Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2017/02346

 

 

 

 

 

     2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2017/02346

           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8б байрны 12 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б.Р.Г -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, Н Ш Ш Г Г-т холбогдох,

 

Төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05327 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулсан юм. Энэ ажиллагааны талаар байрны эзэн Н.Д-д мэдэгдээгүй, түүний хөрөнгөд хууль бусаар халдсан юм. Түүнчлэн ээжийнхээ байрыг хураалгахгүй, өөрийн хөрөнгөөр хариуцаж сар бүр 5.000.000 төгрөг төлж төлбөрийг дуусгах санал гаргасан байхад уг саналыг хүлээж аваагүй, 50 хувиар хөрөнгийг үнэлэж төлбөр авагчид санал болгосон зэрэгт гомдолтой байна. Хуульд заасан журмын дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаар захирамжаар Р.Г-ээс 70.715.903 төгрөгийг гаргуулан Э.Э.Э ББСБ ХХК-д олгож, шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураан авсан ба 2 удаа дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч Р.С нарыг байлцуулан хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийсэн. Р.Г болон Р.С нар нь Н.Д-ын биеийн байдал муу тул хуралд оролцох боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Манай байгууллагын зүгээс төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдлийг тухай бүр хүргүүлж байсан. Хөрөнгийг санал болгосноос хойш дахиад 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл төлбөр төлөх боломж олгож хугацаа өгсөн. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр болсон. Ажиллагаа хууль заасан журмын дагуу явагдсан, талуудын болон өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй тул Р.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар төлбөр авагч мэдсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Г нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч Н Ш Ш Г Г хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаартай “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ий өдрийн 184/ШЗ2016/06204 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай“ захирамж, болон түүний үндсэн дээр бичигдсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 735 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”-ыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр, 17270001 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлжээ. /хх 20-23  дугаар тал/

 

Хариуцагч Н Ш Ш Г Г нь төлбөр авагчийн шаардлагыг хангуулахаар шүүхийн гүйцэтгэх хуудаст заагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 177/1 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 177/01-20 дугаартай тогтоолооор хураан авсан байх ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгчийн харилцан тохиролцсон үнэлгээ болох 140.000.000 төгрөгийн 70 хувиар тооцож 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эхний албадан дуудлага худалдааг явуулсан, улмаар үнийн санал ирээгүй тул 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр үнэлгээг 50 хувиар тооцож, 2 дахь удаа албадан дуудлага худалдаа явуулсан боловч мөн үнийн санал ирүүлээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /хх 27, 32, 45, 49-51, 66 дугаар тал/

 

Хариуцагч Н Ш Ш Г Г нь дээр дурдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль1 -ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан талуудын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт ажиллагааны талаар тухай бүр мэдэгдсэн, мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн, дуудлага худалдаа явуулахдаа Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Г нь “2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг төлж барагдуулъя” гэхэд шууд дуудлага худалдаа явуулсан, 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн санал болгох ажиллагааг явуулах үед төлбөр төлөгчийн зүгээс сар бүр “5.000.000 төгрөгөөр төлж барагдуулъя” гэхэд боломж олгоогүй, хөрөнгийн үнэлгээг 50%-иар тооцож төлбөр авагчид санал болгосон, өмчлөгчийн эрхийг зөрчсөн хэмээн хариуцагч байгууллагыг буруутгажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ёстой.

Өөрөөр хэлбэл хуулиар зөвшөөрөөгүй аливаа үйлдлийг шийдвэр гүйцэтгэгч хийх учиргүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.2-т зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага түдгэлзүүлэх боломжгүй, өөр бусад байдлаар хойшлуулах эрх хэмжээг шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгоогүй байна. Иймд төлбөр төлөх хугацаа тогтоож өгөөгүй, боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

_______________________________

  1. Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон боловч маргаан бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул маргааныг шийдвэрлэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэглэнэ. Иймд энэхүү шийдвэрт бичигдсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” гэдгийг 2002 онд батлагдаж, 2017 оны 6 сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсон хуулийг ойлгоно.

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар хоёр дахь удаагаа явуулж буй албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохдоо талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн дүнгийн 50 хувиар тогтоохоор хуульчилсан тул энэ хугацаанаас хойш тухайн хөрөнгийн өртөг хуулийн дагуу буурсан гэж үзнэ. Ийнхүү хөрөнгийн өртөг хуульд зааснаар буурсан байх тул шийдвэр гүйцэтгэгч нь энэ үнээр тооцож төлбөр авагчид санал болгох үүрэгтэй юм.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болох Н.Д нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцоогүй, төлбөр төлөгч Р.Г-т Н.Д-ыг төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй байх тул хамтран өмчлөгч Н.Д-ыг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй хэмээн түүний өмнөөс гомдол гаргаж буйг хүлээн  авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан, 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн, төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-106 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024066 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Р.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР