Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0267/З |
Дугаар | 799 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 799
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Н гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “С.Н гийн өмчлөлийн газарт нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарцыг гаргаж, Б.Д т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлөх эрх олгогдсон 589 м.кв талбай бүхий газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Б.У , гуравдагч этгээд Б.Д , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Н би Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Дунд дарь Эхийн .. дүгээр гудамжны .... тоотод оршин суудаг, одоо .. настай. Би Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Туул тосгонд амьдарч байгаад 2002 оны намраас Баянзүрх дүүргийн . дугаар хороо /одоогийн .. дугаар хороо/-ны Их Дарь Эх гэдэг газрын уулын бэлд хазгай газрыг тэгшилж, гэр бариад амьдарч байгаад амины орон сууц барьсан.
Баянзүрх дүүргийн Газрын албанд өөрийн суурьшсан газарт зөвшөөрөл олгох өргөдөл гаргасан. 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэгдсэн журмаар кадастрын зураг хийж, нэгж талбарын ******* дугаарт бүртгэж, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Их Дарь Эхийн . дугаар гудамж, .. тоот хаягаар гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гэсэн хуудас олгосон. 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр надад газар эзэмших эрхийн 2-287-... дугаартай гэрчилгээ олгосон.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаартай захирамжаар миний эзэмшиж байгаа Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Их Дарь Эхийн . дугаар гудамж, .. тоот хаягтай 423 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй хувьчилсан тухай шийдвэрийн батламжийг надад өгсөн.
Би 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хүсэлт гаргаж, төрөөс үнэгүй хувьчилж өгсөн газраа охин Б.П, С.М , зээ охин П.П-Э нарын хамт өмчлөх эрхийн 49... дугаартай гэрчилгээ авч, улсын бүртгэлийн Г-220400...-рт бүртгэгдсэн.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолоор манай хороо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрийн хаяг өөрчлөгдсөн. Одоо он сар өдрийг нь санахгүй байна. Манай хороо дахин өөрчлөгдөж .. дугаар хороо болж, гэрийн хаягт өөрчлөлт орж хаалганы дугаар ... болсон. Би сүүлийн хаягын өөрчлөлтөөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ шинэчлэн аваагүй байгаа.
Манай хашаанд 2005 оны 07 дугаар сард хүргэн Н.А ээж, дүүгийнхээ хамт гэр барьж амьдрах болсон. Сүүлийн 3 жилд бидний хооронд байнга хэрүүл маргаан гарч, хашааны хаалгаараа орж гарахад хүртэл хэцүү болсон. Бид хоорондоо эв зүйгээ олохгүй байсан тул би өмчлөлийн газраа чөлөөлүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүх 2016 оны 11 дүгээр сард нотлох баримт гаргуулах тухай захирамж гаргаж, холбогдох газруудаас нотлох баримтууд ирээд хэргийн баримтуудтай танилцахад Б.Д нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар нэгж талбарын ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт 590 м.кв талбай бүхий газарт өмчлөх эрхийн шийдвэр гаргуулж авсан байсан.
Б.Д д Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт 590 м.кв талбай бүхий газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний өмчлөлийн газартай давхцуулан олгосон байна.
Энэ талаар захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй гэсэн байдлаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бидний нэхэмжлэлийг буцаасан. Энэ хугацаанд бид Нийслэлийн Засаг даргад асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргахад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/676 дугаартай албан бичгээр “Та бүхний өмчлөгдсөн эрх зөрчигдсөн гэж үзвэл хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжийн Б.Д т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Иргэн Б.Д т Баянзүрх дүүргийн . дугаар хороо Дунд Дарь Эхийн .-... тоотод амины хашааны зориулалтаар 589 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон байна. Улмаар 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уг газраа өмчлөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар иргэн Н.А , Н.А нартай хамтран өмчлүүлсэн байна.
Тус газартай хөрш залгаа 2-.. тоот 423 м.кв газрыг иргэн С.Н д амины хашааны зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 87 дугаар захирамжаар ашиглах эрх олгож, нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Газрын мэдээллийн санд тухайн иргэдийн газар нь ямар нэгэн давхцалгүй иргэн Б.Д 589 м.кв, иргэн С.Н 423 м.кв газрыг өмчилж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус хэрэгт иргэн Б.Д ийн эрх ашиг хөндөгдөж байх тул гуравдагч этгээдээр татан оролцуулна уу” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Б ийн Д миний бие С.Н гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б од холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Манайх 2003 оны 5 сард Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Дунд Дарь-Эх гэдэг газрын уулын бэлд байрлах хашаагүй, хоосон газарт ирж буугаад 2003 оны намар 3 талт хашаа барьсан. Манайхыг анх нүүж ирэхэд С.Н гуай надад “нүүж ирээд 1 сар болж байна” гэж хэлж байсан.
Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар надад 590 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж 22-87-... тоот гэрчилгээ олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар тус 590 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх (хамтран өмчлөгчөөр хүү Н.А , Н.А нар) шийдвэр гарч, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус газраа үл хөдлөх эд хөрөнгийн Г-220401... тоот бүртгэлд бүртгүүлж 00010.... тоот гэрчилгээ авсан.
2004 оны намар айлууд бууж жигдэрснээр Баянзүрх дүүргийн . дугаар хороо, 7 дугаар хэсгийн даргаар н.Д гуай ажиллаж байхдаа айлуудад хаалганы номер дугаар тарааж өгсөн. Тэр дугаарлалтаар С.Н гуайнх Баянзүрх дүүргийн . дугаар хороо, 7 дугаар хэсэг, .. тоот, харин манайх Баянзүрх дүүргийн . дугаар хороо, 7 дугаар хэсэг, ... тоот хашаатай болсон. Түүнээс хойш хороо өөрчлөгдсөнтэй холбоотой хаяг өөрчлөгдөж байсан боловч манай хоёр хашааны хувьд давхцал гарах, эсхүл нэг хаяг, дугаартай болж байсан тохиолдол байхгүй.
Одоогийн байдлаар манайх Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Дунд Дарь- Эхийн .. дүгээр гудамжны .... тоот хаягт, С.Н гуайнх Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Дунд Дарь-Эхийн .. дүгээр гудамжны .... тоот хаягт бүртгэлтэй, тус тусын хашаанд амьдардаг.
Гэтэл С.Н гуайнх өөрийн орц гарцыг хааж байшин барьсан тул манай хашаагаар 1 сарын хугацаанд дамжиж орж гарч байя гэж гуйсан бөгөөд тухайн үед манай ээж өндөр настай хүн байсан тул өөрийн ээжтэй минь адил санагдан, өрөвдөн хайрлаж зөвшөөрсөн юм. Гэвч тэр цагаас хойш 12 жилийн хугацаанд манай хашаагаар дайрч орж гарсан хэвээр байна. “Манайх цаашид хашаагаа орц гарцын зориулалтаар ашиглуулмааргүй байна, танайх орц гарцаа шийд” гэсэн зүй ёсны шаардлагыг би удаа дараа тавьсан нь С.Н гуай шүүхэд хандах, манай 2 айлын газар давхацсан мэтээр худал гүтгэх үйлдэл хийхэд хүргэсэн байх.
2003 онд манайх тусдаа хашаа барьсан, тус тусдаа хаяг, дугаартай болсон, С.Н гуай өөрөө 2003-2005 онуудад хийлгэж байсан кадастрын зургуудад манай байрлах газар тусдаа зураглалтай гарч байсан зэрэг үйл баримтаас тус газар нь манай өмчлөлийнх гэдэг нь С.Н гуайд илт болохын зэрэгцээ тухайн үед манай хашаагаар дайрч гарч байхыг гуйсан С.Н гуай манайхыг газраа өмчилж авсныг 2016 оны 11 сард мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй.
С.Н гуай нь муухай ааш зан гаргаж, манай гэр бүлийн амгалан тайван амьдрах байдалд халдаж, өөрийн өмчөө өөрийн дураар захиран зарцуулах, ашиглах эрхэд минь ноцтой халдсаар удаж байна. Гуравдагч этгээд Б.Д миний бие энэхүү тайлбарт бодит байдлын талаар ямар ч үг үсэг, донж нэмсэнгүй, гуйвуулсангүй зөвхөн бодит үнэнийг бичсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар тоот шийдвэрээр иргэн Б.Д т Баянзүрх дүүргийн . дугаар хороо Дунд Дарь Эхийн нутаг дэвсгэрт 589 м.кв талбай газрыг анх 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон байна. Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн Т.Э нь төлөвлөгөөт газрын кадастрын зураглалыг хийхдээ хөрш залгаа айлын хилийн зааг, орц гарцыг, нийтийн эзэмшлийн зам талбайг зааглаагүйгээс С.Н болон хамтран өмчлөгч Б.П, С.М , П.П-Э нарын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байна.
Мөн Б.Д т төлөвлөгөөт газар гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг өгөөгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар тоот шийдвэрээр Б.Д т газар эзэмших, ашиглах эрх олгосон нь газар эзэмшигчдийн эрхийг зөрчиж, орц гарцыг хааж, нийтийн эзэмшлийн зам талбайгүй болгож байх тул тус шийдвэрийн Б Д т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч хамтран хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 тоот шийдвэрээр иргэн Б.Д т Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Дунд Дарь-Эхийн нутаг дэвсгэрт 589 м.кв талбай газрыг анх 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгохдоо газрын албаны мэргэжилтэн Т.Э нь төлөвлөгөөт газрын кадастрын зураглалыг хийхдээ хөрш залгаа айлын хилийн зааг, орц гарцыг, нийтийн эзэмшлийн зам талбайг зааглаагүйгээс С.Н болон хамтран өмчлөгч Б.П, С.М , П.П-Э нарын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байна” гэж маргажээ. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна.
Дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар иргэн Б ийн Дт 2 дугаар хороо Их дарь эх 2-49, Сандагийн Норжмаад 2 дугаар хороо Дунд дарь эх .-... тоот газрыг анх эзэмшүүлсэн байх ба улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар Б.Д т тус 589.85 м.кв газрыг, С.Н д Нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжаар 423 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Тухайн үед Азийн хөгжлийн банкны төслөөр кадастрын зураглал хийгдэж мэдээллийн санд бүртгэгдэж, 2 иргэний орц, гарцыг төлөвлөн өмчлүүлсэн нь мэдээллийн сангийн зураглалаас харагдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д| захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг заасан бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэнээс хойш даруй 12 жилийн дараа орц, гарц хаасан гэж маргаж буй нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээр дурдсанчлан орц, гарцыг төлөвлөж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... С.Н нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжийн Б.Д т холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэрийн Б.Д т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэрэг үүсгэснээс хойш шүүхээс талуудын хүсэлтээр нотлох баримт цуглуулах, үзлэг хийх ажиллагаа хийхэд С.Н д газар эзэмшүүлэх, өмчлүүлэхдээ орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийг зааглаж, орц гарцыг төлөвлөж шийдвэрлээгүй болох нь батлагдсан. Баянзүрх дүүргийн Засаг Даргын захирамжаа Б.Д т газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа дээрх асуудлыг шийдвэрлээгүй гаргасан нь захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Хариуцагчийн төлөөлөгч 2017 оны 06 дугаар сарын 06 өдрийн 1/551 дугаартай хариу тайлбартаа “орц гарц нийтийн эдэлбэр газрыг шийдвэрлэж кадастрын зураглал хийгдэж газар эзэмшүүлэх захирамжийг гаргасан” гэж байгаа боловч бодит байдал дээр С.Н нь өөрийн өмчлөлийн газраар чөлөөтэй явах эрх нь өнөөдрийн өдрийг хүртэл үргэлжилсээр нь байна.
Кадастрын зураглал дээр орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хил заагласан тэмдэглэл байгаа ч орц, гарц гаргасан уулын оройн хэсгээр хүн болон тээврийн хэрэгсэл явах ямар ч нөхцөл байхгүй болох нь батлагдаж байгаа. С.Н нь аргагүйн эрхэнд өмчлөлийн газрынхаа хойд хэсгийн нэг булангаар машин орох боломжгүй, явган хүн явах хэмжээтэй газраар зорчиж орж гарсаар 12 жилийн нүүрийг үзэж байна. Хойд талын газрын өмчлөгч Б.Д нь зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газраа сунгаж хашаа барьж, С.Н гийн орж гардаг хэсгийг хаагаад зогсохгүй, өөрийн өмчлөлийн газраар дамжин өнгөрөхөөс өөр аргагүй байдалд хүргэсэн болох нь баримтаар нотлогдож байгаа.
Мөн 2005 онд хийгдсэн кадастрын зураглалыг хэрэгт авагдсан 2017 онд газрын нэгдсэн сангаас авсан зураглалтай харьцуулахад С.Н гийн урд, баруун болон зүүн талын айл өрхүүд нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг гаргалгүй хашаа барьж. 2006 оноос хойш С.Н нь нэг л жимээр явж байсан нь агаарын зураглалаас тодорхой харагдана.
Шүүгчийн захирамжаар хариуцагчид маргаан бүхий газарт очиж үзлэг, хэмжилт хийх хөрш зэргэлдээ айлуудын газар эзэмших, ашиглах, өмчлөх асуудалтай холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасан боловч нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгөхгүй удааширч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна.
Мөн Б.Д т Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст газарт газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэр нь Газрын тухай болон Эрчим хүчний тухай хууль тогтоомжуудыг зөрчсөнөөс гадна өмчлөгч С.Н гийн орц, гарцын асуудлыг хууль тогтоомжид нийцүүлж шийдэлгүйгээр захирамж гаргасан нь хүчингүй болгох үндэслэл болж байгаа боловч гуравдагч этгээд Б.Д ийн өмчлөх эрх хөндөгдөх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор С.Н гийн өмчлөлийн газарт нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагыг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц гарцыг гаргаж, Б.Д т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлөх эрх олгогдсон 589 м.кв талбай газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжийн Б.Д т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь “нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт нь орц, гарц нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарцыг гаргаж, Б.Д т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар эзэмшүүлсэн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлүүлсэн 589 м.кв газраас орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан бичгээр ирүүлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон маргаан бүхий газрын үзлэг, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл зэргийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэн Сандагийн Норжмаа нь 2005 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өөрийн амьдардаг гэх Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Их дарь эхийн 2-.. тоот /одоогийн БЗД-ийн .. дугаар хороо, Дунд дарь эхийн .. дүгээр гудамж, .../ газрыг эзэмшихээр хорооны Засаг даргаар уламжлуулан Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаснаар 423 м.кв газрыг 2-87-1... дугаарын гэрчилгээний үндсэн дээр, мөн Б ийн Д нь 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн Баянзүрх дүүргийн . дугаар хороо, Дунд дарь эхийн .-... тоот /мөн одоогийн БЗД-ийн .. дугаар хороо, Дунд дарь эхийн .. дүгээр гудамж ..../ хаягтай газрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн 589.85 м.кв газрыг 2-87-1... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр тус тус Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар хил залгаа нэгж талбарын дугаар бүхий газруудыг тус тус эзэмшүүлсэн байна.
Улмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тус тусын газраа өмчилж авах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргаснаар 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаар захирамжаар 423 м.кв газрыг С.Н , Б.П, П.П-Э , С.М нарт хамтран өмчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн Г-220400... дугаарт бүртгсэн, мөн 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар 589.85 м.кв газрыг Б.Д , Н.А , Н.А нарт хамтран өмчлүүлж, газар өмчлөх гэрчилгээг тус тус олгожээ.
Харин тухайн үед зарим хороодыг шинэчлэн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчилснээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны .. дугаар тогтоолоор 2 дугаар хороог 21 дүгээр хороо болгож дараа нь одоо байгаа .. дугаар хороо болгон өөрчилжээ.
С.Н гийн 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн нэгж талбарын ******* дугаартай кадастрын зураг, Б.Д ийн 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нэгж талбарын ******* дугаартай кадастрын зургуудад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар нь тухайн үедээ аль аль талдаа орц гарцтайгаар эзэмшүүлсэн, 2005 онд эзэмшүүлж өмчлүүлсэн байхад одоог хүртэл маргалгүй явсаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагч нараас тайлбарлаж, нэхэмжлэгч нь “гуравдагч этгээд Б.Д зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн газраа сунгаж хашаа барьсан, энэ нь эрчим хүчний шугам сүлжээтэй бөгөөд 2006 оноос хойш С.Н нь нэг л жимээр орж, гарч байсан нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн агаарын зураглалаас тодорхой харагдаж байгаа” гэж маргаж байна.
Гэвч хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн Б.О ийн 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн С.Н гийн кадастрын зураг, Нийслэлийн газрын албаны мэдээллийн сангийн мэргэжилтэн Ц.Б н 2005 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн Б.Д ийн кадастрын зургуудаас үзвэл дээрх газрууд нь хил залгаа бөгөөд анх тухайн газрыг эзэмшихдээ нэхэмжлэгч нь орц, гарцтай байсан бөгөөд захиргааны байгууллагаас орц гарцыг төлөвлөсөн, мөн уг орц гарц бүхий хэсэгт зөвшөөрөлгүй буусан этгээдэд бусдын орц гарцыг хаасан, тагласан үндэслэлээр газар эзэмшүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, газрын мэдээллийн сангийн кадастрын зураглалаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар захирамжаар тус дүүргийн .. дугаар хороо, Дунд дарь эхийн .. дүгээр гудамж, .... тоот хаяг бүхий 589.85 м.кв газрыг иргэн Б.Д т эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар уг газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д иргэнд гэр бүлийн хэрэгцээнд, 12 дугаар зүйлийн 12.1.3-д “…нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”-аар заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэжээ.
Учир нь дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн Б.Д т газар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрыг өмчлүүлсэн нь нэхэмжлэгч С.Н гийн орц гарцтай байх эрхийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэгж талбарын дугаар бүхий газрын орц гарцыг өөр хэсгээр төлөвлөн олгосон байхад олон жилийн хугацаанд Б.Д ийн газраар орж гарсан, орц гарцтай хэсгийн ойролцоо байшин барьсан гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгож улмаар орц гарц гаргахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүнд хариуцагч нарыг буруутгах боломжгүй байна.
Харин гуравдагч этгээд Б.Д нь газрын хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж хашаа барьсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэдээллийн сан дахь зургийг агаарын зурагтай давхцуулан харуулсан зураг болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн орц гарцыг таглаагүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд харин Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхацсан эсэх асуудал нь уг захиргааны маргаанд хамааралгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өмчлөлийн гэх газраа чөлөөлүүлэхээр анх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээр маргах явцад уг газрыг Б.Д т өмчлүүлсэн байсаныг анх мэдсэн, улмаар Нийслэлийн Газрын албаны 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05/676 дугаар албан бичгээр өмчлөлийн газартай холбоотой хууль хяналтын байгууллагад хандахыг зөвлөсний дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хэдийгээр газрын үзлэгээр нэхэмжлэгчийн орц гарц төлөвлөсөн гэх газар нь налуу хэсгийг тэгшилж байшин барьснаар огцом өндөрлөг бий болсон боловч түүнийг гарц болгон сайжруулсны үндсэн дээр орц гарцыг таглан зөвшөөрөлгүй буусан этгээдийг албадан нүүлгэх, төрийн захиргааны байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр хамааралгүй болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н гийн Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С.Н гийн өмчлөлийн газарт нь орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбай, хилийн заагийг тогтоож, бусдын өмчлөлийн газраар дамжин өнгөрөхгүй байхаар орц, гарцыг гаргаж, Б.Д т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн газар эзэмшүүлэх 87 дугаар шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 444 дүгээр захирамжаар өмчлөх эрх олгогдсон 589 м.кв талбай газрын орц гарцтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА