Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/шш2020/0634

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0634 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК /РД:2056***/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхийг авсан. Үүнээс хойш 2012 оны Нийслэлийн Засаг даргын ******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилж, 2018 оны А/******* дугаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрхийн 000013*** дугаартай гэрчилгээг бидэнд олгож иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Нэхэмжпэгч нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дүгээр захирамжийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай' тогтоолын 1.10-т зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь ... тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зорилгоор талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т энэхүү заалтыг талууд харилцан тохиролцсон байдлаар оруулсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хоёр жилийн хугацаа хэдийнээс тоолж эхлэх тухай харилцааг нарийвчлан зохицуулсан буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс тоолж эхлэх тухай зохицуулалт юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/******* дүгээр захирамж нь Газрын тухай хуулийнн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А компани нь 2007 оны Нийслэлийн Засаг даргын 495 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 м.кв талбайтай газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхийг авч, 2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, 2018 оны А/******* дугаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 12 сарын 27-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газраас эзэмших эрхийн 13289 дугаартай гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээг шинээр байгуулсан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаартай захирамж гарч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай Газрын тухай хуулийг тайлбарлах тухай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-т газар эзэмших, ашиглах гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нь тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг зориулалтын дагуу 2 жил дараалан газраа эзэмшээгүй гэж ойлгоно гэж ойлгомжтой тайлбарласан байна. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд газар эзэмших гэрээг байгуулсан учраас Газрын тухай хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хугацаа дуусах ёстой гэж үзсэн. Мөн талуудын хооронд байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т тухайн гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй гэж ойлгохоор гэж харилцан тохиролцсон байх тул гэрээг зөрчсөн гэж үзэхээр байна. 2 жилийн хугацаа болоогүй байсан гэж үзэж байгаа.

Мөн А компанийн захирал ******* нь БНСУ руу яваад 2020 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд короновирус гарсантай холбоотой Монгол улсад байгаагүй, үйл ажиллагаа явуулж, газар ашиглах боломжгүй, 3 сарын хугацаанд гадаадад хөл хорионд орсон, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Компанийн тухай хуульд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, шийдвэр гаргах эрхтэй этгээд нь ******* юм. Тиймээс А компанийн захирал хилийн хорионд орсон байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Энэ тухайгаа газрын албаны мэргэжилтэнтэй холбогдож тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаатай хамаарах нөхцөл байдлыг тогтоох үүрэг нь захиргааны байгууллагад байсан. Газар эзэмшигч нь бичгээр тайлбараа өгсөн байхад энэ талаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хангалттай хэмжээнд хийгээгүй, шалгасангүй гэж үзэж байна.

2007 онд гэрчилгээ авснаас хойш бетонон хашаа барьсан. 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт тухайн газрыг ашиглах талаар ямар ч үйл ажиллагаа хийгээгүй байхыг ойлгоно. Хэрвээ тухайн газар дээр 2 жилийн дотор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол газраа зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзнэ. Заавал барилга баригдсан байх шаардлагагүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А" ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Банкны өр барагдуулах албатай барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулж Тээл холдинг ХХК-ийн зээлийн өрөнд хураагдсан барилгын суурийг худалдан авсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 мкв хэмжээтэй газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ, орон сууц болгон өөрчилж, улмаар Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл А ХХК нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн. Энэ талаар А ХХК-д шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой тус албанаас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжоор хангасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар тухайн компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх А компани нь 2005 онд Банкны өр барагдуулах албатай барилгын суурь худалдах худалдан авах гэрээ байгуулж, Тээл холдинг компанийн зээлийн өрөнд хураагдсан барилгын суурийг худалдан авснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6.860 м.кв талбайтай газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, үйлчилгээ орон сууцны зориулалт болгож 5 жилийн хугацаагаар сунгаж, 2018 оны 04 сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсан. Гэтэл А компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон.

2018 оны 04 сарын 20-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай сунгаж, үүнээс хойш 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс өмнө тухайн газарт гэрээнд заасан нөхцлийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ёстой байсан боловч газрыг ашиглаагүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл элэгдэл цөлжилт явагдсан, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарахгүй асуудлыг хэлдэг. Мөн газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газарт гэрээнд заасан зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг үндэслэн тайлбарлаж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар хугацаа сунгагдаж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаартай тушаалаар гэрчилгээний загвар шинэчлэн батлагдаж, гэрчилгээг шинэчилсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд иргэн хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдлийг авах бүртгэх хянах, газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах, мөн газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зохицуулалттай. Уг журмын 10.2-т иргэн хуулийн этгээдтэй холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар ашиглах, эзэмших гэрээг байгуулсны үндсэн дээр гэрчилгээ олгоно. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, гэрээ байгуулагдсан өдрөөс хугацааг тоолох ёстой. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр захирамж гарснаас хойш тоолоход 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дууссан. Газрын хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан өдрөөс буюу 2 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй учраас цуцалсан. Үүний дагуу шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/******* дугаартай албан бичгээр А компанид мэдэгдэл хүргүүлж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар тайлбар гаргах хугацааг олгосон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын А/******* дугаартай захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Байгуулагдсан гэрээ болон шийдвэрийг харахад 06 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө үндэслэл нь үүссэн. Үүний дараа А******* дугаартай захирамж гарсан учраас 2 жилийн дотор биш, 2 жил өнгөрсний дараа шийдвэр гаргасан. Иймд манай байгууллагаас гаргасан захирамж нь хүчин төгөлдөр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А" ХХК нь тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

А" ХХК нь Банкны өр барагдуулах албатай 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зээлийн өрөнд хураагдсан барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулж Тээл холдинг ХХК-ийн зээлийн өрөнд шүүхийн шийдвэрээр хураагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах модны үйлдвэрийн зориулалттай барилгын суурийг худалдан авч, барилгын газрыг эзэмших хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 мкв хэмжээтэй газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, эзэмшил газрыг мэдээллийн санд нэгж талбарын 18641309232582 дугаарт бүртгэжээ. Газар эзэмшигч газар эзэмших зориулалт өөрчлүүлэх, хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаар 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилээр эзэмшүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.

Нийслэлийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн 000013*** дугаартай гэрчилгээг олгосноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болгох хугацааг хуанлийн 2 жилээр тооцно, тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга барихаар хөрөнгө оруулалт татах ажил хийгдэж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаж байгаа бол хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаснаас, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн хугацааг тооцсон хэмээн тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг ойлгоно.

Газар эзэмшүүлэх гэрээгээр зориулалт, хугацаа, төлбөр зэрэг газрыг эзэмших үндсэн нөхцлийг зааж өгдөг тул гэрээ байгуулагдсанаар ашиглаагүй бол гэрчилгээг хүчингүй болгох үр дагавар үүсгэх 2 жилийг тооцно. Тодруулбал Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах эрх үүсэх бөгөөд мөн ашиглаагүй гэх хугацаа гэрчилгээ олгосноос хуанлийн жилээр тоологдоно.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2018 оны 6 дугаар сарын 05-нд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх хэдий ч 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн 000013*** дугаартай гэрчилгээг шинэчлэн олгож иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Хариуцагч үүнийг гэрчилгээ, гэрээний маягт өөрчлөгдсөнөөс шинэчилсэн хэмээн тайлбарлах ч ийнхүү шинээр олгосон гэрчилгээ, гэрээнд газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр тогтоосон, өөрөөр хэлбэл өмнөх гэрчилгээ, гэрээний бүрдэл хэсэг, гэрээнд өөрчлөлт оруулсан талаар, мөн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 15 жилээр тооцох талаар тусгаагүйгээс гэрээг шинэчлэн байгуулсан, гэрчилгээг шинээр олгосон гэж ойлгогдохоор байх тул газар эзэмшигчид энэ хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол хүчингүй болгох үр дагавар үүсгэх 2 жилийн хугацааг дахин тоолох эрх зүйн эерэг үр дагавар үүсгэсэн байна.

Иймээс гэрээ, гэрчилгээг шинэчилж олгосон хугацаанаас газраа зориулалтын дагуу ашиглах, ашиглаагүйгээс гэрчилгээг хүчингүй болгох нөхцлийг тооцох хугацааг тооцоогүй, өмнөх гэрээг байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим ямар тохиолдолд хэрэглэгдэхгүйг Захиргааны ерөнхий хуульд тайлбарласан, үүнд энэ тохиолдол хамаарахгүй юм.

Дээрхээс дүгнээд газраа ашиглаагүй гэж үзэх 2 жилийн хугацаа болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ үндэслэл үүсээгүй байжээ гэж шүүх үзлээ.

Түүнчлэн дуудлага худалдаагаар барилгын суурь худалдан авснаар газар эзэмших эрх дагаж үүссэн бөгөөд уг газарт бетонон хашаа барьсан байгааг огт ашиглаагүй гэж ойлгохгүй юм.

Иймд газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хугацаа болоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ үндэслэл үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамж хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 д зааснаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 02-06/******* тоотоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, тайлбар ирүүлэх хугацаа тогтоосноор тус компани 6 дугаар сарын 19-нд тайлбар хүргүүлсэн байдаг тул хариуцагч шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийсэн, энэ нь хуульд нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаанд гаргасан тайлбартаа компанийн удирдлага 2020 оны 2 дугаар сард БНСУ-д газар дээр хийгдэх барилгын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлцэл хийсэн ч Улсын онцгой комиссоос тогтоосон хилийн хоригтой холбоотой хүндэтгэх шалтгааны улмаас 5 дугаар сар хүртэл ирж чадаагүй, мөн хөрөнгө оруулагч тал ирэх боломжгүй нөхцөл үүссэн талаар дурдсан байдаг ч гадаад паспортын хуулбараас өөр, тухайн газарт хэрэгжүүлэх төсөл, баригдах барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох зөвшөөрлийг эрх бүхий этгээдээр батлуулсан, батлуулахаар хандсан талаарх баримт ирүүлээгүй тул хариуцагч нь энэ шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөгч нь БНСУ-д зорчсоныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүйг буруутгахааргүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий актад буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг газраа зориулалтын дагуу хүндэтгэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэртээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн хэсгийг яагаад баримталсан нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА