл байдлыг тогтоож, маргаан бүхий актын үндэслэл хуульд нийцсэн эсэх, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан урьдач нөхцөл хангагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь сонсох ажиллагаанд гаргасан тайлбартаа “...2020 оны 2 дугаар сард БНСУ-д очиж хөрөнгө оруулагч нартай уулзан газар дээр хамтран хөрөнгө оруулалт хийх барилгын төлөвлөлт зураг эскиз эхлүүлэхээр яриа хэлцэл хийсэн, хил хориотой холбоотой хүндэтгэх шалтгаан нөхцлийн улмаас одоогийн байдлаар төслийн ажиллагаа түр зогсоод байгаа, бид зураг төслийн эскизийн ажлыг эхлүүлээд явж байгаа” гэж мэдэгдсэн байхад энэ талаар бодит нөхцөл байдлыг тогтоох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…” гэж заасанд нийцэх бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 халдварыг “цар тахал” хэмээн албан ёсоор зарласантай холбогдуулан Монгол Улсад үүссэн нөхцөл байдал нь газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болгосон гэх үндэслэлийг шалган тогтоож хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        С.Мөнхжаргал     

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН