Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00573

 

Р.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02346 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2599 дугаар магадлалтай,

Р.Г-ийн нэхэмжлэлтэй,

НШГА-нд холбогдох,

Төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонгын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Р.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5327 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны талаар байрны эзэн Н.Долгорлхамд мэдэгдээгүй, түүний хөрөнгөд хууль бусаар халдсан. Түүнчлэн ээжийнхээ байрыг хураалгахгүй өөрийн хөрөнгөөр хариуцаж сар бүр 5.000.000 төгрөг төлж төлбөрийг дуусгах санал гаргасан байхад уг саналыг хүлээж авалгүй, 50 хувиар хөрөнгийг үнэлэж төлбөр авагчид санал болгосон зэрэгт гомдолтой байна. Хуульд заасан журмын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШГА-ны шүүхэд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар Р.Г-ээс 70.715.903 төгрөг гаргуулан Эй Эм Эф ББСБ ХХК-д олгож, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураан авсан ба 2 удаа дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч Р.Саранчимэг нарыг байлцуулан хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийсэн. Р.Г- болон Р.Саранчимэг нар нь Н.Долгорлхамын биеийн байдал муу тул хуралд оролцох боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Хөрөнгийг санал болгосноос хойш дахин 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл төлбөр төлөх хугацаа өгсөн. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр болсон. Ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, талуудын болон өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02346 дугаар шийдвэрээр 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Р.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2599 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШГА-ны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч НШГА-наас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Г-т олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Үүлэнсолонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах, ирж оролцох талаар төлбөр төлөгч Р.Г-, өмчлөгч Н.Долгорлхам, Р.Саранчимэг нарт 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/15239, 3/15240 дугаар албан бичгээр мэдэгдэн мэдэгдлийг биечлэн гардуулсан. Тогтоосон хугацаанд хамтран өмчлөгч Н.Долгорлхам нь санал болгох ажиллагаанд ирээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Р.Г-, өмчлөгч Р.Саранчимэг нарыг байлцуулан санал болгох ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Р.Г-, Р.Саранчимэг нар нь өмчлөгч Н.Долгорлхамыг биеийн байдал муу хэвтэрт байдаг, хуралд оролцох боломжгүй талаар тайлбар өгсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Санал болгох ажиллагаагаар төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2599 дугаар магадлалаар тухайн орон сууцны өмчлөгч Н.Долгорлхам нь мэдээгүй хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтэд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо өмчлөгчийг заавал оролцуулахаар зохицуулаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Гэгээнчимэг болон түүний эх Н.Долгорлхамд ажиллагааны явц нэг бүрийг танилцуулж, хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо өмчлөгчид мэдэгдсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Р.Г- НШГА-нд холбогдуулж төлбөрт хураагдсан орон сууцыг төлбөрт тооцуулахаар төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ажиллагааны талаар орон сууцны өмчлөгчид мэдэгдээгүй, орон сууцны үнийн 50 хувиар тооцож төлбөрт шилжүүлсэн нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг ажиллагааны талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийг хянаад магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа бөгөөд уг хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасны дагуу Р.Г- НШГА-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлжээ. Учир нь дээрх хуулийн зохицуулалтад “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж заасан байна.

Харин 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө энэ нэхэмжлэлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тул тухайн эрх зүйн харилцааны талаар шүүх дүгнэлт хийхдээ 2002 оны хуулийг баримтласан нь хуулийг буцаан хэрэглэхгүй зарчимд нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.7-д “албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана” гэж заажээ.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гарна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар талуудын эвлэрлийг баталсан захирамжийн дагуу нэхэмжлэгч Р.Г- 70.685.903 төгрөгийг Эм Эй Эф ББСБ ХХК-д төлөх үүргийг хүлээсэн, уг захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг НШГА- явуулсан байна. Уг ажиллагааны явцад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2 удаагийн албадан дуудлага худалдаа зарлагдсан боловч худалдан борлогдоогүй байна.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон өгөх ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр явагдсан, энэ ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзсэн нь хэргийн баримтад тулгуурлаагүй байна.

НШГА-наас орон сууцыг төлбөрт тооцуулахаар төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 01-ний эсхүл 05-ны өдөр хийсэн аль нь болох нь тодорхой бус байна. Дээрх ажиллагааны талаархи баримт засвартай, зохигч ажиллагаа явагдсан огноог 2 өөрөөр тодорхойлсон тул ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна.

Үүнээс гадна хэрэгт ач холбогдолтой байж болох Р.Г- төлбөрт хэдэн төгрөг төлснийг нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхисныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй гэж үзсэн магадлалд заасан үндэслэл буруу биш  байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2599 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ