Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 637

 

А.Адуучинхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Ц.Амгаланбаатар,

          Ялтан А.Адуучинхүүгийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,

          Хохирогч С.Цэвээндулмаа,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Цэвээндулмаагийн гаргасан давж заалдах гомдлоор А.Адуучинхүүд холбогдох эрүүгийн 2017 2502 0519 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бадран овгийн Алтанхуягийн Адуучинхүү, 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидын г-18 дугаар гудамжны 381-б тоотод оршин суух бүртгэлтэй,

          - Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 243 дугаар магадлалаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 6 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,

          - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:СД88042318/;

А.Адуучинхүү нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах 32 дугаар байрны гадаа иргэн С.Цэвээндулмааг үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү нь нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж, С.Цэвээндулмаагийн биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт буюу хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: А.Адуучинхүүгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт тус тус  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Адуучинхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож, А.Адуучинхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар А.Адуучинхүүг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Адуучинхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Цэвээндулмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.3, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй болохыг минь харгалзан үзэж, А.Адуучинхүүд ял эдлүүлэхгүй байхыг хүсэж байна...” гэв.

Ялтан А.Адуучинхүүгийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Адуучинхүүгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Адуучинхүүд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл, түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар А.Адуучинхүүгийн хэргийг зүйлчилж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул уг хуулиар хариуцлага оногдуулах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал оруулж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

А.Адуучинхүү нь 2017 оны 2 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах 32 дугаар байрны гадаа иргэн С.Цэвээндулмаагийн нүүр лүү нь нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж, түүний биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Цэвээндулмаагийн “...Би аавд Адуучинхүүтэй цуг явж байгаад хүнтэй зодолдоод хүмүүст зодуулсан гэж хэлсэн. А.Адуучинхүү, Асаа, Азаа нар хүмүүстэй маргалдаад зодолдож байхаар нь салгах гэж байгаад нэг хүнд цохиулсан, хэнд цохиулснаа санахгүй байна...” /хх-11-12, 13/,

Гэрч Ж.Сонсголонгийн “...Баянбүрдийн автобусны буудал дээр очиж охин С.Цэвээндулмааг тосож авахад ганцаараа ирсэн ба баруун шанаанд нь цус хуралттай, хавдсан, маш их хавдартай зодуулсан байдалтай байсан. ...Тэгээд орой нь ажлаа тарж ирээд охинтойгоо хамт явсан газрыг нь заалгахад 32-ын тойрогт байдаг “32” нэртэй бааранд очоод хамаалагч хүмүүстэй уулзахад болсон явдлын талаар ярьж өгсөн. Тэр хамгаалагч хэлэхдээ бааранд хоорондоо муудалцаад байхаар нь гаргасан чинь таксинд сууцгаагаад явах гэж байхад нь манай охин явахгүй гээд гарч гүйхэд нь А.Адуучинхүү гэгч араас нь гараад нүүрэн тус газар нь 2 удаа цохиод хамраас нь их хэмжээний цус гоожсон гэсэн. Хамт явж байсан залуу нь А.Адуучинхүүг хорьж болиулаад хоорондоо зодолдсон гэсэн...” /хх-17-18/,

Шинжээч Т.Номинцэцэгийн “...үзүүлэгчийн баруун гайморын хөндийн урд ханын хугарал нь хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-16/ гэх мэдүүлгүүд ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Цэвээндулмаагийн биед баруун гайморын хөндийн урд ханы хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн 2828 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, Улсын төв Нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-42-56/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан А.Адуучинхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ““...нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж” гэх шинжээс “догшин авирлаж үйлдсэн” гэх хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд тусгагдаагүй, гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасны дагуу ялтан А.Адуучинхүүд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ялтан А.Адуучинхүүд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт / хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн/ зааснаар зүйлчилж, түүнийг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.Адуучинхүүгийн цагдан хоригдсон 66 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 528 цагийг хасаж, үлдэх 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч С.Цэвээндулмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, ялтан А.Адуучинхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэн даруй суллаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Бадран овогт Алтанхуягийн Адуучинхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Бадран овогт Алтанхуягийн Адуучинхүүг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алтанхуягийн Адуучинхүүг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.Адуучинхүүгийн цагдан хоригдсон 66 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийгэх ялын 8 цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 528 цагийг хасаж (66 хоног * 8цаг = 528 цаг ), үлдэх 192 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

3. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Адуучинхүү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. А.Адуучинхүүг нэн даруй сулласугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧИД                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ