Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 49

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                        Г.Яндаг

Ялтан                                              Б.С-

Ялтны өмгөөлөгч                           П.Батжаргал

                                                        Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан Б.С-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, П.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдах гомдлуудаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн С-д холбогдох эрүүгийн 201609000635 дугаартай 166/2017/0108/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Түмт овогт Б-гийн С-, 1991 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, зоч лам мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын 3-15 тоотод оршин суух, "Гоц авъяас” зөн билгийн академид зоч лам ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б С- нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн “Эзэнт гүрэн” рестораны гадна 23:30 цагийн үед Р.Б-тэй маргалдан зодож биед нь гэмтэл учруулсны улмаас Р.Б- нь Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны 30 тоотод байрлах гэртээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөөний 07:00 цагийн орчим нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Түмт овогт Б-гийн С-г согтуугаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч Б.С-г 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн цагдан хоригдсон 176 /нэг зуун далан зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн хувьд ногдох хөрөнгөөс 5.371.566 /таван сая гурван зуун далан нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р багийн 84-р брак байрны 01 тоотод оршин суух Раднаагийн Гантөмөр /БМ78051134/-т олгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Р.Б-гийн өмсөж явсан гэх куртик, өмдний хослол 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, улаан ягаан өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгийн өвлийн хос ботинк 1 ширхэг, чернилэн ягаан хос оймс 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон малгай 1 ширхэг, өвлийн куртикны дотор 1 ширхэг, цахилгаантай, задгай энгэртэй, цэнхэр өнгийн зүүн энгэрт жордонгийн эмблем бүхий бэлтгэлийн цамц 1 ширхэг, битүү дугуй захтай урд энгэртээ хээ бүхий зураглалтай улаан өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хөндлөн судал бүхий футболка 1 ширхэг, хар өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Р.Гантөмөрт буцаан олгож, "Мелодия" караокены хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэ бүхий 37-10 ДАР улсын дугаартай “Mark 2” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохиролд нөхөн тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус шийдвэрлэжээ.

Ялтан Б.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Шийтгэх тогтоолтой танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Хэргийг шалгасан байгууллага, албан тушаалтнууд хэргийг бүрэн, бодитойгоор шалгаагүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, талийгаачтай цуг явсан хүмүүсийг бүрэн гүйцэд шалгаагүй. Дутуу шалгасан ажиллагаануудыг хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангаагүй. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Иймд хэргийг бүх талаас нь, хуулийн дагуу, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Талийгаач Р.Б- нь гадны нөлөөтэйгээр давсагны урагдал задралын улмаас хурц цус алдалт шокын улмаас нас баржээ гэх шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсонд Б.С-гийн гэм буруутай үйлдэлээс шалтгаалсан гэх нотлох баримт хавтаст хэрэгг хангалттай тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

1.2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн “Эзэнт гүрэн” рестораны гадна 23:30 цагийн үед Б.С- Р.Б- нарын хооронд болсон үйл явдалыг харсан гэрч Р.Мөнхцэцэг, Д.Нямсүрэн, Б.Мэндбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан болно.

Тухайлбал: Гэрч Р.Мөнхцэцэгийн мэдүүлгээр... Б-г нэг эрэгтэй хүн хөлрүү нь өшиглөөд тэгээд гараараа толгой нүүр хэсэг рүү нь цохиход Б- уначихсан юм. Тэгээд тэрнээс хойшихыг нь би хараагүй. /хх-хийн 45 хуудас/

Гэрч Д.Нямсүрэнгийн мэдүүлгээр.... Би бол их ойроос харсан бөгөөд намайг харахад тэр нүдний шилтэй, эрүүндээ сахалтай залуу тэр газарт унагасан залуугаа 2-3 удаа өшиглөж авсан. Би өшиглөхийг нь сайн харсан бөгөөд намайг харахад толгой руу нь өшиглөсөн. /хх-хийн 58-59 хуудас/

Гэрч Б.Мэндбаярын эхний мэдүүлэгт... Б-г нэг нүдний шилтэй залуу гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж унагаасан. Унагасных нь дараа тэр залуу цээж хавьцаа нь өшиглөөд байсан. /хх-хийн 88 хуудас/

Гэрч Б.Мэндбаяр нэг сарын дараа дахин өгсөн мэдүүлэг өөрчлөгдөж. . тэр нүдний шилтэй залуу хараад зогсож байснаа гэнэт Б-гийн толгой хавьцаа руу цохиод унагаасан ба унасан хойно нь гэдэс хавьцаа руу нь өшиглөөд авсан. /хх-хийн 90 хуудас/

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд талийгаач Р.Б-г Б.С- эхлээд цохиж унагаахдаа толгой, нүүр хавьцаа нь цохиж унагаасан нь хөдлөшгүй тогтоогдож байх бөгөөд харин талийгаачийг газар унасных нь дараа гэдэс хавьцаа нь өшиглөсөн гэж мэдүүлсэн гэрч Б.Мэндбаярын мэдүүлгийг гэрч Д.Нямсүрэнгийн газар унасны дараа толгой руу нь өшиглөсөн гэдэг мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа нь гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдал тогтоогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтээр болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл гэрч нарын мэдүүлэгт тулгуурласан хэдий ч Б.С- нь талийгаач Р.Б-гийн давсаг руу өшиглөж улмаар түүний амь насыг хохирох шалтгаан нөхцөлд хүргэсэн гэх байдал дээрхи гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж ялтан Б.С-г гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Гэрчийн зөрүүтэй мэдүүлгээр шүүгдэгч өшиглөсний улмаас талийгаачийн давсаг хагарсан гэж үзэх боломжгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “ гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/, 80.1,2-т “ уг гэмт хэргийг хэн үйлдсэн” нь тогтоодохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”-ийг заавал тогтоосон байхыг шаарддаг.

Талийгаачийг цохих болсон шалтгаанаа шүүгдэгч Б.С- “эхнэрийн араас цохих гэхээр би эхнэрээ хамгаалах зорилгоор цохьсон” гэх утгатай мэдүүлгийг удаа дараа тогтвортой өгдөг.

Гэрч Э.Өлзийбаярын “бид нар Дамбийнямын гэрт очсон хойно харин манай нөхөр чамайг ДН-ыг салгаж байхад согтуу ах чиний араас цохих гээд очиход нь би болиулсан гэж хэлсэн” /хх-хийн 83 хуудас/, “ ... Тэр ахыг манай нөхөр хавсраад ч юм уу яасан юм ямар ч байсан газар унагасан байсан. Энэ ах бол маш согтуу байсан бөгөөд зодоонд оролцоогүй, тухайн үед миний араас цохиж явахад нь манай нөхөр болиулсан гэсэн.” /хх-хийн 86 хуудас/ гэх мэдүүлгүүдээр Б.С-гийн “эхнэрээ хамгаалах зорилготой байсан” гэх мэдүүлэг давхар нотлогддог.

Мөн гэрч Мэндбаярын “Тэгж байхад талийгаач Р.Б- зодоон дунд ороод ирэхэд нөгөө нүдний шилтэй залуу нь хараад зогсож байснаа гэнэт Р.Б-гийн толгой хавь руу цохьж унагасан” гэх мэдүүлэг ч талийгаач Р.Б- эхнэр рүү нь чиглэсэн довтолгоон хийхээс өмнө зодоонд оролцоогүй болох нь тогтоогддог.

Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь “согтуу хүний халдлагаас эхнэрээ хамгаалах зорилгоор” зодоонд “ гэнэт” оролцон согтуу хүний хууль бус үйлдлийг таслан зогсоосон болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдад гэмтэл учрахыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн гэж дүгнэн шууд буюу шууд бус санаатай энэ хэргийг үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр шууд санаатай алсан гэх дүгнэлтийг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Шинжээчийн дүгнэлтийн талаар:

Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд 00-ийн өрөөний суултуур, шал цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсоныг бэхжүүлсэн фото зургууд авагдсан боловч уг цус нь хэний цус болох, талийгаачийн хаанаас гарсан цус болох, ямар гэмтлийн улмаас гарсан байх боломжтой эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй ба шүүх хуралдаан дээр шинжээч эмч энэ талаар үндэслэл бүхий хариулт өгч чадаагүй.

Гэрч Г.Мөнх-Үжин “бид нарыг унтах үед 01:00 цагт ах босоод 00-ын өрөөнд бөөлжөөд байсан, тэгээд бөөлжөөд 00-оос огт гарахгүй байсан. Гарахаараа гарангуутаа 00-ын үүдэнд хөл дээрээ тогтож чадахгүй унаж байгаад бид нарын унтаж байсан өрөөнд толгой нь орж ирээд унасан” гэх мэдүүлгийг /хх-хийн 70-71 хуудас/ өгдөг ба хүчтэй унасны улмаас давсаг хагарах боломжтой эсэх талаар шинжээч эмч нарын дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт, хариулт өгч байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь шинжээч нар хүчтэй цохилт, доргилт, даралтын улмаас давсагг хагарна гэх боловч хүчтэй уналтын улмаас давсаг хагарахгүй гэж ямар үндэслэлээр дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна.

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлтийн цогцосны гадна талын үзлэгт “... өтгөн шингэний сүвээс ялгарсан зүйлгүй” гэж бичигдсэн байх боловч хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан фото зургийн үзүүлэлтээс энэ дүгнэлт нь илэрхий зөрүүтэй байна.

Гэрч Р.Ичинхорлоо “Ангийнхан хоорондоо зодолдсон гэж хэлсэн... Бид нар хоорондоо маргаад цагдаа нар ирээд Бямбаа ахыг цохих гэхээр нь би дундуур нь орох гээд толгой руугаа цохиулсан гэж байсан.” гэх мэдүүлгийг өгсөн боловч яагаад ийм зүйл ярьсан талаар гэрч Р.Мөнхцэцэгээс асууж тодруулаагүй, энэ хэрэгт хамгийн ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг орхигдуулсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “ Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасан байхад Б.С-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсний дараа түүнээс гэрчийн мэдүүлэг авсан ба гэрчийн мэдүүлгийг дуусангуут залгуулаад түүнийг сэжигтнээр тооцож, өмгөөлөгч авах эрхийнх нь тухай тайлбарлаж, сэжигтнээр байцаалт авсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т ” Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан иргэний баталгаатай эдлэх ёстой үндсэн эрхийг зөрчсөн.

Ийнхүү сэжигтнийг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчсөн тул 8.2-т заасныг баримтлан хавтаст хэргээс авч хаях ёстой байсан боловч хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд одоо ч байж байна.

Уг гэрчийн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжлэн судлуулаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй боловч хавтаст хэрэгт нэгэнт авагдсан учраас энэ хэргийг шийдвэрлэхэд шүүх бүрэлдхүүнд нөлөөлсөн ба цаашид давах болон хяналтын шатны шүүх бүрэлдхүүнд нөлөөлнө гэдэгт миний бие итгэлтэй байна.

Энэ хууль бус гэрчийн мэдүүлэг нь хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах хязгаарлах замаар авагдсан ба хэргийг шүүх хараат бусаар хэлэлцэхэд саад болж, анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад саад болж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320-д заасан ноцтой зөрчил болсон. Энэ ноцтой зөрчлийг шүүх хуралдаанаар засах боломжгүй юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Анхан шатны шүүхээс ялтан Б.С-д гэмт хэргийн нийгмийн хор аюул нь арилаагүй, оршуулгын зардал төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, гэмшиж ойлгоогүй байхад шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж ар гэрийнхэний болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар үзэж байгаа учраас давж заалдах гомдол гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч нь давсагны урагдал, задрал хэвлийн хөндий дэх 2500 мл цусан хураа, духны хуйхан доорх цус хуралт гэмтлээр нас барсан нь тогтоогдсон. “Давсагны урагдал задрал гэмтэл нь мохоо нэг удаагийн үйлчлэлээр хэвлийн тус газарт, духны доорх цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр духны хэсэгт үйлчлэхэд” гэж шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний 108 тоот шинжээчийн  дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Мөн гэрч Мэндбаяр /хавтаст хэргийн 88-р ху/ мэдүүлэг гаргахдаа “...эргээд нэг харсан чинь нүдний шилтэй залуу зам руу хараад зогсож байснаа гэнэт Б-гийн толгой хавь руу цохиж унагаачихаад унасан хойно нь гэдэс цавь руу нь өшиглөсөн...” гэж мэдүүлсэн. Гэрч Шинэбаярын мэдүүлэг гэрч Дамбий-нямын мэдүүлгээр хохирогч Б-, Санчиртай зууралдаад байсан гэж мэдүүлэг болон Д.Нямсүрэн гэрч Ө.Цэвэлмаа нарын мэдүүлэг, мөн хохирогч гэртээ ирчихээд босож хөдлөж явж чадахгүй гэр рүү нь хүргэж өгсөн Ө.Мөнхцэцэгийг болон насанд хүрээгүй Г.Анужин, Г.Мөнх-Үжин нарын мэдүүлгээр гэм буруутай үйлдэл нь нотлогдсон, шалгагдсан гэж үзэж байна. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс гэмт хэрэг гарсан эрдэнэт хүний амь эрсэдсэнээс хойш ялтны ар гэрийнхний зүгээс хэн нэгэн хүн өдий болтол ирээгүй, уучлалт гуйгаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаад маш их гомдож байгаагаа гомдолдоо  тодорхой бичих хүсэлт гаргасныг өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо бичиж байна. Хүнийхээ хувьд ирж уулзаж уучлалт гуйж хэл амаараа ярилцсан бол бидний зүгээс шүүхэд хандаж бас хэлэх зүйл байсан гэдгийг хохирогчийн 70 хүрсэн аав нь хэлсэн бөгөөд үүнийг мөн гомдолдоо бичлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нарын санал хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг хэт хөнгөн шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Ялтан Б.С- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би талийгаачийн давсаг руу өшиглөөгүй. Анхан шатны шүүхийн шатанд энэ талаар мөн л хэлсэн. Эхнэр рүү дайрахаар нь эхнэрээ хамгаалах гэсэн гэж үнэнгээ хэлсэн. Анхан шатны шүүхээс намайг 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Манай эхнэр лүү дайрахад би салгах гэж байсан. Шүүх хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Ялтны өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Прокурор Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талийгаачийн амь нас хэний улмаас хохирсон бэ гэдгийг тогтоогоогүй, гэрчийг байцаасан. Б.С-г гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай  шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангасан байна. 

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б С-г согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн “Эзэнт гүрэн” рестораны гадна 23:30 цагийн үед иргэн Р.Б-тэй маргалдан улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулсны улмаас Р.Б- нь Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны 30 тоотод байрлах гэртээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөөний 07:00 цагийн орчим нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч Б С-г согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн “Эзэнт гүрэн” рестораны гадна 23:30 цагийн үед иргэн Р.Б-тэй маргалдан зодож, бие махбодид нь давсагны урагдал задрал бүхий гэмтэл учруулсны улмаас Р.Б- нь хэвлийн битүү гэмтэл, цус алдалтын шоконд орж, Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны 30 тоотод байрлах гэртээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өглөөний 07:00 цагийн орчим нас барж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Б.С-г 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 176 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.С-гийн хувьд ногдох хөрөнгөөс 5.371.566  төгрөг гаргуулан хохирогч Р.Гантөмөрт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Ялтан Б.С-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, П.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдах гомдлуудаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлахад ялтан Б.С- нь тухайн өдөр хохирогч Р.Б-гийн толгой, нүүр лүү цохиж унагаад, дараа нь гэдэс рүү нь өшиглөснөөс хохирогчийн биед давсагны урагдал задрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулснаас хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал задрал гэмтлийн улмаас гэмтэл, цус алдалтын шоконд орж нас барж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн зодооныг харсан гэрч Б.Мэндбаярын мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн “....талийгаач Б- зодоон дунд ороод ирэхэд нөгөө нүдний шилтэй залуу хараад зогсож байснаа гэнэт Б-гийн толгой хавь руу цохиод унагасан ба унасан хойно нь гэдэс хавь руу өшиглөж авсан.... Б-г ганцхан тэр нүдний шилтэй залуу л зодсон...би бол сайн харсан....” гэх мэдүүлгүүд /1-р хавтаст хэргийн 88-91-р талд/,  шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-1-р хавтас 95-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.02.15-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-61-63-р тал/, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, энэ хэргийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, талийгаачийн бие махбодид учруулсан гэмтэл нас барах хүртэлх цаг хугацааны хоорондын шалтгаант холбоо зэргээс үзэхэд ялтан Б.С-г гэм буруугүй гэж үзэх үндэслэл болон Б.С-гээс өөр хэн нэгэн хүн хохирогчийг зодсон, түүнд гэмтэл учруулсан байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байна.

Хохирогчид учирсан дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл бөгөөд талийгаач нь гэмтлийн улмаас шоконд орж нас барах хүртлээ босож явах, үйл хөдөлгөөн хийх зэргээр хэсэг хугацаанд амьд явах боломжтой, шээсээр дүүрсэн давсганд хүчтэй даралт, шахалт үүссэнээс давсагны урагдал задрал гэмтэл үүсэхээс өөрөөр ердийн уналт, доргилт, явганаас унах үед үүсэх боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэнд дурдсан байна.

Анхан шатны шүүхээс ялтан Б.С-гийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, түүнд хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь үйлдсэн хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.С-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, П.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Б.С-г сэжигтнээр тооцох болон яллагдагчаар татах тухай тогтоол, байцаалтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол, Прокурорын яллах дүгнэлт, хэргийг анхан шатны шүүх хүлээн авснаас хойш шүүхээс гарсан бүх эрхийн актуудад Түмт овогт Б-гийн С- гэж ялтны овог, эцгийн нэрийг зөв бичсэн байх боловч мөрдөн байцаалтын явцад зарим тогтоолд болон байцаалтад Б-гийн С-гийн эцгийн нэрийг Бадамцэрэн, Бадамсүрэн гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд эцгийн нэрийн эхний үсгийг С гэж үг, үсгийн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой, цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.С-,  ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа, П.Батжаргал, хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                       ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ